Кино эхэллээ. Үүл манан дундаас бамбарын гэрэл тодорсоор цагаан хитонтой үзэсгэлэнт бүсгүй тодрон COLUMBIA PICTURES хэмээх танил бичиг тодорлоо. Майячуудын хуанлигаар 2012 оны 12 сарын 21-д эсвэл 23-д дэлхий сүйрнэ, үгүйдээ л ихээхэн аюул гамшиг болох гэнэ. Кино эндээс санаа авчээ.

Харин кино эхлэхийг хүлээж суусан “тохитой томоотой” хүмүүст “Яагаад тэд зөвхөн гамшгаас аврагдсан бол?” хэмээх нугалбар тарааж байлаа. Театраас биш шүү дээ. Үзэх гэж буй “уран сайхны зөгнөлт кино” нь гарцаагүй ирэх бодит зүйлийг үзүүлсэн гэж батлахын сацуу сүмдээ очихыг ятгах ухуулагчид хүлээлгийн танхимаар дүүрэн. Зарим нэг нь салж өгөхгүй үзэгчдийг үзвэрийн танхим хүртэл дагаж харагдана. Шашны ухуулагчид ямар шантарна гэж байх биш. Хамт жорлонд орсон ч чадах л улс. Ичнэ ч гэж мэдэх биш. 1999 онд бас л иймэрхүү юм яриад л явж байсан. Өөр хэзээ хэзээ ч билээ дээ, тоочоод барахгүй дээ. Өнөөх өгсөн нугалбар дээрээ Библиэс хэдэн ишлэл тавьж, Леонардо да Винчигийн “Сүүлчийн зоог” зургаар чимжээ. Уул нь тэдний Эзэн дахиж газар дэлхийг усанд үйхгүй гэж ам тангарагаа өгөн байж “Шинэ гэрээ” хийсэн л юм. Хэлсэндээ хүрдэг эсэхийг нь мэдэхгүй, “хурга”-нууд нь лав их санаа зовсон харагдана билээ. Эзэндээ итгэхгүй байгаа бололтой.

За за, киногоо ярья. 2009 онд америк геологич Адриан Хэмсли энэтхэг найз Сатнам дээрээ ирж наран дээр их тэсрэлтийн улмаас дэлхийн цөм огцом халж байгааг мэдээд АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Карл Анхаузэрт дэлхийн мөхөл юу юугүй ойртсныг мэдээлж буйгаар үйл явдал өрнөнө.

Ингээд Их наймын уулзалт дээр АНУ-ын хар арьст (Энхийн хар тагтаа) ерөнхийлөгч орчуулагчдаа гаргаад олсон мэдээллээ хуваалцана. Англи хэлэнд тааруухан Оросын ерөнхийлөгч орчуулагчаа үлдээх гээд чадсангүй. Ер нь энэ киноны туршид манай “ах нар”-ыг мөн ч их доош нь хийнэ дээ. Тоог нь алдчихсан мөнгөнөөс өөр юу ч үгүй Юрий Карпов гэх нэг “новый русский” үзэгчдийг их хөгжөөсөн шүү, зайлуул. Хүн чанарын зай ч байхгүй амьтан байна лээ.

Их найм ярилцаад хүн төрөлхтөнийг аврах төсөл (ч гэж дээ Нойгийн онгоц) бүтээхээр болж Төвдөд хүн төрөлхтөнөөс соролж дээжилсэн 400 000 хүн багтах шумбадаг, шунгадаг дөрвөн онгоц бүтээж эхлэх ба нэг хүний тасалбар 1 тэрбум евро (эрх мэдэлтнүүд, баячуул хүн төрөлхтөний сор мөн л дөө). Манай олигархуудаас хэд нь багтах бол гэж бодогдсон. Хоосон хонох дээрээ тулчихсан аятай хэдэн халтар цааснаас болж хоорондоо хэмлэлдээд байдаг улс ийм тасалбар авах гэж байгаа юм болов уу? Магадгүй шүү, айхтар барамнууд чинь.

Юу юугүй 2012 болж эрдэмтдийн тооцоолсноос эрт аюул нөмөрлөө. “Нойгийн онгоц” хараахан дуусаагүй байдаг. Улстөрчид л болсон хойно ард түмэнд огт дуулгахгүйгээр өөрсдөө явчих санаатай тэрүүхэндээ үймэлдэнэ. Энэ үеэр уран фантаз зохиол бичдэг ч нэг их амжилт олоогүй Жэксон Куртис гэгч лимүзиний жолоочин зохиолч “шинэ аав”-тай болчихсон хүүхдүүдээ хуваарь ёсоор зугаалуулж яваад улстөрчдийн нууцыг гадарлана. Ингээд америк киноны тогтсон үйл явдал өрнөнө дөө. Ам мөлтөс тохиох завшаан, баларлаа даа гэж бодтол аврагддаг аз, салсан ч гэсэн гэр бүлийнхээ төлөө амь золин тэмцэх эцэг... Нөгөө муу “шинэ аав” гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлээд “дугуйны ивээс” болно. Буянтай хойт эцгийн сонгодог жишээ. Мэдээж Холливүүдийн норм болсон хайр дурлал, авхаалжтай ухаалаг америкчууд, зориг байвч амь нь л үнэгүй оросууд... Дэлхийн сүйрэл Холливүүдээс эхлэх нь үнэн юм чинь.

Дэлхий удахгүй сөнөнө гэдгийг хаа нэгтээгээс олоод мэдчихсэн Чарли Фрост гэгч солиотой гэмээр нөхөр бол энэ киноны сайхан дүрийн нэг. Газрын хөрс оволзон ханзарч, дэлхийн цөм газрын гадарга цоо цоо татан галаар тургиж утаан багана босгох мега гоо үзэсгэлэнг радиогоор шууд дамжуулж, бишрэн дуу алдсаар хумхийн тоос болдог юм. Гоо сайхны торгон мэдрэмжтэй нэгэн байсаан, ум мани бадмэ хум.  

Хаа сайгүй газар цөмрөн дэлхийн хэдэн гайхамшигт байгууламжууд ээлж дараалан нурж байгааг үнэн гайхалтай харуулжээ. Гайхамшиг гэдэг нурж унахдаа ч гайхамшигтай байх ёстой билээ. Ингэж хараад ханамгүй үзэсгэлэн төгс сүйрэх нь үнэн бол эртхэн өндөр газар гараад тэрхүү орчлонгийн төгс сүйтгэлийг харахсан. Монголд өөдтэй нураад уначих юм ч ховор доо, дарга нар нэг юм бодно байлгүй дээ.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэг “Нойгийн онгоц”-доо суугаад хаалгаа нам хаагаад авна. Гэхдээ хүн төрөлхтөнийг цааш нь авч үлдэх улс гэхэд үржлийн чадвартай нь цөөхөн харагдсан. Мөнгөтэй ч чалхгүй баячууд голцуу шүү дээ. Хэдийнэ цэвэршчихсэн Их Британий хатан хаан хоёр нохойтойгоо ч явж байх шиг. Энэ эрх мэдэлтнүүд хэзээ хүн шиг сэтгэдэг болох юм бүү мэд.

Мэдээж америкчуудын суусан онгоцны хаалга гацна. Хаалгаа амжиж хаахгүй бол онгоцтойгоо бүгд живж үхэх аюул нүүрлээд байгааг секунд дойлоор тоолно. Мөнөөх Жэксон Куртис уг онгоцонд туулайчилж орох гээд хаалгыг гацаасан ба америк хүний жудгаар үүргээ ухамсарлан хаалганы гацааг гаргахаар амь өрсөн тэмцэнэ. Энэ баатарлаг үйлсэд “хуучин аав”-ыгаа үздэггүй бага хүү Ноа нь гол гавьяаг байгуулна. Энэ бол “Нойгийн онгоц” билээ. Библи ёсоор хэдэн өдрийн дараа нар гарч ганц Африк тив бүрэн бүтэн үлдсэн аж. Ингээд худлаа бурахаас өөр ямар ч чадваргүй хэдэн улстөрч амьдрах болж байгаа юм, хохь нь гэвэл хатууддаг болов уу. Тэгж нэг хашраахсан манай хэдэн мангарыг.

Бүтэж бүрэлдсэн бүхэн замхран сарних нь мэдээж, харин хэзээ гэдэг нь л сонин. Мэдсэн байлаа ч тусаар бага. Дэлхий сөнөсөн, сөнөөгүй өөрөө хэзээ үхэхээ мэдэхгүй хэвтэж өчнөөн юм бодох нь бүр төвөг. Амьдралын агшин хором бүхэн үнэ цэнэтэй. Ертөнц маргааш сөнөх байсан ч алимын мод тарь. Сүйрч мөхөх нь хүртэл гоо үзэсгэлэн төгөлдөр гайхамшигт орчлонд бид хэдхэн хоногийг хамт өнгөрөөнө шүү, ахан дүүс минь.    

Д.Батбаяр