Гэнэтхэн, хаанаас ч юм гараад ирсэн МОЭНКО компани баруун хязгаарт бийлэгжүү ажиллаж эхлэсэн, зарим нэг “улс төрөөс шахагдсан” этгээдүүд лоббидох болсон нь олон нийтийн хар сэжгийг төрүүлэв. Их хэмжээний хорт бодисыг зөвшөөрөгдөөгүй боомтоор оруулахыг оролдсон явдал нь гал дээр тос нэмлээ. Ховд аймгийн Засаг дарга хураагдсан хорт бодисыг буцааж МОЭНКО-д олгочихсон нь асуудлыг бүр ч будлиантуулав.

МОЭНКО хэмээх энэ компани зөвхөн Ховдын Дарвит л гэхэд ашиглалтын 7, хайгуулын 2 лиценз эзэмшдэг гэсэн мэдээлэл Ашигт малтмалын газрын өгөгдлын санд байгааг олж үзлээ. Харин тус компанийн өөрийнх нь сайтад байгаа мэдээллээр бол, тус суманд 9 ашиглалтын, 3 хайгуулын эзэмшдэг аж. Зөрүүтэй энэ хоёр мэдээллийн чухам аль нь зөв болохыг нягтлах нь өгүүлэн буй асуудалд тийм ч хамаатай биш болохоор орхилоо. Түүнчлэн тус компани Ховдын бусад зарим сум, Говь-Алтай аймагт ч хэд хэдэн лиценз эзэмшдэг юм байна. Ямартай ч МОЭНКО компаний манай улсын баруун хэсэгт уул уурхайн зориулалтаар эзэмшиж байгаа нийт талбайн хэмжээ 330 000 га юм байна. Лизензүүдийнхээ эхнийхийг эднийг 1998 онд авсан байхыг бодоход манай улсад 10 гаруй жил ажиллаж байгаа “хуучин” түнш бололтой. Гэхдээ ихэнхдээ орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байсан болохоор манайхан тэр бүр мэддэггүй байж мэдэх юм. Харин энэ хугацаандаа хэдий хэмжээний татвар, шимтгэл төлж, Монгол улсад хэр зэрэг үр ашиг өгсөн юм бол?

“Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай” гэсэн тодотгол бүхий энэ компани Сүхбаатар дүүргийн татварын албанд 2008 оны 6 дугаар сарын 27-ний өдөр бүртгүүлжээ. Энэ шинэчилсэн бүртгэл байж магадгүй юм. Харин Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлд МОЭНКО компаний нэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл, тус компани манай улсын аж ахуйн нэгж, хуулийн этгээд биш юм байна.

Ахиад л хууль сөхөх хэрэг гарч байна. “Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцлийг хангасан байна” гэж заажээ.

МОЭНКО компаний www.mongolia-energy.com сайтад мэдээлснээр эднийх HKES буюу Хонгконгийн хөрөнгийн биржид 276 кодтой, “MEC” нэрээр бүртгүүлсэн байдаг аж. Тэгэхээр яах аргагүй Монголын компани биш юм. Өөрсдөө ч Монголынх биш гэдгээ илэн далангүй илэрхийлдэг. Харин энэ нь Монгол Улсын “Ашигт малтмалын тухай” хуультай хэр нийцдэг талаар одоогоор ямар ч байр суурь илэрхийлээгүй. Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа л тэдний өмнөөс, “...Бид энэ асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-аар хэлэлцэж, гурван гол зарчмыг баримталж ажиллахаар шийдвэрлэсэн юм. Хамгийн чухал нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ажиллах, байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй ямар нэгэн асуудал гаргахгүй байх, түүхий нүүрс хилээр гаргахгүй байх зэрэг үндсэн асуудлыг тусгасан...” хэмээн хэвлэлээр мэдэгдсэн.

MEC буюу МОЭНКО компанийн хувьцааны 19.68 хувийг Захирлуудын зөвлөлийн дарга Саймон Ло Линг Шинг, 16.8 хувийг Лиу Чэнг Лин гэгч хүн, 0.12 хувийг бусад захирлууд, 6.47 хувийг хөрөнгө оруулагч Хэнри Чэнг Кар Шун, 3.69 хувийг хөрөнгө оруулагч Чэнг Юу Тунг нар эзэмшдэг. Бусдыг нь “Public” эзэмшдэг буюу өөрөөр хэлбэл биржээр арилжаалагдсан бололтой юм.

Энэ “Public” дотор л тус компанийн хаацайлаад байгаа манайхны эрхмүүд байхгүй бол “монгол хүн” гэмээр ямар ч этгээд эдний дотор алга. Компанид хувь эзэмшил байхгүй, ноогдол ашиг хүртэхгүй юм бол тэд чухам юу “хүртээд” байна вэ гэсэн сэжиг үүнээс урган гараад байгаа юм.

Тэд нээрэн юу “хүртээд” байгаа юм бол?



Сэтгүүлч Д.Энхболдбаатар