Копенхагены дээд хэмжээний уулзалтаар яг үнэндээ дэлхийн дулаарлын тухай гэхээсээ илүү үйлдвэрлэлийн хэмжээг хорогдуулах эсэх тухай ярьж байгаа нь ойлгомжтой. Хөгжиж буй орнуудад үйлдвэрлэлээ, цаашлаад эдийн засгийнхаа үр ашгийг бууруулах асуудал үнэхээр хүнд тусна. Магадгүй, энэ нь гацаанд ороод байгаа уг чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг очихоос өөр аргагүй болгосон байх. Түүнд Нобелийн энхтайвны шагнал гардуулсан нь ч “Копенхагений хэрэг явдал”-д анхаарлыг нь хандуулах “бодлогын арга хэмжээ” байсныг үгүйсгэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Данийг зорьж буй. Гаднаа ч, дотроо ч эсэргүүцэл тэмцэл ихтэй байгаа чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэд хэдэн улсын төрийн болон Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөөд байгаа. Анхандаа очихгүй гэж байсан Барак Обама хүрэлцэн очихоор шийдсэн нь Ц.Элбэгдоржийн уулзалтуудын хөтөлбөрт өөрчлөлт оруулж болзошгүйг Ерөнхийлөгчийн хүрээний зарим эх сурвалж өгүүлж байна.