НЭГ. Мөнгө дайвал хорж хүрдэг, үг дайвал нэмж хүрдэг.

Ерөнхийлөгч 2010 оны төсөв буюу иргэдэд очих ёстой хүртэх ёстой мөнгөнд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ын эрхэм гишүүдийн тархинд ёстой нэг цус харвачих шахав. Тэд 76 уулаа болохоор ганц Ерөнхийлөгчийг дийлэх юмаа. Ерөнхийлөгч уг нь албан тушаалтан, дээр доор төрийн  тамга атгасан бүгд ганц мөнгө хийдэг яг эмзэг газар нь олоод хатгасан . Төсөв гэдэг том уутанд цалингаас эхлээд, хүүхдийн мөнгө, гишүүдийн мөнгө,хөгшдийн тэтгэвэр, албан тушаал ашиглаж хусах тендер зэрэг  иргэдийн татварын их мөнгө буюу албан ёсны авилгалыг багтааж өгсөн байдаг юм.Албан ёсны авилга гэж нэрлэсний учир бол  төсөвлөөгүй мөнгийг авчихвал шоронд ордог, хөрөнгө оруулалт гэж төсөвт тусгаж хууль бологчихоод хумаслаад байвал мэдэгдэдгүй, тэр ч байтугай тууз хайчлаад өглөгч нэгэн болж мандаад байдаг байхгүй юу. Жишээ нь нэг сумын клубын дээврийг 10 сая төгрөгөөр засна, клубт нэг сая төгрөгөөр хөгжим авч гээд төсөв хийгээд батлуулчихдаг юм. Энэ 11 сая төгрөгийг аймгаар нь дамжуулаад явуулчихвал аймгийн дарга хумаслаад, сумын дарга хумаслаад сургуулийн захирал, дээвэр хийсэн барилгын компани нь ашиг олоод  ердөө 2 саяар нь хогийн нимгэн төмрөөр сургуулийн хийсэн болж зун нь бороо гоожоод хойтон жил нь дахиад л хөрөнгө шаарддаг юм. Нөгөө нэг сая төгрөг төсвөлсөн сумын клубын хөгжимөөс бол  бүүр илүү унацтай. Эрээнээс 100-аад доллороор хөгжим авч ирээд шахчихна. Хөрөнгө оруулалтыг аймаг сумаар нь дамжуулахаар ингээд болохгүй болохоор аргаа ядахдаа гишүүд өөрөөрөө дамжуулан захиран зарцуулахаар болоод байгаа царай нь энэ тойрог бүрийн нэг тэрбум төгрөг.Эрхэм гишүүд аймаг сумын дарга нарыг бодвол нэрээ бодоод арай боловсролтойгоор хүртэж хүртээж чаднаа. Жишээ нь өнөөдрөөс эхлээд өндөр хүүтэйгээр банкинд эргэлдүүлээд хичээл эхлэхийн өмнө есдүгээр сард мөнгөө барьж очоод тууз хайчлахаа мэднэ. 76 тэрбум төгрөг хаагуур ч явлаа гэсэн дутаж хүрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Мөнгө дайвал дутаж хүрдэг үг дайвал нэмж хүрдэг гэсэн мэргэн үгийн учир энэ.


ХОЁР.Авилгыг нууж , далдалж эхэлсэн 10 саяын түүх.

Их хурлын гишүүдийн мөнгө хэмээн алдаршсан энэ 76 тэрбум төгрөг чинь анх арван саяас тун базаахгүй  буруу гарын түүхээр эхэлсэн байдаг.2000 оны сонгуульд МАХН хэмжээгүй эрх эдлэх суудлаар шагнагдлаа.Н.Энхбаяр түүнийг даган давхигчид санасан бүхэндээ хүрч сарвайсан болгоноо авдаг цаг. Гэнэт их хурлын гишүүн сайд голдуу албан тушаалтай нэр бүхий 16 хүн тус бүр 10 сая төгрөг төсвөөс хусчихсан нь нэрсээрээ манай сонин дээр гараад ирлээ. Тэдний улсын төсвөөс авсан мөнгө ямар зориулалттай байсан гээч. Эмчилгээний зардал, орон сууцны нөхцөл сайжруулхад, тойргийн хөдөлмөрчдийн хүсэлтийн дагуу ч гэх шиг. Нэгэнт хэвлэлээр зарлагдсан болохоор гишүүд хоорондоо барьцах, бас оны эцэст сангийн сайд үнэн худал тайлан гаргахад баригдах болохоор бүгдэд нь арав арван саяыг олгоно гээд хүчиндээд батлачихсан юм. Тэр үеийн манай сонин дээр. Их хурлын гишүүн болгонд арав арван сая төгрөг өгч байгаа юмуу гэсэн манай сонины асуултанд С.Оюун”мэдэхгүй ээ. Надад лав оногдоогүй”, Талийгаач Ж.Наранцацралт”Харин тийм гэнэ. Сониноос л би мэдлээ””.Л. Гүндалай”Тэгвэл бид гуравт өгөх ёстой шүү дээ” гэсэн хариултууд гарч байсан. Бүүр 2003 оны зун хүртэл Ж.Наранцацралтад  арван саяыгаа аваагүй явсан юм. Гишүүдийн гэх мөнгөний эхлэлийн түүх энэ. Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн татварын мөнгөнөөс нууж хааж далдалж эхэлсэн 10 сая төгрөг парламентаас парламентад уламжилан тэрбум төгрөг болтлоо  өссөний түүх энэ.С.Оюун, Л.Гүндалай нараас асуухад тэд одоо ч хэлнэ дээ дээ.

ГУРАВ. Ардчилсан намын гишүүд юу гэж хэлж хуйхаа маажих бол.

Улсын төсөвийг их хурлын гишүүд хийдэггүй юм. Мөнгөний эрх мэдэл дээр муусайн их хурлын  гишүүд сангийн сайд байтугай, яамны нэг муу төсвийн мэргэжилтэнгээс долоон доор эрх эдэлж долигнон гүйж гуйж гувшиж хэдэн төгрөг тавиулдаг юм.. Харин Сангийн сайд бол тэр бүхнийг хасаж нэмэж үзэгний үзүүрээр тоог нь засаж хэл амгүй шиг батлуулах тактаик баримталдаг. Үе үеийн сангийн сайдууд хөрөнгө оруулалтын мөнгөн дээр нэгдүгээрт өөрийгөө, дараа нь өөрийн сонгогдсон тойрог нутагаа, түүний дараа нам дотроо өөрийн фракцаа,намын дарга, Ерөнхий сайдынхаа багцыг бодож тордож хаалагдаж,төсвийг хэл ам багатай батлуулж нэлээд мөнгө нууж үлддэг. Улсын төсөв батлаж дуусахыг нь хугацаагаар хааж зохицуулагддаг хатуу хуультай тул нууж хойшлуулж байгаад шахуу хугацаанд шинэ жил ойртуулаад тулгаж өгдөг. Эрхэм гишүүдийн ихэнх нь улсын төсөв байтугай аймгийн сумын төсөв уншиж мэдэхгүй тул тэгэс хийгээд өөрийн тойргийн хөрөнгө оруулалтаа хараад л гар өргөнө. Хувьсгалт нам ялсан ч мөнгөний авдарын түлхүүрийг Ардчилсан намын С.Баярцогтод өгсөн. Баярцогт сайд хэдэн мэргэжилтнээрээ 2010 оны улсын төсөв хийх тактикаа боловсруулахдаа”гишүүдийн мөнгийг тэрбум болтол өсгөж, хүүхдийн 10 мянгыг мөнгийг хассан” түүхэн  нүгэл хийсэн. Жил жилийн төсвийг сангийн яамны мэргэжилтнүүд зохиохдоо сайдынхаа хэлснээр хуучин тоог нь засаад хуулаад явуулчихдаг. Гишүүдийн мөнгийг хасвал тэд баяралсандаа амархан батлана. За за хүүхдүүд ямар бидний арван мянган төгрөгийг  Баярцогт сайд хасчихлаа гээд жагсаж цуглаж эсэргүүцэж, чадах биш бас хүүхдүүд ямар сонгуульд оролцож санал дугуйлах биш гэж зөөлчлөн нэг муу элэг барихчаа аядаа биз дээ. Бас Баярцогт нарын өөрийн хүүхдүүд нь улирлын 25 мянга, сарын гурван мянга,дүндээ сард нэг хүүхдэд оногдох 10 мянган төгрөгөөр дутахгүй өөрсөдтэйгээ адилханаар сэтгээд л хүүхдэд сар улиралд оногддог мөнгийг нь үзэгний үзүүрээр хасаад гишүүдийн мөнгийг нэмсэнд хамаг хор байна. Ардчилалын буянд    иргэд өмчтэй болсон. Ядарсан ч гэсэн улс орныхноо хувьцааг хүртэж төсвийн мөнгөн сангаас үр хүүхдэд маань сар бүр 10 000 аад төгрөгийн өмч хүүхдүүдэд оногдож байсан юмсан. Арлдчилсан нам Мал сүрэг, орон сууц, газар гээд хувьчилсан өмчөө буцааж хурааж аваагүй. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд Ардчилсан нам амлаж 10 мянган төгрөгийн өмч олгосон гэтэл хүүхдүүдэд оногдсон өмчийг намын бодлого биш / Хүүхдийн сар бүр олгох 10 мянган төгрөгийн бодлогноосоо татгалзсан ардчилсан намын бодлого гарсан ч юм билүү сайн мэдэхгүй байна/ ганц Баярцогт сайдын үзэгний үзүүрээр хасаад хүүхдийнхээ өмчийг нь хураагаад авчихваа. 76 тэрбумтан төрж 700 000 мянган хүүхэд 10 мянгагүй болов. Бас дахиад тодруулбал Ардчилсан намын 6 сайдын суудал тэр дундаа сангийн сайдын суудлаар 700 000 мянган хүүхдийн мөнгийг зольжээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг С.Баяр цогт нар төрд хүүхдэд өгөх мөнгө байхгүй л гэж битгий хэлээрэй дээ. Хүүхдүүд мөнгөө аваад , төр мөнгөө өгөөд сурчихаад байсан юмсан. Хүүхдийн төлөө байгууллагууд ч энэ тал дээр дуугарсангүй, чив чимээгүй л . Харин Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсаны нэг учиг энд байна. Ямар гишүүдийн мөнгийг хас хүүхдийн мөнгийг үлдээ гэлтэй биш.Ерөнхийлөгч одоо хүүхдүүдээс сар бүр 10 000 төгрөг хэрэгтэй эсэхийг нь санал асуулга болгоод асуу даа. Хариугаа захиа бичээрэй гээд цаасан шувуугаар авчихмаар юм. Хүүхдийн төлөө “үгүй” гэж мөнгийг нь хассан энэ их хурлын зүг, сангийн сайдын зүг, Ардчилсан намын зүг, хассан 10 000 буцааж авая гэсэн бичигтэй 940 000 хүүхдийн тоогоор цаасан  шувуу нисэн ирвэл одоо яанаа. Нэг сартай хүүхэд 10 000 төгрөг авна. Тэр хүүхэд өсөөд 18 нас хүрхэд 2 сая таван зуун мянган төгрөгтэй болно гэж амаа цангатал ухуулж явсан Ардчилсан намын гишүүд дэмжигчид, хүүхдийн мөнгөнд итгэн саналаа өгсөн сонгогчид бас нэг нартай өдөр” Ардчилсан намд “Үгүй” гэж хэлнэ. Энэ үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт нарыг харааж зүхээд албан тушаалаас нь авч хаяад ч нэгэнт оройтно. Ардчилсан намаас сонгогдсон эрхэм гишүүд / З.Энхболд, Х.Тэмүүжин  хоёроос бусад нь. Энэ хоёр гишүүн 76 тэрбумыг хасаж хүүхдийн мөнгийг хэвээр үлдээх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан/  ямар нүүрээрээ тойрогтоо очиж хөдөлмөрчидтэй уулзаж хүүхдийн мөнгийг хэрхэн хассанаа  тайлбарлах бол. Мөн халуунаа. Сангийн сайд С.Баярцогтын “ардчилсан нам”ыг унагах”ад оруулсан үнэт, бодит  хувь нэмэр энэ болов уу. Ардчилсан намын гишүүд дэмжигч нар  ирэх сонгууьд хүүхдийн мөнгө хассанаа юу гэж хэлж хуйхаа маажих болоо.

Г.Дашрэнцэн.