“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны хуралдаан энэ сарын 18-нд болж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тав дахь удаагаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа уг хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг хэрэгт Г.Буяндоржоос гадна “Ноёд” группын санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нар холбогдон, тэдгээрт албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт буруутган ял төлөвлөсөн юм.

Мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нар нь “Ноёд” группт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцдаа 18 мянган ширхэг хуурамч акцыг илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд арван сая төгрөгийн хахууль авсан юм. Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг 2008 оны есдүгээр сарын 2-ны өдөр анхан шатны хуралдаанаараа  хэлэлцээд 2008 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн мөрдөн байцаагч Д.Саруул, Д,Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, тус бүр таван сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. Харин уг хэрэгт яллагчаар оролцсон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Е.Сагсай хэргийн гол эздэд холбогдох хэргийг өршөөлд хамруулсныг үл зөвшөөрөн эсэргүүцэл бичсэнээр Г.Буяндорж нарын долоон хүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.

Ийн буцааснаас хойш анхан болон давж заалдах шатны шүүх хооронд “шидэгдсээр” өнөөдрийг хүрлээ. Цаашид хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэр хугацаа зарцуулах нь ч тодорхойгүй байна.


У.Шагай