УИХ-ын Эдийн засаг, Хууль зүйн байнгийн хороод хамтран хуралдаж Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хаалттай хэлэлцсэн. Эмзэг сэдэв учраас гишүүд хойшлуулах санал гаргасан ч даваа гаригт  намуудын бүлгийн хурлаар уг хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болжээ. Энэхүү хуулийн төслийг олон нийт чих тавин анхаарч, ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Хэрэв хуулийн төслийг шууд баталчихвал үүрэн телефоны бизнес эрхэлж буй компаниудад өндөр үнэтэй нэмэлт төхөөрөмжүүд суурилуулах бас нэгэн тооцоолоогүй хөрөнгө мөнгөний ачаалал ирэхээс гадна нөгөө талдаа  хэрэглэгчдийнхээ хувийн эрх чөлөө рүү халдах бүдүүлэг „эрх”-ээр зэвсэглэх боломжтой болох юм. Харин хаа очиж тэд маань энэ асуудал дээр нэгийг алдаж нөгөөг олох бизнесийн зарчмаар хандахыг хүсэхгүй байгаа нь сайшаалтай.  

Хуулийн төслийг санаачлагчид болохоор хар тамхины,хүний наймааны мөн эдийн засгийн бүлэглэл дамнасан бохир мөнгөний зэрэг шинэ төрлийн онц ноцтой гэмт хэргүүд гарах болсонтой холбогдуулж зарим  тохиолдолд сэжигтэй хүмүүсийн гар утсыг чагнах шаардлага цагдаа, тагнуулын байгууллагад байгаа учраас ийм хуулийг батлах ёстой гэж хэлж байгаа юм. Хүчнийхэн энэ асуудалд ил хэлбэрээр мэдээж байр сууриа илэрхийлэхгүй. Тэдний хувьд эрх мэдэл нь нэмэгдэж л байвал сайн. Эрхтэн дархтангууд хийгээд бизнесийнхэн, шийдвэр гаргах түвшнийхэн, эрүүгийнхэн, тэр бүү хэл энгийн иргэдийг хүртэл  амьдралынх нь өдөр тутмын явцаар нь хянах хязгааргүй эрх мэдлийг цэнхэр формондоо багтаж ядсан эрх дархтай байгаа цагдаа, тануулынханд нэмж олгохоор парламент үгсэн хэлэлцэж байхад тэд яаж ийж байгаад батлуулахыг хүсэхээс өөр яах юм.

Эрхэм гишүүд энэ хуулинд маш болгоомжтой хандаж, хүний эрх, эрх чөлөөний дэнсийг нарийн бодолцож, нийгэмд хардлага сэрдлэг, үл итгэлцлийн бараан сүүдэр үүсэх бодит аюул байгааг нягтлан байж шийдвэрээ гаргаасай.  

Хэрэглэгчдийн гар утсыг чагнах тухай асуудлыг зөвхөн хувь хүний мэдээлэл авах эрхийг хөндөж байна гэх төдийнхнөөр өнгөцхөн шүүмжлээд өнгөрөх нь хэтэрхий хариуцлагагүй хандсан хэрэг болно.

Дуртай хүнийх нь утсыг нууцаар чагнаж тагнах эрхийг хүчнийхэнд өгснөөр тэдний гарт буруу гарын эрх мэдлийг төвлөрүүлэх аюултай гэдгийг бодолцмоор байна. Тэд бусдыг хувийнх нь нууцаар айлган сүрдүүлэх, эрхэндээ оруулах, сэтгэл санааны дарамтад хийж хувийн өс хонзонгоо авах зорилгоо хэрэгжүүлээд эхэлбэл яах вэ. Мөн улстөрчдийн утсыг чагнаж тэдний мэдээллийн цуглуулгыг өрсөлдөгч бүлэглэлүүдэд нь өгөөш болгон арилжиж оронд нь сандал ширээгээ хадгалж үлдэх наймаа хийдэг бохир сүлжээнд орвол яах вэ.

Хүчнийхэн гартаа орсон мэдээллүүдийг нэг улс төрийн намд нөгөөг нь дарах хэрэгсэл болгон худалдаж, өөрсдийн хүссэн тохироог хийдэг болчихвол энэ улс орны хуульт ёсонд хэн итгэж, хэн сүсэглэх юм. Эхлээд ийм шаардлага байна, тийм жишиг байна гэх мэтээр ухуулан сэнхрүүлж, зөвхөн сэжигтэй нөхдүүдйг тусгай зөвшөөрлөөр чагнана, энгийн иргэд рүү хавьтах ч үгүй гэж гулгаж тэшиж байгаад батлуулаад авна. Харин маргаашнаас нь эхлэн хавтгайд нь чагнаж тагнаж эхлэнэ шүү дээ.

Энгийн иргэдийн амар тайван байдал гэдэг эх орны маань хамгийн том гоо сайхны нэг билээ. Тэдний амьдрах эрх чөлөөнд халдсан ийм бүдүүлэг юм байж болохгүй. Юу гэж энгийн хүний утсыг чагнадаг юм. Сүртэй ш дээ...гэж өнөө маргаашдаа та гэнэхнээр бодож магад. Гэхдээ энэ хууль нэг явлаа л бол бид сэтгэл санааны байж болшгүй цоо шинэ дарамтад орно.

Сэтгүүлч хүний хувьд амьдралын элдэв янзын тохиолдлуудтай нүүр тулж байдаг. Ажил мэргэжил маань нэгэнт ийм хойно яая гэхэв. Өөрт маань ирсэн хачирхалтай баримтуудаас жишээ болгон заримыг нь иш татмаар байна. Миний нэг найзын амьдралд энэ явдал тохиолдсон юм. Тэр маань нэртэй бизнесмен хүн. Эхнэрийнх нь талаар чихэнд нь таагүй хов иржээ. Эхэндээ за, дэмий яриа биз гэж бодоод хаясан ч шалгаж үзэх хүсэл дотроос нь гижигдээд байж. Ванны өрөөнд удаад ч байгаа юм шиг, утсаа биенээсээ салгахгүй байгаа нь анзаарагдаж, бас түүний утсанд мессеж ирэх бүдэгхэн дохио үе үе сонсогдоод болохоо ч байж дээ. Мань хүн хамгийн эхлээд утсыг нь анхааралдаа авах тухай арга сэджээ. Нэгэн томоохон үүрэн телефоны компанийн төв цэг рүү яваад орж гэнэ. Үйлчилгээний ажилтнууд нь таниж байгаа бололтой „танд юугаар туслах вэ” л болж. Хөнгөхөөн аргалчих юм бодоод аа, эхнэрийнхээ утасны төлбөрийг төлье. Ахдаа тооцооны хуудас гаргаад өгөөч, аан тийм цаадах чинь сүүлийн үед төлбөр арай л их гараад байх юм дэлгэрэнгүй мэдээллийн хуудсаа аваад ирээрэй гэсэн гэж хэнэггүйхэн хэлтэл „Уучлаарай, тэгж болохгүй. Энэ тохиолдолд эхнэр тань өөрөө ирэх ёстой” гээд хөдөлсөнгүй гэнэ. Айхтар моншнууд байх нь гэж бодоод „Иргэний үнэмлэх нь энэ байна, тэгсэн ч болохгүй юу” гэтэл тэгсэн ч болохгүй гээд инээмсэглэж байна гэнэ шүү. Ингээд манай хүний арга мухардан гарчээ. Машиндаа очоод суух зуур хамт явсан туслах залуу захирал аа, та яагаад ингэж өөртөө төвөг удаад байгаа юм бэ. Би эргэж ороод тэр эмэгтэйг дагуулаад ирье л дээ...тэгээд л...гэсэн гялсхийсэн санаа өгч. За тэг л гэнэ биз дээ. Удалгүй туслах залуу ганцаараа инээд алдсаар ирж гэнэ. Жаахан хөдлөөд хажуугийн ресторанд орцгоож. Хоол идэнгээ ярилцъя л даа гэсэн хариуг түрүүний ялдамхан инээмсэглээд байсан хүүхэн өгсөн юм байх аа. Ирэхдээ мессэж бичсэн, ярьсан дугааруудыг ярайтал жагсаасан хэдэн хуудас цаас өгөөд тогтсон ханш 500 доллар гэж шулуухан хэлсэн гэж байгаа. Ингээд л манай хүн хэдэн хуудас цаас 500 доллараар худалдаж аваад үлджээ. (энэ бол амьд халуун дуу хоолойтой ярианы бичлэг биш шүү дээ) Зүгээр л эхнэрийнх нь бусад үүрэн телефоны хэрэглэгчид рүү ярьсан , энгийн суурин телефон руу ярьсан, бас мессеж бичсэн өдөр , цаг минутаар нь жирийлгэсэн хуудсууд. Зарим нь ч сайн мэдэх найз хүүхнүүдийнх нь утас, харин нэг огт танихгүй дугаар руу мессеж тасралтгүй бичилцэх болсон нь тодорхой. Ингээд тэр утас руу нь залгаж үзжээ. Тийм ээ, эрэгтэй хүн. Хэн бэ гэж болгоомжлонгуй асуугаад утсаа тасалчихаж. Туслах нь хэлж байна гэнэ. Хакерууд ч иймэрхүү ажлыг хулгайгаар гүйцэтгэдэг болсон гэсэн гэж. Хэд хоногийн дараа эхнэрийнхээ мессеж бичилцдэг болсон залууг барьж, халуухан нүүр тулж есөн шидийн юм болсон гэж байгаа. Эцэст нь амьдрал нь гэж там болж хувирсан. Тэднийх хашгирч дуугаа чангалсан хэрүүл уруултай айл болсон төдийгүй, энэ байдлаас нь залхсан аравдугаар ангийнх нь охин гэрээсээ алга болж, тэрнээсээ эсэн юм болсон. Зүгээр л ярьсан, мессеж бичсэн дугааруудыг задруулснаас болж хүний амьдралд юу үүссэнийг харж байгаа биз дээ. Гэтэл бид өнөөдөр дуртай үедээ чагнах тагнах тухай асуудлыг хуульчилж, батлуулахаар парламент дээр хэлэлцүүлж байна шүү дээ. Бизнесийн орчинд ч, улс төрийн орчинд ч, энгийн иргэдийн хэвийн амьдралын орчинд ч, хүний эрх, эрх чөлөөний сонгодог ойлголтуудын хүрээнд ч байж боломгүй үйлдлийг бид хийх гэж байна. Манай гишүүдийн зарим нь маргаашаа мэдэхгүй тун ч болчимгүй бүлтрэх юм аа. Жишээ нь гишүүн Д.Очирбат „Цагдаагийн байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй онц ноцтой хэргийн 98 хувийг мөрдөж тагнаж, баримт нотолгоо бүрдүүлж илрүүлдэг. Тэгэхээр цагдаагийн байгууллагад бас энэ эрх нь байх ёстой. Утасны яриа шүүхийн нотолгоо, баримт болдог. Төрийн л ажил шүү дээ” гэж ирээд цагдаад ардаа айх юмгүй ариун хүний дүр эсгэн тал зассан байх юм. Маргааш эхнэр, хадам ээж хоёрынх нь утсыг хэд хоног чагнаж байгаад өөрийнх нь гар дүрэлцсэн луйврын хэргийг илчилж, карьерыг нь нэг мөсөн дуусгаж чадна гэдгийг мэдэхгүй л байгаа юм байх даа. Айсан хүн заримдаа мөн ч тэнэг тэнэг юм хийдэг ажээ. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй онц ноцтой хэрэг гэж юу байдаг юм бэ. Хэлж ярьж, томъёолж байгаа зүйлээ эргэж хардаг ч болоосой.

Манай улс төрийнхөн хоорондоо тендер булаацалдаж хэрэлдэнгүүтээ „Энэ намайг заналхийлсэн, ална гэсэн” гээд л хэвлэлийн хурал зарлаж суудаг, тэгж байснаа эвлэрлээ гээд сэтгүүлчдийн өмнө гар барьдаг. Харин хурлаас гарч ирээд л „ална шүү, п...минь юм энүүгээр дуусахгүй шүү” гээд мессеж нисгэлцэж байдаг улс шүү дээ. Ийм болоогүй, болчимгүй авиртай төрийн түшээдийн утсыг чагнаад эхэлбэл юу болох бол. Төрийн тогтворгүй байдал гэгч жинхэнэ нүүрлээд ирнэ биз дээ.

Гар утас чагнаж тагнаж байгаа тухай аман яриа олон жил улс төр, бизнесийн хүрээнд явсан. Талийгаач Л.Энэбиш даргын утас руу нэг шөнөжин орос монгол хоёр эмэгтэй ээлжилж ярин, Төмөрсүх ээ, новшоо чи олон хоног нуугдаж чадахгүй шүү гэж харааж загнаж байсан тухай гайхшаа баран өгүүлж байж билээ. Маргааш өглөө нь мобиком талийгаач спикерээс уучлал гуйгаад л өнгөрч байсан. Тэр шөнийн турш түүний утас Төмөрсүх гэгчийн утас болчихсон гэдэг. Төмөрсүх гэдэг нь нөгөө олон мянган доллар иргэдээс залилаад алга болсон нөхөр гэдэг билүү дээ. Аминдаа цагдаа тэр нөхрийн утсыг чагнах гэсэн ухаантай. Гэтэл даргын утсыг чагнах даалгавар хаа нэгтэй хэрэгжих ёстой байсан нь хоорондоо холигдож, солигдож холион бантан болсон нь энэ. Хэвлэл мэдээллийн ертөнцийн асар том нөлөөтэй фигур болох Ц.Балдорж агсан сэтгүүлч надад өгсөн ярилцлагандаа утас чагнах явдал цагаандаа гарч буйг хилэгнэн эсэргүүцэж байсан удаатай. Бас нэг өглөө сэртэл сэтгүүлч миний утас   статистекийн газрын дарга Бямбацэрэнгийн утастай солигдож хоносон байж билээ. Бямбацэрэнтэй яръя гэсэн улсууд намайг ээлж дараалан загнаж, миний залгасан улсуудын зарим өө, Бямбацэрэн дарга уу гэж урдаас асууж байсан нь санаанаас гардаггүй юм.

Гар утас чагнах тухай асуудал энгийн үед ийм таагүй явдлуудыг тарьж, хүмүүсийн тав тухыг алдагдуулж, энд тэнд хардлага сэрдлэгийн гайтай агаар үүсгэж байдаг эмзэг сэдэв билээ.

Нийгмээ тогтворжиж, улс орныхоо эдийн засгийг сэргэсэн, хүмүүсийн санаа сэтгэл амирласан үед энэ сэдвээр оролдвол яасан юм.

Иргэдээ нууцаар чагнах,тагнах асуудал аль ч улс орны хувьд эмзэг зүйл байдаг.

Ийм зүйлд байнга хардагдаж байдаг манай үүрэн телефоны бизнесийн монопол компани болох „Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Г.Болор харин энэ удаа байр сууриа нухацтай илэрхийлжээ. Аргагүй олон буудуулж хаширсан бурхи юм аа. Тэрбээр  „Харилцаа холбооны тухай хуулийн хувьд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Аль 1999 онд шинэчилснээс хойш гар хүрээгүй хууль. Гэтэл түүнээс хойш энэ салбарт технологийн ихээхэн өөрчлөлт орсон шүү дээ. Одоогийн энэ төсөл дээр эргэж харах юм багагүй байна. Харилцаа холбооны зохицуулах хороо эрх мэдлээ баталгаажуулах зорилгоор оруулсан зүйл заалт ч их ажиглагдаж байна. Бид гар утас чагнах асуудлын тухайд эсэргүүцэж байна.  Энэ асуудал зөвхөн харилцаа холбооны хууль төдийгүй улс орны аюулгүй байдалтай холбоотой учраас сайтар тунгаах ёстой. Үүрэн телефоны компаниуд бол хэрэглэгчдийнхээ эрх ашгийг ямагт дээдэлдэг. Хэрэглэгчдийнхээ нууцыг чандлан хадгалах үүрэг бидэнд бий„ гэж мэдэгджээ. Мөн тэрбээр гэмт хэргийн чанартай болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх, прокурорын зөвшөөрөлтэйгөөр хэрэглэгчийн мэдээллийг өгдөг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Шүүх, прокурор хүсэх л юм бол чагнадаг юм байна. Бас л онцгүй сонсогдож байгаа биз.

Одоогийн хуралдаж, хэлэлцээд байгаа хуулиар болохоор мөрдөн байцаагч ч юм уу, тагнуулынхан, бас прокурор утас чагнаж болно. Өмгөөлөгчид харин энэ эрх байхгүй байх жишээтэй. Манай оронд өмгөөлөгч яагаад тэднээс дутуу эрхтэй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ. Утас чагнах тухайд ч өмгөөлөгчийг хассан нь нөгөө л хэргийг нууж хаах, эсрэг талд бүлэглэл үүсч нэгсэж эрх ашгаа нэгтгэх боломж үүсэх цоорхой гараадхав. Яг батлагдах дээрээ тулбал өмгөөлөгчийн тухай хөндөх хөөцөлдөх, тэр бүү хэл энэ талаар хүчтэй лобби явуулах хэрэгтэй.  Гэхдээ үнэндээ тэдний хэнийг нь ч энэ хавтгайрсан их эрхээр хангагдмааргүй байна.

Ийм л дутуу дулимаг боловсруулалттай,  эрх чөлөөг минь хулгайлж хумсалсан аймшигтай хууль батлагдах гэж байна даа.

Тэгэхээр „Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Г.Болор тантай нэгдэх шаардлага бидэнд зүй ёсоор ирлээ. Танд сая хэрэглэгч байгаа. Сая хэрэглэгч гэдэг бол монгол улсын нийт иргэний бараг тал хувь нь гэсэн үг. Нэгэнт бид амьдрах эрхэндээ халдуулах сонирхолгүй байгаа учраас тэмцэх шаардлага гарч ирж мэдэх нь. Хэрэглэгчээ дээдэлдэг орчин цагийн соёлтой компанийн хувьд энэ тэмцэлд хамтрах байх гэж бид танд найдаж байна. Моби тэмүүлэл гэж танайхаас зарласан гэрэл гэгээтэй аяныг бид дэмжиж байгаа. Монголоо хайрлах, монголоо цогцлоох хүсэл эрмэлзлэлээр сэтгэл зүрхийг хөглөсөн шигээ монгол хүний хувийн эрх, амьдралын амар амгалан, сэтгэлийн эрх чөлөөг  хамгаалах үйлсэд хамтран зүтгээрэй.

Сэтгүүлч Б.Ганчимэг