-Хөрөнгийн зах зээл хөлд орж эхэллээ-

Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс ардчиллаар Ази тивдээ үлгэр жишээ болдог гэх магтаалыг америкууд бидэнд харамгүй хэлдэг. Энэтхэг, өмнөд Солонгос, АНУ зэрэг цөөхөн улс гүрнүүдийг оюун санааны гуравдагч хөршөө хэмээн үзэж сайн харилцаатай байхыг эрмэлздэгийг эс тооцвол бид хувь тавилангаар учирсан хоёр хөршөөсөө улс төр, эдийн засгийн хувьд хэт хамааралтай байсаар байна. Ганцхан жишээ хэлэхэд 1990 оноос хойш орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ гурван тэрбум долларт хүрсний гуравны нэгийг өмнөд хөршийн хөрөнгө оруулалт эзэлсэн байгаа юм. Саяхан Үндэсний тагнуулын академийн судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд оролцогчдын 61.5 хувь нь Монголд Хятадын нөлөө хамгийн их байна гэж хариулсан нь санамсаргүй хэрэг биш болов уу. Оросуудын хувьд Монголын уул уурхайн салбар, тэр дундаа ураны салбарт давуу байдалтай болсон гэж бусад нь харддаг. Тэр ч бүү хэл гадаадынхан Монголын ашигт малтмалын 20 гаруй томоохон ордыг барьцаалж олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгосон тухай мэдээлэл байдаг. Хавчуулагдсан улсын “хараат” зах зээлээс гарахын тулд бид юу хийх ёстой вэ.

Монгол Улс хэдийгээр жижигхэн эдийн засагтай ч ашигт малтмалын арвин их нөөцтэй ордуудаа түшиглээд дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох боломж хангалттай их бий гэж эдийн засагчид үздэг. Харин тэрхүү алтан боломжийг Монголын төр ашиглаж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь, бас гадаадын компаниудад бусдын хөрөнгөөр хөлжих боломж олгосон нь үнэн. Гэхдээ оройтоогүй байна. Засгийн газрын өнгөрсөн оны сүүлчийн хуралдаанаар хөрөнгийн зах зээлд эргэлт авчрахуйц нэгэн шийдвэр гарсан нь  эдийн засагчдаас авахуулаад эгэл жирийн хүмүүсийн анхаарлыг татаад байна. Монголчууд өөрсдийнхөө баялагт эзэн байхын тулд “Монгол эрдэс”, Монгол дэд бүтэц”, “Монгол эрчим” гэсэн төрийн өмчит гурван компанийг байгуулж, хувьцааг нь дотооддоо болон гадаадын хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг энэ онд эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ХХК-ийн монголын талын хувь, Оюутолгой болон стратегийн ач холбогдол бүхий ордуудыг түшиглэн байгуулах хуулийн этгээдийн Монгол Улсад ногдох хэсгийн тодорхой хувийг оролцуулсан төрийн өмчит “Монгол эрдэс” компанийг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Энэхүү төрийн өмчит компанийн хувьцааг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаална. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанийн хувьцааг дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд арилжаална гэсэн үг. Төрийн мэдлийн томоохон үйлдвэрүүдийн хувьцааг дэлхийн зах зээлд арилжиж нээлттэй компани болгосноор Монгол Улс мөнгөтэй болж, эдийн засаг тэр хэрээр өргөжнө, бас эрүүлжинэ.

Уул уурхайн томоохон төслүүдийн хүрээнд шинээр барих төмөр болон авто зам болон дэд бүтцийн бусад хэсэгт байгаа төрийн өмчийн активыг нэгтгэх замаар “Монгол дэд бүтэц” компанийг байгуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Энэ компани төрийн мэдэлд байх бөгөөд хувьцааг нь дотооддоо болон гадаадын хөрөнгийн зах зээлд арилжихаар төлөвлөсөн байна. Нийслэлээс холгүйхэн орших Багануурын нүүрсний уурхайн нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг стандартын дагуу үнэлүүлж, төрийн эзэмшилд байгаа хэсгээс 24 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар компанийн техник, технологийг шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс гадна ураны томоохон ордуудыг түшиглэн байгуулах компанийн төрд ногдох хэсгийг оролцуулсан компани байгуулж, хувьцааг нь олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах зорилт дэвшүүлжээ. Монголын төрийн өмчит компаниуд ийнхүү дэлхийн хөрөнгийн зах зээлд анх удаа хөл тавих гэж байна. Яг л ОХУ-ын төрийн мэдэлд байдаг уул уурхай, нефтийн томоохон компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлд идэвхтэй тоглогч болсон тэр л жимээр Монголын компаниуд алхах гэж байна. Хятадын алдарт Шинхуа, Чайналко шиг дэлхийн санхүүгийн акулуудтай эн зэрэгцэх боломж монголчуудын өмнө гарч ирлээ. Уул уурхайг хэт шүтсэн эдийн засагтай орны хувьд хөрөнгийн зах зээлд хөл тавина гэдэг мэдээж сайн мэдээ. Ядаж л хоёр хөршөөсөө эдийн засаг, худалдаа, улс төрийн хувьд хэт хараат байдлаасаа хөрөнгийн зах зээлээр дамжиж гарах боломж бүрдэнэ. Олон улсын санхүүгийн ертөнцөд Монгол Улсын нэр хүнд өснө. Хөрөнгийн зах зээл хөлд орж эхэллээ.          

Б.Түвшинтөгс