Монголчууд шударга татвар ухаалаг зардлын төлөө ТББ

Татварын ерөнхий газрын дарга шинэ оны босгон дээр “санхүү эдийн засгийн хямрал гүнзгийрсэн энэ үед” 2009 онд “Төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх санд урьдчилсан байдлаар 700 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөт зорилтоо 60 тэрбум төгрөгөөр давуулан” биелүүлснээ тун бахархалтайгаар мэдэгдэж, татвар төлөгчдөд “цогтой халуун мэндчилгээ” дэвшүүлэв. Энэ бол “Татвар төлөгч та бүхний Монгол Улсаа гэсэн чин сэтгэл, эх оронч зүтгэлийн үр дүн” гэж тархи угаав. 


Төр, засаг ард иргэдээсээ татвар, хураамж авах тал дээрээ бол гайхамшигтай гаргуун.

2009 онд манай улсын эдийн засаг бараг өсөлтгүй гарч, баялгийг бүтээгч 48 мянган аж ахуйн нэгжийн  57.9 хувь нь алдагдалтай ажилласан (эхний 10 сарын тайлангаар) ч улсын татварын орлогын төлөвлөгөөг биелүүлж чаддаг нь үнэхээр супер. Татвараа  төлөх ажлыг илт хөнгөвчилж, цахим хэлбэрт шилжүүлсний үр дүнд бүх тайлангийн 65 хувийг интернэтээр авч байгаа нь сайн үзүүлэлт.  Авах тал дээрээ бол үнэхээр бахадмаар.


Харин өгөх тал дээрээ ямар билээ?

Татвараар авсан хөрөнгөөрөө юу хийсэн, ямар үр дүнд хүрсэн тухай зардлын тайлан гаргах болохоор үнэхээр эсрэгээр. Янз бүрийн ажил, төсөлд төдөн төгрөг зарсан л гэж сайндаа хэлдэг ч яг ямар үр дүнд хүрсэн тухай татвар төлөгчдөд зориулсан бодитой мэдээлэл хэзээ ч гаргадаггүй. Татварын  орлогыг зарцуулаад ийм үр дүн гарлаа гэдгийг хариуцсан дарга байдаг бол адилхан мэдээлээд  “цогтой халуун мэндчилсэн” бол харин татвар төлөгч бид “эх оронч сэтгэлийн” үр дүнгээ жинхэнээр харах байсан.


Төр засаг татвар төлөгчдийн мөнгийг хүчээр хурааж аваад, түүгээр нь өөрөө улам бүр томрон данхайж, өөртөө болон төлөөлж байгаа улс төрийн намууддаа том том орд харш бариад, гадаад дотоодоор явж, сар өнжилгүй найр наадам хийгээд байхаар нэг л асуулт үргэлж гарах боллоо.

Бид бүгд татвар төлөхөө больчихвол төр, засаг яадаг бол?

Дураараа захиран зарцуулж байгаа мөнгийг нийгэм, юуны түрүүнд татвар төлөгчид нарийн хянаад эхлэхээр төр засагт ажиллах сонирхол бага болно. Төрд ажиллагсдын тоо цөөрөөд ирэхээр нэг хүний бүтээмж нэмэгдэх шаардлага гарч, улмаар нэг хүнд ногдох цалин нэмэгдэнэ.

Төрийн үйлчилгээний төсвийг тухайн яамны хамт олон багаараа хянадаг болчихвол үргүй зардал багасч, үйл ажиллагаанд нь мэдээлэл технологийн дэвшил хурдан нэвтэрч, ихэнх үйлчилгээ интэрнэтээр хийгдэх болно. Төрийн ажлыг улстөрчид биш, технократууд гүйцэтгэнэ.

Хэрэв төр засгийн үйл ажиллагаа загасны аквариум шиг ил тод, тунгалаг болчихвол олон мянган хүн үнэ цэнийг хуваарилах   биш, бүтээх үйл ажил­лагаанд шилжинэ. Тэдний өөрсдийн бүтээсэн орлого нэмэгдэж, амьдрал ахуй нь илт дээшилнэ. Амьдралын эх үүсвэр нь хахууль, луйвар биш, өөрийнх нь хөдөлмөр, чадвар болно.

Их, дээд сургуулийн олон мянган төгсөгчид төр захиргааны албанд биш, хувийн хэвшилд ажиллахыг мөрөөдөж, “арын хаалганд” биш, өөртөө найдах болно.Улаанбаатар хотод утаа арилж, олон сайхан модтой, жирийсэн сайхан замтай, бүх хүн нь орон сууцтай болно.

Тэр цагт Монгол Улсын эдийн засаг өрсөлдөх чадвартай болж, монголчууд эх орноосоо явах биш харин ирэх гэж яарна. Гэхдээ энэ бүхэн одоо биш, ирээдүйд болно. Тэр цагт л харин төр жинхэнээсээ бахархах байх.


Харин өнөөдрийнх бол арай өөр бахархал.