Солонгосын хойгтой холбоотой бас нэгэн шинэ мэдээг олны сонорт хүргэлээ.   БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир хойд хөрш Хятадад айлчлах гэж байгаа гэнэ. Тус улсын төмөр замын хяналтыг чангатгаж,  хоёр улсын хил дээр орших Даньдун боомтыг хаасан байна. Их удирдагч чухам хэдийд Бээжинг зорих гэж байгаа нь тодорхойгүй юм. Хятадын нийслэл оччихсон байж ч магадгүй. Түүнтэй холбоотой мэдээллийг чандлан нууцалдаг. Ким Чен Ирийг  Хятадыг зориход хоёр улсыг холбодог  төмөр замын харуул хяналтыг   чангатгаж, хилийн боомтыг хаадаг.  2006 онд түүнийг Хятадад айлчлахад албан ёсоор хэвлэлээр мэдээлж байсан. Тэр үед ч мөн л төмөр замын хяналтыг чангатгаж, хилийн боомтыг хааж байсан.

Энэ удаад  БНАСАУ-ын удирдагч цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг үргэлжлүүлэх талаар  Хятадын эрх баригчидтай ярилцах гэнэ. Ийм таамаглалыг ажиглагчид дэвшүүлээд байгаа. Энэ нь ч үндэслэлтэй юм.  Ким Чен Ир ард иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ АНУ болон Өмнөд Солонгостой дайсагналцахгүй,  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө чармайх болно гэсэн. Үүнээс өмнөхөн  Хойд Солонгосын асуудал хариуцсан  Америкийн тусгай элчийг Пхеньянд урьж авчиран хэлэлцээ хийсэн. Америкийн төлөөлөгчид яриа хэлэлцээнд сэтгэл хангалуун байсан бөгөөд Пхеньян ч цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгээ үндсэнд нь  зөвшөөрсөн.  Улс орны байдал, тэр дундаа эдийн засаг нь нэлээд хүнд байгаа тул БНАСАУ-ын эрх баригчид буулт хийхээс өөр аргагүй байдалд орчихоод байгаа. Саяхан мөнгөний бодлогодоо шинэчлэл хийсэн боловч төдийлөн амжилттай болоогүй.  Энэ нь ард иргэдэд хамгийн их хүндээр тусч тайван цуглаан хийсэн тухай мэдээлж байсан.  Тийм болохоор олон улсын байгууллагаас тусламж авахын тулд   хэлэлцээний ширээний ард суухаас өөр арга байхгүй.

БНАСАУ нь цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд оролцохоос татгалзсанаас хойш энэ асуудал мухардалд орчихоод байгаа. Хэлэлцээ зогссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс  БНАСАУ дахин хэлэлцээний ширээний ард суухдаа ямар байр суурь баримталж, ямар шаардлага дэвшүүлэх нь маш сонин юм. Энэ талаар  Пхеньян хамгийн сайн хэл амаа ололцдог Хятадын эрх баригчидтай  зөвлөлдөх шаардлагатай хэмээн үзсэн бололтой. Зургаан талт хэлэлцээ аль зэрэг амжилттай болохоос Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс болж чадах эсэх нь шалтаалах юм. Цаашилбал  зүүн-хойд Азийн байдал тогтвортой байх нь үүнээс хамаарна.


Ю.Дэлгэрмаа