Тони Блэйрын хашдаг алба удахгүй нэгээр нэмэгдэх юм байна. Францын “LMVH” групп түүнд зөвлөхөөр нь ажиллах санал дэвшүүлжээ. Экс Ерөнхий сайд саналыг нь  хүлээн авч  хэрхэн ажиллах талаар хэлэлцээ хийж үндсэндээ тохиролцоонд хүрчихээд байгаа гэнэ. Дэлхийд нэр хүндтэй улстөрчийг  авч ажиллуулж байгаа тус групп нэлээд хэдэн сая ам.доллараар цалинжуулах юм. Ер нь ч олон жилийн өмнөөс ийм жишиг тогтсон. Францын “LVMH”  групп дэлхийд  нэртэй “Louis Vuitton”, “Dior”, “Hennessy&Chandon” зэрэг брэндүүдийг эзэмшдэг. Хэдэн сарын өмнө Улаанбаатарт  хүртэл салбараа нээсэн билээ. Тиймээс ч хүрээгээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд  Их Британийн экс Ерөнхий сайдад хамтран ажиллах санал дэвшүүлжээ.

Тони Блэйр  найман жил  Их Британийн Ерөнхий сайдын албыг хашиж 2007 онд ажлаа өгсөн. Дэлхийд нөлөө бүхий улстөрчид  тохирсон ажил олох гэж хэсэгтээ хөл үймээн болсон.  Түүнийг Европын Холбооны Ерөнхийлөгчид дэвшүүлж, энэ албанд  түүнээс өөр тохирох улстөрч байхгүй хэмээн саяхныг хүртэл ярьцагааж байсан. Гэвч Засгийн газрыг тэргүүлж байхдаа Америктай хамтран  Иракын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулахад идэвхтэй оролцсон хэргээр буруутгагдаад байгаа. Энэ нь Европын Холбооны  Ерөнхийлөгчид өрсөлдөхөд маш том тушаа болсон. Иракийн эсрэг дайн хийсэн хэргийг авч хэлэлцэх  шүүх хурал Лондон хотноо болж Тони Блэйрээс мэдүүлэг авсан билээ.  Хаалттай болсон шүүх хурал дээр экс Ерөнхий сайд чухам  юу гэж  ярьсан талаар олон нийт мэдээгүй.    

 Тони Блэйрийг Ерөнхий сайдын ажлаа өгсөний дараахан Ойрхи Дорнодын асуудлаарх тусгай элчээр томилсон. Палестин, Израйлийг хэл амаа ололцож, тус бүс нутагт энхийг сахиулах асуудалд ахиц гаргаж чадна гэдэгт найдсан. Гэвч Блэйрыг энэ албанд томилогдсоноос хойш дорвитой өөрчлөлт гарсангүй өнөөдрийг хүрээд байгаа.  Харин ашиг орлого олох ажил нь онцгой сайн байгаа. Экс Ерөнхий сайд энд тэнд очиж лекц уншиж, уулзалт оролцож чамгүй шагнал авдаг. Түүнээс гадна  тэргүүлэгч  “JP Morgan Chase” банкны зөвлөхөөр ажиллахаар болохдоо жилийн 2.5 сая ам.долларын цалин авах гэрээ байгуулсан. Дуртдатгалын номоо хэвлүүлэхээр “Random House” хэвлэлийн газартай 4 сая фунт стерлингийн гэрээ байгуулсан. Францын “LVMH”-ээс ч түүнээс дутахааргүй урамшуулал авах байх. Энэ гэрээ нь тус группын хувьд ашигтай байх нь гарцаагүй. Тиймээс  ч Тони Блэйр Зөвлөлтийн экс Ерөнхийлөгч М.Горбачев шиг   “Lois Vuitton”-ны аяны цүнх, эвсэл “Dior” үнэртэй усыг сурталчилж зурагтаар гарах юм бол  та битгий гайхаарай. Гэхдээ зөвлөхийн албанд томилогдсон хүн ““LMVH” группт ашигтай гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтыг татахад илүү анхаарах байх.


                                                                                                             Ю.Дэлгэрмаа