Үнэхээр зах зээлийн харилцаатай, ардчил­сан оронд байгаа юм шиг гурван чухал мэдэгдлийг бидний буруу нэрлээд сур­чихсан төр, засгийн гурван өндөрлөг өнгөрсөн долоо хоногт хийснийг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй. Буруу нэрлэсэн гэдэг нь гурван өндөрлөгт уг нь хууль тогтоох, түүнийг хэрэг­жүүлэх болон хэрэгжилтийг нь хянадаг шүүх засаглал ордог ч бид шүүхийн оронд Ерөн­хийлөгчийг оруулан ярьдаг. Уг нь бол ардчилсан нийгэмд шүүх засаглал өөрийн өндөрлөгтөө байх ёстой. Хууль тогтоогч нар өөрсдөө хуулиа хэрэгжүүлэгч болчихсон оронд шүүх засаглал тун доогуур суудаг. За, суудлыг түр орхиод гурван чухал мэдээлэлдээ оръё.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд С.Батболд Монголын эдийн засаг  уул уурхайд тулгуурлан, үсрэнгүй хөгжих гараан дээр маш чухал алхам хийх төлөвлөгөөгөө танилцуулж, зарим хуулийг батлуулах саналаа Их хуралд барилаа. Монголын Засгийн газар гурван том хувьцаат компани байгуулж дэд бүтэц (Монгол дэд бүтэц), эрчим хүч (Монгол эрчим), уул уурхайн  (Монгол эрдэс) салбаруудад аж ахуйн үйл ажиллагаа явуулах гэж байна.

 Гэхдээ энэ гурван компанийн хувьцааг га­даад  дотоодын  хөрөнгийн  зах зээл дээр гаргаж, хөрөнгө босгох бөгөөд дотоодын Хөрөнгийн биржээ гадаадын компаниар удирдуулах юм байна. Улсын томоохон компаниудын тодорхой хувийг хөрөнгийн биржээр борлуулах бөгөөд урьдын адил бөөндөн зарахгүй гэнэ.


Эдийн засгийн шинэ төвшний хөгжлийг удирд­лагын шинэ аргаар явуулахаас өөр аргагүй. Аугаа А.Эйнштейн “Аливаа асуудлыг түүнийг бий болсон үеэс нь дээгүүр эрэмбээр бодож шийддэг” гэж хэлсэн байдаг. Дэлхий дээр нэгэнт тогтсон хөрөнгийн зах зээлийн дүрэм журмаар явж байж л үсрэнгүй хөгжлийн менежментийг хийж чадах бөгөөд одоог хүртэл явж ирсэн хуучин аргаар ажиллавал цөөхөн этгээд баялгийн өрмийг хамж, хусмыг нь ард иргэдэд өгсөн, авсан болж зодолдсоор, 20 жилийн дараа тэд хоосон нүх малтсан нинжа нар болж магадгүй.

Нээлттэй хувьцаат компанийн тодорхой хувийг эхлээд хөрөнгийн зах зээл дээр гаргаж анхан шатны хөрөнгийг босгох ба үйл ажиллагаа амжилттай өрнөж, компанийн үнэл­гээ өсөөд ирэхээр ахиад нэг хэсгийг нь зарах замаар төр өндөр ашиг олж болно. Хөрөнгийн зах зээлийн ажиллах үндсэн нөхцөл бол хувь­цаа эзэмшигчдийн итгэл байдаг бөгөөд итгэл алдагдвал тухайн компанийн хувьцааг хүн бүхэн бушуухан далд оруулах арга зам хайснаар компанийн үнэ цэнэ унадаг. Итгэл байхгүй бол гадаадын ч, дотоодын ч дарга ирсэн, ямар нэг өөрчлөлт орохгүй.

Хувьцааг нь нэгэнт гаргаж байгаа бол дээрх гурван компанийн үйл ажиллагаа маш ил тод байх шаардлагатай болно. Улс төрийн намууд өөрийн гишүүдээ даргаар нь тавьж, Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөний хүнээ томилж, ил далдаар нийтийн хөрөнгийг зув­чуулдаг сонгомол аргаа хэрэглэхийг жаахан оролдоход л зах зээл соргог мэдэрч, түүнийгээ хувьцааны үнээр илэрхийлдэг нөхцөл бол Монголын нийгэмд таарсан ганцхан арга. Тө­лөөлөн удирдах зөвлөлд нь жинхэнэ хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл орвол илтгэл тайлан нь үнэн зөв гарах магадлал өндөрсөнө.

Өнөөдөр дэд бүтцийн салбарт гарч байгаа хямралын гол шалтгаан бол үйл ажиллагаа нь нууцлаг байгаад оршино. Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй, улс төрийн намуудын томилгоогоор тавигдсан даргын бусармаг үйл ажиллагаатай ихэнхдээ холбоотой энэ хямрал нүүрсийг нь аваад төлбөрийг нь өгдөггүй цахилгаан станцууд, цахилгаан, дулааныг нь аваад мөнгөө өгдөггүй улсын үйлдвэр аж  ахуйн газрууд, дээрээ татаастай аж ахуйн нэгжүүдийн олон жилийн булхайтай үйл ажиллагааны гинжин урвал юм.


Тэдний үйл ажиллагаа, захиргааны зардал, борлуулалтын гүйлгээг аль дансанд, хэдэн хувиар хадгалж буй, хэн нь түүнийг авч байгааг дотор нь суугаад хянаж чаддаг системтэй болчихвол байдал арай өөр болно. Чухам тиймээс цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өмнө энэ бүхнийгээ ил тод болгохыг “Үйлдвэрчний” С.Ганбаатар шаардаад байгаа хэрэг.  

Монголын хөрөнгийн бирж ажиллаж чадахгүй байгаа олон шалтгааны суурь нь хувьцаат компанийн мэдээлэл, тайлан үнэн эсэхэд иргэд итгэхгүй байгаад оршиж байна. Хувьцаат компанийн мэдээлэл үнэн зөв гэдгийг баталгаажуулж чадахгүй Санхүүгийн зохицуулах хороо байгаатай энэ нь бас шууд холбоотой. Түүний зэрэгцээ тухайн компаниудын бий болгож буй үнэ цэнэ техникийн болон чанарын стандартыг хангаж, хэрэглэгчийн аюулгүй байдалд хор нөлөө үзүүлэхгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын баталгаа шаардлагатай. Энэ бол Монголд хэрэгжүүлж чадахгүй байгаа бас нэг чухал ажил. 

Монголын нийгэм, хүмүүс төр, засагтаа яаж хандаж байгааг өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь чухал мэдэгдэлд дурдав. Их Хурлын дарга Д.Дэмбэрэл гуай Үндсэн хуулийн өдөр “Сонирхлын зөрчилд суурилсан удирдлагын ёс зүйгүй авирлал, авлига, зан суртахууны доройтол, төрийн хүнд сурталд олон нийт эгдүүцэн дургүйцэх боллоо” гэж оройтсон ч гэсэн тун онож хэллээ. Энэ дарга төрийн хамгийн чухал өндөрлөг дээрээс бодит байдлыг үнэнээр нь хэлж байгаа нь засаж залруулахад дөхөм болно гэсэн үг. 


Харин гурав дахь онцгой мэдэгдэл бол цаазаар авах ялыг хүчингүй болгох талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санал байлаа. Хүний эрхийг хамгаалах асууд­лаар дэлхийн соёл иргэншилтэй орнуудыг дагаж байгаа энэ улс хөрөнгийг хамгаалах тал дээр ч адилхан хандана гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчид, түүний дотор ирээдүйд Монголын компаниудын хувьцааг худалдан авагч нарт хүргэсэн эерэг мэдээлэл энэ боллоо.  Төр засгийн хөрөнгө мөнгөнд хувьцаа эзэмшигчид, тэдний бодит төлөөлөл болох ёстой Төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан хяналт тавих санаа бол үнэхээр эдийн засгийн шинэ эрэмбийн сэтгэлгээ юм.

Зөвхөн тийм хяналтын дор улс, нийтийн хөрөнгийг завших боломж арилах бөгөөд төр, засагт шургалах замаар нийтийн хөрөнгийг өөрийн болгох боломж алга болно. Тэр үед улс төрийн намууд ч эд хөрөнгө, албан тушаалын хайгуулчдаасаа ангижирч, намын төлөвшилд нь тодорхой ахиц өөрчлөлт гарах байх.

Тэгвэл Монгол Улс иргэд нь зугтдаг биш, суурьшдаг орон болно.

2010-01-20 10:36:52