Америкийн “Forbes” сэтгүүл саяхныхаа дугаарт энэ жил дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ямар байх талаар  урьдчилсан таамаглал гаргасан байна. Энэ жил нэг баррель газрын тосны үнэ 40 ам.доллар болтлоо хямдрах гэнэ.  Тус сэтгүүлийн судлаач Кристофер Хелманы үзэж байгаагаар Ойрхи Дорнодын орнууд  гадаадын зээл олгогчдын шахалтанд орж  зээлээ төлөх гэж нэлээд сандрах гэнэ. Тиймээс нийлүүлж буй нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлэх юм байна. Нефтийн үнэ хямдрах бас нэг шалтгаан нь америк долларын ханш өдөр ирэх тусам чангарч байгаатай холбон үзжээ. Шинжилгээ судалгааны “Conference Board” компанийн эдийн засагч Кен Голдштейн ч газрын тосны үнэ 60 ам.доллар хүртлээ хямдарна гэдэгт итгэлтэй байна.  Гэхдээ маш богино хугацаанд ингэж хямдрах гэнэ.  Ер нь хар алтны үнэ хэлбэлзэх онцгой шалтгаан байхгүй хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа.  

 Тэгвэл зарим эдийн засагчид үүнтэй санал нийлэхгүй байна.  Харин ч эсрэгээрээ хар алтны үнэ энэ жил нэлээд нэмэгдэнэ гэсэн  таамаглал дэвшүүлжээ. Яагаад ингэж үзэх болсоноо юу гэж тайлбарласныг сонирхуулъя. Нэгдүгээрт  газрын тосны эрэлт хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа. Энэ нь юуны түрүүнд Хятадын эдийн засгийн өсөлт сайн байгаатай холбоотой гэнэ. Дэлхийн эдийн засагт хамгийн нөлөө бүхий орнуудын нэг болох  манай өмнөд хөршөөс нэлээд зүйл шалтгаалах юм байна.  Хоёрдугаарт  дэлхийн зах зээл дээр хар алт нийлүүлэлтээрээ тэргүүлэгч орнуудын нэг  Иракт олборлолт нэмэгдэхгүй байгаа. Тус улсад шинээр нээгдсэн орд газруудын ашиглалт ойрын жилүүдэд жигдэрч амжихгүй юм. Тиймээс  нийлүүлж байгаа газрын тосны хэмжээ ч нэмэгдэхгүй.  2010 оны сүүл гэхэд газрын тосны  үнэ нь нэмэгдсээр нэг баррель нь 100 америк долларт ч хүрч магадгүй гэнэ.

Хамгийн гол нь хямрлаас гарч амжаагүй байгаа дэлхийн эдийн засаг хэрхэн хөгжих нь тодорхойгүй байна.  Олон улсын санхүүгийн байгууллагаас  эдийн засгийн хямрал  дахин нүүрлэж магадгүй хэмээн анхааруулж байгаа. Хэрвээ хямралын хоёр дахь давалгаа нүүрэлвээс Хятад хамгийн түрүүн өртөх гэнэ. Сүүлийн саруудад  БНХАУ-ын эрх баригчид мөнгөний бодлогоо  өөрчилж, зээл олголтыг хязгаарласан. Энэ нь Хятадын эрчим хүчний  компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж цаашилбал хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэжээ. Тиймээс ч өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газры тосны үнэ буурч нэг баррель 74.71 америк доллараар зарагдсан байна.