Өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн анхдугаар чуулган болж өндөрлөв. Швейцарийн Давост 40 дэх удаагаа болсон дэлхийн эдийн засгийн чуулганы адил нийтийг хамарсан гол асуудлуудаар олон нийтийн үзэл бодолд нөлөөлөгч хүмүүсийн үг, ярианаас ойрын хугацаанд өрнөх үйл явдлуудын өнгө төрхийг төсөөлөхөд энэ арга хэмжээний ач холбогдол оршдог. Олон чухал сэдэв, санал бодлоос ганцыг нь дурдахад Давос болон Улаанбаатарт гарсан төсөөтэй нэг дуулиан бол Засгийн газрын өрийн асуудал байлаа. Давосын эдийн засгийн форумын үеэр Грек, Испани зэрэг орны засгийн газруудын төсвийн алдагдал асар их болж, улс орон нь өрөнд орсоор, бүр Европын холбооны эдийн засгийг аван хайлж, удалгүй евро гэдэг мөнгийг нь ч алга болгож магадгүй гэж нэр хүндтэй эдийн засагч Нуриел Рубини мэдэгдэв.

Грект гэхэд л засгийн газрын төсвийн алдагдал дотоодын нийт бүтэээгдэхүүнийх нь 13 хувьтай тэнцэж, төсвийн ажилтнуудынхаа цалинг өгч чадахаа больмогц эхлээд багш, төрийн ажиллагсад, залгаад нийтийн тээврийнхэн ажил хаялаа. Грекийн Ерөнхий сайд Европын холбооноос тусламж хүсэж, улмаар бодит байдлыг шалгуулахад засгийн газрын бодит өр нь Европын холбоонд гаргаж өгсөн тайлангаас дөрөв дахин их болох нь тогтоогдов. Энэ их өрийг засгийн эрхийг өмнө нь барьж байсан Социалист намынхан тавьсан гэх бөгөөд түүнийгээ дансны аргаар нууж байсан нь илэрснээр чухам хэн буруутайг хайж, ид байлдаж байна. Европын холбоо Грекийг 2013 он гэхэд төсвийн алдагдлаа бусад орны адил ДНБ-ий 3.0 хувьд хүргэхийг шаардаж байна.

Улаанбаатарт болсон Эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Сангийн сайд “Блумберг”-т өгсөн ярилцлагадаа энэ оны эцсээр Монгол Улс 8-10 жилийн дараа төлөх нөхцөлтэйгээр 1.2 тэрбум долларын бонд (Засгийн газрын өрийн бичиг) гаргаж, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдлээ. Энэ бол бондын хүү (купон) гэж наад зах нь жилийн 5.0 хувийн төлбөрийг гаргасан өдрөөсөө тооцон, жил бүрийн эцэст 60 сая доллар, хугацаа нь дуусахаар үндсэн зээлийн хамт төлөх тусгаар улсын өр тавих гэж байгаагаа хэлж байгаа юм. Энэ оны эцсээр гэдгийн цаана Засгийн газрын төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.0 хувиас хэтрүүлэхгүй байлгах ОУВСгийн 2008 оны намар тавьсан хязгаарлалтын хугацаа дуусахыг хэлж байгаа хэрэг. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Таван толгойн нүүрсний орд газрыг Монгол Улсын 100 хувийн өмчид байлгана гэж бага мэдлэгтэй сонгогч нарт хандсан мэдэгдэл хийсний цаад учир нь энэ бололтой.

Манай Засгийн газар гадаадаас урт хугацаатай зээл авч, өндөр хүү төлөн, тэртэй тэргүй таван хувийн алдагдалтай баталсан 2010 оны төсвийн алдагдлыг 25 хувиар өсгөж байгаад орчин үеийн дээд зэргийн технологи дээр тулгуурласан цахилгаан станц, авто болон төмөр зам тавьж, олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, харин тавьсан өрийг нь дараа дараачийн Засгийн газар төлөөд явах тухай яриа болж буй хэрэг. Уг нь бол гадаадын хөрөнгийг оруулаад, өөрсдөөр нь бүх ажлыг нь хийлгээд, харин Засгийн газар холбогдох татвар хураамжаа хуулийн дагуу аваад явбал Монголын ард түмэн бид ядаж өргүй байна. “Тэмээн дээр ямааны гарз гаргахгүй” гэдэг дээ. Улс төрийн хоёр том нам сүүлийн 20 жилд ээлжлэн, эсвэл хамтран байгуулж ирсэн Засгийн газрууд Монгол Улсын хөрөнгийг яаж зарцуулсан, улс олон нийтийн хөрөнгийг хэрхэн хуваан завшиж байгааг бодож үзэхүл гадаадаас ДНБийхээ хагастай тэнцэх хэт их хэмжээний зээлийг нэг дор авч, иргэд бидэнд өгөөжтэй ашиглаж чадна гэдэгт үнэмшихэд хэцүү.

Харин тэр өрөөс улстөрчид хувьдаа завшиж, улс төрийн намынхаа сонгуулийн зардлыг босгоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Үе үеийн засгийн газрууд хэн нь, яаж, хэзээ өр тавьсан, дансандаа яаж бичсэнийг Европын Холбооны гишүүн Грек шиг улс учрыг нь олж чадахгүй байхад хэн нь сайд, хэн нь Их хурлын гишүүн гэдгийг ялгах аргагүй манайх шиг оронд энэ бол арай л эртэдсэн тоглоом байх шүү. Засгийн газрын тавих энэ их өр, түүний хүүг цагт нь төлж чадахгүй бол гадаадын улс орон, байгууллага, компаниуд Монгол Улстай худалдаа наймаа хийхээ болих бөгөөд Засгийн газар татвараа нэмэх, зардлаа хасах, юуны өмнө эмч багш нарын цалинг хасах л арга үлддэг. Нийт Монголын иргэдийн нэрээр зээл аваад улс төрийн нам гэж далбаганасан хэдэн этгээд баяжиж, харин тавьсан өр зээлийг нь иргэд нь өдөр шөнөгүй ажиллаж төлдөг шударга бус явдал одоо бүр улс орны хил хязгаараас хальж, их өрийн чимээ болон сонсдож байна.