Энэ 7 хоногт
НҮБ Чилид туслахад бэлэн байна
Уржигдар Чилид Рихтерийн шаталбарар 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон Үүний улмаас ойролцоогоор 700 хүн нас барж, 2 сая хүн гэмтэж бэртсэн байна.
Уржигдар Чилид Рихтерийн шаталбарар 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон Үүний улмаас ойролцоогоор 700 хүн нас барж, 2 сая хүн гэмтэж бэртсэн байна. Мөн байшин барилга, гүүр, зам юу ч үгүй нураж, цахилгаан тасарч, хэдэн мянган хүн орох оронгүй болжээ. Түүнээс гадна нуранги дор дарагдсан хүмүүс ч цөөнгүй байна. Ихэвчлэн загасчид амьдардаг Конститусьон тосгонд гэхэд 350 хүнийг нуранги дороос гаргаж авсан байна.
Нөхцөл байдал нэлээд хүнд байгаатай холбогдуулан Чилийн эрх баригчид хамгийн их хохирол амссан газруд руу цэргүүд илгээжээ. Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет мэдэгдэл хийж байгалийн гамшигаас учирсан хохиролыг арилгахад маш их хүчин чармайлт шаардлагатай гэв.
Байдал нэлээд хүнд байгаа Мауле зэрэг мужуудад хөл хорио тогтоож нийтийн тээврээр зорчихийг хязгаарласан байна. Тус мужид гэхэд 540 хүн амь үрэгдсэн юм.
Дайны хажуугаар дажин гэгчээр эмх замбараагүй байдал үүссэнийг ашиглан хүмүүс дэлгүүр зэргийг дээрэмдэх явдал гарсаар байгаа гэнэ. Тиймээс ч нийгмийн хэв журмыг сахиулахаар яаралтай арга хэмжээ авсаар байна.
Газар хөдлөлтийн улмаас Цунамид нүүрлэж Талкахуано боомтод 20 усан онгоц эрэг рүү шидэгджээ. Одоогоийн байдлаар Чилид чухам хэдий хэмжээний хохирол учирсныг хараахан тогтоогоогүй байна. Урьдчилсан тооцоогоор ойролцоогоор 1 сая 500 мянган байшин нурж, 15-30 тэрбум ам.долларын хохирол учирсан гэнэ.
Саяхан Чилид Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн билээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Себастян Пинер хоёр долоо хоногийн дараа албан ёсоор ажлаа хүлээж авах юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч амаргүй үед төрийн тэргүүний ажлаа хүлээн авах юм байна.
Чилид байгалийн гамшиг нүүрэлсэнтэй холбогдуулан НҮБ-ын албан ёсны төлөөлөгч тус байгууллагаас Чилид тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун эмгэнэл илэрхийлж тус байгууллагын эдийн засгийн комисст хандан тусламж үзүүлэхийг хүсчээ.
Одоогоос нэг сарын өмнө Чилиэс холгүй орших Гаити мөн л газар хөдлөлтөд нэрвэгдсэн юм. Үүнээс нэлээд хэмжээний хохирол учирсан бөгөөд одоо болтол болтол тус улсын байдал хэвийн болоогүй байгаа. Олон улсын хэмжээнд зохион байгуулж буй Гаитид туслах ажиллагаа өрнөсөөр байгаа билээ.
Ю.Дэлгэрмаа