Олимпын аваргатай боллоо, бид! Олимпоос бараг мянгаад аварга төрүүлсэн америкчуудын хажууд юу ч биш л дээ. Гэхдээ бид жижиг үндэстэн, бидэндээ энэ бол америкийн мянган алтаас илүү нандин эрдэнэ. Тэрбум хүнтэй Энэтхэгээс дээгүүр гараад явчиж байгаамшдээ, ямрав дээ? Майкл Фэлпсийн 14 алтаас манай Төвшинбаярынх илүү нэр хүнд. Бадар-Ууган мандтугай! Манай хоёр алт хоёр мөнгө хүндээ харьцуулахад Хятадынхаас олон. Олимп өөрөө хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, уралдаан тэмцээн болгон нь цаад ард түмнийх нь эв нэгдлийн сэдэл. Хамгийн тод илэрхийлэл нь үндэсний далбаа. Далбаагаа барьж жагсана, энд тэндгүй өлгөнө, түрүүлбэл мандуулна. Улс орныг үндэсний далбаагаар нь төлөөлүүлж бэлгэддэг. Олимпт хоёр зуу гаруй, НҮБ-д хоёр зуу шахам бэлгэдэл намирна. Улс орныг юун түрүүн далбаагаар нь төлөөлж танина. Бид олимпын тэнгэрт Монголын далбаагаа мандуулж сүлд дууллаа эгшиглүүлэх гэж олон жил хүлээсний эцэст бүтлээ. Бүр давж биеллээ. Бид чадлаа. Алтан медаль хүртдэг шөнө түрхэндээ ч гэсэн үндэсний их эвлэрэл тогтлоо. Энэ эвлэрэлийг нийт ард түмнээрээ дэрвүүлэн, мандуулан, намируулах үндэсний далбаа л илэрхийлж байлаа. Согтуу дарга нарын тэврэлдээн, нэг хурууны чичлээнээс ч илүүтэй илэрхийлсэн.

    Далбаа анхлан буй болсон цагаасаа ялалт, хийморь лундааг бэлгэддэг байжээ. МЭӨ 3 000 жилийн өмнө эртний египтчүүд металл далбаа хэрэглэж байж. Мөн л тэр үед хятадууд анхны даавуун далбааг торгоор бүтээн намирааж байжээ. Дайн тулаанд далбаа маш чухал үүрэгтэй, зэвсэгнээсээ ч илүү ач холбогдолтой, учир нь хийморь сэргээгч, эр зоригийг бадраагч. Өнөөдөр маш олон орны далбаан дээр янз бүрийн шувууны дүрс байдаг, харин ийм санааг анхлан сэдэгч нь монголчууд гэж түүхчид үздэг юм билээ. Дундад зууны хятадын нэгэн уран зурагт монголчууд цагаан шонхор шувууны дүрстэй далбаа намируулан байлдаж яваа зураг бий. Цагаан шонхор нь Чингисийн уугуул аймгийн шүтээн бэлгэдэл нь байсан тухай Нууц товчоо-нд өгүүлдэг.  

    Шинэ үндсэн хууль батлах үед үндэсний далбаагаа Чингисийн үеийнх шиг цагаан шонхорын дүрстэй хийх санал гаргагчид арай л зодуулалгүй салсан. Үүнээс болж хөөрхий шувуу хэлмэгдэн эвэр хошуутай муу ёрын бэлгэдэл болж дуусав. Харин тэр гологдол бүтээгдэхүүнийг нь Цагдаагийн газар авсан, цагдаа нар маань одоо шонхор адил дүүлээд шунгинан дайрч байгаа нь энэ бэлгэдэлтэй ч холбоотой юм бил үү? Гэхдээ манай одоогийн далбаа дутахгүй сайхан л даа. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээнгүүтээ л соёмбо бүхий далбаа буй болгосон юм. Харин улаан – хөх - улаан далбаа хожим буй болжээ. Хоёр улааны дунд хавчуулагдсан хөх Монгол гэж надад харагддаг юм. Хөхийг нь тэнгэр, харин улааныг нь гэрэлт коммунизмын өнгө гэж тайлбарладаг байлаа. Саяхан Flags гэсэн тайлбар толины номонд манай далбааны улаан өнгийг хүч чадлын бэлгэдэл гэсэн байна билээ. Болж л байна, бэлгэдлийг тайлбарладаг болохоос яг угнаасаа юу заадаг нь гол биш юм.

Соёмбыг задлан тайлбарласан Дамдинсүрэн, Ренчин нарын гаргалгааг санаж байна. Дамдинсүрэн гуай болохоор дүрсүүдийг гарал үүслээр нь тайлбарлаж самгард энэтхэгийн бэлгэдлийг хуулсан болохыг нь тогтоожээ. Тэр нь тийм л байх, гэхдээ Ренчин гуайн гадна дотноос хамгаалсан хэрэм, шудрагыг бэлгэдсэн гурвалжин, эвтэй сэрэмжтэй загас зэрэг зураглал нь үнэн гоё тайлбар. Соёмбын голд буй дугуй нь гарлын хувьд арга билэг байх л даа, гэхдээ бидэндээ нүдээ үл аних сэрэмжтэй, нар зөв эргэсэн, том жижиг хэмжээтэй, эр эм загас байхад харин ч үндэсний сэтгэлгээт бэлгэдэл болоод явчихана. Далбаа болон соёмбо, түүнчлэн үндэсний бусад бэлгэдлийн албан ёсны тайлбар гаргамаар юм. Саяхи олимпт манай тамирчдын өргөж яваа далбааны соёмбын гол дахь загас нар буруу эргэсэн харагдана билээ. Өөрснөө ингэж байгаа юм чинь, энд тэнд явж байхад манай далбааг буруу харуулаад өлгөчихсөн байхтай хаа нэг таардаг нь яалтай нь ч билээ.      

    Үндэсний далбаа гээч санаачлага анх XVII зууны үед Европт үүсчээ. Францын хувьсгалын үед өргөгдөж байсан гурван өнгөт далбаа, Марсэлян дуу хоёроос эхлэн үндэсний далбаа, үндэсний дуулал дэлхий даяар түгээмэл бэлгэдэл болон тархжээ. Манайх үндэсний далбаагаа - төрийн далбаа, үндэсний дууллаа - төрийн сүлд дуулал гэж нэрлэдэг. Үндсэн хуулинд бүр тэгээд орчихсон. Төрийнх юм бол төрд л хамаатай, иргэдэд падлийгүй зүйл болж байгаа юм. Иймээс ч манайд далбааг төрийн байгууллагууд л намируулахаас хувь хүмүүс төдийлөн бэлгэддэггүй. Хувь хүн юутай ч байж болохгүй, бүх юм төрд хамаатай гэсэн хуучны угшмал ойлголтын л үргэлжлэл хөвөрч байгаа байх. Харин сүүлийн үед Америк зэрэг орны нөлөөгөөр далбаагаараа иргэн хүмүүс бэлгэдэн бахархах болжээ.

    Зарим орнууд төрийн далбаатай байдаг. Жишээ нь Польшийн үндэсний далбаан дээр “жаазтай бүргэд” байх аваас тэр нь төрийн далбаа болдог, үүнийг төрийн байгууллагууд, элчин сайдын яамд, цэргийн байгууллагууд намируулна. НҮБ-ийн ордны өмнө Польшийн үндэсний далбаа, харин байнгын төлөөлөгчийн газрын үүдэнд төрийн далбаа нь мандаатай байх жишээтэй. Английн хатан хаан өөрийн далбаатай, түүнийг төрийнх гэж үзнэ. Британий үндэсний далбаа “юнион жэк”-ийг бол хүн болгон танина. Гэхдээ ихэнх орон төрийн далбаагүй. Манайх үнэндээ төрийн далбаагүй, гагцхүү үндэсний далбаагаа л буруу нэрлэдэг аж. Уг нь зөв бичлэгийн хувьд “үндэстний” гэх ёстой л доо. Гээд “үндэсний хөгжим”, “үндэсний баялаг” гээд сурчиж. Тэгсэн мөртөө “Нэгдсэн үндэстний байгууллага” гэнэ. Энэ ч гол биш, гагцхүү төрийн гэдгээ засаж үндэсний болгоод нийтэд хүртээлтэй болохыг нь тодотгон журам гаргамаар юм. Тамганы тухайд журам бий шүү дээ. Төрийн байгууллагын тамга соёмботой байна. Ингэхээр төрийн бус байгууллага болон хувь хүмүүсийн тамган дээр соёмбо байж болохгүй гэсэн үг. Нэг үгээр хэлбэл тамга бол төрийнх, хувь хүмүүст хамаагүй. Харин далбаа бол төрийнх биш нийт үндэстнийх, тэгэхээр төрд ч ард түмэнд ч, хувь хүмүүст ч хамаатай.

Төрийн сүлд дуулал маань магадгүй үнэхээр төрийнх байж болох юм. Үг нь төрийг л бурханчилсан байдаг. Дарга нарт таарсан үгтэй, ер нь өөрснөө засамжилж зохиосон гээ биз дээ?! Үнэндээ албан ёсоор баталгаажаагүй болохоос Халуун элгэн нутаг үндэсний сүлд дуулал болчихсон юм шүү дээ. Энийг албан ёсны болгож болно доо, уг нь. Далбаагаа ард түмэндээ алдчихсан төр заавал нэг өөрийн юмтай байхгүй бол нүцгэрчих гээд байна гээд байгаа бол төрийн цагаан туг, цэргийн хар туг гэж бий шүү дээ. Дэлхийд өөр хаана ч байхгүй Монгол төрийн бэлгэдэл. Туг гэдэг бол багц үс гэсэн үг, харин үүнийг далбаатай хольж хутгах нь нэлээд харагдана.

     Далбаа нь гадагшаа таних тэмдэг болдгоос гадна дотогшоо ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болно. Хэдэн зуун үндэстнээс гаралтай хүмүүсээс бүрдсэн америкчууд нэгэн үндэстэн мөн болохыг үндэсний далбаа нь илэрхийлнэ. Үндэсний эвлэрэл нягтралын хамгийн тод илэрхийлэгч нь үндэсний далбаа. Биендээ 500 жил дайсагнаж хандсан түрэг, күрд гэсэн хоёр үндэстнээс өнөөгийн Бүгд найрамдах Түрэг улс бүрддэг. Түрэгийн сартай улаан далбаа энэ хоёр үндэстний эв нэгдлийг илэрхийлдэг аж. Иймээс тэдний ард түмэн үндэсний далбаандаа гойд ач холбогдол өгөн газар болгонд мандуулна. Хот болгонд зуун метр хүртэл өндөр далбаа мандана. Аварга далбаа. Өдөр шөнөгүй гэрэлтүүлнэ, тусгайлан шат довжоо зассан үзэсгэлэнтэй тавцан далбаанд зориулж барьсан байх нь элбэг.

    Эрхэм гишүүн Эрдэнэбүрэн Түрэг улсад сургууль төгссөн хүн. Үндэсний далбааны ач холбогдлыг ойлгосон тэрээр тэднээс Улаанбаатарт мандуулах 50 метр өндөр иштэй аварга далбаа “тусламжаар” авчээ. Шаазгай зүү олоод хийх газар олдоггүй. Далбаа мандуулах газар хотын захиргаанаас гуйгаад гуйхын гутамшгийг амсав. Хахуулиа зүй ёсоор хураалгаагүй хүнтэй хотын захиргааныхан бас л зүй ёсоор харилцаж таарнаа даа. Төв цэнгэлдэхийн хажууханд улаан зам дээр алга дарам газар олж авсан нь их хурлын гишүүний нэр сүрээр л бүтсэн байх. Замын уулзвар дээр учир далбааны суурь шат довжооны тухайд горьдолтгүй болох нь тэр. Шав тавих ёслолд олон хүн урьсан боловч сонгуульд нэр дэвшиж чадаагүй түүнийг тоох хүн хуруу дарам. Арай гэж наадмын өмнө далбаагаа мандуулсан боловч гэрэлтүүлгийн мөнгө, харуул хамгаалалтын өртөг өөр дээр нь тусах нь тэр. Манайх шиг хулгай элбэгтэй газар далбааг дээш доош болгох моторыг нь үүрээр дэлсэх гэсэн сайн гарууд оочирлоостой. Хотын захиргаанд хэлэхээр урьдаас нь хохь чинь гэнэ. Харин захиргааны зарим хариуцлагатай сайн ажилтнууд хаширыг коридорт дагуулж гараад “зохих журмын дагуу гар хүндрүүлэх юм бол асуудлыг улсын төсөвт багтаагаад шийдэж өгч болно” гэж шивэгнэх байдлаар ам гарч байна.

Төрийн далбаа гэж нэрлэх мөртөө төр хариуцахаас татгалзаад байгаа юм. Уг нь хувийн компаниуд мань эрээс гуйж байгаа гэсэн. Даанч компанийхаа байрны үүдэнд зооно гээд шаналгаад байгаа юм байна. Уул нь энэ 50 метр далбаа Азид хамгийн өндөр нь гэж бүртгэгдэх учиртай юм гэнэлээ