Энэ 7 хоногт
Юлия Тимошенког огцрууллаа
Юлия Тимошенког Украйны Ерөнхий сайдаас огцрууллаа.
Юлия Тимошенког Украйны Ерөнхий сайдаас огцрууллаа. Тус улсын парламент уржигдрийнхаа хуралдаанаар Юлия Тимошенкогийн тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Үүний эцэст санал хураалт явуулахад хууль батлах дээд байгууллагын 243 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн.
Ийм шийдвэр гарна гэдгийг “БЮТ” намын тэргүүн Юлия Тимошенко ч мэдэж байсан. Тиймээс парламентын чуулганд ирэхээсээ өмнө Засгийн газарт цуг ажиллаж байсан хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэжээ. Тэрээр парламентын хуралдаан эхэлсэн хойно танхимд орж ирэнгүүтээ илтгэл тавьж хэрхэн ажилласнаа тайлагнасан. Украиныг сүйрлээс аварч, эрчим хүчний биеэ даасан байдлыг хангаж чадсан хэмээн хэлжээ. Түүний илтгэл 15 минут үргэлжилсэн. Тэрээр дуусангуутаа чуулганы танхимаас гарч явсан бөгөөд гишүүдийн асуултад хариулаагүй. Ю.Тимошенког гарсан даруйд В.Януковичийн тэргүүлдэг “Бүс нутгийн нам” түүнийг улс орныг сүйрлийн эрмэгт аваачсан хэмээн шүүмжилж Ерөнхий сайдын халааг авах хүний талаар ч ярьсан байна.
Украйны Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш В.Янукович Ерөнхий сайдыг огцруулах тухай ярьсан. Тэрээр хэлсэндээ ч хүрлээ.
Ю.Тимошенко дараагийн Ерөнхий сайд томилогдтол албан ажлаа хийх ёстой. Гэвч чөлөө авч ажлаа Засгийн газрын тэргүүний орлогч Александр Турчиновт хүлээлгэн өгчээ. Ерөнхий сайдыг огцруулсан даруйд “БЮТ” намын парламент дэх бүлэг яаралтай хуралдаж Юлия Тимошенко бүлгийн даргаар томилох шийдвэр гаргасан. Ийнхүү түүний тэргүүлсэн нам сөрөг хүчин боллоо.
Хэдхэн жилийн өмнө Киев хотын Майданы талбай дээр улбар шар хувьсгал хийсэн хүмүүсээс төрийн засгийн хариуцлагатай албанд нэг ч хүн үлдсэнгүй. Украйны ардчилсан хүчнүүдийн удирдагчдын дунд гарсан хагарал нь улс оронд сөргөөр нөлөөлсөөр байна.
Ажлаа хүлээлгэн өгсөн Юлия Тимошенко улс төрөөс түр амсхийн амрахаар шийджээ. Тэрээр хилийн чанадад аялах гэнэ. Мэдээжийн хэрэг амрахын сацууу цаашид сөрөг хүчний удирдагчийн хувьд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө боловсруулах нь гарцаагүй. Ямар ч байсан Украинд Виктор Януковичийн тэргүүлдэг “Бүс нутгийн нам” нэг хэсэгтээ бүх эрх мэдлийг атгах нь.
Ю.Дэлгэрмаа
Dr urologist