Яагаад ч юм бид Америкийн киноны уран бүтээлчдийн оны шилдгийг тодруулдаг “Оскар” наадмыг сонирхдог, хүлээдэг болж. Хэдийгээр дэлхийн кино шүүмжлэгчдийн зүгээс энэ наадамд өрсөлддөг кинонууд жинхэнэ шоуны, хөрөнгө ихээр хаяж рекламддагийн хүчээр олонд хүрдэг, тиймээс сайн мэт харагддаг бүтээлүүд байх нь олонтаа гэсэн дүгнэлт хэлдэг ч Америкт бол шуугиан болж өнгөрдөг наадам билээ. Ёстой хаана найтаахад хаана, хэн ханиад хүрдэг гэдэг билээ, түүн лугаа Америкт “Оскар”-т дээгүүр давхисан л бол кино гэх болсон энэ үед энэ удаагийн буюу 2009 оны шилдгийн шалгаруулалтад ямар бүтээл, ямар уран бүтээлч бусдыгаа тэргүүлснийг сонирхуулангаа уг наадмын эргэн тойрон дахь мэдээллүүдээс товч хүргэе.  

82 дахь удаагийн “Оскар” наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо өнгөрсөн ням гаригийн шөнө болоход оны шилдэг киногоор найруулагч Катрин Бигелоугийн “Шуурганы эзэн” шилдэг киногоор тодров. Иракийн дайны тухай өгүүлэх уг бүтэлийг Америкийн кино академийн зургаан мянган гишүүний дийлэнх олонхи нь сайн болсон гэж үзжээ.

Энэ удаагийн “Оскар”-ын төлөөх өрсөлдөөний гол нь “Шуурганы эзэн” болон “Аватар” хоёрын дунд болсон. Эдний аль аль нь есөн номицад шилдэг болохын төлөө өрсөлдсөнөөс эхний кино тавд нь тэргүүлж чадсан байна.

Сонирхуулахад “Аватар”-ыг бүтээхэд маш их хөрөнгө хаясан бөгөөд кино дэлгэцнээ гарч эхэлснээс ердөө дөрөвхөн долоо хоногт зардлаа нөхсөний зэрэгцээ зургаан долоо хоноход 2 тэрбум гаруй долларын орлого олж, энэ үзүүлэлтээр Америкийн кино урлагийн түүхэнд байгаагүй амжилтад хүрсэн. Гэтэл “Шуурганы эзэн”-ий хувьд орлого багатай, ердөө 15 саяыг л олж чадсан бүтээл хэдий ч технологийн гайхамшгийгхаруулж чадсан “Аватар”-ыг давж буужээ.    

Мөн энэхүү хоёр киноны хоорондох өрсөлдөөнийг өөр нэгэн хүчин зүйл илүүтэй тодотгож байв. Эдгээр бүтээлийн найруулагчид нь эхнэр, нөхөр байсан. Академийн гишүүд хэдийгээр уран бүтээлийн чанар чансааг харьцуулж саналаа өгсөн хэдий ч энэхүү  хачир кноп дарагчдын сэтгэл зүйд ямар нэг байдлаар нөлөөлсөн гэж үзэх нь байна.

Эдүгээ 58 настай Бигелоу ийн Холливудын түүхэнд “Оскар”-ын эзэн эмэгтэй найруулагч болов. Түүний “Шуурганы эзэн” нь уг наадмын таван номинацд тэргүүлсэн бол экс нөхрийнх нь “Аватар” ердөө гуравт түрүүлэв.

Оны шилдэг эмэгтэй жүжигчнээр “Бараан тал” гэж хөрвүүлж болох кинонд олон хүүхэдтэй эхийн дүр бүтээсэн Сандра Баллок шалгарсан бол, “Ухаангүй зүрх“ кинонд ядуу хөгжимчний дүрд тоглосон Жефф Бриж оны шилдэг эрэгтэй жүжигчин болов.  

Энэ удаагийн шалгаруулалтыг кино сонирхогчид урьд жилүүдийнхээс илүү сонирхож хүлээж байсан. Дэлхий нийтийг өвөрмөц шийдэл, богино хугацаанд олсон их орлого гэх зэрэг үзүүлэлтээр хэсэгтээ шуугиулсан “Аватар” шилдэг нь болно хэмээн хаа хаанаа хүлээж байсан нь ийн талаар болов.

Бас нэгэн сонирхуулах мэдээлэл бол үзэгчдийн тоотой холбоотой. Энэ удаагийн “Оскар” наадмыг өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад 14 хувиар олон хүн  үзсэнийг судлаачид тогтоогоод амжсан байх аж. Энэ нь тухайлбал Америкт ажилгүйдэл ихэссэнээс хүмүүс гэртээ зурагтынхаа өмнө хөлөө жийж суудаг болсонтой холбоотой гэх нь ч байна. Мөн интернэт харилцаа холбоог ашиглаж бие биедээ энэ наадмын талаарх мэдээлэл илгээх, блогтоо мэдээлэл нэмэхийн тулд зориуд цаг гарган үзсэнтэй ч холбоотой гэж үзжээ.