“Рафлес боловсрол корпорац” нь  2005 онд Улаанбаатар хотод Рафлес  олон улсын институт нэртэй салбар сургуулиа нээснээр Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монголчуудад Хартфорд нэрээрээ танил болсон тус корпорацийн төв нь  Сингапурт байдаг. Австрали, Хятад, Хонконг, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг орнуудад салбар сургуультай. “Рафлес боловсрол корпорац”-ийн сургалтын асуудал хариуцсан захирал Рон Ньюмантай ярилцсаныг сонирхуулъя.

-“Рафлес боловсрол корпорац”-ийн тухай манай уншигчдад танилцуулна уу?

-Улаанбаатар дахь салбар Рафлес олон улсын сургууль нь “Рафлес боловсролийн корпорац”  хэмээх томоохон байгууллагын нэг салбар. Манайх 13 оронд 35  салбар сургуультай. Рафлес сургууль маань Сиднейд Рафлес дизайн болон худалдааны коллеж  нэртэй томоохон сургуультай. Рафлес дизайн болон худалдааны коллеж  сургууль нь Австралийн боловсролын зэргийг олгодог бөгөөд салбар сургуулиуддаа ч мөн ийм зэрэг олгохоор ажиллаж байгаа. Манай гол зорилго нь Австрали дахь салбар сургуулийн олгодог боловсролийн зэргийг бусад сургуулиуддаа олгох явдал юм. Манайхаас олгодог бакалавр болон мастерын зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

-Танайх анх 2005 онд Улаанбаатарт салбараа нээсэн гэсэн. Монголд салбараа нээх санаа анх яаж гарсан бэ?

-Хөгжиж байгаа орнуудад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалт нэлээд хэрэгтэй байгаа нь харагдсан. Тиймээс ч Монголд салбараа нээж, олон улсын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх боломжтой гэдэг нь зах зээлийн судалгаагаар харагдсан. Монголд манайхтай хамтран ажилладаг хүмүүс байдаг. Тэд  ч энд салбараа нээх саналыг тавьсан. Бид нар Монгол дахь үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлж сургуулиа улам өргөжүүлэх сонирхолтой байгаа.

-Манай оронд салбар сургуулиа нээгээд 5  жил боллоо.  Сингапур дахь төв Монгол дахь салбарын үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай төв удирдлага маань Монгол дахь салбар сургуулийнхаа үйл ажиллагаанд сэтгэл маш хангалуун байдаг. Сургалт судалгаа зэрэгт нь байнга анхаарал тавьдаг, цаашдаа  оройн ангийн бакалавр болон мастерын зэргийн сургалт явуулж  улам өргөжүүлэх бодлоготой байгаа.

-Танай сургуулийн онцлог юу вэ?

-Манай сургууль бол хэд хэдэн онцлогтой. Хамгийн гол нь бүх хичээлээ англи хэл дээр заадаг. Зүгээр нэг англи хэл заах биш бизнесийн, дизайны гээд мэргэжлийн тал дээр илүү анхааран хөгжүүлдэг. Манай Австрали дахь салбар сургуулийн олгодог зэрэг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Сургалтын системийн нэг онцлог нь оюутнууддаа мэдлэг олгохоос гадна ажлын дадлагатай болгох явдал. Ингэснээр сургуулиа төгсөөд ажлын байр дээр очиход бэлтгэгдсэн байдаг.

Манай сургуулийн бас нэгэн давуу тал бол бүх салбар сургуулиуд маань ижилхэн хөтөлбөрөөр явдаг болохоор өөр орон дахь салбар сургууль дээр шилжин суралцах бүрэн боломжтой. Энэ нь зөвхөн оюутнуудад төдийгүй манай ажилтнуудад ч хамаарна. Та Улаанбаатарт Рафлес олон улсын сургуульд  элсэн ороод Сингапурт үргэлжлүүлэн сурч байгаад Шанхайд эсвэл Сиднейд төгсч болдог. Энэ бол маш том давуу тал. Хамгийн гол нь оюутнуудад маш том эрх чөлөө олгож байгаа. Заавал гурван жил гадаад сурах албагүй, гурван сар гадаадад сурч туршлага хуримтлуулах боломжтой.

-Танай сургууль бол үнэхээр том сургууль юм байна. Сургалтын төлбөрийн асуудал бол оюутан, эцэг эхчүүдийн хувьд чухал асуудал л даа.

-Манай сургалтын төлбөрийн хувьд тийм ч хямд биш. Бид бол Засгийн газраас болон төрийн байгууллагаас ямар ч тусламж дэмжлэг авдаггүй.  Манайд сайн дурын багш ажилладаггүй. Улаанбаатар дахь салбар сургуульд гэхэд 100% гадаадаас ирсэн мэргэжлийн багш нар хичээл заадаг. Монголд олгож байгаа сургалт нь Австрали зэрэг бусад орнууд дахь салбар сургуулийн сургалтын чанартай ижилхэн мөртлөө төлбөрийн хувьд хямд. Монгол дахь сургалтын төлбөр нь  Австрали дахь салбарын сургалтын төлбөрийн гуравны нэгтэй тэнцдэг.

-Өөрөөр хэлэх юм бол тухайн орноос, нөхцөл байдлаас хамааран сургалтын төлбөр харилцан адилгүй  гэж ойлгох нь зөв үү?

-Тиймээ. Харин багш нарын хувьд авдаг цалин бүх салбаруудад ижилхэн байдаг. Харин сургалтын төлбөрийн хувьд бид тухайн орныхоо нөхцөлд тохируулан зохицуулахыг хичээдэг. Сургалтын төлбөрийн асуудалд бид маш уяан хатан ханддаг. Мөн тэтгэлэг олгох асуудал дээр нэлээд анхаарч байгаа. Санхүүгийн боломжгүй оюутнуудад тэтгэлэг олгодог болох талаар ч яригдаж байгаа.

-Рафлесийн салбар сургуулиудад хичнээн мэргэжлээр сургаж байна?

-Ерөнхийдөө зуугаас дээш мэргэжил олгодог байгаа.Жишээ нь бүх төрлийн дизайн, бизнесийн чиглэл, инженер, сувилагч, Хятадын уламжлалт ангаах ухаан, био анагаах ухаан, мэдээлэл зүй гэх мэтэчилэн .

-Монгол дахь салбар сургуульд хичнээн мэргэжлээр оюутнууд бэлтгэж  байна?

-Монголд бүх төрлийн бизнесийн ангиуд байдаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, маркетинг,менежмент,зочид буудалын менежмент зэрэг. Яваандаа зарим нэгэн дизайны ангиудыг нээх төлөвлөгөөтэй  байгаа.

-Манайд бол их сургуулиуд жилд нэг удаа элсэлт авдаг. Танайх бол жилдээ дөрвөн удаа авдаг юм байна. Энэ бол бас нэг онцлог тал. Тиймээс энэ талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Энэ бол бас л манай нэг давуу тал. Манайх жилд дөрвөн удаа элсэлт авдаг. Ирэх таван сард танай дунд сургуулууд төгсөх гэж байгаа.Тийм болохоор сурагчид тавдугаар сард төгсчихөөд долдугаар сард манай сургуульд элсч орох боломжтой.  Эсвэл Австралид сурч байгаад төгсөөд ирсэн оюутнууд үргэлжлүүлээд сурч болно. Хамгийн гол нь  оюутнуудад цаг хугацаа алдахгүйгээр хурдан төгсөх боломжийг олгодог. Энэ нь бас оюутнуудад бусад салбар дээр очиж суралцах боломжтой олгодог.

-Танайхыг монголчууд Хартфорд гэдэг нэрээр нь сайн мэддэг. Яагаад нэрээ сольж Рафлес болсон юм бэ?

-Рафлес боловсролийн корпораци нь Хартфорд сургуулийг худалдаж авсан тул Рафлес гэж өөрчилсөн. Рафлес бол брэнд нэр гэж болно. Энэ нь олон улсад танигдсан нэр. Тиймээс оюутнуудад төгссөнийхөө дараа ажилд ороход илүү тэс дэм болно гэж бодож байна. Тиймээс манай сургууль оюутнууддаа ирээдүйд маш том баталгаа болж өгнө. Тиймээс манай сургууль маш сайн боловсрол олгохоос гадна ажлын байртай болгоход анхаардаг.

-Оюутнуудаа ажлын байртай болгох тал дээр танай сургууль нэлээд зүйл хийдэг мөн төгссөн оюутнуудыг ажлын байраар хангахад онцгой анхаарах ажилладаг гэсэн. Энэ талаараа манай уншигчдад танилцуулаач?

-Манай сургуулийн веб сайтад бүх оютнуудад болон төгсөгчид хандаж олон улсын хэмжээнд ажилд ороход нь холбож өгдөг.(www.raffles-cpd.com)

 Манай сайтад томоохон компаниуд ажлын байрны саналаа оруулж ирдэг. Түүний дагуу оюутнууд ажил олдог. Мөн ажлын байраа солих хүсэлтэй бол веб сайтад хандаж болно.


-Манай сургуулийг төгсөгчид маш олон газруудад ажиллаж байгаа.Жишээ нь Монголд л гэхэд Худалдаа хөгжилийн банк,Монголийн Хөрөнгийн бирж,Чингэс хаан зочид буудал,Вагнер ази,Мост,Наран моторс,Ниссан Моторс гэх мэтчилэн Монголийн томоохон компаниудаар ажиллаж байна