-Ямар мэдээллийн дагуу нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон бэ?

- Авлигатай тэмцэх газраас гаргаж өгсөн мэдээллийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, худал мэдүүлсэн болон үүнд хариуцлага тооцох ёстой эрх бүхий албан тушаалтнуудыг нээлттэй сонсголд дуудаж байгаа.

- Нийт хичнээн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн байна вэ?

- Нийт 30 гаруй албан тушаалтан байгаа. Энэ бүх хүнийг нээлттэй сонсголд оруулахад цаг хугацаа шаардах учир эхний ээлжинд зөрчлийн хэмжээгээрээ илүү, нэр хүнд бүхий 26 албан тушаалтныг сонсголд оролцуулахаар болсон.

- Нээлттэй сонсгол явуулснаар ямар үр дүнд хүрэх вэ?

- Үүний үр дүнд авлигыг хаацайлагч улс төрийн албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид тодрох ёстой. Цаашид төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг үнэн бодитой боловсронгуй болоход тусаа өгөх юм. Мөн зөрчил гаргасан төрийн албан хаагчийн хариуцлагыг чангатгах болно. Энэ сонсголын явцад гарсан зөрчилтэй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг  хамтарсан Засгийн газарт өргөн барина.

- Эдгээр албан тушаалтан нээлттэй сонсголд оролцоогүй тохиолдолд хариуцлага тооцох уу?

- Тооцно. Сонсголд оролцоогүй шалтгааныг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд цацагдаж, үүний дараа хариуцлагын асуудал ч яригдана. Нээлттэй сонсгол явуулж байгаагийн нэг шалтгаан нь ёс зүйн асуудал юм. Сонсголд ирж тайлбар өгөөгүй хүнийг авлигыг хөхүүлэн дэмжиж, авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байна гэж үзэхээс өөр аргагүй.

- Ж. Сүхбаатар, Ж. Энхбаяр гишүүн та хэд нийлж авлигын эсрэг парламентын бүлгийг байгуулжээ. Танай бүлгийн ажиллагаа ямар хуулиар зохицуулагдах вэ?

- Одоогоор хууль байхгүй. Бидэнд албан ёсны эрх хэмжээ гэж байхгүй. Санаачилга гаргах хэмжээнд байгаа.

- Ер нь тодорхой хэмжээний хууль эрх зүйн орчин шаардлагатай биз дээ?

- Эрх зүйн орчин хязгаарлагдмал байгаа. Албан ёсны бүлгийн хууль тогтоомж гэж байхгүй болохоор сайн дурын бүлэг гэж ойлгож болно. Олон нийтийн бүтцийг ажиллагаанд оруулахын тулд санаачилгын бүлэг гэж болно.

- Ийм бүтэц олон улсын парламентад байдаг уу?

- Бусад орны парламентууд дотроо авлигын эсрэг бүлэг байгуулж мэдээллээ гаргаж байдаг. Манайд өмнө нь ийм бүлэг байсангүй. Одоо л байгуулагдаж байгаа.

- Танай бүлгийг албан ёсны гэж  үзэх үү, сайн дурынх гэж үзэх үү?

- Бидний хувьд бол албан ёсных. Гэхдээ хууль тогтоомжиндоо тодорхой зохион байгуулалт, төсөв хөрөнгө байхгүй болохоор сонирхлын бүлэг гэнэ л дээ.

- Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах уу?

- Өнөөдөр хуульд байгаа заалтаар шаардлагатай нөхцөлд гишүүд сайн дурын бүлэг байгуулж болно гэсэн байгаа юм. Тухайн бүлгийг байгуулж байгаа гишүүдийг тодорхой хэмжээгээр дэмжинэ гэсэн заалт байгаа.

- Ж. Энхбаяр гишүүн УИХ авлигатай тэмцэх парламентын бүлгийг дэмжиж байгаа гэж ярьж байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?

- Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ – ын дарга дэмжиж байгаа. Гэхдээ энэ үйл ажиллагааг явуулаад эхлэхээр хяналтад өртөх албан тушаалтнууд  дүргүйцэж байгаа. Тухайлбал Засгийн газрын гишүүд болон тодорхой бүлэглэлүүдийн зүгээс тааламжгүй хандаж байна.

Ер нь дарамтлах, сүрдүүлэх, сонин хэвлэлээр сөрөг мэдээлэл цацах гээд эсэргүүцлийг үйлдлүүд илэрч байгаа.

- Танай бүлэгт элсэх хүсэлтэй гишүүд байгаа юу?

- Одоогийн байдлаар С. Оюун, Я. Батсуурь гишүүн хоёр нэгдье гэж албан ёсоор хүсэлтээ гаргасан. Авлигатай тэмцэх газраас бидэнд нэг хүсэлт гаргаж байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа гишүүдийн бүлэг болж өгвөл сонирхлын зөрчилгүй хүн байх хэрэгтэй гэсэн. Тиймээс бид гишүүнээр элсэх хүсэлтэй хүмүүстээ ямар нэг авлигын асуудалд орж байгаагүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа.

-Ерөнхий сайд ямархуу хандлагатай байна вэ?

- Бид Ерөнхий сайдтай уулзаж ярилцаагүй байна. Бид парламентын гишүүдийн бүлэг учир өндөр албан тушаалтнуудтай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэхгүй байна. Тодорхой шаардах бичгээ хүргүүлээд явна гэж бодож байгаа.

- Авлигатай тэмцэх газраас гаргаж өгсөн баримтад итгэж байна уу. Хэр баталгаатай гэж бодож байна вэ?

- Хангалттай баталгаатай. Одоогийн энэ нээлттэй сонсголоор баталгаатай үгүй нь харагдана.

- Зарим хүн дуртай хүнээ шалгаад дүргүй хүнээ шалгадаггүй гэж ярьдаг л даа. Энэ тал дээо та юу хэлэх вэ?

- Ийм асуудлууд гарч байгаа. Гэхдээ намар болох авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ нэлээд тодруулна. Энэ асуудал хууль эрх зүйн орчиндоо байна уу, Авлигатай тэмцэх газартай холбоотой юу гэдгийг бид сайн мэдэхгүй байна.Үүнийг илүү тодорхой болгоход дараагийн сонсгол илүү их үүрэг гүйцэтгэх байх.