Хэдэн өдрийн турш хэвлэлээр тун сүртэй зарлал, сурталчилгаа явагдлаа. Бөөн авлигачдыг АТГ илрүүлж, тэрнийг нь УИХ дуудаж, өргөн олныхоо өмнө ил тодоор нээлттэй хэлэлцэхээр боллоо гэж. Өмнө нь болохоор ийм, ийм эт­гээд төрийн албанд зүтгэхдээ ингэж идэж уужээ. “Болиоч дээ”, “Яаж чадаж байна аа?” хэмээн зогсоо зайгүй бөмбөгдөж байв. Заримыг нь  ч бүр гутааж ажилч­дынхаа нүүрийг харахын аргагүй болгосон.

Тэгж тэгж уржигдар нөгөө нээлт­тэй хэлэлцүүлэг нь боллоо. УИХ-д шинээр орж ирсэн завсрын үеийн хэдэн пээдгэр пацаанууд шоший­чихоод их сууж байна аа. Өөрсдөө цэвэрхэн гараад ирчихсэн юм шиг “Авлига, шударга ёс, ардчилал, эх орон ард түмэн…” гэх үгнүүдийг олонтаа давтан бүлт бүлт үсрээд л. “Бөөсөнд хутга гэгч” үг бий. АТГ-ынхан нь хэдэн бөөс түүгээд ир­чихсэн. Тэрэн дээр нь  дор бүрнээ хутга заазуур барин даналзаж мөн том байна аа. Монгол орныг авли­гын сүлжээнд торлож,татвар тө­лөгч­дийн мөнгийг хувьдаа хүү­дийлж, төсвийг сувайртал нь хоослоод байгаа этгээдүүд нь хэн хэн байв.  Нийслэлийн зарим нэг дүүрэгт дундаас доош албан ту­шаалтай голдуу Ж.Туяацэцэг, Г.Болортуяа, С.Цэцгээ,  Л.Амгалан гээд баахан хүүхнүүд, дээр нь зах хязгаар нутагт ажилладаг төрийн албан хаагчдыг чирч иржээ. “Ар­дын элч” кинон дээр цагаантнууд андуураад баахан хүүхэн бариад ирдэг шиг юм болж нөгөөдүүл нь өөрсдийгөө өмөөрч бас айж бөөн юм боллоо. Хэвлэлүүд ч үүнийг анзаарч тул биш жараахайнууд байна ш тээ гэцгээв. Тэдний өөрс­дийгөө өмөөрч байгаа нь үнэн бол АТГ инээдтэй хэргээр хоморголон хэрэгт хийх гэж байна. Сонсож байхад арай ч худлаа ярихааргүй хүмүүс санагдсан. Тухайлбал “Би гэр хороололд ээжтэйгээ хамт одоо ч амьдарч суугаа жирийн нэгэн төрийн албан хаагч” гээд сууж байгаа эмэгтэйгийн “юуг нь хардаж” энд авчирсан нь сонин. Сүүлийн үед АТГ-ын сахалтай эрчүүд их л ширүүн байгаа дуулддаг.  Нөгөө амтай болгон л ярьдаг Н.Энхбаяр, М.Энхболд, Г.Занданшатар, Ч.Улаан, зам засварын тен­дерийн­хэн, Бо­ловс­рол, эмнэлгээс төрсөн тэрбум­тангууд, Шонхорын наймаачин, газрын наймаачид маань яасан бэ? Энэний хүн, тэр­ний хүн, ээ гэгээн минь ёстой болохгүй гэж тойруулсаар татлаа түлхээ байхгүй, элэг барихад ам­раар нь хэдэн авгайтай л бичиг баримтны хэрүүл хийдгээ харуу­лав. Тэгээд ч Монголын төрд энэ хүүхнүүд чинь архи уудаггүй, ажил тасалдаггүй, төрийн өмнөөс хүнтэй хэрэлдэж ааш гэж адсага болчих­сон, найз нөхөд найраагүй, тийм болохоор авлига авч өгч мэддэггүй. Эрчүүд хүүхнүүдийг өөрсөд шигээ санаад байгаа юм. Бүр яг тийм хүүхнүүдийг нь түүж аваад бичиг баримтны хэрүүл хийгээд угаасаа дургүй доод тушаалтнуудынх нь  бахыг хангах ажиллагаа хийж байгаа мэт харагдана.

Засаг дарга Л.Амгалангийн банкинд байсан мөнгөний хүү өсөөд 147 мянган төгрөгтэй болчихжээ. За авлига байлаа ч эмэгтэйчүүд энэнээс илүүг хусч чадахгүй. Ямар аймаар их иддэг хүүхэн бэ? Хэрэв Монголын төр ийм “их идсэн” хүнийг сүр бад­руулж, нээлттэй хэлэлцүүлэг хийхдээ хүртэл цочирдож, маш ноцтой хэрэг илрүүлсэнд тооцож байгаа юм бол манай улсын дэргэд Сингапур, Швейцарь зэрэг авлига­гүй гэгддэг орнууд ичиж байгаа байл­гүй. Ийм болтлоо авлига буур­сан юм бол АТГ-ыг түүхэн үүргээ гүйцэтгэж гэж үзээд татан буулгах цаг нь болчихсон юм биш үү?  

Угаасаа амьдралаас тасархай журам гаргасан, тэрнийхээ дагуу  бөглүүлдэг. Тэрэн дээр нь цаг хугацаа, техникийн жижиг алдаа гаргахаар нь шогтддог, өнөөгийн манай төрийн албаны хиймэл дүр төрх мөн ч тод харагдав.

Хувьдаа байгаа хөрөнгөө бид­нээс нууж дутуу бөглөлөө гэдэг нь ямар учиртайг ойлгодоггүй. Хэрэв би л төрийн албанд томилогдвол бүр хэд дахин нэмж бичээд өгмөөр санагдах юм. Тэгээд “За би хувьдаа 18 ширхэг компанитай хүн шүү, таминь ээ. Худлаа гэвэл хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бичээстэй байгаа” гэчихээд алба хаших хуга­цаандаа санаа амар жинхэнээсээ арван хэдэн компани төсвийн мөнгөөр босгож аваад арилаад өгөх тийм л логик хараг­даж байна. Гэтэл мань эрүүд боло­хоор “Чи тэр жил төрд ажилла­хаасаа өмнө төчнөөн хөрөнгө хогшилтой бай­сан байна. Одоо яагаад алга болго­чихов” гээд мөрдөөд давхичихдаг юм уу даа. Энэний оронд анх ирэхдээ хоёр ээлжийн косчоомтой, туранхай залуу ирээд төд удалгүй хувалз шиг бүдүүрч, олон давхар барилга бариад эхэлдэг нөхдүүд хотоор дүүрэн байна ш тээ.

Төрд ажиллаж байгаа авли­гачид байтугай хармайны хулгайч хүртэл цагдаа ирэхэд авсан юмаа нуухтайгаа тэнэгүүд гэдгийг ойлго­доггүй юм байх даа. Төрийн албан хаагчдыг авлигад сэжиглэх хэд хэдэн сэжүүр бий гэж боддог. Тухайлбал нөхөр нь шүүгч, эхнэр нь хувиараа өмгөөлөгч хийдэг, хүү нь гаальд, өөрөө болохоор гадаа­даас бараа оруулдаг ченж гэх мэт гэр бүлийн эрх ашгийн тогтол­цоонууд болон зүгээр хоногтоо бүтчих улсын ажил төр­лүүд дээрх цаг алдсан хүнд сурт­лууд, хувийн болон улсын ямар нэгэн бараа материалын үнэ гэнэт өсч буурахад цаана нь заавал нэг албан ту­шаалтан сууж байдаг зэргийг хөө­гөөд явах юм бол энэ жижигхэн Монголд жинхэнэ авли­гачныг чих­дээд ирэх нь тийм хэцүү биш.

Одоогийн энэ хоосон ал­бархаг ажиллагаа нь АТГ өөртөө дургүй хүнээ хэрэгт хийж байгаа юм байна гэж ойлгохоор харагдаж байна. Төрд үгээгүй ядуу хүн ажилд орвол идэж л таарна. Баяныг нь томи­лохоор улам их мөнгөө арви­жуулна. Одоо тэгээд хэн ажиллах болж байна.

Дараагийн нэг асуудал нь хүний хувийн өмчийг аан баангүй дэлгээд олгойдоод байхаар нөгөө хулгайч, барьцаалагчдад бэлэн мэдээлэл болох уу? Ямар нэгэн асуудал үүсэ­хэд албан хаагчаа төр өөрөө тэднийг хам­гаалах чадвартай юу? Энэ эцэс төгсгөлгүй шоу хэзээ дуусах вэ?

Ухаантай цагаан гартнуудын хэргийн учрыг бороохой барьсан “дөрөв төгссөн” цагдаа сайн мэдэх­гүй байна. Социализмын үед боловсрол эзэмшсэн шүүгч орчин цагийн луйврыг ойлгохгүй албан бичиг бөглөхөөс өөр чадваргүй нь авлигыг улам гааруулж байгаа юм биш үү?