Европын аварга шалгаруулах 21 нас хүртэлх тэмцээн өнгөрсөн жил Шведэд болж аваргын төлөө Германы залуучууд Английг 4-0-ээр бут ниргэв. Германы ирээдүй үнэхээр өнгөтэй байсан ч дараа жилийхэн дэлхийн аваргын суурь баг болно гэдгийг хэн ч мэдээгүй байв. Мэсүт Өзил, Марко Марин, Андреас Бэк, Сами Кхэдира, Дэннис Аого, Жэром Боатэнг, Мануэл Нойер гэсэн Европын аваргууд дээр сүүлийн нэг жил өөрсдийгөө нээсэн Тони Кроос, Томаш Мюллэр, Олгэр Бадштубэр, Кристиан Траш гээд дээд тал нь 24 тэй залуучууд. Африкт болох Дэлхийн аваргын суурь баг. Шигшээ багийн довтолгооны гол найруулга Түрк гаралтай Өзил дээр тогтоно. Хэрвээ Баллак гэмтээгүй бол улам хүчирхэгжих байлаа. Яг л 2002 оны Роналдиньо (22 настай байсан), Ривалдогийн хагас хамгаалалтын хослол шиг. Адилхан нэг нь солгой.

Skytel компанийн 2010 оны Дэлхийн аваргад зориулан гаргаж буй картан дээр тавигдсан, Германы шигшээ багийн зураг.

     Өмнө нь ийм залуу бүрэлдэхүүн Германы шигшээ багт байсангүй. Ганын 2006 оны шигшээ, үндсэндээ 2001 оны Залуучуудын Дэлхийн аваргын мөнгөн медальт баг байсан нь адил байж болох. Хагас хамгаалалтын хамгийн ахмад нь гэхэд 84 оны Троховски, Швайнштайгэр. Хамгаалалт мөн адил тэдэнтэй чацуу Мэртэзакэр дээр суурилна.

     Энэ шинэчлэлийн эхлэлийг Юргэн Клинсманн тавьсан. 2004 онд урагшилахаа больсон Рүди Фёллэрийн оронд Клинсманн ирж эрс өөрчилсөн. Лам, Швайнштайгэр, Арнэ Фридрих, Мэртэзакэр, Подолски нар гараанд баттай байр суурь эзэлж, уламжлалт байрласан, үүрэг даалгаврын хатуу хуваарьтай “Немц” тоглолтын арга барил багассан. Ур чадвар дээр тулгуурлалт ихэссэнээр тоглолт үзүүштэй гоёмсог болсон. Герман хэзээ ингэж тоглодог байсан юм бэ? гэж уулга алдуулахаар байлаа. Дэндүү зохион байгуулалт зонхилсон тоглолтын арга барилтай хуучинсаг, ахмад тамирчид ч шахигдаж, залуучууд хүч түрэн орж ирэв. 2008 оны Еврогоор Иоахим Лёв үргэлжлүүлсэн. Ойлгомжгүй тоглолттой гэж шүүмжлүүлж байсан ч, шинэчлэлийг удаан хийж байсан нь одоо харагдаж байна. Хууралт хийдэг тамирчин ч нэмэгдэв. Саяхан Дунга Английн шигшээд хандаж “Хүн хуурахгүйгээр хөлбөмбөгийг тоглодоггүй юм” гэж зэмлэж байсан бол Германчууд өмнө хэрэгжүүлж эхэлсэн нь энэ байв. Эхний үр дүн одоо харагдана. Том ачаа болох туршлагыг Баллак нөхөх ёстой байсан ч тун харамсалтайгаар гэмтсэн. Герман орон тэр чигтээ Ганын Кэвин Принс Боатэнгийг үзэн ядаж байна. Яджийхад Дэлхийн аваргад нэг хэсэгт орж, төрсөн дүү нь болох Жэром Боатэнг Германы шигшээд тоглоно гээд хачирхам холбоосууд их үүсэв.Төрсөн ах дүү хоёр анх удаагаа Дэлхийн аваргад бие биенийхээ эсрэг тоглоно.

     Багийн ахлагчаасаа гадна хаалгачдад тун халгаатай байна. Робэрт Энкэ өнгөрөгч 11 сард нас барсан бол, Оростой гайхалтай тоглосон Рэнэ Адлэр гэмтсэн. Дээрээс нь хөгшин Лэманн “Би л хаахгүй бол хол явахгүй ээ” гэж ярилцлага өгөөд байдаг. Гэхдээ үеийн үед хаалгачаараа алдартай Германд Нойер, Бутт, Визэ гурав бий.

     Хаалган дээр Нойер зогсох магадлал хамгийн өндөр байгаа бол арын дөрвөн хамгаалагчаар Боатэнг, Вэстэрманн, Мэртэзакэр, Лам нар тоглож болох юм. Хагас хамгаалалтын бүс дээр хамгаалах чиглэлийн тоглогч тун хэрэгтэй байна. Хитцлшпэргэр, Ролфэс нарыг дуудаагүй учир Швайнштайгэр, Кхэдира нар хамтдаа тоглож Троховски, Өзил нар жигүүрт, Подолски, Клозэ урд тоглох хувилбар бий. Эсвэл бага зэрэг өөрчлөлт оруулж Подолски зүүнд, Өзил төвд найруулах хувилбар ч байж болно. Полди зүүн хагас хийвэл давуу тал ч ихсэнэ.  Ер нь нэг шинэ зүйл хөлбөмбөгт ихээр ажиглагдах болсон нь жигүүрийн хагас хамгаалагчаар довтлогчдыг тоглуулах. Ямар давуу талтай вэ гэхээр хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжилт үр дүн өндөр, хурдтай болдог. Цэвэр жигүүрийн хагсууд хамгаалалтанд илүү сайн байдаг ч довтлох тал дээр дутмаг тул сул талыг нөхсөн. Гол нь довтлогчдыг гүйлтийн тэсвэр өндөр болгож, хамгаалах ажлыг бэлтгэл дээр их хийлгэх ёстой. Аваргуудын лигийн аварга авсан Интэр Милан иймэрхүү стилээр тоглосон. Барсэлона, Байерн Мюнхэныг газраар хурдтай, нэгийн хүрэлттэй сөрөг довтолгоонооор буулгаж авсан. Это’О, Пандэв нар жигүүрт тоглож, Милито төвд ганцаараа тоглосон. Мэдээж голд нь сайн найруулагч байх ёстой нь Шнайдэр байсан бол Германд Өзил байна. 2008 оны Еврогоор Подолскигийн зүүн жигүүр сөрөг довтолгоонд ямар идэвхитэй байсаныг санаарай. Гоолын 80 хувь нь түүний оролцоотой бүтсэн.

     Харин урд шугаманд өөрчлөлт бага орсон. Гэхдээ Клозэгийн оронд Мюллэр, Гомэс нар ч гараанд тоглож болзошгүй. Энэ жил өмнөхөөс тэс өөр тоглолттой Герман Африкийг зорино. Хөлбөмбөгийг хоёр баг тоглодог гэхдээ үргэлж Германчууд хождог гэх хошин яриа яагаад үнэн бэ гэхээр, тэд үргэлж хэсгээсээ гарч медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагддаггүй учраас тэр. Яг л машин шиг.

 Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг “Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.