Дэлхийн II дайн эхэлсний 70 жилийн ой болж байна. Олон арван сая хүний амийг авч одсон энэ дайн шиг өртөгтэй, зэрлэг, харгислалыг хүн төрлөхтөн урьд хожид мэдэхгүй билээ. Дайн дөнгөж дууссаны маргаашаас дараагийн дэлхийн дайнд Сталин шургуу бэлдэж байжээ. Гэвч үүнийг түүний гэнэтийн үхэл зогсоосон юм. Энэ тухай Эдвард Радзинскийн “Сталин” баримтат бүтээлээс уншигч танаа сонирхуулж байна.
Подстамын бага хурал болж байх үест ХХ зууны хэт хүчирхэг зэвсэг болох атомын бөмбөгийн анхны туршилт болжээ. Тэнд очсон хойноо жаргалтай Трүмэн “бэби төрсөнийг” сонсов. Сталины дайны машины давамгайлал үгүй боллоо.
  
  Гайхалтай агшин: хэт хүчирхэг зэвсэг туршсан тухайгаа Трүмэн бахдалтайгаар дуулгав. Одоо энэ дарангуйлагч бууж өгөхгүй хаачихав!
    Гэвч... хачирхалтай нь Сталин огт юм болоогүй юм шиг сонссон болоод өнгөрөв. Трүмэн өөрөө гайхчихав. Хөгширсөн Жолоодогч шинэ зэвсгийн чадлыг ойлгосонгүй нь илэрхий! Бардамнал амжилт олсонгүй.
  
  Мэдээлэлд огт гайхалгүй өнгөрсөн Эзэн “бэби” төрж байгааг аль хэдийнээ олоод мэдчихсэн байлаа. Гэнэн Трүмэн өөрийн сүрдүүлэм мэдээгээр түүнийг цочирдуулах гээд ирэхэд нь аугаа туршлагатай хөгшин жүжигчин инээвхийлээд л өнгөрөхөөс өөр яахав.
    Энэ хараал идсэн шинэ зэвсэг түүнийг зүгээр суулгахгүй удаж байгаа юм! Энэ бол Аугаа мөрөөдлийн үхэл амьдралын асуудал.
Цөмийн өрсөлдөөнд тэрээр халууран орсон, гэхдээ их л хожигдолтойгоор. Ингэхээр урьдын нэгэн адил ганц үсрэлтээр л өрсөлдөгчөө гүйцэж авахаас.
Горбачевын үед Октябрийн хувьсгалын архивт “Нөхөр Бериягийн онцгой хавтас” гэсэн баримт КГБ-ээс ирсэн юм. “Маш нууц” гэсэн хөмсөгтэй баримтад НКВД-ийн хэнд ч дийлдэшгүй толгойлогчийн уншиж танилцсан матаас, тайлан, танилцуулга чихээтэй. 1946 оны хавтаст нь “Курчатовын 817 дугаартай, Кикоины 813 дугаартай байгууламжийн байдлыг шалгасан дүнгийн тухай” гэсэн тайлан хадгалагдаж байна. Дугаарын цаана зөвлөлтийн “бэби”-г бүтээж байгаа онц нууц объектууд байгаа аж. Исаак Кокоин, Игорь Курчатов нар бол бөмбөг бүтээхэд оролцож буй алдартай эрдэмтэд.
1946 онд ардын комиссариатыг яам, Ардын комиссариатын зөвлөлийг Сайд нарын зөвлөл болгон нэрийг нь өөрчиллөө.     
    Мөн Бериягийн ажил болох дийлдэшгүй НКВД-г Сталин улсын аюулаас хамгаалах яам, дотоод явдлын яам хэмээн хоёр хуваав. Гээд Берия Сайд нарын зөвлөлийн орлогч даргын хувьд хуучин шигээ аль аль яамыг нь мэддэг хэвээрээ.
  
Аюулаас хамгаалахын толгойд Бериягийн үнэнч хамтрагч Меркулов байгаа нь Сталинд таалагдсангүй. Түүнийг СМЕРШ-ийн (СМЕРШ – Армийн сөрөх тагнуул. Тагнуултай тэмцдэг төдийгүй өөрснийхнийхээ улс төрийн найдварыг хянадаг, дарга нарыг томилоход оролцдог, фронтод өршөөлгүйгээр шууд буудан алдагаараа ихэд алдаршсан байгууллага) дарга асан, Бериягаас ихээхэн хол Виктор Меркуловоор солилоо.
    Берия болон түүний нууц байгууллагад Сталин атомы бөмбөг бүтээх шинэ ажил хуваарилсан байна. Молотовын гадаад харилцааны үйл ажиллагаанд гүйцэтгэж байсан үүргийн нэгэн адил Берия ч гэсэн атомын бөмбөг бүтээхэд Сталинаар залуурдуулсан гүйцэтгэгч, ажлын морь байсан юм.
    Дайнаас ч өмнө зөвлөлтийн физикч Я. Зельдович, Ю. Харитон, Г. Флеров, Л. Русинов нар цөмийн судалгаанд амжилт олсон боловч Сталин ч тэр, хамтрагчид нь ч тэр энэ ажлын чухлыг ойлгоогүй юм. Тэд ойртон буй дайнд хэрэглэх танк, онгоц, буу сонирхож байсан. Эрдэмтэдийн сэтгэлийг тэгтлээ хөдөлгөж байсан багажны зүүний савалгаа тэдний анхаарлыг татсангүй.  Зельдович, Харитон нар цөмийн дэлбэрэлт болдог нөхцлийг олоод хүч чадлыг нь тодорхойлсон боловч энийг ч Сталинд тоож мэдээлсэнгүй.
  
Гэнэт Лондонгоос гайхалтай шинэ мэдээ ирлээ. Германыг орхиж Англид цөмийн зэвсэг бүтээх нууц бүлгэмд ажилладаг коммунист К.Фукс гэгч онолын физикч тэр мэдээг явуулжээ. Ажлыг оросуудаас ихэд нууцалж байгааг мэдсэн Фукс өөрийн олж мэдсэнийг СССР-ийн элчин сайдын яам руу мэдээлэх болжээ. Зөвлөлтийн тагнуулын байгууллага түүнтэй холбоо тогтоов. Чухам энэ үед л Сталин шинэ зэвсгийн боломжийг зохих ёсоор үнэлж, энэхүү аймшигтай хоцрогдлоо бушуухан нөхөхийн тулд Берияд цөмийн өрсөлдөөнд орох даалгавар өгсөн байна. Түүний туршуулууд мэдээлэл цуглуулна, түүнээс гадна түүнд цаана нь шавхагдашгүй нөөц байсан нь хорих лагерьтаа олон мундаг эрдэмтэд ажиллуулж байгаа. Цөмийн ажиллагааны онц нууцлалын гол баталгаа нь үүнийг гүйцэтгэх байгуулллага нь мөн онцгой нууц байх явдал юм.
    Энэ үеэс аль түрүүн тараагад хаячихсан Коминтерн болоод тэдний хүмүүс эргээд хэрэг боллоо. Хэдийгээр тэдний найз нөхөд сталины шоронд үрэгдсэн боловч “Сталин шиг юм ирж л байдаг, буцаж л байдаг, харин дэлхийн анхны социалист гүрэн үлдэж л таараа” – гэсэн тэдний хэлэх дуртай үгийг давтан хэлэхийг Сталин туршуулууддаа зөвшөөрчээ.
    Эхнэр нөхөр Рүзэнбэрг, Фукс энэтэр бол түүний илчлэгдсэн хамтрагсад. Үзэл санааны хамтрагсад. Үүнээс гадна илчлэгдээгүй хэд цаана нь байгаа бол!
    Би дээр нэгэнт дэслэгч генерал Судоплатовын дурсамжийн талаар биччихсэн. Энэ бол бодит нууц явдлаас ургасан гуйвсан мэдээлэл. Тагнуулын өөр нэг генерал Василий Ситниковын дурсамж бүр ч илүү сэтгэлд хадаастай байдаг юм. Түүнтэй би анх танилцахад ВААП буюу Бүх холбоотын зохиогчийн эрхийн газрын орлогч дарга байсан юм. Энэ албан тушаалд уламжлал ёсоор идэвхитэй үйл ажиллагаагаа больсон КГБ-ийн ажилтныг томилдог юм л даа. ВААП-д Ситников дундыг бариад л ажиллаж байж. Андроповыг дэмждэг хүний хувьд Ситников перестройкагаас их зүйл хүлээж байтал харин ч тэрнийхээ анхны золиос болж тэтгэвэртээ хөөгдөн гардаг байгаа. Чухам тэр үед л мань эрийн толгойд дурсамж бичих санаа төрсөн болов уу гэж би бодож байна... Гэнэт бид хоёр гудамжинд таарваа. Гартаа “Иностранная литература" сэтгүүлийн хуучирсан дугаар атгачиж. Бид хоёр буу халав.
    -Энд “Оппэнхаймэрийн хэрэг” гэсэн баримтат нийтлэл хэвлэгдэж... Энд Оппэнхаймэр ямар хамаатай юм – хэмээн урьд нь мөрдөгч Шейниний царайнаас харж байсан танил инээмсгэлэлээр мушилзаад, хэсэг чимээгүй байснаа нэмж хэлсэн нь: - Берия Сталины нэг үгийг давтан хэлэх мөн дуртай байж билээ: “Худалдаж авч болдоггүй буржуй хөрөнгөтөн гэж байдаггүй юм. Юу сонирхож байгааг нь л мэдэх хэрэгтэй. Ихэнх нь мөнгө сонирхдог юм. Хэрэв мөнгөнд явахгүй бол чи дэндүү харамч зан гаргасан гэсэн үг. Мөнгө үйлчлэхгүй бол хүүхэн үйлчлэнэ. Хүүхэн үйлчлэхгүй бол Маркс үйлчлэнэ”. Хамгийн сайн хүмүүс бидэнд үзэл санааны шалтгаанаар хамтардаг байсан юм шүү. Мэддэг болгоноо бичиж болдогсон бол доо! Би бичнээ...
   
Бидний уулзалтын дараахан тэр талийгч болсон доо.
    Сталин Подстамаас буцаж ирсний дараа Берия физикчдэд хэлсэн нь: “Нөхөр Сталин ингэж хэллээ: “Юу ч болж байсан атомын бөмбөгийг маш богино хугацаанд бүтээх ёстой”. Бүтээж чадаагүй тохиолдолд тэрээр эрдэмтэдэд шорон амалсан байна.
    Цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай маш чухал мэдээллүүдийг 1943 – 1946 онуудад туршуулуудаараа дамжуулан АНУ-аас олж авсан байдаг. Төслийн удирдагч Курчатов АНУ-д амжилттай туршигдсан бөмбөгийг схемийх нь дагуу яаралтай давтан үйлдсэн юм. Нэгэнт Сталин “маш богино хугацаанд” гэж тушаасан болохоор тэрээр өөрийнхийгөө туршиж зүрхэлсэнгүй... Цаггүй учраас америкчуудын хийсэн бөмбөгийг хуулжээ.
    СССР-ийн үйлдсэн атомын бөмбөгний анхны туршилт 1949 оны 8-р сарын 29-нд болов. Сталин хүссэндээ хүрч богино хугацаанд Америкийг гүйцэв. Туршилтын дараа тэрээр эрдэмтэдийг элбэг дэлбэгээр шагнаад хэлсэн нь: “Хэрвээ бид дахиад жил хагасаар хоцорсон бол өөрснөө туршилтын туулай болох байлаа”.
    “Далд хэл”-ээр бол энэ нь - удахгүй бид бусад дээр туршина - гэсэн үг.
    Бүх юм буцаж эргэж байрандаа орлоо. Бөмбөгний хувьд тэнцэж, дэлхийн хамгийн хүчирхэг армитай болов.
    Одоо тэрээр эрдэмтэддээ найдлаа, тэд нар нь ч урмыг нь хугалсангүй, 1951 онд жинхэнэ өөрийн атомын бөмбөг бүтээв. Тэр нь анхныхаасаа хоёр дахин хүчтэй, хоёр дахин хөнгөн. Энэ нь зөөвөрлөхөд хавьгүй амар гэсэн үг.
    1951 он гэхэд тэрээр зөөвөрлөх аргыг шийдэж улс орондоо ч, хүн төрлөхтөнд ч аугаа санаагаа хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Галав юүлэл ойртсоор.
    Сталины давтан хэлэх дуртай үг: “Оросуудад байлдах чадвар дандаа байдаг, харин найрамдах чадвар огт үгүй”.
    Чадах болгоноо хожиж болно гэж тэр боддог.
    Молотов: “Дайны дараа Сталины зусланд СССР-ийн шинэ хил бүхий газрын зургийг аваачлаа. Зургийг тэр ханандаа хадаж бэхлэв. “За, цөмөөрөө юу олж авснаа харцгаая. Хойд тал болоод явчихлаа. Финлянд бидний өмнө түмэн буруутай, бид тэднийг Ленинградтай ойр хилээс зайлуулж чадсан. Балт орчим ч яахав, угаасаа язгуурын Оросын нутаг – дахиад манайх боллоо. Бүх белорусчууд, бүх украинчууд, бас молдавчууд бидэнтэй нэгдлээ. Ингэхээр баруун талдаа бүх юм болоод явчихлаа”. Тэрээр дорнод хил рүү заагаад: “Энд бидэнд юу байна? Курилийн арал манайх, Сахалин бүхлээрээ бас манайх... харцгаа даа, Порт-Артур хүртэл манайх!”. Тэрээр гаансаараа Хятад орчмыг заагаад: “Хятад, Монгол тэр чигээрээ болоод явчихсан”.
 
   Эзэнт гүрний хил хязгаарыг өргөтгөсөн төдийгүй дагуул улсуудтай хиллэж чаджээ. Ганцхан Германтай хамтарч бидний өөдөөс байлдаад “түмэнтээ буруутсан” Финлянд л үлдлээ. Гээд хувьсгалын дараа зугтаж гарсан дүрвэгсэдийг түүний туршуулууд Финляндад баривчлан Москва руу хүргэж байв. Финчүүд үүнийг нь үл анзаарах ёстой... Финляндыг ийм болгожээ. Одоохондоо...    
    “Энэ хавьцаах хилийн шугам надад ерөөсөө таалагдахгүй байна” – гэж Сталин хэлээд зураг дээр өмнөд Кавказ, Дарданеллийг заав... Бидэнд Түрэгийн газар... бас Ливийн газарт маргаан бий шүү”. Сталин дэлхийн шинэ хуваагдлын тухай ярьж байна гэдгийг ойлгосон сайдын хүйтэн хөлс чийхрав.
    Үгүй ээ, Молотов энх тайвны ч юм уу, хүн төрлөхтний төлөө санаа зовсон юм биш. Тэр ердөө л 1937 оныг санаж: улс орныг дайнд бэлдэхээрээ Сталин хядлага явуулдаг. Энэ удаа ч Сталин шинэ дайны тухай ярьж байна. Тэгэхээр шинэ яргалалтай учирах нээ? Цус их урсах болов уу?
    Молотов ердөө л өөрийнхөө төлөө айсан хэрэг.

                                                                                                   Орос хэлнээс орчуулсан БААБАР