Таных илүү үнэтэй юм байна аа, Ерөнхий сайд аа. Ингэж хэлмээр санагдаад ер болохгүй нь.  Хаа ч очсон юмныхаа үнийг  буулгахыг захиж загнаад байгаа Ерөнхий сайддаа талархахын хажуугаар асууж, яримаар юм байх юм. Улсын ажил бодоод маниасаа илүү завгүй яваа сайддаа хэвлэлээр нэг мэндчилэнгээ хэдэн үг хэлье гэж бодлоо. Боломжоо ашиглаж байгаа хэрэг шүү.
     Үнэ хямд үйлчилгээ сайтай юманд дургүй хүн байхгүй л дээ. Тэр тусмаа Ерөнхий сайд шиг баян хүн  “үнэтэй байна”  гэж толгой сэгсрэхийг бодвол юмны үнэ тэнгэрт хадсан  нь тодорхой.  Ингэж толгой сэгсэрч үнэ буулгахыг  захиад яваа  нь үнэндээ бол сайн зүйл. Сонсоход сайхан байсан. Тэр хэлсний дагуу үнэ буурч байна уу, үгэнд нь орж байна уу гээд сэтгүүлчийнхээ ажлыг хийнгээ хэдэн дэлгүүрийн үнэ судаллаа. Мэдээж таны хувийн дэлгүүр, баар,  рестораны үнэ энэ хугацаанд хэрхэн буурсныг бас сонирхож илүү үгэнд дурлаж үзлээ.   Бас зүгээргүй даалгавар өгсөн газруудаар чинь шагайлаа, Ерөнхий сайдынхаа үгийг авч байна уу  гэж. Тэд таны өгсөн даалгаврыг юман чинээ тоогоогүй байна лээ. Бүх зүйл бахь байдгаараа. Үнэ буурах нь байтугай нэмэгдчихсэн ч юм шиг санагдсан.  Зах дээр  ч, махны лангуун дээр очсон. Тэнд яваа иргэд яг тань шиг толгой сэгсрээд л “үнэтэй байна” гээд байсан.   Ерөнхий сайд  бизнес ухаантай  хүн болохоор дэмий ч нэг үнэ бууруулах тухай шоудаагүй биз. Улсын толгойд яваа ухаантнуудын нэг баримжаа тооцоотой л хэлээ байлгүй. Гэхдээ таны үгийг тэд сонсохгүй байна уу, та өөрөө үнэ бууруулж үлгэр жишээ үзүүлэхгүй болохоор ингээд байна уу гэдгийг л сэтгүүлч хүний хувь сурч үзсэн хэрэг шүү. Тэгээд баахан үнийн судалгаа хийтэл үр дүн нь хэлэхэд эвгүй л гарсан.  Таны мэдлийн дэлгүүр хоршоо, баар цэнгээний газар,  зочид буудлын үнэ айхтар хол үнэтэй юм. Тэгээд хүснэгтлээд жагсаалт гаргачихлаа. Ерөнхий сайдыгаа гүтгэх муухай байх гэж бодоод, жабгсаалтыг хавсаргав.  Хараад нэг юм бодно биз.    Муугаар хэлбэл эрхэм Ерөнхий сайд та бал бурам их ярих юм. Нөгөө цонхны цаанаас чихэр жимс, зайрмаг долоолгохын үлгэр болох вий.
Нэг мэдсэн үнэ судалж  явсан би бусдын лангууны дэргэд арай бага, таны хувийн  эзэмшлийн лангуу, дэлгүүрийн  үнийг  сонсоод  арай их толгой сэгсрээд байсан.  
  Ерөнхий сайд шиг  эрх мэдэлтэй байсан таны мэдлийн дэлгүүрт ороод үнээ буулга гэж загнамаар л байлаа.
Та мах зарж байгаа газар очоод үнээ бууруул гэлээ. Буурсангүй. Юун буурах өдөр бүр нэмэгдээд л. Хүнээсээ хэд дахин давсан малтай атлаа хүнсний гол хэрэглээ болсон махаа ийм өндөр үнээр авч байх ч гэж. Гэхдээ SKY төвийн мах үнэтэй байж байгаад саяхнаас хамгийн хямдаар зардаг болж. Учрыг лавлатал ….гэрээ байгуулаад хямд үнэтэйг нь энд зарж байгаа юм байна. Болж байна. Гэхдээ бүгдэд нь ийм боломж олгоод өөрийнхийгөө арын хаалгаар биш жинхэнээр нь бууруулсан үнэтэй мах зарсан бол бүр янзтай. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ бол бусдаас үнэтэй байна лээ.
      Ингээд  Ерөнхий сайд бусдыг уриалахаасаа урьтаад  өөрөө яагаад  эхэлж болохгүй гэж бодсоноо хэльчихье.     Ингэж бодоод өөрийнх нь бизнес болох SKY худалдааны төв, “Чингэс” зочид буудлын үнийг  бусад зах болон  дэлгүүрийн үнэтэй харьцуулж үзлээ. Хол зөрж байна.  Эрэгтэй  цамцыг ганзага үүрч үйлээ үзэж авчирсан  залуу доод үнэ нь таны мэдлийн дэлгүүрээс гурав дахин хямд зарж байх жишээний.  
Хувь хувьсгал хоёр тусдаа. Мэдээж та хувьсгалын ажил ихтэй учир хувийн бизнесээ дотны хэн нэгэндээ эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнд даатгасан нь тодорхой. Гэлээ ч нэр нь өөр боллоо гээд хувийг нь та хүртэж л таараа. Мөн ернхий сайдын  хувийн зочид буудалд төрийн томоохон айлчлал хийлгээд байдаг нь юув дээ.
Монголд өдрөөс өдөрт дэлхийн жишигтэй тансаг зэрэглэлийн таныхаас гоё сайхан тухлаг зочид буудлууд нэмэгдээд  байгаа. Гэтэл яагаад томоохон айлчлалаар ирсэн зочдын ихэнх нь  таныхад л  буух ёстой гэж. Нэг ёсондоо төрийн мөнгө таны хувийн юм руу л урсаад байгаа хэрэг шүү дээ.  
 Өөрийгөө биш Монголоо бодсон бол өнгөтэй өөдтэйг нь шилээд зарим буудалд буулгаад байж болноо доо.   Хамгийн сүүлд Хятадын Ерөнхий сайд Вэнь   Зябао айлчилж ирээд “Чингэс” зочид буудалд буугаад мордлоо.  Мэдээж очоод “Монголын Ерөнхий сайдын буудалд буугаад ирлээ” л гэсэн  байх.
  Хүний өөрийнх ялгаа юу байхав. Жирийн иргэдий дэлгүүр хоршоо үнээ буулгаад байж болно. Таных яахав. Адилхан л буурах ёстой биз дээ. Ямар  бусад нь буулгаад та ганцаараа үнэтэй байлгалтай нь биш. Тийм шударга бус юм байж болохгүй биз дээ. Тэрний оронд Ерөнхий сайд  өөрийнхөө мэдлийн дэлгүүр буудлынхаа үнийг бууруулчихвал бусад нь ч гэсэн барьцана даа. Тэгээд л иргэд  амар сайхан жаргахгүй юу. Ингэхээр Ерөнхий сайд минь эхлээд өрөөсөө л эхэлж үнийн хямдрал явуулмаар байна.