“Алтан Тариа”-г алж байнаа. Үнээ буулга гэж хэлээд байхад буулгахгүй маяглаад байхаар нь торгууль тавьлаа, тоохгүй болохоор нь хэвлэлээр нүдлээ. Саяхан гурилнаас нь мөнгөн ус “оллоо”. Одоо ингээд ганцаархнаа үнэтэй тэгээд мөнгөн усаар баяжуулсан гурилыг хэн л авав гэж. Ер нь их маяглах юм бол улс хувьчилсан шигээ буцаагаад авчихсан ч болохгүй гэх газаргүй, ийм шаардлага тавиад хэдэн хүн үүдэнд нь жагсаахад л их хурал дээр бэлэн төсөл нь ороод ирнэ. Ер нь ингээд Цэнгүүнээр сор залчихвал Mill House, Улаанбаатар гурил эднүүсийн эздийг төрийн өмнөөс том толгойлдоггүй болгоод хаячих нигуртай. Тэр цагт “Төр гэдэг чинь би” гээд л Людовик шиг сууж байхсан.

Яагаав тэр жил Сити такси үнээ нэмж урд түмнийг шулаад байхаар нь үнийн дээд хязгаар тогтоож байгаад нэг мөсөн дампууруулсан даа. Манай нөгөө хэн л эднийхийг дампууруулчуул би шинэ такси компани байгуулаад мөнгийг хүүлэх гээд байна гээд байсан. Гэснээс одоо хотод нэг ч таксигүй харагдахгүй байх чинь өнөөх маань бас... за тэр ч яахав одоо надад хамаагүй.
Одоо харин энэ гурилнуудыг тогтоосон үнээр тогтоосон газар зарах ажлыг л аятайхан зохион байгуулъя байз. Ер нь ганц гурил гэлтгүй бүх барааг агентуудаар дамжуулаад хуваарилдаг болох хэрэгтэй байгаам ш дээ, ард түмэн минь муусайн ченжүүдээс ангид үнээр бараа аваг хөөрхий. Ченж гээд хэдэн нөхдүүд хоолгүй боллоо гээд жагсаагаад эхлэх л байх. Заа тэр ч яамай төрийн төмөр нударгаар нам дарах хэрэгтэй. Угаасаа ч манай тойргийнхон биш. Агентуудаа сонгохдоо харин үндэсний аюулгүй байдлын үүднээс хаалттай тендер хийх хэрэгтэй. Далимд нь муу Должингийнхоо ТҮЦ-ийг босгоод ирье байз. Энийг зохицуулчуул... намайг багад манай нутагт агент Дамбий гэж байсым. Хүнс, бараа  ховор живэр болохоор хүмүүс байнга долигноно, хүүхдүүд нь чихэр өвөртөлж ирээд л бидэнд гайхуулдагсан. Дамбий, Людовик, дараа нь би л болох нь дээ, алтаар урс гэж.
Олз гэдэг хүлээтэй байхад л өвөрт ороод ирэх юм гэдэг шиг гурилын үнэ бууруулах санаачлага гаргасан биш улсын нэрээр гурилын үйлдвэртэй, хэнд хэдэн кг хүнс өгөхийг шийддэг болчих ч боломж байна. “Үнийг тогтооно гэдэг чинь хуваарилалтыг хийнэ гэсэн үг” гэж Хаек хэлсэн гээд Цэнгүүн донгосоод байсан бас үнэн байна шүү хөөе. Хаек гэдэг нь тэдний гадаад түнш юм байх даа. Энэ хогийн тэр их нарийн технологитой үйлдвэрийг улс аваад ажиллуулна ч гэж юу байхав, хэдэн жил талхиж байгаад дуудлагаар худалдчихна даа. Тэр хооронд харин гурил тасарчуул... за манайх ямар гурил идэх биш авгай, хүүхдүүд залхуураад гоймон л авдаг хойно.
    Авгай, хүүхэд гэснээс 9 сарын 1 боллоо. Цэцэрлэгт байгаа бага хүүхдээ бас том болохоор нь гадаадад улсын зардлаар сургачих юмсан. Дотооддоо бол асуудал алга л доо. Сургалын төлбөр нэмэхгүй гээд л барьчихаар энэ хэдэн сургууль нь сөхрөөд улсын ганц нэг үлдэнэ. Тэрэнд нь сурах хүн тоотой болоод ирэхээр хуучных шиг хуваарийг дээрээс олгодог, төлбөрийг нь төр даадаг болоод л явчихна. Гэхдээ улсын сургуулийн сургалтын чанар гэж авах юм байхгүй л байх доо, миний хойно техникум төгссөн шиг юм болно. Тийм болохоор гадаад л явуулъя. Нэгэнт Монголд сурч боловсорьё гэсэн залуучуудын эрэлт хэрэгцээг хангах сургууль байхгүй болсон учраас гадаадад улсын зардлаар цөөн тооны залуучуудыг томилолтоор сургадаг болъё гэхээр эсэргүүцэх их хурлын гишүүн ч гарахгүй биз дээ, бүгдээрээ л үр хүүхэдтэй улс хөөрхий.
    За даа ер нь улсыг удирдах ч амархан байна дөө. “Чи хар толгойгоо ч аваад явчихаж чадахгүй ухаангүй хог” гээд л ааваар загнуулдаг байснаа бодоход ч ажил гарт орж л байна. Одоо энэ тэнэгхэн арт түмнээ яаж нэг аятайхан амьдруулъя даа байз. Гай болохгүй л бол бид өөрсдөө амьдралаа аваад явчихна гээд эртүүд нэг оюутан баньд донгосч байгааг нь. 70 мянгаа аваад ганц гэдэс гарсын байж.
    За гарч хоол идье. Хэнийг шантаажилж дайлуулдын билээ хө. Наад сонин дээр чинь  юу гэнэв? “Аливаа асуудлыг шийдэх гэсэн төрийн оролдлого нь түүнээсээ дор асуудлыг үүсгэх болно” Мильтон Фрийдман. “Төр бол нэрээр нь хоол олж идэх гэсэн олиггүй амьтдын овоолго” Бастиа.
    Наад хоёр чинь нөгөө Mистер энд Мисс Смитэд тоголдог хоёр бил үү?

А.БАТПҮРЭВ