Дэлхий даяараа л арабын орнуудыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их боогдуулдаг хэмээн шүүмжилцгээдэг. Хар гивлүүрээр нүүрээ хаан ганцхан нүдээ л гарган явдаг, нөхрөөсөө өөр хүнд нүүр болон биеэ харуулдаггүй, ганц нөхрийн олон эхнэрийнх нь нэг болдог гээд л. Гэтэл үнэндээ тэр арабууд чинь эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр дээдлээд байгаа ч юм шиг. Хар гивлүүрийн цаана байгаа үл харагдах царайнуудыг сайхан муухайгаар гоочилж байгаа ч юм алга, нэгнийгээ сайхан муухай, хөгшин залуу эхнэртэйгээр нь доромжлох бололцоо ч алга, олон эхнэр авдаг болохоор нөхөрт гараагүй хүүхнүүд манайх шиг их ч биш байдаг биз ээ. Адилхан л хар гивлүүрийн цаана нуугдсан “тэгш эрхтэй” эмэгтэйчүүд! За бүүр айхтар хэтрүүлчихлээ, эмэгтэй хүнийг өмчилдөг, доорд үздэг энэ бурангуй ёс хэзээ нэгэн цагт нуран унах нь лав.
Түүх сөхвөл монгол эмэгтэйчүүдийг угаасаа аж төрөл, ахуй амьдралын нарийн ширийн зүйлдээ ойр, энэ байдлаараа гэр орны дотно гадна ажлаа зохицуулах үүргээ дагаад эрх нь өндөр гэх. Энэхүү өвөрмөц онцлогийг оросын судлаач Майский, манай түүхч Баабар нар бүтээлүүддээ анзааран бичсэн нь бий. Одоо ч гэсэн иймэрхүү байдал монголын нүүдэлчин малчдын амьдрал дунд мэр сэр байдаг л байх. Гэхдээ яг өнөөдрийн монголчуудын бодит амьдралд эмэгтэйчүүдийн маань үнэлэмж урьдынх шиг тийм өндөрт байж чадаж байгаа болов уу?
“Охид ариун бол төр ариун” гэж үг байх. Яахаараа мөрөөрөө явж байгаа монголын хэдэн охидын ариун болон бузар байхаас монголын төрийн ариун байх эсэх нь шийдэгддэг билээ?! Төр гэж монгол улсыг хэлсэн байх, яахав эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүлж улс үндэстний нөхөн үржихүйг үргэлжлүүлдэг гэдэг философи утгаар нь энэ үгэнд хамаатуулж болох юм. Харин “Төр ариун бол охид ариун” гэвэл одоо цагт ихэд таармаар санагдана. Гэхдээ төрийг бүхний буруутан болгохын үлгэрээр хандахыг хүсээгүйг болгооно уу.
Монголын нийгэмд газар авсан энэ их авилгал, хүчирхийлэл, эмх замбараагүй, бие биенээ үл хайрлах, үл хүндэтгэх, архидалт, янханчлалд ямар нэг шалтгаан байхгүй гэж үү, монгол хүн угийн ийм доорд заяатай гэж үү? Хамгийн том шалтгаан нь хүн амын ихэнх хэсэг үнэхээр ядуурч байгаад л байх шиг. Жилээс жилд монголын иргэд баян ба ядуу гэсэн хоёр туйл руу л явсаар байна. Жил ирэх бүр л манай улсын орлого нэмэгдэхийн хэрээр ядуучуудын тоо өсөх ийм сонин урвуу тогтолцоо бий болжээ. Гэвч энэ ядуурал хэмээх зовлонгийн хажуугаар хамгийн их гээгдэж байгаа нэг зүйл бол монголчуудын нэгнийгээ хайрлах, хамгаалах нь улам багассаар байгаа зүйл билээ.
Монголчууд бид л эх орондоо нэг нэгнийгээ үл хүндлэнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх байдалтай тэмцэж байгаа бидний зарим нэг хөгийн аргын талаар ярья л даа. Биеэ үнэлэгчдийг жилд хэд хэдэн удаа нийтээр нь баривчилж бүртгэдэг бололтой. Тэр үеэр л гэнэт ийм айхтар муухай юмыг анх удаагаа харсан мэтээр цагдаа нар аашилж тэднийг сандаргана. Уг нь энгийн үед тэд цагдаагийнх нь хамар доор тааваар биеэ үнэлцгээдэг юм. Хичнээн ядуу, адгийн муу хүнд ч халдаж болохгүй эрх бий. Тэр баривчилгааны үеэр нь манай хэдэн телевизүүд дагачихна, тэгээд л саун, буудалд байх баахан охидын шалдан нүцгэн бичлэгийг телевизээр сүржин сүржин тайлбартайгаар нэвтрүүлнэ. Заримдаа хүний нүүр нүдийг ч үл хаан зурагтаар яриулна, хүний эрхэнд бүдүүлгээр халдана.

Ер нь биеэ үнэлэгчид дургүй нь үнэн юм бол авдаг эрчүүд нь өөрсдөө авахаа л больчих, тэгвэл тэр биеэ үнэлэгчид чинь аяндаа зах зээлгүй болчих юм биш үү. Тэгэж яривал өөрөөсөө хөгшин, хэрэг болчимоор хүүхнүүдтэй явалддаг, тэгээд ажлаа бүтээдэг, тэрүүгээрээ эхнэрээ, үр хүүхдээ тэжээхэд нэмэрлэдэг эрчүүдийг биеэ үнэлэгчид гэж хэлэхэд яагаад болохгүй гэж, эсвэл “сайн эр” гээд магтах уу. Эрэгтэйчүүдэд маань ч буруу их байна, зүгээр мөрөөрөө байгаа эмэгтэйчүүдийг эхлээд өөрсдөө гуйдаг, зөвшөөрөхгүй бол өөдгүй муу үгээр дууддаг, зөвшөөрвөл дараа нь эмэгтэйчүүд өөрсдөө гуйгаад ирцгээсэн мэт олны дунд ярьж нэр хүндийг нь гутаана.
Хүний нийгэм гэдэг элдэв юмны л цуглуулга байдаг хойно амьдралд элдэвийн л зүйлс байх ажээ. Угаасаа биеэ үнэлэх сонирхолтой, магадгүй гэр бүлийн хүмүүжил, арчаагүй аав ээжийн хатгаасаар биеэ үнэлдэг хэсэг байна. Иймэрхүү цөөн тохиолдлыг угаасаа хориод ч дийлэхгүй байх. Харин тэдгээр охидын ихэнх хэсэг нь үнэхээр аргагүй байдлаас болоод биеэ үнэлж байгаа нь тэдний зугтааж, санаа зовсон, ичиж эмээсэн байдлаас нь харагддаг юм. Үнэхээр ээж аав нь ядуу ч хүн байна, идэх хоолоо яая гэж байгаа хүмүүс бусад асуудалдаа санаа тавьж чадах уу? Тэднийг ингэж явахаар шал арчаад ч болсон явах нь яагаа вэ гэнэ, гэтэл тэр шал арчаад олигтойхон хүн шиг амьдраад явчих ажлын байр тэгтлээ олон байж чадах бил үү манайд. Авлига авч байгаа хулгайчид өөрсдийгөө “бид ямар хүн алсан биш, хэн ч хохирохгүй” хэмээн хумслаад л байдаг, гэтэл тэр мөнгө нь цаанаа хичнээн ажлын байр бий болгох боломжийг алдаж, хичнээн хүний идэх талхыг булааж байгаагаа ойлгодог болов уу?
Манайхан гадныхантай гэрлэх явдал үнэхээр их болжээ. Эрэгтэйчүүд нь цөөн, эмэгтэйчүүд нь их ч байдаг л биз, эрчүүд нь арчаагүй ч байдаг л биз. Шүлэг яруу найрагтаа ч монголоороо байна, монгол цус минь энэ тэр гээд тунхаглана, хамгийн гачлантай нь монгол ёс заншил, соёлоо дээдлэгч хүмүүсийн охид бүүр их гадныхантай суухыг нь яана. Америк, япон, герман хүргэд хүчтэй бололтой, тэднээр бахархана, харин хятад хүргэнээ чимээгүйхэн нууна. Хятадууд монголын урд хил хавиар бэлчиж байна л гэнэ, монгол авгай авчихсан мал маллаж байна л гэнэ. Ингэхэд тэр хятадууд өөрсдөө ороод ирсэн юм уу, үгүй ээ бид өөрсдөө л оруулсан. Монгол хүүхнүүд солонгосуудтай их сууж байна, солонгост очоод хүнд хэцүү амьдарч байна л гэнэ. Тэд манай хүүхнүүдийг өөрсдөө тэгэж их сонирхоод байна уу, үгүй ээ монголчууд нь монголчуудыгаа зуучилж тийшээ “экспортолж” байгаа.
Энэтхэг гээд л өчнөөн олон нийгмийн анги давхраатай, аль давхраанд хүн болж төрсөн байна, тэр л байрандаа байсаар насыг элээх тавилантай зарим гадны улс орнуудтай харьцуулахад хог түүж ядарсан ч бай, яаж ч явлаа гэсэн монгол хүний нүдийг харахад өөрийн энэ байдалдаа эвлэрээгүй, итгэлээ алдаагүй, болно доо, босно доо гэсэн гал нь бөхөөгүй харагддаг.  Цучил нэмэхгүй бол бөхчихөж магадгүй энэ галыг дүрэлзүүлэх л хэрэгтэй байна даа.

Д.Боролзой