-фельетон-

Шахрезада хатан лесби  болсноос хойш санаа сэтгэлээр унаж, үнэн шудрага ёсонд  ер итгэхээ больсон Шахрейр хаан  эмс охидыг харахаараа  пенис нь хорсдог  болоод энд тэндхийн  худлаа ярьдаг эрэгтэйчүүлийг  сонирхон цуглуулах болов.  Нэгэнт үнэн юм алгаас хойш  сайхан худлаа  хэлдэг хүмүүсийг таалах болсон тэрээр  нэртэй хүмүүс, ялангуяа ард олныг  унатал тустал  хуурч чадсан элдэв түүхийг их л амтархан сонсох ба  шөнө дунд заримдаа тэдний ярьсан зүйлс гэнэт үнэн юм шиг санагдан нойрыг нь хулжаахад  мөнөөх  этгээдийг дуудаж ирүүлэн  шийтгэнэ. Алдарт Харун Ал  Рашидийн үеийнхээс  өөрчлөгдсөн юм гэвэл  тэдгээр  муухан худалч нарын  толгойг авахыг оронд хоёрын зэрэг жижгэвтэр, энхрийхэн,  бөөрөнхий юмыг нь тасдаад явуулах болов. Түүнийгээ нэгэнт лесби болсон  хайртай хатныхаа төлөө хийж байгаа жендер маягийн зүйл гэж тайлбарлана. Ийнхүү явсаар  худлаа ярьдаг ч хүнгүй, жендерлүүлээгүй  эр хүнч үгүй болов. Гэтэл Шахриер хаан орой болгон худалч нэхсээр байдаг. Хамгийн сүүлд эзэн хаан шадар референтээ дуудаад   "Маргааш орой гэхэд сайн худалч олж ирэхгүй бол өөрийн чинь хоёр бөндгөрийг авна" хэмээн рэкетлэв. Дөнгөж саяхан гэрлэсэн боловч эхнэр нь хөл хөнгөн хэвээр байгаа залуу референт оройхон гэртээ харихдаа Колонойд Ко лимитэдийн (1) колонацийн мэргэжилтэнг дагуулан уйлж унжисаар  очив. Тэр нь урьд өмнө үйлчлүүлэгчдээ өөрийнхээ эсээр хүүхэд хийж өгөөд баригдсныг эс тооцвол  үнэнч шударга мэргэжилтэн байлаа.  Ухаалаг хатан нь нөхрийнхээ уй гашууг сонсоод, Эрээнд хийлгэсэн элдэв хуурамч гутал дээр Итали шошго нааж худалдан  сүрхий хөлжисөн боловч хуурамч шошго хийгчдийн бүтэн хороо засгийн эрхэнд гарснаас  үүдэн зах зээлээ алдаж арга буюу  дампуурсан  Маруф гэгч л тус болж мэднэ. Нэг бүдрэхэд долоо бүдрэнэ гэгчээр  мөнөөх Эрээн хотод нь жинхэнэ гутал хийж эхэлсэн тул  тэндээ орогнох газаргүй болсон Маруф саяхан энд ирээд байгаа гэсэн. Харин  колонаци энээ тэрээ дээ  тулбал  өөрийгээ   ксероксдуулсан минь дээр гэжээ.    

 Сурсан юмыг сураар боодоггүй тул   бүтэн контейнер жинхэнэ Итали гутлыг  ханз татан хуурамч түрий залгаад , жинхэнэ ориг ярлык байсаар байтал гараар хийсэн болхи шошгоо наан борлуулж суугаа  Маруф эзэн хааны референтийн яриаг анхааралтай сонсоод "Өөрт нь байгаа хоёр контейнер оригнал Итали гутлыг  нэг чингэлэг хуурамч гутлаар сольж өгөх юм бол тусалж чадна" гэжээ.  Үүнд баярласан референт хэлснийг нь гүйцээхээр барахгүй, нэмэрт нь өөрийн орондоо амьдрах жинхэнэ эрхийн бичгийг нь  хүртэл хуурамчаар сольж өгч чадна гэдгээ хэлжээ.

    Маргааш нь Шахриер хааны өмнө мэндийнх нь хариуд  "Ни хао, ни чего" хэмээн  хариулж зогсоо махлаг шар  хархүү бол  даян дэлхийд коммунизм байгуулах Пхеньяны тунхаглал, манай гариг дээр коммунизмыг устгах  Нью Йоркийн деклераци хоёрт зэрэг гарын үсэг зурсан дуулиан нь Багдадыг довтлох чимээнээр домбондоо орж нуугдсан   бирид Жинн-д хүртэл дуулдсан Энхбаяр сайд  гэгч (2) байлаа.  Тэрээр саяхан  Саддамын дэглэмд эрүүл энхийг ерөөсөн  Малайзын ерөнхийлөгч Махатирын  илгээлтэнд мутраа зураад, үдээс хойш нь АНУ-тай хавсран Багдадад дайн зарлаж алдараа бататгасан нэгэн байсан тул Шахриер хааны сэтгэл хөдөлж, хорсдог газар нь  хүртэл загатнах шиг болов.   Мөн түүнийг  гадаадын олон үг, хэл мэднэ хэмээн танилцуулгад нь бичсэн боловч  гадаадын нэг хэлний олон үг мэддэг юмуу, эсвэл гадаадын олон хэлнээс нэг нэг үг мэддэг ч юм уу  гэдгийг  хэн нь ч тодоруулсангүй.  

 

Энхбаяр орой хаантны унтлагын өрөөнд ороод, туурган дээрхи эртний мэргэдийн сургааль бичгийг заан

-Миний ар талд худлаа бүү хэл үнэн бичиг байхад би худлаа бүү хэл үнэн юм ч ярьж чаддаггүй. Сая "член"  Гүндалай (3)  дээр миний ар талд лоозон барьж зогсоод УИХ-ын нээлт дээр үг хэлүүлээгүй шүү хэмээн өчив. Ингээд түүний арын хананд байсан  

                             "Арабын их цөлд

                             Уд модны дор

                             Араб  зүтгэлтний сэтгэлд

Хуурамч хөтөлбөр заяажээ" хэмээсэн эртний сонгодог яруу найргийн мөрийг арилгуулав.

 Эхний шөнө  даян дэлхийд социализм байгуулна хэмээн жаран жил хуурсан түүхийг  ярьсанд  хаан ихэд таашааж "Наадах чинь үнэхээр ёстой сайхан худал зүйл байна" гээд  маск зүүж, мэс заслын хутга агссан алуурчиндаа хандаж "Өнөө шөнө  хирург хийхгүй юм шиг байна. Гэхдээ маргааш бүх багажаа аанай л ариутгаад ирээрэй"  хэмээн захив.  Энхбаяр ч үүнд урамшин  "Маргааш танд  мөн манай засгийн газрын Марубени корпорацид гаргаж өгсөн хуурамч  баталгааны тухай үүнээс ч илүү сонин, илүү хуурамч явдлыг  ярьж өгсүгэй" гэсэнд хаан баясан зөвшөөрлөө.  Ийнхүү  цалин, тэтгэврийг хэрхэн хорогдуулах нэрээр нэмсэн,   татварыг яасхийж бууруулах замаар өсгөсөн,  аж байдлыг ямар замаар доройтуулан сайжруулсан, дээд сургуулийг хэрхэн үнэгүй болгох замаар төлбөрийг нь нэмсэн  зэрэг  гайхамшигт мэхлэлтийг бишрэн сонссоор хоног, өдөр улирахыг Шахриер хаан анзаарсангүй.  Ялангуяа хүн амины хэрэгт холбоотой Зоригийг (4) хэрхэн илрүүлсэн, 500 саяын авилга өгөх гэсэн зэрэг явдлууд хаантанд онцгой таалагдаж  шашдар түүхнээ хуурамч үсгээр бичүүлэн үлдээжээ. Хааны яргачин ч ажлаа алдаж , зэвэнд идэгдсэн хирургийн хутгаараа Энхбаярын засгийн газрын нэг гишүүн "Борнуурын төмс" хэмээн  Эмиратын төсөвт шахсан эрээний хуурамч төмсийг  арилгаж суух болжээ. Тэрээр урьд хүнээс чухам юуг нь тасдаж хаядаг байснаа бүүр түүрхэн санаж ядна.  Заримдаа зүгээр л   байгалийн төмс хөшиглөсөөр насыг элээсэн  юм шиг санагдана. Нэг үгээр хэлэхэд "Насанжаргалын (5 )төмсийг аваад ир" гэхэд Сэлэнгийн  Ингэттолгойн төмс  аваад ирэхээр болчихож.