-фельетон-

Нэг үеэ бодвол манайхан ардчилал, зах зээлд зүг чигээ олоод байх болж. Баруун аймгуудад барууны чиглэлтэй ардчилал, зүүн аймгуудад зүүний баримжаатай ардчилал тус тус хөгжүүлэхээр чуулга уулзалт хийж  тэр нь зурагтаар гарч байх юм. Харин төвийн ба өмнө зүгийг нутгуудад сонголт хийхэд бэрх байгаа гэнэ. Ямар ч байсан Засгийн газар Өмнөговийн элсэнд очиж хуралдсан нь говийн цаг агаарт ямар ардчилал таарахыг тандсан, цаагуураа их учиртай хэрэг юмсанж.
 МАХН-ын генсек ( намуудын боловсон хүчин хийдэг даргыг нэрлэх генсек гэдэг үг нь genitalius sexium  гэсэн латин хэллэгийн товчлол гэх. Зөв бичих дүрмийн үүднээс бол генсекс гэж бичих нигууртай  хэмээх.) Хүрэлсүх  гуай шинээр баригдах намын байраа танилцуулж байхыг зурагтаар харав.   Подвоолд нь  битүү ресторан, нэгдүгээр давхарт нэгдүгээр зэргийн ресторан, хоёрдугаар давхарт нь хоёрдугаар зэргийн ресторон, гурав, дөрөв, тав зургаа, долдугаар давхарт, ер нь бүх давхарт уруудах зэрэглэлийн ресторан, дээвэрт нь задгай ресторан орно гэнэ. Нам нь хаанаа орох юм бүү мэд? Ямарч байсан учиргүй  их иддэг газар л нээгдэх нь. Бас нээлтэд нь  бүх сэтгүүлчдийг  урьж нэг удаа үнэгүй идүүлэх юм байна. Тэрнээс хойш бол зөвхөн өөрснөө идэх ажгуу.
Эх сурвалжуудын хэлж буйгаар байрны дотор талд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтний нэг Дүгэрсүрэнгийн Сүх-Эрдэнийн өвөөгийн өндрөөрөө наян чий, өргөөшөө далан чий  хэмжээтэй баримлыг  ресторанд орж юухан хээхэн идчихээд явж буйгаар үйлдэх гэнэ. Уг нь Элбэгдоржийн өвөөгийн баримлыг ирж буйгаар хийх гэснээ больчихжээ. Сүх-Эрдэнийн өвөөгийн гарт ташуур хэлбэрийн USB плаш бариулан хийх ба дотор нь хэд хэдэн нууц файль хадгалах ажээ.
Өөр нэг эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэж байна. Тэд уул нь Сүх –Эрдэнийн Сүхбаатарын хөшөөг хийнэ гэж ярих нь ярьсан. Гэхдээ явцын дунд хөшөөний паспорт солигдож одоогийн ерөнхий сайд Сү.Батболдын аав Сүхбаатарынхыг  болсон гэж байна.
Тэр хавь газар болбоос хүүхнүүдийг ашиглан шамшигдуулах, улмаар эмэгтэй нарыг гадаадад  аваачиж цагаан сараар энд тэндээс авсан бэлгийг нь булаах зэргээр бэлгийн мөлжлөгт өртүүлж байгаа  талаараа их л цуутай билээ. Энэ талаар асуухад “үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ  “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг”, “манайхан ямар ч донсолгоогүй хийдэг”  гэхчлэн хариулсан нь хэвлэлд гарчээ.
АН-ын генсек(с) Эрдэнэбатын хэлж байгаагаар бол намын байрандаа МАХН-ын хэний ч өвөөгийн дүрийг барихгүй. Угаасаа Сүх-Эрдэнийн өвөөгийн  морьтой хөшөө өөдөөс нь хараад бэлэн байгаа аж.  АН байрандаа гуанз нээхгүй.  Хоолыг бол МАХН-ын байрнаас идчихнэ гэж тооцоолсон байна. Нарийн яривал энэ хоёр нам эвссэн учраас МАХН-ын байран дээр хоолоо идээд, АН-ын байранд ундаа уух боломжтой аж.
Сониноос хоёр намын байр доогуураа холбоотой гэнэ. Ардуудын яриагаар бол нэгнийх нь муу усны нүхэнд унасан холбоотой хоёр бяруу нөгөөгийнх нь муу усны нүхээр гараад ирсэн домогтой аж. Одоо бол ямар нэг хөдөлгөөнийхэн ирээд МАХН-ын байрыг шатаалаа гэхээд шалан доогуураа яваад АН-ын байранд ажиллачихна. АН-ын байрыг шатаалаа гэхэд газар доогуур яваад МАХН-аас байрнаас ажлаа явуулчихна гэдгийг бодолцсон байна.
Одоо баригдаж буй  Их хоолны ордны өмнөхөн нэг хөшөө байдаг аа. Нэг хуруугаа билүү, бүх хуруугаа ч билүү урагш нь босгочихсон халзан ах. Тэрийг чинь  Эрээн, Макао руу хүүхэн гаргаж байгаад анх таслагдсан  нөхрийн хөшөө гээд байсан нь худлаа гэнэ. Хүн амьтанд яриад явуузай, МАХН-ын анхны  боловсон хүчин  юм гэдэг шүү.
Ер нь намууд байр их барьж байна аа. Байр  барьчихсан байхад нам олддог гэж байна шүү.