-нэг сэдэвт фельетон-

Зөвхөн бензиний үнэ өсөөд ч байгаа юм биш. Мал их өслөө. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо чамгүй өсч байгаад  олзуурхсан манай хүүхнүүд “гэрээ засчихсан тул төрөө засна” гэж үзжээ.  Ингээд төр толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэмэхээр мориндоо морджээ. Гэвч  Их хуралд очоод хэлцүүлсэн чинь тэнд байгаа эрчүүд нь өөрсдийнхээ тоо толгойг зүй бусаар хорогдуулах шаардлагаггүй гэж үзсэн юм байх.  Ямаа хүртэл өсөөд байхад өөрсдийгээ хорогдуулъя гэж хэнч бодох билээ. Ингээд “өсөлт нэхсэн хүүхнүүд”-ийн ярьж байгаагаар  “Манай орон Америк, Япон, Англи гурвын нэгэн адил шараа болж байгаа” юм байх. Энэ орнуудын парламентын бүрэлдүүний 7-10 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг нь манайтай ойролцоо гэх. Африктай  хамтдаа ичдэгээ байчихаад Америктай зэрэгцэн ичдэг болсон нь ичилтийн  салбарт олж байгаа чамгүй амжилт гэлтэй.  

Манай эмэгтэйчүүдийн зориг мохсонгүй.  Бусад салбарт өөрийн гэсэн байр суурийг тэгшитгэхээр, эрчүүдтэй тэнцүү төрснөө бататгахаар санаа шулууджээ.

Ингээд үндэсний их баяр наадмын бөхчүүдийн 40 –өөс доошгүй хувьд эмэгтэйчүүдийг барилдуулах шаардлагыг Үндэсний бөхийн холбоонд гаргасан байна. Мэдээж олон давсан, үзүүр түрүүнд үлдсэн эмэгтэй бөхөд эмэгчин амьтны нэрийг цол болгон өгөх асуудал хөндөгджээ. Жишээлэхэд “Улсын эмэгчин арслан”, “Аймгийн охин начин” гэх мэтээр.

Зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй, ерөөсөө нийт эмэгчин амьтны зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь манай хүүхнүүдийн бас нэг үйлс болж байна. Иймээс улсын баяр наадмын морин уралдааныг ч өөрчлөх шаардлага гарсан гэж тэд үзжээ. Ингээд уралдах морьдын тэн хагасаас доошгүйг гүү буюу эм хүйсийн хурдан хөлгүүд эзлэх учиртай хэмээн мэтгэж байгаа ажээ. Түүнчлэн Азарганы уралдаантай зэрэгцүүлэн гүүний уралдаан зохиохын чухлыг тэд бас сануулах ажээ.

Зөвхөн эрэгтэйчүүдийг цэрэгт татаж байгаа нь “хүүхнүүдийг  эх орноо хамгаалах чадваргүй мэтээр” доош нь хийсан явдал гэж үзэх тэмцэгч ч бас байна.

Хамгийн ноцтой нэг асуудал бол төрийн ёслолтой холбогдон гарч байна. Төрийн тэргүүн Хэнтий хан,  Алтан овоо зэргийг тахихдаа дээр нь эмэгтэйчүүдийг дагуулж гарахгүй байгаа нь тэднийг муухай гомдоожээ. Төрийн тэргүүн энэ алхамаараа хүүхнүүдийг илт ялгаварлах үзлийг сурталчилж байна хэмээн эмэгтэйчүүдийн төрийн бус, ашгийн бус, ашигтай бус олон байгууллага үзэж байгаа юм гэнэ.

Хүүхнүүдийн тэмцлийн фронт хүрээгээ тэлсээр.  Камасутрад байгаа бүсгүйчүүдийг илт  хохироосон гуч гаруй заалтыг шинэчлэн найруулахаар Энэтхэгийн  парламент руу  заалджээ. Учир нь юуны салбарт эмэгтэйчүүдийн  өөрт ашигтай байрлал эзэмших эрхийг ноцтой зөрчсөн уг бүтээлийн зохиогч Кока (  Кола биш шүү???) Бандид гэгч нь энэтхэгийн иргэн юм билээ.

Зарим зоримог хуульч эмэгтэйчүүд “Бүтээгч эзний” эрхийг түр түдгэлзүүлэн “хүний эрхтний агуулахад нь шалгалт оруулах, эрхтэн хуваарилтын явцад  эрчүүдээс авилга авсан эсэхийг шалгаж тодруулах” хүсэлт гаргах гэж байгаа юм байна.  “Гэж байгаа” гэдэг нь ийм учиртай.  Бүтээгч эзний талаархи өргөдлийг хэнд гаргах нигууртайг мэдэх хүн гарахаа байсан юм байх.

Муу хүн борооноор гэгчээр манай руу хүний эрхтэн шилжүүлэн суулгах бизнес эрхлэдэг гадаадын этгүүдүүд олноороо ирж байна. “Яах гэж ирээ вэ” гэсэн асуултад тэд “Танай хүүхнүүд чинь эрчүүлтэйгээ адилхан болохыг шаарддаг гээ биз дээ” хэмээсэн нэгэн хэвийн хариултыг өгч байна.  “Ажиллагаагүй эрхтэн нийлүүлж иргэдийг хохироохоос сэргийлэх нь манай зорилт боллоо” хэмээн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын ажилтан мэдэгджээ.