Цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хэр баргийн юмнаас айна жижигэрнэ, хулчийна гэж байхгүй дээ. Ямар дийлэхгүйн зовлон байх юм биш. Их аварга маань авлигатай тэмцэх газрын даргаас  нэг л жийрхээд халгаад барьж авч чадахгүй зугтаагаад байна. Яасан юм бол доо зайлуул гэж өрөвдөх хүн олон ч аварга тэгж байгаад тонгороод орхино гэж зөвтгөх хүн түүнээс олон. Монголд хууль хэрэгжихгүй,  биелэхгүй,  хуулиас хэн ч айхгүй зөрчөөд байдаг болохоор нь ард түмэн айж, хүндэтгэж яваг гээд их аваргыгаа Их хурлын хууль үйлдвэрлэх, сахиулах хамгийн том даргаар тавьсан юм билээ. МАХН-ын энэ бодлогыг би л хувьдаа зөв мэргэн шийдвэр гэж боддог. МАХН-д ямар буруу мэргэнгүй шийдвэр гэж байх биш. Хууль зөрчсөн авлигатай тэмцэх газрын даргыг  солих гээд энэ зунжингаа ноцолдлоо. Ерөнхийлөгч, улсын ерөнхий прокурор, их хурлын холбогдох томчууд сонин хэвлэлүүд ер нь бүх ард түмнээрээ үзэж тарав. Бардаггүй ээ. Өнгөрсөн жилүүдэд   нэг муу агентлагийн дарга байтугай УИХ-ын гишүүдийг ч хууль зөрчсөн гэж прокуророос бичиг ирсэн бол "УИХ-ын гишүүд нэгнийхээ мууд дуртай" болохоор тэр дор нь хуулийн хороогоо хуралдуулж бажигдуулж гардаг байлаа шүү дээ. Гэтэл энэ Сангирагчааг болохоор 14 хоногийн дотор хуралдаж нэг тийш нь болгох хуультай байтал юун хуулийн өдөр судар бүгд л Сангирагчаагийн асуудлаас бултаад явах нь хар төрүүлэм. Хамгийн суулд бүгдийг дийлнэ гэж горьдож  хуулийн хорооны даргын албан тушаалд тавьсан их аварга маань хүртэл авлигатай тэмцдэггүй газрын даргын асуудлыг хэлэлцэх болохоор тойрогтой ажиллана гээд тойроод гүйчихсэн байх юм. Сөрөг хүчний байж магадгүй гишүүд хүртэл хөгөө чирэв. Р.Амаржаргалыг тусгай хяналтын дэд хорооны хурал дээр суугаад гарч ирэхэд нь манай сурвалжлагч Сангирагчаагийн асуудлыг яаж шийдсэн, өнөө хуулийн хугацаа нь өнгөрлөө гэхэд "Би тэр хуралд суугаагүй хуралдсан юм уу гээд бултах нь тэр. Эрхэм гишүүд Сангирагчаагийн асуудлаас айгаад зугтаагаад, хайрлаад хамгаалаад байгаагийн цаана миний мэдхээр Сангирагчаагийн сейфэнд мань нөхдүүдээс хоёр ч хулгайч гишүүний авлигын хэрэг  гэрчтэйгээ хулгайлсан мөнгөний тоо хэмжээтэйгээ байгаа юм. Сангирагчааг дөнгөж дарга болоод нэг жил болж байтал дүүргийн дарга нар төрийн мөнгө хусаад болдоггүй. Баримттай захидал сонинд маань ирлээ. Сангирагчааг шалгаж өгнө, мань хулгайчууд шоронд орно улсын мөнгө хэмнэгдэнэ  гэж горьдоод баримттай нь өргөдөл бичээд өгчихлөө. Гэтэл тэр хулгайчууд юун шалгуулах эрхэм гишүүн болоод арилдаг байгаа. Тэр үеийн Ерөнхийлөгч хүртэл сайн мэдэж байгаа. Энэ өнцгөөс нь харвал Сангирагчаа аваргаас ч айхгүй гишүүдээс ч айхгүй байгаа нь эмзэг газраас нь энэ мэтээр  атгаад авсан юм шигээ. Лав л тэр хоёр гишүүн мань эрийг хамгаалахгүй бол нөгөө баримтыг чинь цухуйлгаад цуг явнаа хөө гэхийгээ хашир хурандаа мэдэлгүй яахав. Харин хуулийн хорооны дарга их аварга тойроод дэвээд байдаг нь ямар учиртай юм болоо. Эрдэнэтээс аваргын тухай эвгүй, мөнгөний тоотой мэдээлэл ирж л байна. Бас бус.... Ямарч л гэсэн авлигатай тэмцэх газрын даргаас аварга хүртэл айгаад байгаагийн ард учир их байна. УИХ-ын завсарлах зугаалах хугацаа дуусч байна. Ямар Сангирагчаагийн асуудал орж ирнэ гээд байнгын ажиллагаатай парламент цуглахаа байлтай биш. Их хурлаас ч хуулиас ч,  тэр байтугай их аваргаас хүртэл айхгүй Сангирагчааг ёстой мундаг хүчтэй хурандаа гэхээс өөр юу гэхэв. Тойрч гүйж байгаад аварга нэг тонгорно байх. Сангирагчаа нь эвгүй газраас барьсан бол дийлэхгүй ч байж магадгүй. За бүү мэд дээ.