Энэ өгүүлийг долоон жил хагасын өмнө бичжээ. Ач холбогдол нь алдагдах байтугай улам их болсон нь харагдана. Тэр үеийн Монголын улс төрийн намууд одоог бодоход хавьгүй “баруун” байжээ. Яагаад гэвэл тэгэхэд мөнгө муутай байсан учраас хий л амалдаг байв. Өнөөдөр Монголын эдийн засаг тэр үетэй харьцуулахад 3-4 дахин өссөн ба улсын нэгдсэн төсвийн хэмжээ бараг л 10 дахин нэмэгдсэн. Улаанбаатар хотын төсөв 8 сая доллароор яригддаг байсан бол одоо зөвхөн Баянзүрх дүүрэг энэ жил хариуцсан газартаа 15 тэрбум төгрөг цацлаа гэж хөөрөлхөн Академийн дэргэд байдаг “гурван ялааны баримал” руу гэрэл тусгаснаа гайхуулна. Баянгол дүүрэг хичнээн ч их мөнгөөр юм бүү мэд хиймэл зүлэг гудамжаар гудас болгон дэвсгээд ичихгүй цаасан цэцэг шонгийн модноос өлгөчихсөн гайхуулаад сууж байх юм. Уул уурхайгаас улам их мөнгө олно, тэр болгон улсын төсвөөр дамжин ингэж “ард түмнийг дэмжих нэрээр” хий үрэгдэгнэ. Хүн толгойтой болгонд архины мөнгө тараалаа. Амлалтаа биелүүлж байгаа нь тэр. Өөрсдийгөө баруун зүүн, дээд, доод, төв гол гэх мэтээр янз бүрийн зүг зовхисоор нэрлэх Монголын ультра зүүн намууд (Үүнд Монголын бүртгэлтэй болон бүртгэлгүй намууд бүгд багдана) биентэйгээ өрсөлдөн улам зүүн тийшээ хурдлана. Уул нь энэ бол нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогын чиг баримжааг хэлдэг болохоос толгой холбоход зориулсан гоё үг биш л дээ. 

Чөрийсөн нэгнийг “энэ амьтны амь нь хаанаа байгаа юм бол гэмээр” гэж зүйрлэж ярьдаг. Зарим нэгний ярьж бичиж байгааг харахад “зайлуул энэ амьтны бор тархи нь байдаг л байгаа даа, бурхан минь” гэж бодогдмоор. Эрдэнэбатын нам, Ардчилсан намтай эвсэлдэж байгааг их хурлын гишүүн гэх нэг зайлуул амийтан өөртэйгээ таарсан нэг шар сонинд тайлбар хэлж бичүүлжээ. Эрдэнэбатын нам зүүнийх гэнэ, Ардчилсан нам барууных гэнэ. Баруун, зүүн хоёр нийлээд баларч сүйрч байгаа гэнэ. Бараг л морь, туулай хоёр эвцэлдэхээр юу яаж  байгаа юм байх. Урьд нь социал демократ нам барууны намтай эвцэлдэж завхайраад Социнтернээсээ хөөгдсөн гэнэ. Хамаг залуу, идэр насаа дотор нь манаргаж хүн матаж, гүтгэж өнгөрөөсөн өөрийнх нь МАХН-ы машин зүүний магнайд ганцаар шовойн хоцорч байгаа гэнэ.

    Нэг нь ярьж, нөгөө нь сонсож, гурав дахь нь үнэмшиж... хоорондоо таарч л байвал яахав дээ. Нэгэнтээ л мань субъект хүний дансанд байгаа болохоор юу донгосох нь “хүний эрх”. Гурван жилийн өмнө сонгуулийн үеэр Дорноговийн Хөвсгөл толгойгоосоо Улаанбаатарт сонсогдтол “Манай нам бид хоёр газраа яасан ч хувьчлуулахгүй”, “Социал демократ нам бүүр цаад дэлхийн байгууллагаасаа хөөгдсөн шүү дээ” гээд л гуагачаад явсан этгээд дээ. Энэ хоёроос илүү юм өөрийнх нь ярианы багтаамжийн бүүр цаад аппаратанд нь багтаагүй бололтой.

    Монголд зүүний, хэт зүүний, дэндүү зүүний, арай дээ гэмээр зүүний, ультра зүүний, тултал нь зүүний намууд л бий. Улс төр судлалын үүднээс бол үүнээс өөр нь огт үгүй. Үүнийг сонгуулийн уриа лоозонгоос авахуулаад хууль тогтоох байгууллагын “тууриваж” байгаа хуулиудаас дурайтал харж болно. Ганц ярьдаг юм нь хуваарилалт. Хуваах юмгүй байж л  шудрага хуваарилах тухай ярина. 2000 оны сонгуулиар энэ ядуу оронд улс төрийн тав зургаан нам нийлбэр дүнгээрээ 7-9 тэрбум долларын зүйл хуваарилах тухай амалсан гээд бод доо. Хагасыг нь хүнээс гуйранчилж олж ирээд ирээд 400 сая доллар цуглуулж чаддаггүй орон шүү дээ. Орчин үеийн манай гаригийн аль л бүдүүлэг хоцрогдсон цэг болгонд өрнөдөг халуухан яриа, маргааны үндсэн гол сэдэв. Бүтээгээгүй баялагаа шудрага сайхан хуваах талаар улс төрийн намууд нь маргалдан хэн нь илүү сайхан тэгш хуваах талаар уралдан цэцэрхэнэ, өрсөж амлана. Ардчилсан тогтоцын аль л сүүдэртэй сөрөг үзэгдэл нь хоцрогдсон бүдүүлэг газар дагнасан хэлбэрээр ардчиллыг төлөөлнө. 

    Ярьсан шигээ сайхан шудрага хуваарилчиж байна уу гэхээр үгүй. Хоцрогдсонынхоо хэрээр хомхой. Баялаг бүтээж чадахгүй мөртөө байгаа жаахныгаа нүд хальтрам муухай аргаар, голдуу төрийн нэрээр авилгадаж шамшигдуулна. Нийгэм нь жил ирэх тутам ой гутам ялзарч, ядуу орнуудын уралдаж улам ядуурах тэмцээнд орж буй мэт яаран хойшоогоо тэмүүлцгээнэ. Одоо Монголд Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ноогдох байдлаар 1999 онтой харьцуулахад 50 мянган төгрөгөөр доошилчихоод байна. Үр дүн ердөө л энэ. Хүн толгойтой бүр нь ийм тоогоор ядуурч дээ. Хэт зүүний намуудын уралдааны төлбөр энэ.

    Саяхан Ардчилсан нам өөрийн үзэл баримтлалыг тунхаглан баталлаа.  Албан бичиг дээрээ “баруун төв рүү” л гэж байгаа юм. Болтугай болтугай, үнэмшихийг хичээе, гэхдээ л юу л бол. Баруун үзэлтэй болж баялаг бүтээхээ байг гэхэд зүүн төв рүү тэмүүлж, ядахнаа эхлээд баялаг бүтээгээд дараa нь түүнээ хуваарилах тухай баримтлал гаргаж ирнэ гэдэг Монголдоо л суу билэг! Ингэж үнэгүй болгоно, тэгэж хөнгөлнө, өвөлжөөний чинь үүд хүртэл мянган зам татна, өндөр хүчдэлээр биеийг чинь орооно гэж сонгуулиар өрсөлдөж амлахгүй, харин баялаг бүтээгчдийг дарамтлахгүй байж байгаад овоо мөнгөтэй болоод ирэхээр нь  татвараар хагасыг нь хурааж аваад та нартаа тараана гэж ярих нь байна шүү дээ. Энэ бол урьдынхыг бодвол хавьгүй эрүүл ухаан, манайдаа л гайхамшиг гэж болохуйц дэвшил. Ядахнаа өөрснийгөө баруун маруун гэж зарлаад, хэт туйлширсан биш зүүнтэн байхад л “Манай сумандаа л Маркс” гэгч болох учиртай.

    Үнэгүй юм цохиодохъё гэсэн хүний хомхой санаан дээр биш, баялаг өөрөө бүтээж чаддаггүй юм гэхэд бусдын бүтээх бололцоог хаахгүй байя гэсэн эрүүл ухаанд түшиглэж ажиллана гэсэн үг. Уул нь МАХН ч гэсэн улс төрийн байтугай байгалийн баруун зүүнээ ялгахгүй амьтасд хөтлөгдөж явахаар бас жаахан баруун тийш буурь сэлгээд эрүүл саруул платформ дээр эвсчихмээр юм. 
  
2003-05-21