Яруу найрагч Р.Чойномын

Цэрэг эрс минь

Цэмбэн дээлтэй  сумнууд минь
гэсэн шүлгийн мөрүүд бий. Сум мэт шунгинах эрчтэй хүчтэй цэрэг эрсээ алдаршуулан дуулах гэсэн бахар­хал үе, үеийн халуун сэтгэлтэй найрагчдад байсаар ирсэн. Бай­саар ч байх биз. Харин мөнөөх цэмбэн дээлтэй сум мэт хилчдэд нь тэгж магтуулан бичихээр эр зориг, ид хав байна гэж үү. Нэг нэгийгээ хороож, хил даван зугтаж, эхнэр­тээ гомдохоороо өөрийгөө хань­тай­гаа егүүтгээд, хот орж ирж зугаацахын төлөө хүний амиар наадаан хийж байгаа гэсэн мэдээ­лэл ар араасаа цувраад л. Ийнхүү "хөглөх" хилчид маань одоо буу, сумаа хараад цочих цаг иржээ. Удахгүй хилийн цэрэг гэж чулуун баганын дэргэд зогсох л үүрэг бүхий модон буутай жаал болчих­сон байхад гайхах зүйлгүй болж мэдэх нь. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэ­лэнгийн өнгөрсөн хавар гаргасан 2010 оны 11 тоот тушаа­лаар хи­лийн манаанд гарч буй цэрэг эрс хоосон сумтай буу агсч явах бол­жээ. Хоосон сум гэдэг нь зөвхөн дуу, чимээ гаргадаг боло­хоос хилийн мөргөлдөөн, гэнэтийн дайралтын үед хэрэг нь гардаггүй эд. Галзуу чоно нохой дайрлаа гэхэд амь хороож эс чадах зүйл. Хоосон буунаас хорин хүн айна гэсэн үг байдаг ч тусгаар тогтносон бүрэн улсын хил дээр хоосон буу­гаар хүн айлгах гээд зогсч байна гэвэл онигоо биз.

Газрын дарга гаргасан энэ шийдвэрээрээ байлдааны сум тогтоогдсон хэмжээгээр авч явах хууль, дүрмээр баталгаажсан хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Уг нь хуулиараа бол хилчид байлдааны тодорхой хэмжээний сумтай байж үүрэг гүйцэтгэх ёстойг хуульчлаад өгчихсөн байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын дархан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид тэрхүү заасан хэмжээнийх нь (нууц гэдэг үүднээс тоог нь тавьсангүй) хамгийн бага тоогоор нь тасалж өгсөн хоосон сумтай албандаа гарч байна. Хоосон сум бол хоосон шүү дээ. Хуулиараа тодорхой тооны байлдааны сумыг хуулийн 37 дугаар зүйл заалтын дагуу ашиглах эрхтэй гэж байгаа. Харин одоо энд хэлсэн сум биш болохоор ямар юмны нь 37 дугаар зүйл заалтын дагуу хэрэглэх вэ дээ.

Харуул, застав болон отряд дээр алба, байлдааны бэлэн бай­дал хангах үүднээс буу замаг­тайгаа сумаа хадгалдаг байх ёстой гэдэг. Гэвч энэ  эртийн явдал бо­лоод уджээ. Буунаас замгийг сал­гаж тус тусад нь төмөр цоожтой саванд агуулдаг. Гэтэл одоо харуул отряд байтугай хил дээрээ "тог­лоомон буу" мөрлөсөн хилчид явдаг боллоо. Энэ нь хил дээр гардаг буун дуу, өөрсөд рүүгээ онилдог бичил байлдаанаас сэр­гийлж байгаа хэрэг юм уу даа. Дээр үед хилчид буундаа байлдаа­ны 100 сумтай явдаг байхад нэгийгээ хороож байсан хэрэг гардаггүй байсан гэдэг. Харин сүүлийн жи­лүү­дэд хил дээрх буун дуу бараг тогтмолжлоо доо. Баруун талд, зүүн талд, хойно урд гээд ээлжлээд л өрнөх. Үүнийгээ бас гүйдэл суудлаас холбоотой гэж тайлбар­лах тал ч бий. Энэ нь угаасаа хилчдийнхээ боловсрол, тархи толгойтой нь ажиллаж, тэвчээр хат суулгаж бодлогынхоо чиг барим­жаагаа өөрчлөх цаг болсон гэдгийг л баталж байгаа болохоос буу замгийг тус тусад нь нуугаад, байл­дааны сумны оронд хоосон сум бариулаад шийдчих асуудал биш билээ. Ерөөсөө А11 тоот тушаал гараад хил дээрх буун дууг зогсоож байгаа бол яахав гэхсэн. Гэтэл энэ шийдвэрээс хойш Өмнөговийн Гашуун Сухайтад заставын харуу­лын дарга амиа хороосон хэрэг гарсныг зарлав. Сэлэнгэд бас нэг цэрэг өөрийгөө хөнөөсөн хэрэг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Сулинхээрт нэг офицер эхнэ­рээ егүүтгээд өөрийгөө  хороолоо. Дандаа л өөрсдийгөө хороосон гэх. Магад хилийн цэрэг болохоо бай­сан хэмээн харагдуулахгүйн тулд зарладаг нэг хэвийн мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй. Байлдааны сумыг сейфлээд, хилийн харуул­даа хоосон сум бариулаад, бариу­лаад ч энэ мэт хэрэг тасрахгүй л байна. Хэн нэгэн хүн тухайн албыг хашиж байх үедээ хэл ам татлаагүй гэдэг нэр зүүхээс илүү хилийн цэргийн салбарт шинэчлэл бодло­го нэгэнт хэрэгцээтэй болжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр буун дуу гаргахгүй гэж мянга хичээгээд шалтаг урхагийг үндсээр нь арилгаж, энэ тогтолцоогоо эрүүл­­жүүлэхгүй бол буугаа хэдэн­тээ задалж, далан давхар цоожоор цоожлоод долоон бул­гийн дор нуусан ч хил дээрх буун дуу тас­рахгүй. Бариачид толгой нь байнга хөдөлдөг хүүхдийг аргалах­даа тархийг нь барьж эвэнд оруула­хаасаа өмнө аарцаг ясны гажгийг тэгшилж засдаг. Дороо засагдахгүй бол дээрээ эвээ олох­гүй байнга хөдөлдөг хэмээн тайлбар­ладаг. Үүн шиг энэ салбарынхаа гажгийг засаагүй цагт бууг нь нуу­лаа гэвч нэгийгээ зүй бусаар хороох явдал алга болохгүй л байх.

Хилчид нь нэгийгээ хороогоод байдаг эмгэгээ эдгээхийн тулд хоосон сумтай буу үүрүүлээд хи­лийн зурвас руу алхуулдаг төр манайхаас өөр байна уу. Хойт хөршийн­хөн хилийн албаны их буу, онгоц, мото буудлагын ангиа багас­гаж байгаа ч зарим ноцтой газрууд­даа заста­вуудаа бэхжүүлсээр байгаа. Шүдний өвчин нь болсон Чечень, Гүржид яг хууч­ны орос цэргүүдээр эгнээгээ бэх­жүүлсэн заставууд  бий. Босло­го тэмцэл ойр байдаг яг энэ газрууд­даа ханддагчлан орос цэргийн застав Монголын хил дээр байсаар байгаа нь нэгийг хэлэх л байх. Хятадууд ч гэсэн хойд хил дээрээ Бээжин, Ланжоу, Шинжаа­ны тусгай батальонуудыг байр­шуулж, Ардын чөлөөлөх арми нь хилээ хамгаалдаг гэдэг билээ. Уг нь энэ том гүрнүүд "жижиг" Монголтой залгаа хилээ яавал ч яаг гээд орхичимоор. Гэвч тэгдэггүй юм байна. Энэ бол тусгаар улсын бүрэн бодлого. Нөгөө талаас Мон­гол Улс бүс нутагтаа цэрэг дайны чухал бүст тооцогддогтой ч хол­боотой байх. Харин Монгол Улс хил дээр цэрэг нь даргаа алчихаад байдаг гэсэн шалтгаанаар сумгүй буутай цэргээ хилээ мана гээд явуулж байх юм даа. 1993 онд ОХУ-аас гурван буриад эр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ну­таг руу хил зөрчин орж ирээд гурван хилчнийг зэрлэгээр хөнөө­сөн хэрэг гарч байлаа. 1998 онд тувачууд Завханы Тэс суманд нэгэн малчин айл руу дайран орж хэд хэдэн хүний амийг хорооход азаар нэг нь мултарч хэл хүргэсэн байдаг. Одоо энэ мэт хэрэг гарахад буу­даад нохой ч шархдуулж чадахгүй хоосон сумтай хилчин эр  юу хийж чадах вэ. Уг нь цэрэг цэргийн дотроос хилийн цэргийг хиймор­лиг, зол­боотой гэдэг сэн. Хилээ хамгаалж үзээгүй эрийг эрд тоо­цоод яахав ч гэдэг. Гэвч сум ч үгүй, золбоо ч үгүй энэ цагийн хилчдээ бид хэрхэн магтаж бахархаж чадах вэ. Найрагч Ц.Хулан нэгэнтээ

Цэцэг хагдраад унахад

Уярдаг та нар минь

Цэрэг халагдаад явахад гуньдаг та нар минь

Цэцэн шүлгийн мөрөнд бадардаг та нар минь

Цэнхэр хилээсээ холдвол унтардаг та нар минь

Насны гэгээ харцанд чинь байдаг

Начны дэвээ харьтанд чинь байдаг

Найман зүгтээ эх орон судсанд чинь байдаг

Насаараа хамгаалах омог цусанд чинь байдаг
гэж омогшин хилчдээ, ноёд офицеруудаа магтсан байдаг. Харин одоо хоосон сумтай хилчдээ тэгж магтан дуулж чадах уу, бид. Дэмий л хоосон буугаар хамгаалсан хилийн тэнгэр цэлмэг байг гэж залбирч суух болж байна уу даа.