Урлагийн гавьяатууд улс эх орныхоо төлөө илүү санаа зовж явдаг бололтой. Саяхан гавьяат Б.Сарантуяа, Д.Жар­галсайхан, Б.Даш­дондог, тамирчин байсан Н.Энхбат зэрэг олны танил хүмүүс гэнэт намын гишүүн болж улс төрийн талаар идэвхтэй ажилла­хаар шийдсэнээ албан ёсоор зарлалаа. Одоо тэдний авиа хоо­лой намч зарчимч байр сууринаас эгшиглэх ба ухуулан сэнх­рүүлэх, дагуулан хуйл­руулах дан зорилгыг агуулах нь тодорхой.

Өнөөдөр Хувьсгалт нам гэдэг улс төрийн байгууллага өдөр ирэх тутам эхдээ гологдсон ботго шиг сонгогчдодоо тийрүүлсээр байна. Энэ янзаараа үргэлжлээд бай­вал 2012 оны сонгуу­лиар, урьдны далан хэ­дүү­лээ сонгогдож байсны өр төлөөс нь урвуугаар эргэж, улс төрөөс арчиг­даж болзошгүй прог­ноз байнга гарах боллоо. Ийм хүнд үед ингэний нулимсыг гартал ингэ­нэдэг ая эгшиг МАХН-д илүүдэхгүй хэмээн тооц­жээ. Ард түмэн гэдэг цагаа тулахаар гэнэн цайлган, өрөвчхөн "саналын хуу­дас"-нууд билээ. Уйлаад л, дуу­лаад л, гуйгаад л байвал тэмээнээс амар­хан панаал­дуулдаг гэд­гийг хашир улстөрч нар андахгүй.

Ер нь ингэхэд урла­гийн гавьяа­тууд гэдэг чинь юусан билээ гэж хүмүүс сая санаж ярьцгааж бай­на.  Авьяастай, гавьяатай хүмүүс улстөрч байх нь зүйн хэрэг, парла­ментад Жавхлангийн дуу хоолой дутагдаад байна гэж хэн хэлсэн юм гэхээр дуучин хүн яагаад улс орны­хоо төлөө санаа зовж болох­гүй гэж гэсэн хариулт бэ­лэн. Бусдын жиш­гээр тай­зан дээрээ ая дуугаа өр­гөөд Сосорбарам шиг явж яагаад болохоо бай­чих­сан гэх зэргээр эцэс төгс­гөлгүй маргаан үүсч байна.

Өөр нэг өөнтөг бол урлаг соёлын бүх гавьяатын тоонд нийг­мийн бусад салбарт ажиллагсдын авсан шагналууд бүгдээрээ ний­лээд ч талд нь хүрдэггүй гэх гомдол явдаг юм билээ. Эндээс үүдээд тэд манай орны хөгжил дэвшилд жин­тэй ямар гавьяа бай­гуулсан юм бол. Дуулж бүжиглэс­нээр бидний юу сайжирсан байж таарах вэ? Яагаад Америкийн, Европын гавьяат жүжигчний болзлыг хангах тийм урлагийн од тэнд одоо болтол төрөхгүй байна вэ? Холливудын одод өөрсдийгөө магтуулах гэж, мөнгө олох гэж урлагт хөл тавьдаг бол бид тийм биш гэж үү...

Шинэ тулгар улс оронд эхэн үедээ бол манай урлаг соёлынхон үнэхээр том гавьяа байгуулсан нь үнэн шүү. Алдарт уртын дууч Норовбанзад гуайн "Уяхан замба тивийн наран" дэлхий даяхнаар цуурайтахад Монгол гэдэг нэгэн нэр юутай эгшиглэнтэй сонсогдож бай­сан нь гавьяа биш гэж маргахын аргагүй. Социализмын үед урла­гийнхнаас өөр Монголыг дэл­хийд гаргаад өгөх олигтой тамир­чин, эрдэмтэн, брэнд үйлд­вэр олон байсан биш. Одоо бол бүх зүйл гольдролдоо орж урла­гаар хоолоо олж идэхийг хүсэгчид зөвхөн өөрийнхөө төлөө л зүтгэдэг цаг. Авьяасаа дайчилж чадах юм бол орлого сайтай байна. Адаглаад найр хэсээд хоолоо олоод идчихнэ.  Ийм чиг зорилготой үйл ажилла­гаануудыг бүгдийг нь хавтгайруулж "Тэр одоо гавьяат болох цаг бол­сон" гээд байгаа нь утгагүй юм л даа.

Энийгээ манай урлагийнхан их сайн мэдэрч байгаа бололтой. Өөртөө л гавьяа байгуулсан боло­хоос өрөөлд өнчин ишиг ч өгөөгүй гэж бодохоос санаа нь зовох нь аргагүй. Тэгээд нэг юм хийе байз гэсэн бодол тайзан дээ­рээс шахаг­даж эхэлж буй өвгөн МАХН-ыг хараад санаа авч төрсөн байж болох талтай.  Манайд хариуц­лага хүлээдэггүй тийм мэдээллийн хэрэг­сэл, веб сайтууд зөндөө бий. Түүн дээр бичээд байгаагаар бол намд элсээд бай­гаа нөхдүүд намыг ялагдашгүй болголцвол өөртөө таарсан урлагийн байгуулагуудын дарга болцгоох юм гэнэ лээ гэчи­хэж. Үүнийг "бузар гүтгэлэг" гэнэ биз. Гэвч бас анхаарч байхад илүү­дэхгүй юм. Хүмүүс өөрийн ямар нэгэн давуу тал, боломжоо бүрэн ашиглан юунд ч хүрч болох чөлөө­тэй нийгэмд бид амьдарцгааж бай­на. Олон жил шоронд суусан бай­лаа гэхэд түүнийхээ хэргийг гарган хэн нэгнийг "эвтэйхэн дарамталж" байгаад улс төр, бизнесийн сал­барт гараад ирэх боломж ч бий шүү дээ. Тийм болохоор энэ нөхөр урлагийнх байж улс төр хөөлөө гэх зэрэг дэмий сэдвийн араас мар­галдах нь цагийн гарз. Бид урьд өмнө нь сайн малчин, тамирчин, хөгжимчин энэ тэр байсан байж болно. Рейган жүжигчин, Медве­дев хүндийг өргөгч, Самбуу гуай малчин бай­сан. Харин шинээр өөр салбарт хүчээ сорих үед түүний өөр сал­барт байгуулсан гавьяа ямар хамаа байна. Нэн ялангуяа  хонь сайн хариулж, хонин дээрээ дуулж байсан нь улстөрч болох үндсэн шалгуур биш. Ху намд  хэвээрээ үлдсэн нь юу юм гэхээс. Үүнийг л олон түмэн ялгаж салгаж ухаардаг бол бүх юм байх ёстой  байрандаа үлдэж чадна.

"Зуун айл"-ын барилгын зах дээр "Би чадна" гэсэн хүмүүс зогсож байдаг. Чадахгүй юм байхгүй тэд­ний аманд хууртаад хаалганыхаа цоожийг солиулсан чинь харин орон байрны нэлээн зартай хул­гайч байсан байж уу. Сайн төлөв­шөөгүй, ядуу нийгэм алдаж эндэх, буруу таних магадлалаар дүүрэн байдаг болохоор ийн хардан би­чив. Ядаж нийтийн тал нь чинээ­лэгдүү амьдралтай бол янз бүрийн салбарынхан намд элсэх ашиг сонирхол тэр болгон төрөхгүй. Сайхан дэмжчихээд л явж байх байсансан. "Би чадна" гээд орилж байгаа согтуу нөхөр чадах юмаа бас чаддаг л юм байна лээ.