МАХН бага хурлаа хийж тун удахгүй их хурал нь хуралдаж, эдийн засгийн том том төслүүд батлагдаж, атрын аян амжилт олж  байна. Харин эрх баригч МАХН Н.Энхбаяраас бусад хүний нүдэн дээр бол 2008 оны УИХ-ын сон­гуулиас хойш шинэчлэгдэж чадаж байна гэсэн үг. МАХН-ын дарга нь байсан С.Баяр намынхаа унасан нэр төрийг аврахын тулд өөрөөсөө эхэлсэн юм. Тэрээр 2008 оны цуст сонгуулиас нэр бүтэн салахын тулд намын даргынхаа албанаас өөрөө татгалзаж чадсан. Энэ үеэс эхлэн Ардчилсан нам хүнд байдалд орсон.

 Анхнаасаа л буруу замаар будаа тээсэн болохоор буцахад тун хүнд. Гэвч хүссэн хүсээгүй Ардчилсан нам стандарт бай­ран­даа сөрөг хүчнийхээ суудалд хэзээ нэгэн цагт ирж л таараа. МАХН хэдхэн хоногийн дараа их хурлаа хийж нэрийн хувьд ч үзэл баримт­лалын хувьд ч цоо шинэ улс төрийн хүчин болон мэндэлнэ. Өөрөөр хэлбэл, МАХН хуучин муу бүхэн­тэйгээ архивт орлоо гэсэн үг. Тэгэхэд Ардчилсан нам цуг архивт оролтой биш.

Бас танай хуучин МАХН-тай бид цуг сайд хийж бай­сан, таван сайдыг улируулаад өгөөч битгий хөөгөөч гэж явах уу. МАХН-тай хамтран 60, 40 хувиар Засгийн газраа байгуулна гэсэн гэрээ бичиг гаргаж ирнэ. Харин МАХН урдаас нь хөөе наадах чинь талийгаач МАХН-тай байгуулсан гэрээ байна гээд "Ардын нам" гэсэн цоо шинэ тамга барьчихсан сууж байна биз дээ. Ардчилсан намын хэдэн дарга нар сайд л болж  байвал юуны хамаа гээд "Ардын нам"-тай ч хамтарна гээд зүтгээд суух хэцүү суухгүй байх бүр хэцүү болно. Ойрноос МАХН-ынхан Ардчилсан намынханд тун муухай ааш гаргаад байгаа. Жирийн намын гишүүд нь ч, Их хурлын гишүүд нь ч Ардчилсан намын хэдэн сайдыг юм л бол хөөж тууна, хааж бооно. Үүний сонгодог жишээ бол Авли­га­тай тэмцэх газрын даргын асуу­дал УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахаас ч хүнд болоод байна.

Монгол Улсын Ерөнхий­лөгч, Монгол Улсын ерөнхий проку­рор хүртэл дийлэхгүй нэг том хүн гарч ирээд түүнийг МАХН-ынхан цээжээрээ хамгаалчихаад байх. Асуудлын гол нь Сангарагчаадаа ч биш. Ерөөсөө л Ардчилсан намын нэр төрийг Ерөнхийлөгчтэй нь хамт унагаж гутаая, Ерөн­хий­лөгчийг дэвшүүлэн гаргасан нам нь хүртэл түүний бодлогыг хамгаалж чадахгүй юм чинь гэсэн шиг загнаж байна. МАХН Сангарагчааг хамгаа­лахаас өөр арга байхгүй. Монголын шилдэг авлигачдын гэмт хэргүүдийг бүгдийг нь хамж аваад сейфэндээ хийчихээд "Би ажлаа өгөхгүй ээ" гээд сууж байгаа хүн.

МАХН-ын бас Ардчилсан намын олигархиуд ч онгойлгож болохооргүй гэмт хэрэг дүүрэн авдар түүний мэдэлд магад­гүй  хоёр  давхар цоожтой   байгаа. Хуралдааны явцаас ажиглахад нэг түлхүүр нь Бат-Эрдэнэ аваргад байгаа юм шиг ээ. Түлхүүрийг нь аваргаас булаагаад авчих хүчтэн лав төрөөгүй байгаа. Тэгэхээр тэр авдрыг олны хүчээр хөшиж онгойл­гохоос өөр зам үлдээгүй. Шударга ёс тогтооно гэж ард түмэн хүсдэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам гэж гишүүд нь ч иргэд ч одоо хүртэл итгэсээр байгаа. Гэтэл Ард­чилсан нам авлигачдын хар хайрц­гийг онгойлгох талаар нэг ч мэдэг­дэл хийдэггүй байна шүү. Хэрвээ онгойлгохгүй бол Засгийн газраас гарна гэж айлгахгүй юу. Бараг л айхгүй байх. Харин таван сайдын орон тоо гарна гээд бөөн баяр болох байлгүй. Яадаг юм бэ. Хар хайрцгийг хөшиж онгойлгочихоод ард түмнийхээ талд Ерөнхий­лөгчтэйгээ цуг явахад юугаар дутна гэж. Засгийн газраас хөөгдөн гарч шившиг болсноос хөшиж гарсан нь дээр юм биш үү. Ардчиллын хорин жилийн түүхэнд Ардчилсан нам парламентад хэзээ ч ийм үхээнц ажиллаж байгаагүй. Тэд үнэний төлөө, ардчиллын төлөө, шударга ёсны төлөө хэдийгээр цөөнх бай­сан ч туг шиг явж чадаж байсан юм.

Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид намын даргаа, МАХН-ыг дагаад гэлдэрч яваад улам их бухимдах боллоо. Яг энэ янзаараа явах юм бол Ардчилсан нам дараагийн сонгуульд үхтлээ ялагдаж гудамжны хөдөлгөөн Н.Энх­баярын эрээвэр хураавруу­даас доогуур суудал авна.

Ардчил­сан намын дарга Н.Алтанхуяг сөрөг хүчний байх ёстой орон зайг албан тушаалаар зольсны гор ингэж гардаг. Ойрноос Ардчилсан нам ҮЗХ-гоо хурал­дуулна гэсэн сураг дуулдав. Тэд шударга ёсны тухай, авлигачдын тухай, өнөө арван зөв бодлогынхоо тухай ярьж чадахгүй. Тэд намын даргынхаа тухай ярьж, намын дарга нь ч, Үндэсний зөвлөлдах хорооны гишүүд нь ч МАХН-ыг дагаж намир­сан алдаагаа засч авч чадахгүй л болов уу. Ер нь Ардчилсан намын таван сайдтай таван сайдгүй шинэ МАН (Монгол Ардын нам) засгаа аваад явж чадна. Ард түмэн ийм сонголт хийсэн. Тэгэхээр Ардчил­сан намын хэдэн сайд МАХН-ын хашаанаас хөөгдөж Засгийн газ­раас гарах, эсвэл энэ янзаараа үлгэн салган явж дараагийн сон­гуульд будаа болтлоо ялагдаж улс төрийн тав­цангаас арчигдах хоёр­хон зам л үлдэж байх шив. Харин Н.Алтан­хуяг дарга гэнэт С.Баяр шиг  бодож Засгийн газраас гарч намаа авч сонгуульд ялж Шадар сайд биш бүүр Ерөнхий сайд болох бас нэг боломж байгаа юм байна шүү.