Их сонсож, бага ярь. Илүү сонс гэж хүнд хоёр чих, дутуу ярь гэж ганц хэл заяасан гэх үг бий. Хамаа намаагүй, хамжаарга цэгцгүй ховч шаазгай шиг бураад байвал чалчаа болно. Чалчаа хүний үг олон, залхуу хүний шалтаг олон. Ямар нэг шалтаг, шалтгаан хайн олж хийх ёстой ажлаа хойш тавин, биеийн амрыг харж, алхайж суун, тэрийн хэвтэх нь залхуучуудын нийтлэг дүр төрх. Залхуу хүмүүст “маргааш” гэх үг амны уншлага мэт мөнхөд бэлэн зэхээстэй. Залхуугаас заяа зайлна. Залхуучуудын биеийн эрхтэнүүдээс ам нь л уйгагүй ажиллана. Ховдоглон идэх гэж ам нь чөлөөгүй, хоосон чалчих гэж ам нь хуурайгүй. Хаана цоорхой байна түүгээр салхи үлээнэ, хаана залхуу байна тэнд дэмий яриа хөвөрнө. “Залхуучууд ямагт л ямар нэгэн юм хийхээр завдаж явдаг. Гэхдээ нэг бол түүнийгээ эхлэхгүй шалтаг тоочин назгайрч, эс бол дуусгахгүй замын дунд орхих нь элбэг. Залхуурал хамгийн хялбар хөнгөн ажлыг ч маш хүнд хүчир болгоно.

“Чалчаа хүн бусдад таалагдах гээд дургүйг нь хүргэчихдэг. Хүнд тус хүргэх гээд залхаачихдаг. Бусдын гайхлыг төрүүлэх гээд инээдийг нь хүргэдэг. Найз нөхдөө доромжлоод, дайснууддаа үйлчилдэг”. Хэн илүү бодно тэр бага ярина. Хэн их ярина тэр илүү алдана. “Бодож чаддаггүй хүмүүс чалчаа байдаг”. Илүүдсэн бүхэн залхаана. Тэр тусмаа сонсож байгаа хүндээ хэрэг тусгүй олон үг чих дөжрөөн, сэтгэл түйвээж, хайран цагийг үрж залхаана. Өмнө ярьснаа тоть мэт дахин давтан яриад байвал бүр залхааж гүйцнэ. Үг давтвал улиг, ном давтвал билиг. Улиглан давтах үг яриагаар үрэн таран хийх алтан цагаа ном давтан ой ухаандаа билиг эрдэм хураахад зориул. “Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага”. Онч муутай олон үг бусдын цагийг үрж, дургүйг хүргэхээс өөр гавьяагүй, хүргэх тус, хүртээх ач бүр үгүй. Уяа урт тусмаа, үг богино тусмаа сайн. Үг цөөтийг ухаантай гэх нь олон. Юу хэлэх гээд байгаа нь үл мэдэгдэх, зөгий шиг дүнгэнэсэн, агуулга сул, ач холбогдол бага олон долоон юм ярьж байснаас цэгцтэй цөөн үгээр цээжин дэх санаагаа ойлгуулж чаддаг болох нь соёлтой, боловсролтой хүн бүрийн эзэмжих ёстой эрдэм, суралцах учиртай урлаг мөн билээ. Үг олшрох тусам үйл багасна. “Өөрөө яриад л бусдын нэг ч үгийг сонсохыг хүсэхгүй байна гэдэг ихэрхүү бардам зангийн шинж”. Бусдыг дорд үзэн дээрэлхсэн ихэрхүү бардам зантай болчихвол хүмүүс чамаас дөлж холдон зай барьж, найрсаг дотно харьцах хүн өдрийн од шиг цөөрөн, улмаар түймэрт шатсан мод мэт торойн үлдэх гунигт хувь тавилан чамайг хүлээнэ.

Их ярьдаг хүн худал хэлж эхэлдэг. Худал хэлэх нь сонсож буй хүмүүсээ илэрхий доромжилж, өөрийгөө түмний нүдэн дээр илт гутааж байгаа булай хэрэг. Нэг удаа худал хэлчихсэн бол дараа нь дахиад худлаа хэлэх нь бараг гарцаагүй. Нэг хэсэг худлыг бусдаар нь дэмжихээс аргагүйд хүрч, худалчийн замаар эргэлт буцалтгүй орж, ямар нэг шалтаггүйгээр зуршлын дагуу худал хэлдэг болно. “Хэрэв худал хэлж байгаагаа мэдэж байгаа бол дуугүй болох нь хэзээ ч оройтохгүй”. Нэрэлхүү зан худал хэлэхэд нэрмээс өгнө. Худалч болчихгүйн тулд мэдэхгүй зүйлээ зүгээр “мэдэхгүй” гээд хэлчих. Мэдэхгүй мянган үгний таглаа. Ер нь мэдэхгүй байх нь ичгэвтэр биш, мэдэхийн төлөө мэрийхгүй байх нь шившиг. “Хүн хэдийчинээ их ухаантай, боловсролтой байна, түүний худал хуурмаг өөрт нь болон бусдын хувьд төдийчинээ их хортой байна”. Өөрийн нүдээр хараагүй зүйлийг өөрийн амаар зохиож бүү ярь. Нүдээ хурдан нээ, амаа аажуухан ангай. Амаараа юу ярихаа эхлээд толгойгоороо бодохгүй бол алдас хийсэн хойноо амаа барин харуусна. Буудсан сумыг буцаагаад хонгионд нь хийж болдоггүй шиг хэлчихсэн үгийг буцаан залгиж болдоггүй. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог. Бодолгүй хэлчихсэн болчимгүй үгээ өнгөрсөн хойно ч болов алдаа оноог нь тунгаан дэнсэлж, амны алдаагаа ахин дахин давтахгүй байхыг хичээ. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Хүмүүст тохиодог олон гай зовлон, гамшиг осол холоос бус хэлнээс эхтэй. Урт хэл толгойн аранга. Хөл бүдэрвэл өвдөг шалбарч мэднэ, хэл хадуурвал толгой хагарч магад. Толгойдоо арандаг хураах олон долоон үгийг хэлэхгүй тэвчиж, амаа мэдэж явбал аминд өлзийтэй. Хэлний гэм толгой цустана гэдгийг марталгүй сана.

Ямарч хүний хэлж байгаа үгний өөд уруу, өнгө будгийг ялгаж салгаж сурвал амьдралдаа алдахаасаа онох нь хавьгүй илүү байх нь эргэлзээгүй. Аман дээрээ өргөс халгай мэт хатгаж түлэх нь холгүй ширүүн ч зүрхэндээ хайр энэрэл, халамж нигүүсэл хадгалсан хүн сайтай хүмүүст ойр шадарлан явбал чамд хэрэгтэй. Хэлэх үг нь хөвөн, мяндас мэт зөөлөн, хэлэн дээрээ бал түрхсэн мэт эвийлэх боловч сэтгэлийн гүндээ өс өвөрлөж, атаа жөтөө агуулж явдаг хүн муутай хүмүүсээс хол зайтай явбал чамд бас хэрэгтэй.

Юу болох нь тодорхойгүй асуудал дээр юу юуны туханд хүрэлгүй яаран дуугарах хэрэггүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө. “Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэдэхгүй байх нь олонтаа”. Огт мэдэхгүй буюу дутуу мэддэг зүйлээ мэдэмхийрэн яриад эхэлбэл тэр дороо зэс гууль нь цухуйж олны элэг доог, түмний шившиг болно. Мэдэмхийрэн худал чалчиж байснаас чимээгүй суух нь хавьгүй дээр. Чимээгүй байх нь ухаантны чимэг, тэнэгийн баг. “Хэн олон үг хэлнэ, тэр юу ч үл мэднэ. Хэрхэхийг мэдэгч хүмүүн нам гүм сууна” хэмээн дорно дахины нэгэн сонгодог яруу найрагч шүлэглэжээ. “Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгадна гэсэн үг. Ам хэдийчинээ сул байна, төдийчинээ муу юм дагана”.

Хүнд, ялангуяа ойрын хүмүүстээ цөөн ч болов аль болох бүлээн дулаан үг хэлж байвал чамайг бүлээн дулаан, нөмөр зөөлөн уур амьсгал хүрээлнэ. Бүлээн үг сэтгэл дулаацуулна. Тэр ч бүү хэл, сайхан үгээр мөсөн уулыг ч хайлуулна. Эртний Герегийн ёгт үлгэрч Эзопын хэлсэн нэгэн сургамжтай үг бий. “Прометей хүнийг бүтээсэн шавраа усаар бус, нулимсаар зуурсан юм. Тийм болохоор хүнийг хүчээр номхруулна гэдэг үр дүнгүй. Харин уярааж зөөлрүүлж, аль болохоор аргадахыг хичээсэн нь дээр. Ямар ч хүн зөөлөн үгэнд автамтгай байдаг”. Хүмүүст сайн сайхныг хүсч, дэмбэрэл ерөөлтэй үг хэлэх бол ёс төдий бус чин сэтгэлээсээ хэл. Чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсч буй хүн сайн сайхныг үйлдэж байгаатай адил.

Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэсэн зөвхөн хэлээд сонсоод өнгөрөх биш, хүн бүр амьдралдаа мөрдөж явах нэг айхтар үг бий. Найз нөхөд маргалдаж байхад сайн хүн болох гэж хөндлөнгөөс дайран орж зохицуулахаар хүндээ хөнгөнөөс өгөх хэрэггүй. Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайсныхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно”. Ухаан уралдуулан, цэц булаалдах цэцдийн газар олны танил чалчаа хийгээд мулгуу хүнтэй хамт бүү оч. “Түүнийг орж ирэхэд бүгд чимээгүй болов, яагаад гэвэл тэр илжиг хөтлөн орж ирэв” гэдэг шиг эвгүй байдалд орно. Хэлэх хэлэхгүйгээ ялгаж салгах ухаангүй хөөс цахруулан ам уралдуулах хэрүүлчдийн муйхар маргаанд оролцох хэрэггүй, оролцлоо ч дуугарах шаардлагагүй. “Мэлхийнүүд вааглаж байх үед дуугүй байх нь дээр” гэсэн үг бий.

Бусдаас түрүүлж ам уралдан ярихаасаа бусдын үгийг чих тавин сонсох нь чамд өгөөжтэй. Сонсохыг хүсэхгүй байх нь адгийн дүлий мөн. Амаараа ярьж байгаагаа чихээрээ сонсохгүй байх нь гай гамшиг. “Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог”. Дэмий хоосон үг бүү ярь. Яриад байвал бусдыг залхаана. Нэмэр тусаар бага үгийг бүү чагна. Чагнаад байвал өөрийгөө залхаана. Аль аль нь хайран цагийн гарз. “Сэдсэн ажлаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно”. Ам султай хүнд нууцаа бүү хэл. Нууцлах юмгүй болно. “Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсоно”. Сайн үг хэлж байж сайн хариулт авна. Ярилцаж суугаа хүнийхээ харцыг анхааралтай ажигла. Хүний харц заримдаа уран цэцэн үгнээс илүүг давж өгүүлнэ.

Үгийн цөөн нь хамаагүй, үнэнийг л ярь. «Товчхон байх нь авьяасын төрсөн эгч». Олон үгэн дотор үнэн тарамдана. Хагас үнэн гэдэг бол бүтэн худал. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Хүмүүс урам магтаалын үгэнд дуртай байдаг шигээ шударга үгэнд дуртай. Шударга үгэнд зөвхөн тэнэг л уурладаг юм. Хэлэхдээ ухаантан шиг, хийхдээ тэнэг мэт байж болохгүй. Гүн ухаантан шиг ярих мөртлөө гүехэн ухаантан мэт амьдралынхаа танагийг барсан хүнийг хэн ч сонсохгүй. Үгээр шархлуулж ч болно, эмчилж ч чадна. Сэтгэлд хүрсэн сайхан үг сэтгэл дутуу эмчээс бараг дээр. Нүүр царай, гаднах төрхөөр нь чи хэн бэ гэдгийг ялгаж танина. Үг яриагаар чинь доторх төрхийг нь чухам хэн бэ гэдгийг оноож танина. Тавхан үгэнд танигдана гэдэг нь энэ. “Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй”. Бусдад олигтойгоор танигдая гэж хүсч байгаа бол олиггүй үг битгий ярь. Сайн хүн үйл хэргээрээ алдаршина, муу хүн ямар ч хэрэггүй чалчаа яриагаараа алдаршина. Мэдээж хэрэг, чи сайн хүн байхыг хүсч байгаа биз дээ?