Нийгэмд ч, хүнд ч итгэл найдвар гэж нэг зүйл байдаг байна. Авли­гачдаар дүүрсэн энэ нийгэмд ард иргэд улстөрчдөд өнөө итгэл найдвар гэдэг үнэт зүйлээ алдчи­хаад байсан юм. Хорин жилийн өмнө ардчиллыг дэмжиж дүн өв­лийн хүйтнээр төв талбай дүүрч байсан тэр олон зуун мянган хүн одоо хаачив. Бүгдийг алдаж байна. Харин сүүлчийн найдвар үлдсээн. Одоо улстөрчид болон намуудаас хэнд итгэж найдах гэж. Телевизээр харахад л эрхэм гишүүд гэмгүй царайлан хуралдаа суух суухгүй­тэй хууль хэлэлцсэн болж, сайд нар нь нэг л их ажил ярин алхаж байвч ойрмогхоноос цаагуураа бөөн түгшүүр явах боллоо. Сүүлийн өдрүүдэд авлигачид, хулгайчууд нь илт сандралдаж эхлэв. Нэг өрөөн­дөө хоёр, гурав, дөрөв, таваар бөөг­нөрөн хаалгаа түгжинэ. Тэд кофе уугаагүй, шатар тоглоогүй, сумо үзээгүй мөртлөө их л чухал юм ярина. Парламентыг олон жил ажигласан сэтгүүлчид ордны том­чууд бужигнаад түгшээд явчихса­ныг олоод харчихжээ. Тэгээд нэ­лээд урт гартай нэг нөхөр гишүү­нээс ийм асуулт асуужээ. "Гишүүн ээ, Дээд шүүхийн ерөнхий шүүгч халагдах өргөдлөө өгчихөж. Та мэдсэн үү" гээд тавьчихав. Уг нь шав шар царайтай тэр хүн нэг улайж нэг цайснаа, аа тийм үү, би ч хэвлэлийн та нарын адил мэдээ­лэлтэй байгаа гээд бултаж гарах­даа салганан чичирч байсан гэнэ. Төрийн мөн­гөнд гараа дүрсэн шиг дүрсэн тэрээр их нүглийнхээ ганц хам­гаалагчийг өргөдлөө өгснийг мэдээгүй байж харагдаач. Дараа нь бас л хаалгаа түгжчихсэн. Туслах нь өрөөндөө байгааг нь мэдсээр байж байхгүй гээд уулзахаар очсон болгоныг буцааж байна. Арай өрөөндөө яачихаагүй байгаа. Тө­рийн ордон юунд түгшээд байгаа юм бэ гэвэл Ерөнхийлөгч тангар­гаа өргөөд үг хэлэхэд хашир пар­ламентчид анх шоолж байсан юм. Ерөнхий прокуророор Д.Дорлигжа­выг тавьчихаад үг хэлэхэд чичирч байна. Авлигачид хуулин дээр сайн ажил­ладаг. Одоо Ерөнхий прокурорт авлига, албан тушаа­лын гэмт хэрэгтнүүдтэй ноцолдох эрх байхгүй. Тэр бүх эрхийг нь хуулиар Авлигатай тэмцэх газарт олгож Д.Дорлигжавт зөвхөн эрүү­гийнхэнтэй тэмцэх хянах эрх л үлдээсэндээ пээдгэр явна. Харин дээд шүүхийн ерөнхий шүүгч өргөд­лөө өглөө гэх мэдээ ёстой тэдэнд цаазын илд шиг сонсогдож төрийн ордонд мань эрүүд хаалгаа түгжиж ноохойгоо янзалж эхэлжээ. Гэтэл тэдэнд бас нэг аюултай мэдээ дуулдав. Ардчилсан намын дар­гаар З.Энхболд болно гэж зарлав. Идэр залуудаа Эрдэнэтийн Ш.Отгон­­билэг нараас айгаагүй, огт зүрхшээгээ­гүй түүнийг УИХ-д сон­гуулахгүй гэж шалтаг бүхнийг хийж байсан ч дийлдээгүй нэгэн. З.Энх­болд Ард­чил­сан намыг удирдана гэхээс ердөө хэдхэн жилийн өмнө одоо УИХ-д суугаа бас л төрийн мөнгө­нөөс сая доллар хусчихдаг нөхөрт бол эвгүй сонсогдохоор барахгүй дахиад эмнэлэгт хэвтэх ажил гарч, нуруу руу нь хүйт оргиж байгаа. З.Энхболдыг шазруун, хэнийг ч хайрладаггүй, найраанд ордоггүй гээд МАХН-ынхан төдий­гүй Ардчил­сан намын олон хүн үзэн яддаг. З.Энхболдыг Ардчил­сан намын дарга болно гэдэг үг төрийн ордныг төдийгүй удахгүй болох Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг бужигнуулаад байна. Да­раа нь Засгийн газрыг хөндөж МАХН дангаараа Засгийн газраа бай­гуулаад яваа гэж тэр л хэлж чадна. З.Энхболд дээр Лу.Гантө­мөр, Х.Тэмүүжин нар нэмэгдчихсэн нь хоёр намын холион бантан болсон хууччуулд бол аянга шиг сонсог­дож байгаа. Ардчилсан нам арай л ардчилалтай болохоор намын шинэ дарга хэн бэ гэж санал асуулга явуулжээ. Гэтэл нэгдүгээр байрыг З.Энхболд, хоёрдугаар байранд Лу.Гантөмөр нарыг ун­шигч сонгогчид нэрлэжээ. Бусад лидерүүд нь санал асуулгаар бай­даггүй шүү. Одоо намын даргын ажлаа өгөхгүй гэж Сангараг­чаа­даад (Ажлаа өгөхгүй гэж гүрийдгийг сангарагчаадах гэдэг үг гарсан байна.Г.Д) байгаа Н.Алтанхуяг бол бүүр сураггүй байна билээ. З.Энх­болдод олон дайсан бий. Тэд З.Энхболдоос айсандаа элдэв гүтгэлэг, доромжлол, захиалгат нийтлэл, нэвтрүүлэг хийх гээд сонин телевизүүдийн хаалга онгол­зуулж явна. Ард түмэнд юу шаардлагатай билээ. Оюу толгой, Таван толгойгоос орох их мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй л байх. Бас 20-70 мянган төгрөг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байх аа. Хамгийн чухал нь шударга ёс тогтоох, шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэм­цэх газар нь үнэнч, шударга ажил­лах л хэрэгтэй. Дээдэс доо­дос, мөнгө­тэй мөнгөгүйг ялгаварлахгүй тийм нийгэмд амьдрахыг хэдэн халтар төгрөгнөөс илүү үзэж байна. Энэ тухай Ц.Элбэгдорж Ерөнхий­лөг­чөөр сонгогдохоосоо өмнө "шудар­га байцгаая" гэж хэлж гарч ирсэн. Тэр анх ард түмнээс өөр дэмжлэг­гүй, төрийн томчуудын дунд ган­цаардаж байсан. Шоо­луулж до­ромж­­луулж байсан. Ерөн­хийлөг­чийн эрх хэмжээ хуулийн хувьд хүчгүй ч гэсэн хүчтэй ажил­лаж яван чангарч чадаж байна. Ард түмний итгэл найдварыг даах Ерөнхий прокурортой болсон. Бас авлигач­дыг хамгаалахгүй ерөнхий шүүгч­тэй болно гэж найдъя. Цаг­даагийн даргыг МАХН-ын  Ерөнхий сайд нь намын их хурлынхаа дараа янзлах байх. Авлигатай тэмцэх газар алийн болгон гүрийж эрхэм гишүүд нь хамгаалж суух вэ. Дийлж л таараа. Хамгийн чухал нь Ардчил­сан намын дарга. Ардчил­сан намын ард түмнээрээ хүрээ­лүүлж чадах гол нэр хүнд бол хэдэн халтар төгрөг өгсөн гэж хэлэх биш, шударга ёсыг тогтоож түүнийг баталгаажуулж чадна гэж иргэд итгэж найдаж явдагт хүч чадал нь оршдог. Магадгүй одоогийн болох ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуяг санга­­рагчаадаад өнгөрөөе гэхэд МАХН их хурлынхаа дараа нэгэн нартай өдөр та нар гэр оронтой бол харь даа гэж найрсгаар зөвлөнө. Хоног хугацаа өнгөрөх тутам иргэ­дийн итгэл найдвар Ардчилсан намаас холдсоор л байх болно. Авлигачдаас салах цаг нь өнгөрлөө гэж ард түмний итгэл арай ч бүүр алдарчихаагүй эцсийн найдвар ганцхан Ерөнхийлөгчид үлджээ. Ерөнхийлөгчид ямар хүч байна. Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газар (дийлбэл шүү, дийлэх найдвар бүдэг) З.Энх­болд даргатай Ардчилсан нам буюу сөрөг хүчин. Найдвар бас байна шүү. Авлигын загалмайлсан эцэг Ерөнхийлөгчөөс, ардчиллын загалмайлсан эцэг Ерөнхийлөгчийг сонгосны ач тус иргэдэд ингэж тусч магадгүй. Найдвар байна. Гэхдээ эл найдвар сүүлчийнх юм аа.