Манай төр засаг цаг­даа­гийн­хан нэг л юмыг ерөөсөө мэддэггүй юм. Тэр мэддэггүй юм нь юу вэ гэвэл хүн хулгай хийж болдоггүй, төр нь,  тө­рийн цагдаа нь зээр буудаж байгаа юм шиг (Долоон са­рын нэгнийг санаж бай­гаа бол Г.Д) жагс­сан иргэнээ онилж байгаад буудан хо­роож болдоггүй гэдгийг мэд­дэг­гүй юм. Айлын хониноос хонь хулгай хийж болохгүй. Хэрвээ хулгай хийвэл хэн гуайг ч шийтгэнэ. Бүлэг­лэн зохион байгуулалт­тай мал хулгай хийсэн бол 10 жилээр шоронд суулгана гэдгийг сайн мэддэг. Тий­мээс ч Мон­голын бүх ялтангуудын тавин хувь нь малын хул­гайчууд байдаг байна. Хүн хулгай хийвэл мал хулгай хийснээс илүү хүнд гэмт хэрэг гэдгийг л ерөөсөө төр засгийн том­чууд нь ч, цагдаагийнхан ч, ард иргэд ч мэддэггүйн олон жи­шээ бий. 2000 оноос арай өмнөхөн бүх хүн най­маанд явдаг бай­лаа. Манай цаг­даа­гийн офицерууд Орос руу най­­маанд явах далимаар зам зуур Оросын хол­бооны ул­сын Улаан-Үд хот хавьд ажил­лаж яваа хул­гайч нараа буцах зам­даа гавлаад л ирдэг бай­лаа. Төв аймгийн харьяат "Эмээ­лийн Батаа" тэр­гүүтэй хүнд гаруудыг ОХУ-аас барив­чилж ва­гонд ачиж ирээд л хүн хул­гайлснаа гайхуулж теле­ви­зээр сүр болгон үзүүлж байс­ныг уншиг­чид санаж байгаа байх. Манай хүч­ний бай­гуул­лагууд хонь юмуу, бараа хул­гай хийж байгаа биш хүн хул­гай­лахад яадаг юм гэж мөн ч их давар­сан даа. Хаа холын Амери­каас хүртэл Алдар хэн билээ дээ нэг сайн эрийг цагдаагийнхан да­лай давуу­лан хулгай­лаад авчир­сан л дуулд­сан. Ер нь манай цаг­даагийнхны гадаад томи­лолт бол тэр үед "хүн хулгайлах" байсан гэдэг. Хятад улс руу визгүй зорч­дог болохоор Эрээн, Хөх хотод бол замаа алд­сан. Эрээнд гардуул­сан хулгайч нараа­раа гахай (ба­раа) үүрүүлчи­хээд гүрүүшиг хийлгээд явж болдог л байв.

Тэр үед цаг сайхан байж дээ. Хүн хулгай хийж бол­доггүй. Хүн хулгай хийвэл цаад улс орныхоо хуулийг зөрчсөн бас доромжилсон болж бөөн гэмт хэ­рэгт ордог гэдгийг мэддэггүй л байж дээ. Олон хавар нэ­гэндээ гэгчээр 2003 онд Энх­бат гэгчийг Евро­поос хулгай хийж авч­раад зодож зовоож байгаад "алчих­сан" нь ба­ригдаж одоо дэлхий даяараа сүйд болоод байна. Манай төрийн дээд­сүүд нь одоо ч учраа олохгүй хэвээрээ,  хул­гай хийсэн  тэр үед эрх дарх­тай байсан бүлэг хүмүү­сийг өмөөрөөд л өмгөө­лөөд л  жиг­тэйхэн. Монгол Улсын Эрүү­гийн хуульд хүн хулгай хийвэл тэдэн жилээр хорьж шийт­гэнэ, зохион бай­гуулалттай бүлэг­лэн хулгай хийвэл бүүр хүнд ялтай гэсэн зүйл анги байдаггүй гэнэ. Уг нь Д.Энх­батыг Европоос хул­гайл­сан гэмт хэрэг их тодор­хой юм шигээ. 2004 оны сон­гууль ойртож байв. Н.Энх­баяр нам төрийг тэр­гүүлэн ид мандаж, сана­сан сар­вайсан бүх­ний­гээ амжуулж хийж ча­даж явсан үе. Ерөнхий сай­дын багын найз (М.Ганболд) цаг­дааг хааш нь л бол хааш нь хөдөл­гөж байв. Хууль зүй дотоод хэргийн яамыг Ц.Ням­дорж толгойлж "М.Энх­­сайха­ныг уу гэж ид шүд зууна". Гадаад хэргийн сайд Л.Эрдэ­нэчу­луун, Тагнуулын ерөн­хий газрын дарга Батсайхан нар бай­лаа. Н.Энхбаяр Ард­чил­­сан намыг сонгуульд нам цохих хуучин мэхээ дахин хийсэн. С.Зоригийг алсан алуурчныг илрүүлнэ гэдэг нь Ард­чилсан намыг ялж байсан хуу­чин гэхдээ дархан мэх байлаа. Зори­гийн хэргийг илрүүлсэн хүнд 500 сая төг­рөг өгнө гэж Засгийн газар өндөр бооцоо зарлав. Ийм өндөр бооцоонд шунахгүй тагнуул, цаг­даа гэж байх уу. Тэгээд л "Зори­гийг алсан хүнийг олж ирнэ" гэж гадаад томилолт дипломат пас­порт­­той мордоцгоолоо. Гадаадад дүрвэ­сэн Бат гэдэг үг орсон нэртэй хүнийг хулгайлж ирээд л балбаж нүдэж байгаад Ардчилсан намын дарга М.Энх­сайхан нар захиалж С.Зори­гийг алуулсан л гээд хэлүүл­чихвэл 500 саяыг хар­маална гэсэн үг. Тагнуул цагдаа дипломат алба­ны­хан бүүр МИАТ-ийнхэн бүгд нийлж элбэж дэвсэж байгаад Д.Энх­батыг үнэхээр гайхам­шигтай хулгайлж авчирсан. Тагнуул цагдаа ч яахав ту­шаа­лаар ажилладаг хүмүүс хул­гай­лаад ир гэвэл хул­гайлж л таа­раа. Харин Герман, Бель­гид суугаа Элчин сайд дип­ломат албаныхан иргэнээ хулгай хийхэд оролцож бо­лох­гүй харин харьд яваа иргэ­дийгээ харж хам­гаалж явах ёстой гэдгийг хүртэл мэддэггүй байсан юм болов уу даа. Д.Энхбатыг хулгай­лахад дипло­матууд оролцдог нь ч юучив дээ. Энхбатыг хулгайлан авч ирээд эрүүдэн шүүж (Зоригийг алсан хүнийг яг илрүүлдэг дээрээ тулсан) эхэлсэн. Тэгсэн чинь Сан­жаа­сүрэн гэдэг нэг "гайтай" өмгөө­лөгч гарч ирээд хамаг ажлыг нь нураасан. Тэрээр Монго­лын төр, хууль, хүч­ний бай­гуул­лага хүн хул­гайлж авчир­сан. Эрүүдэн шүү­сэн, хүний эрх гэж байдаг, олон улсын кон­венци зөрчсөн эд нар гэж дэмий юм ярьж байгаад хамаг ажлыг анх задалчихсанаар барах­гүй ийм юм хийж өм­гөөлснийхөө төлөө өөрөө ял авч арай л буудуул­чихалгүй өнгөр­сөн юм. Гэтэл өнөө хүн хул­гайлсан Хурц нь хэдэн жилийн хойно Европ руу салгалж яваад баригдчихдаг байгаа. Н.Энх­бая­рын Зас­гийн газ­рын үед зарла­сан С.Зоригийг алсан алуурчныг олж ирсэн хүнийг шагнах өндөр бооцоо 500 сая төгрө­гийг хэн, хэн хувааж авсан юм, бүү мэд. Хонь хулгай хийж болохгүй, хонь хулгай хийвэл тэр дундаа бүлэглэн хулгай хийвэл 10 жилийн ял авдаг. Хуу­лийн ийм заалт Эрүүгийн хуульд бий. Малын хулгайч нарт хамгийн мундаг үйл­чилдэг хуулийн заалт энэ. Бүлэг­лэн зохион байгуу­лалт­тайгаар хүн хулгай хийж, хулгай хийсэн хүнээ эрүүдэн шүүж, тарч­лааж байгаад алж болохгүй. Хэр­вээ хүн хулгай­лаад баригдвал тэгж шийт­гэнэ гэсэн хуулийн заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаггүй гэж эр­дэм­тэн хуульч нар тайлбар­лаж байна. Үнэн бололтой. Хэр­вээ ийм хууль байдаг бол ял эдлэх гэмт хэрэгтнүүд нь ил байгаа юм биш үү. Хонийг бол ядарсан, зүдэр­сэн хоол­той, хоолгүй бага гарын­хан хул­гайл­даг юм. Харин хүнийг бол том гарын­хан хулгайл­чихдаг байна. Тэгэхээр тэд хэзээ ч шийт­гэдэг­гүй. Манай хууль нэг иймэр­хүү. Харин ардчил­сан төртэй дэл­хийн олон оронд хүн хулгай хийж эрүү шүүлт тулган алж, талж бол­доггүй гэнэ. Бас төрийн цаг­даа нь иргэн рүүгээ буудаж амь насыг нь егүүтгэж бол­доггүй гэнэ шүү.