Манайхан  гадаад хэлийг амжилттай сурч байгаа нь сайшаалтай боловч тө­рийн­хөө хэлийг сурах, ойлгох тал дээр тун маруухан байна. Үүнээс үүдэн төрд итгэх, төрийн зүтгэлтэнд найдах гэхчилэн­гийн болчимгүй явд­лууд гарч байгаа нь тоогүйяа. Ингээд  эх орныхоо найдаач, сонгооч иргэдэд зориулан төрийн ба хүний хэлний хад­мал толь бичгээс толилуулж байна.
Хэрэглэх арга: Аниргүй нам гүм орчинд суугаад, нүдээ анин, анхаарлаа төв­лө­рүүлээд төрийн бай­гуул­лагын иргэдийг хүлээн авах байр юм уу, нэр дэвшигчид хийгээд нэгэнт сонгогдоод алдарсан гишүүдийн уулзалт дээр тэдэнтэй ярьж байна гэж бодно. Мөн улс төр хийж байгаа бүх хүнд хамааруулан ойлгож ч бас болно.

 

Жич: Энэ толь иргэнд төдийгүй төрийн албан хаагч­дад ч зориулагдсан болно. Төрийн албан хаагчийн хам­гийн гол шалгуур бол  шудар­га, хулгайд дургүй байдал юм болов уу гэж олонхи хүн эндүүрдэг. Үнэн хэрэгтээ  хэний ч хэргийг бүтээхгүй бас гомдоохгүйгээр гаргаж чаддаг хүнийг л төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг. Хүн таны өрөөнөөс гомдолтой гарч байвал танд төрийн албаны туршлага алга байна гэсэн үг. Харин таны өрөөнөөс иргэн хүн хэргээ бүтээгээд гарвал та төрийн нэрийг иргэний өмнө шороотой хутгасан хэрэг  бөгөөд таныг тоож хүндэтгэх татвар төлөгч ол­дохгүй, цаашдаа ажилдаа тэнцэхгүй гэсэн үг.


Шог зураач С.Цогтбаяр зурж байна

Сайн байна уу- За бас ямар хэл ам татлах гэж ирээв

Таныг би таньж байна-Үзээгүй гар байх чинь

Таны саналыг судалж үзье-Битгий горьд

Танд ямар санал байна-Бүлтрээд бай

Танд баярлалаа-Бушуухан зайл даа

Хариуг нь жич өгье- Горьдох хэрэггүй

Асуудлыг зохих журмын дагуу шийдэх- Лөөлөө болгох

Тантай тэгж байгаад нэг холбоо баримз- Наад асуудлаа март.

Сонгогчид шаардаж байна-Авгай загнаад аа

Таныг хохироогчидтой тэмцэнэ-Таныг ашиглаад юм унагаж болох юм биш үү?

Та зохих хариугаа хүлээж байна- Бүтнэ гэж найдах хэрэггүй

Дараа тухтай жич ярья-Гар хүндрүүлбэл тусалж болно

Надад баярлаад яахнэв дээ-Би өөртөө ашиггүй юм хийлээ дээ яая гэхэв

Таны асуудлыг хөөцөлдөж байгаа- Та чинь юу хүслээ дээ. Таг мартчихаж

Улс орны эрх ашигт харшилж байна- Надад ямар ч ашиг унахгүй байна

Тэмцэлд уриалж байна- Миний хувийг мартсан байна

Шударга бус байдалтай эвлэрч чадахгүй- Надад албан тушаал (мөнгө) өгөөгүйтэй эвлэрэхгүй

Тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжинэ-Мөнгөө нэмэхийг шаардана

Ард түмний өмч байх ёстой- Миний хувьцаа орох ёстой

Монгол охидыг харийнхан эзэгнэж байна- Намайг болохоор халгаахгүй байна

Танайд бага сага дутагдал байна- Намайг олигтой хүндлэхгүй байна

Таны  ажилд ноцтой дутагдал байна-  Намайг  огт тоохгүй байна

Асуудлыг шийдэхэд бэлэн байна- Намайг гуйгаад өгөөч ээ

Төрийн сүлдээ дээдэлье-Намайг хүндлэхийг шаардаж байна

Танд би муу санахгүй- Чамайг даа

Би шударга тэмцлээсээ ухардаггүй хүн-Би юм авч байж л салдаг

Шударга зангаас аа болж хохирч байна-Идэж байгаа юмнаасаа хуваахгүй байна

Шударга бус юмыг би тэвчээгүй- Мөнгөө харамлахыг нь тэвчээгүй

Түр хүлээж бай даа- Чи надад яг юу өгөх юм бэ

Маргааш ир-Хэзээ ч бүү ир

Дарга  хуралтай байгаа- Дарга тантай уулзахгүй гэнэ

Дарга уулзалттай байгаа-Дарга хүүхэн эргүүлж байгаа

Дарга гадаадын зочидтой яваа-Дарга хэд хоног хавтгай архидаж яваа

Гадуур ажилтай- хувийн бизнесээ хөөцөлдөж яваа