Парламентын гурван гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг  огцруулах тухай албан бичгийг үйлдэж, Спикер Д.Дэмбэрэлд өргөн барьсан дуулиан улс төрийн хүрээнд өнгөрсөн оны сүүлийг мушгиж дэгдсэн хамгийн том үйл явдал байв. Хуульд зааснаар бол эл асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой. Хэдийгээр гурван гишүүнийг өргөсөн бичгээ эргүүлж татах болсон гэнэ гэх болчимгүй мэдээлэл түгэж амжсан ч энэ нь дэндүү үнэмшилгүй мэдээ юм. Өнөөгийн улс төрд тохиролцоо, наймаа, шахалтын хэлбэрүүд зонхилж, зарчмын гэх ойлголтууд бүдгэрсэн ч арай иймдээ тулахгүй байлгүй дээ.

Парламентын гишүүд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд засгийн газрын гишүүдийг  битгий хэл засгийн газрыг өөрийг нь огцруулах санал оруулж, түүнийгээ шийдвэрлүүлэх өндөр дээд эрхтэй. Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нар төрт ёсны өмнө өөрсдийн энэ эрхээ эдэлж, үүргээ  биелүүлж байна  гэсэн үг юм. Үүнийх нь төлөө тэднийг хачирхаж, хавчиж, элдвээр гоочлох нь ёс зүйгүй явдал. Засгийн газрын нэг гишүүн, нөлөө бүхий яамны сайдаар ийнхүү зориг гарган “оролдсоных” нь төлөө Ардчилсан нам л лав хоёр гишүүнээ загнаж зандрахгүй. Тэд бол энэ байтугай юмаа намын толгойгоор мэдүүлдэггүй, дарга нараас дагждаггүй нөхдүүд. 

Харин Ц.Батбаярт бага биш дарамт ирж байж мэдэх юм. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн гишүүн “Ягаанааг ч оролдох нь оролдох байх шүү. Дүү нарынх нь бизнес рүү шалгалт оруулчихсан гэсэн. Манай нам ч нэрээ л шинэчлээд байгаа болохоос нэдэр нь улам л муухай болоод байна шүү” гэж утас цохиж байна. Энэ талаар лавласан сурвалжлагчийн асуултад Ц.Сэдванчиг гишүүн “Манай намын зүгээс бидэнд ямар нэг дарамтын шинжтэй зүйл ирээгүй. Харин Ц.Батбаяр гишүүнд төрөл бүрийн дарамт ирж байгаа бололтой. Засгийн газрын гишүүнд хариуцлага тооц гэж  бичиг өргөн барьсных нь төлөө ингэж боорлож болохгүй. Энэ бол ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл” гэж хариулжээ. С.Эрдэнийн хувьд өөрөө л биш бол өрөөлд нэг их дарамтлуулаад явахгүй нөхөр. Өргөсөн бичигтээ эзэн сууна гэсэн товч хариу өгсөн байна лээ. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур Д.Зоригт тайлбар хүссэн хэвлэлийнхэнд “ Юу болоод өнгөрснийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр өгөөд байх тайлбар алга” гэж пээдийжээ. Энэ хариултынх нь төлөө интернетийн comment үйлдвэрлэгч зэрлэгүүд залуу сайдыг ёстой нэг нүдний шилийг нь тал дээр нь гартал балбаад өгчээ.

Хөшөөтийг У.Барсболдтой нийлж идэж байгаа шулаачин шүү дээ. Энэ нөхрийг монголын төрөөс зайлуулаач ээ…Сү.Батболд гэж нэг үлбийсэн үл бүтэх дотортой нөхрийн чирч гаргаж ирсэн ангаахай…Бууд….Жинхэнэ коммунист…Оюутолгойг  харийнханд арилжсаныхаа төлөө ирээдүйд тамд очих нь тодорхой залуу даа…гэх мэтчилэн уурсаж, элдэв тендертэй холбоотой авилга авсан байж болзошгүй гэх сэрдлэгүүдийг ч цуваруулсан байх юм. Энэ бол зах хязгааргүй орон зайд нэр зүсээ нууж байгаад илэрхийлж байгаа сэтгэгдлүүд. Тэндээс ерөнхийдөө тохьтой, ултай гэмээр үнэлэлт дүгнэлт тун ховор ирдэг ч улстөрчдийн тухайд үнэний ортой баримт тавигдах нь ч бий. Энэ нэг их чухал зүйл биш ч Д.Зоригт сайдын хувьд нийтийн дүгнэлт яав аа гэмээр сөрөг тийш огцом эргэснийг бол илтгэж байна. 

Гишүүдийн дотор ч түүнд дургүй хүмүүс олон таардаг. Ялангуяа сүүлийн үед сүрхий өөрчлөгдөн хувирсан гэх хувийн зан авирыг нь тойрсон эгдүүцэл улс төр бизнесийн хүрээнийхэн дунд түгээмэл болсон нь анзаарагддаг. 

Намынх нь бүлэг мөн цадиггүй сайдынхаа дэгдээсэн асуудлыг авч хэлэлцэж байна.  Гэвч Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарын дэг журмын асуудал гэсэн сэдэвтэй уг хурал шууд хэлэхэд бэлгэдлийн шинжтэй л хурал юм. Тэд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг хэлэлцээд сайд Д.Зоригтод улс төрийн хариуцлага тооцох нөхцөл бүрдээгүй гэж үзжээ. Нам бол ойлгомжтой. Иймэрхүү л юм болно. Тэгсэн мөртлөө Ц.Батбаярыг хувь хувьсгалгүй мөшгиж дарамталж номхруулахаа мэднэ. Тийм зүгийн машин нь угаасаа Ху намд асаастайгаа бэлэн байдаг. Уг нь бол үзэгдлийнхээ хувьд парламентын гурван гишүүний Засгийн газрын гишүүнийг огцруулах бичиг өргөж байгаа нь эрүүл үзэгдэл. Ийм дохио зангаа байх ёстой. Байлгахгүй гэж үзээд л байх юм бол гүйцэтгэх засаглал нь парламентынхаа толгой дээр гараад суучихсан утгагүй урвуу нөхцөл байдал төрийн хоймроос арилахгүй. Манайх шиг парламентын засаглалтай орон гэж гаднаа тунхагийн төдий нэртэй дотроо болохоор гишүүд нь өөрсдийнхөө баталж тамгыг нь бариулсан сайд нартаа гөлөг шиг загнуулаад сууж байдаг улс байхгүй. Баахан шинэчлэл ярьсан улсууд гарч ирсэн ч буруу жижиг, булингар татуулсан зам хоёрыг л үргэлжлүүлэхээс биш тогтсон гажгуудыг засах талаар нэг нь ч хөдлөхгүй нь дэндүү харамсалтай юм даа.

Засгийн газар хуралдаж даварсан хоёр сайддаа даруулгатай байхыг сануулсан тухай албаны мэдээ бүх сонинд мөн иржээ. УИХ-ын нэгдсэн чуулган 2011 оны улсын төсөв хэлэлцэж байхад 1 цаг 30 минут хоцорч орж ирээд УИХ-д даргатай юутай хээтэйд нь пээдийж олон түмний нүдийг орой дээр нь гаргасан Сангийн сайд С.Баярцогт, УИХ болон байнгын хороо, дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллүүдийг хугацаанд нь гаргаж өгөөгүй, шаардлага тавьсан гишүүдийн асуултад тайлбар өгөхийг хүссэн Спикерт  микрофоноо унтраан хариу барьж томорсон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт анхааруулга өгч, хуулийн дагуу арга хэмжээ авсан юм байх. Хуульд зааснаар бол цалингийн 20 хувиар торгох ёстой. Тэр тухай нэг ч өгүүлбэр тус мэдээнд нь дурьдагдсангүй. Угаасаа яаж ч бодсон монголын гол үүц гэгддэг “Хоёр толгой”-гоор маань наадаж суугаа, хүнтэй дуугарахааргүй болтлоо цулайчихсан хоёр тэрбумтантай цалингийн 20 хувь яриад сууж байх утгагүй биз. Хоёр сайдад сануулга өгсөн гэх Засгийн газрын хуралдаан гэж тэр чигээрээ баахан мааз наргиан болсон гэж дуулдсан. Ер нь бол Монголын Засгийн газрын хөшигний ар талд цэцэглэж буй шинэ дүр төрх, хэв маяг нэг  иймэрхүү аяст шилжээд удаж байгаа талаар зарим гишүүд харамсангуй дуугарах юм билээ. Өргөсөн бичгийг тойрон нэг иймэрхүү үйл явдлууд өрнөж  байна. 

Парламент дотор Д.Зоригтыг зайлуулах хүсэлтэй гишүүд олон бий. Үнэн хэрэгтээ бүгд түүнд таагүй. Залуучууд нь “ Энэ муу одоо юу юм бэ. Батболдын л нэг хүүхэд шүү дээ. Хэтэрхий онгирч байна” гэж ил цагаан хэлдэг бол дунд үеийнхэн “Ёстой эвгүй пацаан байна шүү. Энэ ч дээ” л гэдэг. С.Батболдын хамгийн ойрын хүрээлэлд байгаа хэдэн залуу сайдуудын рейтинг ийнхүү улам доошилж байна. Саяхан л Н.Энхбаярын гэрээс салдаггүй, хүүхэд нь ш дээ гэж бусдадаа далд шоолуулдаг байсан С.Баярцогт эдүгээ С.Батболдын гэрийн жаал болжээ. Д.Зоригт, Ч.Ганхуяг хоёрыг ч адилхан гэж улс төрийнхөн хэлцдэг болсон. Олны ам ортой гэдэг. Хувийн харилцаа ийнхүү төрийн ёсыг эвдэж эхэлсэн болохоор тэд эгдүүцэн дургүйцэж байгаа байх.

Манайхан төрийн дээд төвшинд залагдахаараа эрх мэдлийн гинжин хэлхээ үүсгэж аваад, түүгээрээ эхнэр хүүхэд, найз нөхөд, ах дүү, амраг садан, хэлхээтэн холбоотноо бүгдийг нь чирээд явчихдаг болохоор ийм байдалд орж байна.  Харилцаа бол чухал ойлголт. Бараг бүх юмны хөшүүрэг. Гэхдээ хэм хэмжээг нь ингэтэл алдагдуулаад хаячихаар төрийн үнэ цэнэ ард түмнийхээ амнаас шүлстэй нь хамт л үнэгүйдэн үсэрч байхаас өөр яах билээ.

Монголыг хамгийн их баллаж байгаа энэхүү гинжин хэлхээ ойртож очсон бүхнийг яах ийхийн зуургүй ороон авдаг. Үүний сонгодог жишээ Д.Зоригт юм. Тэр бол өөрийнх нь зүг нийгмийн хүчтэй анхаарал чиглэсэн сонирхолтой нөхцөл байдлын дунд их улс төрд хөл тавьсан нэгэн.  Гэвч тэр үед түүнээс айж ичсэн, бэргэсэн, өөртөө жаахан ч болов эргэлзсэн төрх огт  харагдаагүй. Энэ бол залуу хүний хувьд ховор чанар. Зарим залуус доторх байдлаа ямар нэг хэлбэрээр гадагш харагдуулчихаад, түүнээсээ болж басуулж, бас халиртлаа гөвүүлж зогсдог. Гэвч тэр тэдний нэг биш байсан нь таалагдаж байсан.

Амьдрал улам дордож, дэлхий дахинаар санхүүгийн хямрал сүүдрээ унаган сандаргаж , банкууд ганхаж, хувийн хэвшлийнхэн түрүүчээсээ үүдээ барьж эхлээд байсан  бэрх өнгөн дээр бидний өмнө галт тэргээ зогсоосон чигээрээ хэрэлдээд байх уу, эсвэл хөдөлгөх үү гэсэн асуулт улаан гэрэлээ асаан, харанга дэлдсэн. Ийм тодорхой нөхцөл байдалтай нүүр тулах үүрэг  энэ Засгийн газарт оногдсон юм.  Засгийн газар харин бодлогын гол яамаа тэр бүр олны өмнө үзэгдэж яваагүй, эл дол болсон хуучин фигурүүдээс тэс ондоо, бараг хэний ч таамаглаж байгаагүй, цэл залуухан Зоригтод өгсөн юм. Эхэндээ хүмүүс гайхаж байсан нь үнэн ч хэн ч түүнийг басаагүй. Өө, энэ яаж барах юм. Энэ хэн юм гэсэн томжиргүй үгсийг аль ч хэвлэл түүн рүү чулуудаагүй. Харин ч өөрөөс нь илүү залуу насыг нь, хувийн түүхийг нь, улс төрд хөл тавьж буй шалтгааныг нь хайрлах аяс давамгайлж байсан. Харин тэр одоо эргээд өөрийг нь олноо танилцуулж өгсөн, нөхөн сонгуульд нэг их хүч заруулалгүй гаргаж ирсэн хэвлэл мэдээллийнхнийг гоочилж, бөөнөөр нь суулгаж байгаад загнадаг болон “өсчээ”. Энэ Засгийн газрын хэдэн хэлтэй устай гэгддэг сайд нар өөрсдийгөө л том боловсролтой, ирээдүйн монголыг цогцлоох нөхдүүд заларчихсан мэтээр ойлгож, энд тэнд болчимгүй үгсийг унаган элэглүүлж явах нь ихсэссэн бололтой. Ийм төрлийн мэдээллүүд үнэхээр олширчээ.

Хөөрхий дөө, хөрөнгөтэй, хөлтэй л улс юм биз дээ. Авъяас билэг, алдар хүнд, амьдралыг таньдаг гүн мэдрэмж ардынх нь дунд дүүрэн гэдгийг мэддэггүй байх нь. Хэрэв мэддэг бол ядаж Д.Зоригт дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтсан тэднийгээ ингэтэл басамжлахгүйсэн дээ.