Дэлхийн хамгийн олон хип хопчидтой орон байдаг аж. Хип хопын клануудад ирээдүйн рэпчид бэлтгэгдэн гарна. Хип хопчин байх замыг туулаагүй бол тэнд хэн ч чамтай гэрлэхгүй, хэн ч чамайг өрөөндөө оруулахгүй, хэн ч чамайг ажилд авахгүй. Залуучуудынх нь зууны наян хувь нь ямар нэг хип хоп хамтлагт харьяалалтай. Хип хопчид нь автуусаар үнэгүй явдаг. Мөнгөтэй л бол чи райм зохиох авъяастай байна уу, гоёмсог үглэдэг байна  уу, лаг брэйкчин байна уу хамаагүй хип хопын нэг кланд очоод рээпчин болох замыг сонгож болно. Дээрээс нь хип хопчидынх нь нэг удаа клип хийх зардлыг нь төрөөс даах шийдвэр гарчихсан, сайнтай муутай үй олон рээпчинтэй. Ихэнхи залуус нь хип хопын кланд байсан хугацаандаа урлагаа ойлгож мэдсэн зүйлгүй харин рээпчидийн хийдэг танхайралд суралцаад гарч ирдэг. Рээп хип хопын урлагт зүтгэсээр сурч мэдэх залуу насаа өнгөрөөгөөд амьдрал дээр гарч, эцэст нь ихэнхи нь баарны бүжигчин, эсвэл микроны кондуктор болбол ажил олдлоо гэж хөөрцөглөнө. Улсад рээп урлаг хэрэгтэй л дээ, гэхдээ тэр аяараа дашраараа хип хопчин байна гэж юу байхуу.

    Дэлхийн хамгийн олон оюутантай орон байдаг аж. Зуун хүнд ногдох оюутныхаа тоогоор бусад улсуудыг тасархай тэргүүлдэг. Бүх залуучууд нь шилжилтийн нас гэдэг шиг “оюутан нас” –ыг туулж өнгөрөөдөг. Бүгд автуусаар үнэгүй зорчдог, бүгд 500 зуун мянган төгрөг төрөөс авахаар болсон.

    Конкурсэнд өндөр оноо авсан хүүхдүүдийн элсдэг хэдэн гайгүй сургуулиудаас бусад нь ерөнхийдөө ижилхэн түвшнийх. Хуучин цагт их дээд сургууль төгссөн хүнийг дээд боловсролтой, сэхээтэн гэх мэтээр хэлж хүндэтгэдэг байж. Одоо үед гудамжинд шээж зогсоо хувийн сургуулийн нэг архичин оюутныг төгсөхөөр нь “чи дээд боловсролтой сэхээтэн боллоо” гэх нь өнгөрсөн.

    Угаас бөх болохгүй хүүхдийг мянга зодож занчаад бяр чадал мэх сууна гэж байхгүй шиг угаас дээд боловсрол эзэмших зориулалтгүй хүнийг мянга учирлаад ятгаад, сэнхрүүлээд нэмэргүй. Ангид хорин оюутан байлаа гэж бодоход тав зургаа нь л хичээлдээ идэвхитэй буюу багш нарын хэлдгээр “юм хийдэг хүүхэд”. Бусдыг нь хичээл хийсэнгүй, муу хүн гээд буруутгах аргагүй л дээ, тэд нар чинь угаасаа л оюутан болж эрдэм сурах зориулалтгүй хүмүүс болохоор л тэр. Юм хийдэггүй олонхи нь дүнгийн хойноос л үхэлдэнэ. Яаж ийж байгаад нэг дипломтой болчихвол болоо доо тэгээд. “Диплом хийж өгнө”, “Бие даалт зарна” гэдэг зарлалууд улаан цайм энгийн үзэгдэл болсон.

Засгаас оюутнуудаа дэмжих нь зүйн хэрэг, гэхдээ тэр “юм хийдэг” таван хүүхдийг л онцгойлон дэмжих хэрэгтэй юм, автуусаар ч гэсэн тэр таван хүүхдийг л үнэгүй зорчуулдаг баймаар. Оюутны дотуур байранд ч гэсэн тэр таван хүүхдийг суулгадаг баймаар.

    Гэхдээ тэр таван оюутнаас одоогийнхоос тав дахин өндөр төлбөр авдаг. Харин тэр өндөр төлбөрөөс зарим хэсгийг нь төр даачих хэрэгтэй. Эрүүлжүүлэх байр, хотын баар буудлуудын зорчигч болсон бусад дипломын голуудад зүв зүгээр таван зуун мянган төгрөг өгөх ямар ч, бүр огтын ч шаардлагагүй. Өндөр төлбөртэй бол зах зээлийнхээ зарчмаар оюутан болох хүний тоо ч багасна. Үнэхээр өндөр төлбөр төлсөн хүмүүс дор бүрнээ ухамсартайгаар суралцах болно. Үүнийг дагаад чанаргүй багш нар ч гэсэн шахагдана.

    Жилд арван хэдэн тэрбум төгрөгийг зөвхөн оюутнуудыг автуусаар үнэгүй зорчуулах гэж өгдөг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүгд нийлээд ч зуун жаран мянган оюутны дөрөвний нэгт хүрэхгүй биз.

    Дөрөвдүгээр курсын оюутан Балдан баахан хичээл дээр өртэй, (дүнгийн өр шүү) нэгэнт төгсөж чадахгүй болчихсон. Гэтэл хамаатнууд нь хонхны баяр дээр ирчихсэн, мань хүн харин хонхны баяраа ангийхантайгаа тэмдэглээд зураг хөргөө авхуулна. Өөр нэг ангийн Балдан гэдэг оюутныг гуйсаар байж түүний дипломыг хамаатнуудынхаа нүдэн дээр өөрийн юм шиг гардан авах төлөвлөгөө зохиосон. “Тийм тийм яадаг ядаг мэргэжлийн төгсөгч Балдан дипломоо гардан авна уу” хэмээн захирал дуудахад хоёр Балдан хоёулаа зэрэг очоод нэг дипломоо булаалдана. Бас дөрвөн жил хотод сурч байна гэж хөдөө гэрээсээ мөнгө авсаар л байгаа мөртлөө сургуулиа хаячихсан нөхдүүд ч зөндөө. Хөгтэй ч гэхүү, хөгийн ч гэхүү иймэрхүү явдлууд бүх сургуулиудад бий. Сурах сонирхолгүй хүнийг мянга албадаад ямар ч нэмэргүй.

    Ер нь эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд дунд сургуульдаа юм сураагүй, эсвэл жаахан буруу хүмүүжсэн хүүхэд их сургуульд элсээд л шууд ухаан суугаад амьдралыг өөрөөр хардаг болно гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Тааруухан сурлагатай хүүхэд ерөнхий шалгалтаа тааруухан өгч адилхан тааруухан хүүхдүүдтэйгээ хамт сурна. Нэг дор цугласан ухамсар хүмүүжил тааруухан хэсэг залуус ямархуу атмосфертэй хамт олон болж бүрэлдэх вэ гэдэг нь ойлгомжтой. Үнэхээрийн хэрсүү, амьдралын төлөө зорилготой биш л бол тэнд очоод хүүхэд хүмүүжих биш бүүр л эвдрээд гарна.

    Гайгүй айлын хүүхэд гэдэг нэг хэлц их өргөн болж. Амьдралын ухаан нь дөнгөж суух гэж байхад нь элдвээр эрхлүүлж буруу тийшээ хазайсан хүүхдүүд гадагшаа явцгаана. Хятадын зуун болох гэж байна, хятад хэл бол хаан энээ тэрээ бас элдэв чирэгдэл багатай учраас ихэвчлэн урагш нь хүүхдээ явуулна. Монголын конкурсэнд тэнцээгүй байж Хятадын томоохон сургуулиудад орсон хүүхдүүд. Хятад оюутнуудаа яс шалгаж байж “дунд” үнэлгээ өгдөг мөртлөө гадныханд бол “онц”, “сайн” нэг их зоволтгүй авдаг дүн. Сурлагын талаар орхъё гэхэд бас нэг уршиг бий.

    Тэнд мөн адил арван Монгол хүүхдийн нэг нь л хичээлээ сонирхон судалж бусад нь зугаа цэнгээн, хов живэнд автана. Өөрсдийнх нь гараас гараад харь газар ухаан суух байлгүй дээ гэж бодсон эцэг эхчүүд нь анги алгасуулж арван тав, арван зургаахан настай дунд сургууль төгсгөсөн охиноо урагш нь явуулна. Олон монгол эрчүүд цугласан газар үргэлж архидалт, зодоонтой. Монгол эрэгтэй хүн оруулахгүй, эмэгтэйчүүдийг нь л оруулдаг баарнууд бээжинд нэлээн хэд байдаг. Эцэг эхийн хяналтанд Монголд байхдаа л хэрэг тарьчих гээд байдаг хүүхдүүд тэнд очоод хэт эрх чөлөөг мэдэрч, бээжин хотын их хөл хөдөлгөөн том байшингуудын дунд сэтгэл нь хөөрнө. Мөнгөөр дутна гэхгүй, оюутны байранд цугласан “гайгүй айлын” олон хүүхдүүд эрчүүд нь архидаж, охидууд нь задгайрч шоу цэнгээнд автдаг. Энэ талаар тэнд таван жил сураад ирсэн нэг найзынхаа ярьсаныг дараа бүүр дэлгэрэнгүй өгүүлэмз.

    Нөгөө хоёр толгойнхоо буянаар Монголд удахгүй маш их мөнгө, маш их ажил бууж ирнэ. Тэр үед маш сайн бэлтгэгдсэн, ухамсарын өндөр түвшиний, боловсролтой, эх оронч, ухаалаг Монгол залуус л хэрэгтэй. Нийгмийн атмосферийг сайжруулж хүмүүсийг ухамсарыг төлөвшүүлэх үүрэгтэй тэр олон нийгэм, хүмүүнлэгийн ухааныхан юу хийж байна. Ихэнхи нь нэг төрийн бус байгууллага энээ тэрээ гээд амбиц хөөгөөд яваа юм шиг. Өнөөдөр гудамжинд архи уугаад зорилгогүй тэнэж яваа залууг ухааруулаад сэнхрүүлчих төрийн бус байгууллагууд, нийгэмлэгүүд хаана байна.

Монголын оюутны холбоо гэж улс төржсөн цавчааны газар автуусны билет тараахаас өөр ажилгүй. Ерөөсөө л “энийг тэгж унагаана, энийг тэгж дэвшүүлнэ, тэд нарыг базна, тэдэн зуун оюутан босгоно” энээ тэрээ гэсэн хор найруулалтаас өөр юм чадахгүй бяцхан популистууд. Угтаа оюутнуудын бодол санаа, ухамсарыг дээшлүүлж тулгамдсан асуудлуудыг нь шийдэж өгөх үүрэгтэй байлтай. Доошоо оюутанд чиглэж биш, дээшээ томчуулд таалагдах гэж ажил зохионо. Монголын залуучуудын холбоо гэж бас үхсэнээ хийгээд байгаан бүү мэд. МЗХ ын нэг дарга нь чингэлтэй, хайлаастын автуусны буудал дээр цаг зогсож Монголын залуучууд ямар ухамсар, ямар бодолтой байгааг нэг хараасай.

Ээж аавын хэдэн төгрөгийг зарлагадан байж оюутан болоод юунд хэрэгтэй нь мэдэгдэхгүй хэдэн хичээл судалж байгаа дүү нар минь, надтай адилхан амьдралд хөл тавьж эхэлж буй найзууд минь удахгүй улс хөгжих гээд байна, мэргэжилдээ л гаргуун болоорой доо, чаддаг юмтай л байцгаая. Би сүүлийн үед хэлэх их дуртай болоод байгаа “амттай талх барьсан хүн л тансаг машин унана шүү дээ” гэж.

Роналдо, Мэсси хоёр яагаад тийм их од юм бол. Яагаад зуун саяаар зарагддаг юм бол. Компьютер тоглоомон дээр нэг нь 90 нөгөө нь 89 гэсэн үзүүлэлттэй. Тэгэхээр 90 89 ийн ялгаа байхгүй, харин 80 тай тоглогч нар таван үсрээл дөрөв таван саяын үнэтэй байдаг. 89 тэй тоглогч 80 тай тоглогчоос хорь дахин өндөр үнэтэй, хорь дахин их цалин авдаг. Яагаад гэвэл 89 тэй тоглогч ганцхан байхад 80 тай тоглогч хаа сайгүй байдаг юм.