Бүлгээс парламентад

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлаар гараагаа эхэлсэн нэлээд алсын бодолтой өрөг эхлээд байна. Үр дүнд нь МАН-д хүчтэй хагарал гарах ба Засгийн газар огцорч, улмаар хаврын чуулган хаахаас наана парламент тарах асуудал ч дэгдэж мэдэхээр байлаа. Байлаа ч гэж байж болно л доо. Бүх туршигдсан хувилбаруудыг тооцож үзэхэд нөхцөл бүрдсэн байна. Гол цохилт эрх баригч намд очих ёстой, МАН энэ дайралтын дараа арай чүү амиа тээж гарах учиртай. Үр дүнд нь 2012 оны сонгуульд МАН ялах найдваргүй болно.

Д.Зоригтын асуудалтай зэрэгцүүлэн МАХН шинээр бий болж, МАН-д томоохон хагарал бий болгох байсан ч УДШ дэх МАН-ын эсийн хуваагдлаас болж бүтэлгүйтжээ. Төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй атал байгуулаагүй намын нэрийг МАН-ынхан өмчилжээ. Өөрөөр хэлбэл “үг”-ийн дайн болсон байна. Хэрэв УДШ-д сүүлийн нэг сард 70 гаруй намын нэрийг бүртгүүлсэн нь тэр дундаа МАХН-ууд хууль ёсны шинжтэй бол МАН нэгжин задраад 20 жижиг МАХН болжээ. Хятад задрахаараа, задарсан их гүрнийхээ нэрийг хадгалахын тулд умард, өмнөд, баруун, зүүн гэсэн тодотголтой адилхан нэртэй улсууд болоод таван төрийн үе, умард өмнөдийн үе, байлдаант улсуудын үе гэж тэмдэглэдэгтэй адил юм болж байна.

Ц.Батбаяр бууж өгсөн, яг өмнө нь Н.Энхбаяр “бууж өгдөг” шиг. Гэхдээ үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр Д.Зоригтыг огцруулах буухианы бамбарыг АН-ынхны гарт атгуулаад чимээгүй болжээ. Хэдийгээр Ц.Батбаяр Д.Зоригтыг огцруулах саналаасаа татгалзсан авч асуудал хэвээрээ үлдсэнээр барахгүй УИХ дахь АН-ын бүлэг дэх сөрөг бүлэглэлийн шахаа болон хувирчихав. Асуудал МАН-ын бүлгээс парламентын хэмжээнд тулж өргөжиж байгаа бөгөөд сайдыг “цөмөх” хувилбараар эхэлсэн тоглоом АН-ыг МАНАН-гаас салгах, өөрөөр хэлбэл Засгийн газрыг тэр чигээр нь цайруулах ажиллагаа болон хувирах төлөвтэй байна.

Жишээ нь Д.Зоригтыг хамгаалж үлдвэл өөр хувилбар эхэлнэ. МАН-ын зүгээс гэхдээ яг МАН-ынхан биш МАХН-д элэгтэй тавдугаар цуваа “АН-ынхан Д.Зоригтыг огцруулах гэж зүтгэсний хариуг авах” шалтгаар Сангийн сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ирэх “Ы” төлөвлөгөө бий. Асуудал хурцдаад Засгийн газрыг хамгаалдаг юм гэхэд УИХ тарахдаа тулж магадгүй. Ингэснээр МАНАН МАН АН гэж биш МАХН-ын баримжаатай бүлэглэл, МАН-ын баримжаатай бүлэглэлд хуваагдана. 

Эдийн засгийн сонирхол талаас нь харвал шахаа бүр алсын зорилготой. АН-ынхан Таван толгойн ордыг хуваасныг далимдуулж Цанхийн районы нэг хэсгийг авахаар зүтгэж байгаа тухай мэдээлэл тарж байна. Хэрэв энэ талаас нь харвал шалтгаан цэвэр эдийн засгийн сонирхолтой холбоотой мэт авч МАН ба АН доторх сөрөг бүлэглэлүүд теннисчилсэн тоглолтыг маш хурдтай маневрлан хийж байгааг анзаарахгүй байх аргагүй.

Нам дамнасан ийм тоглолтыг байтугай нам доторх улстөрийн тоглолтыг ийм хурдтай хэлэлцэн тохирч хийж байгаагүй, тиймээс ажиглахад хоёр талын үйл ажиллагааг гайхалтай сайхан уялдуулж, сайтар төлөвлөсөн байна.

МАХН-ын бүлгийн төлөө


Ц.Батбаяр Засгийн газрын эсрэг дайрснаар Ц.Шинэбаяр хоёр болов. Өмнө хэлж байсанчлан МАН дахь сөрөг бүлэглэл геометр прогрессоор өргөжиж байна. Ц.Даваасүрэн хумсаа нууж байгаа ч нам дотроо илэрчихсэн тул ил гарахаар шийджээ. Ц.Шинэбаярын эсрэг хийсэн увайгүй дайралтыг эсэргүүцэж Э.Мөнх-Очир Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Л.Даваасүрэн нар намаа эсэргүүцэв. Ц.Шинэбаярыг доромжлон гутаасан нь МАН-ын парламентчдыг гутааснаас огтхон ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл МАН-ын Төв аппарат намын бүлгээ гутаажээ. Ингэснээр МАН парламент дахь бүлэглэл ба Төв нам болон хуваагдлаа. Ингэснээр МАН-ын парламентын бүлэг намдаа захирагдахгүй гэдгээ ил тод зарлалаа.

Гэтэл яаж ийгээд МАХН нэрийг авсан Хувьсгалт нам зургаан гишүүнтэй боллоо. Хувьсгалт гэдэг үг л чухал байсан болохоос тэр хоёр дахь “А” ямар үг байсан хамаагүй л дээ. Одоо аман ярианд Ардын нам гэдэгчлэн Хувьсгалт нам гэсэн ойлголт бий болно. Яагаад нөгөө коммунизмын үеэс алдартай, Хувьсгалт нам. Ц.Шинэбаяр амжилттай ажиллаж байна. Тэр ч байтугай “Нэг төрийн өндөр албан тушаалтан хуулиар бол яаж ч харсан МАХН нь том юм байна” гэж дуу алджээ гэлцэнэ. Одоо Хувьсгалт намд ердөө хоёрхон гишүүн дутуу байна, өөрөөр хэлбэл парламент дахь эрх баригч хамтарсан бүлэглэлийг нуман тулгуурт оруулахад МА(Х)Н-ын найман хүн буюу бүлэг байгуулах тооны гишүүн л хэрэгтэй. Түүнээс бус АН-ынхан тэднээс гурав дахин олон хүнтэй хэрнээ амжилт олохгүй, олоо ч үгүй. 

МАН-ын дарга С.Батболдод удирдагчийн харизматик шинж, улстөрийн үйл явцыг урьдчилан харах чадвар илт дутагдаж байна. Тэрээр намаасаа хөндийсэн төдийгүй одоо парламент дахь нам ба Төв нам гэсэн хоёр морийг нэг эмээлээр эмээллээд унахыг оролдож байна. Гэтэл тун удахгүй парламентад МАХН-ын ба МАН-ын бүлэг, гудамжинд Ардын ба Хувьсгалт нам байгуулагдвал тэр энэ дөрвөлийг чарганд хөллөхийг оролдох юм байна л даа. Одоо тэр үлдсэн 39 гишүүнээсээ ердөө хоёрыг алдахгүйн тулд боломжтой бүхнийг хийх ёстой. Чадахгүй бол парламентын хямрал МАН-ын даргаас болоод Засгийн газраа төдийгүй парламентаа тараах хэмжээнд тулах болно. МАН-ын алдарт сахилга бат сулран алдагджээ. 

АН-ынхны тоглолт


Парламент дахь АН-ын бүлгийн Алтан гадасаас бусад нь эрх баригч болохын төлөө тоглолт хийж байна. АН-ынхан С.Эрдэнэ, Ц.Сэдваанчиг нар Ц.Батбаярыг дэмжсэн дүр эсгэж асуудлыг өөртөө авсан нь намаа “Эрх баригч хүчин” болгохыг зорьсноос үүдэлтэй. Хэрэв Д.Зоригтыг унагавал дараа нь мэдээж С.Баярцогтын асуудал босч ирнэ, тэгээд Л.Гансүх гэхчилэн үргэлжилнэ. Ийм маягаар явбал Засгийн газар унах ба МАН дараагийн Засгийн газраа дангаараа байгуулах гэвэл АН зөвшөөрөхгүй юм. Шалтгаан нь өнөөгийн МАН бол 2008 оны сонгуульд оролцсон МАХН биш. Хэрэв мөн гэж мэтгэвэл Ц.Шинэбаяр нар яагаад Хувьсгалт намд байгаа хэрэг вэ? Эцсийн дүндээ нэг бол АН дангаараа засаглана, эсвэл Ан-ын Засгийн газар МАН, МАХН-ын аль нэгэнтэй хамтарна. Ийм хувилбар бүрэн боломжтой.

МАН-ын бүлгээс найман хүнтэй Хувьсгалт намын бүлэг салбал МАН хууль ёсоор засаглах эрхээ алдана. Парламентад МАН ба МАХН-ын бүлгийн дунд ширүүн зодоон дэгдэх ба аль аль нь “Засаглах эрхтэй” хэмээн мэтгэснээр санаачлагаа хууль ёсны хамгийн олон гишүүнтэй АН-ынханд алдаж болзошгүй юм. Одоо энэ үйл явцад саад хийж буй гол хүчин бол “Алтан гадас”. Өөрөөр хэлбэл засаг “Алтан гадас”-ын нуруун дээр тогтож байна. 

АН-ын хоёр бүлэглэлийн зорилгод буй зарчмын зөрчил нь “Алтан гадас” энэ хэвээр хамтран засаглах, харин бусад нь дангаар засаглахад оршиж байна. Алтан гадаст өнөөгийн нөхцөл байдал нь илүү дээр бол бусдад өнөөгийн нөхцөл байдал шиг муу зүйл байхгүй юм. Тиймээс энэ маш хурц бөгөөд ширүүн маргаанд парламент хамагдан ороход бэлэн болжээ. Хэрэв асуудлаа ямар нэг аргаар шийдэж чадахгүй бол парламент тарж, ээлжит бус сонгууль явуулах замд орно.