@ebatuul Твиттерт нэгдлээ. 2011 оны 1 сарын 19. @ebatuul “Баатархуягийн өнөөдрийн нийтлэлээс цус vнэртэж байна. Ийм юмнаас л урьдчилан сэргийлж нийтлэл бичсэн юм даа” гэжээ. Үүнийг “baabar.mn” сайтад гарсан “Хувьтсгалын хоёр дахь давалгаа” өгүүллийн хариу гэж ойлголоо. Э.Бат-Үүл гишүүнийг ямар “хүн амины хэрэгт гүтгэлээ” гэж шүүхэд хандалтай биш. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй тул Таны үзэл бодлыг хүндэтгэж байна. Тиймээс доорх хариуг ил тод бичиж байна.

Хийрхэл

Юу болсон юм яасан юм, нээг их айдастай хэдэн нөхөд бий болчихож. “Хүүе цаана чинь Ленин амьд шааж явна, 16-нд Магнайгийн цуглаанд очоод үг хэлж байна билээ, тультраа хэлтэй яг мөөн” гэх нь холгүй. Тэгээд “цусгүй хувьсгал” байдаггүй гээд байна гэх нь холгүй.

Дашка ахад хэлж байсан юм аа. “Ална хядна гэж шүд зуусан зэрлэгүүдээс ардчиллыг хэн хамгаалах вэ?” гэдэг сүртэй нэртэй өгүүлийнх нь дараа. “За юун сүртэй юм, тэгээд л хэдэн гэнэн хонгорууд наадахийг чинь дагаад л намираад эхлэнэ” гэсэн хамгийн түрүүн Үүл хошгирдог байгаа. Толгой нь цагаан ч сэтгэл нь яг үс шигээ цагаан гэнэн романтизм хэвээрээ байна гээч. Даашка ах аа, та хүн явуулахдаа сайн л даа, гэхдээ арай ч дээ, Үүлээр тоглоод... Гэхдээ би та хоёроор давхар тоглоод байна л гэж харж байна.

Үүл бичдэг юм аа, УИХ-ын гишүүнд бичих сэдэв мундахгүй. Өргөн барьсан хуулийн төслүүдэд шинжилгээ хийгээд нэг, нэг юм бичихэд л барагдахгүй сэдэвтэй хүн баймаар юм уг нь. Магадгүй ээ, мань эр мэргэжсэн парламентч учраас “Хуулийг бол ярьдаг, хувьсгалыг бичдэг” гэж бодож байгаа биз. Гэтэл гэв гэнэт л крантаар цус урсах нь шахуу юм бичээд, сүүлдээ тэрэндээ орооцолдоод гарах газаргүй болчихоод манийгаа элэг барьж твиттерт “Баатархуягийн өгүүллээс цус үнэртэж байна” гэж авдаг юм даа. Үүлийн бичсэнээр бол бараг АНУ, Хятадад хувьсгал гарахаар болчихоод байхад тэд дуугүй л байна, Монголд харин ч гайгүй байхад хувьсгал гаргах гэлээ гэв үү? 

Яасан юм бэ? Би “Төр ба хувьсгал”-ыг шинээр биччихэж үү? Аль эсвэл “Засгийн эрхийг даруй хөдөлгөөнүүдэд” гээд уриалчихаж уу? Эсвэл “Долдугаар сарын сэдвүүд” гэсэн цуврал биччихсэн юм болов уу? Эсвэл “Хувьсгалт хүчирхийлэл зөв, зорилго нь аргаа зөвтгөнө” гээд аваад хаячихсан юм болов уу? Эсвэл Монголын “дайсан” Хятадаас мөнгө авчихаж уу? Харин ийм санаа бол “үнэртэж” байна билээ. Өөр сүрхий үндэслэл алга. Гурван үгийн нэг нь Энх, араас нь “баяр”, “сайхан” хоёрыг залгасан болохоос. Андуураад Энхийг нь мартаад биччих вий дээ. Тэгвэл “Баяр сайхан“ болж баларна шүү.

Ленин амьд бол...

Нэгэнт Ильичийн сүнс ирсэн бол “муусайн хөрөнгөтний” сүнснүүд арилаад өгсөн  нь тодорхой. Үнэндээ Лениний сүнс яваагүй юм. Нэг бол МАХН-ын байранд, эсвэл төрийн ордонд хорогдчихоод салж өгөхгүй байсан. 62-ын бүлэг байгуулагдсан цагаас АН-ын байраар орж гардаг болчихсон юм. МАХН байшингаараа сор залж, овгоосоо Рыскуловын хайрласан “Революционная” гэдэг үгийг авч хаяад байгаа хэр нь салахгүй л байна. У.Хүрэлсүх яг хувьсгалч ёсоор “Залуусаараа алуулна” гэж байхыг бодоход яг одоо У.Хүрэлсүхэд шүглэчихээд байгаа юм биш үү? Ирсэн сүнс нь энэ юм байж, явсан сүнс хэнийх вэ?

Адам Смитийн сүнсийг хөөв


Уг нь Монголд 1990 оноос “Капиталистуудын хий үзэгдэл сүүдэгнэж” эхэлсэн юм. Гэтэл өнөөдөр тэр хий үзэгдлүүд байхгүй. Нөгөө Адам Смит гуайн сүнс аль эрт арилаад өгсөн. Бүхнийг төрөөс зохицуулдаг болохоор түүний “үл үзэгдэгч гар” ажилгүй болчихсон юм, Монголд. Үгүй бод доо, Засгийн газар автобусны үнэ 100 төгрөгөөр нэмэх эсэхийг шийдэж байна гэдэг яг коммунизм биз дээ.

М.Энхсайхан Ерөнхий сайд болоод Парижийн коммуны гайхамшигт ололт коммунистуудын олон зууны нандин өв “хатуу үнийн системийг” халж Адам Смитийн үл үзэгдэгч гарт өгье гээд байхад хэн хамгийн их эсэргүүцлээ? АН-ынхан тэр чигээрээ. Парижийн коммуныхан Францчуудыг өөртөө татах шилдэг арга нь энэ байсан юм. Гамшиг болсон муусайн худалдаачид “Парижийн коммуны нэр хүндийг унагахаар” үнэ нэмж, ард түмнийг шулаад байхаар нь “Үнэ нэмсэн худалдаачны энэ санааг сэдсэн шуналтай толгойг” таслаж хатуу үнэ тогтоож байсан юм. Гай болж 1996 онд М.Энхсайханд Адам Смитийн сүнс шүглэж  шатахууны үнийг бас дээрээс нь суурь үнийг чөлөөлчихсөн. Тэгмэгц хоёр талаас нь яаж дайрлаа. АН-ын коммунистууд “Орон нутгийн сонгуульд ялагдууллаа” гэж, харин МАХН болохоор “Үнэ чөлөөлж ард түмнийг ядуурууллаа” гэлцээд дарж авсан биз дээ. М.Энхсайхан МАХН-ын хөрөнгийг хураах болоход Лениний музейг МАХН үлдээх гэж хоёр тал мөн ч их мачийсан даа. 

Уг нь үнэ чөлөөлснөөр ард түмнийг төрийн эрхшээлээс нэгмөсөн салгадаг. Төр засаг гэгч ард түмнээ “хямд бүтээгдэхүүнээр харж үзэгч”-ийн үүргээс салчихаараа эдийн засгийн бодлого ярьж эхэлдэг. Харин хямд бүтээгдэхүүнээр хангаад л байвал коммунизм шиг уначихдаг байхгүй юу. Хэрэв үнийн асуудлаас салахгүй бол зүгээр л аж ахуйн ажил хийгээд явдаг. Өнөөдөр байгаагаа хар даа. Хуучин нийслэлийн ЗДТГ-ынхныг аж ахуйн ажил хийдэг гэж доош нь хийдэг байсан, өнөөдөр Засгийн газар аж ахуйн ажил хийдэг болсон. Нөгөө бодлого модлого байхгүй шүү дээ. Аж ахуй нь хөгжөөд гишүүдээ жилд тэрбумаар харж үзэх, ард түмэндээ сар бүр нэг шил “Соёмбо” архины мөнгө өгөх тухай л ярьдаг болсон байгаа биз дээ. 1990-ээд оны эхээр л картаар архи өгдөг байсан. Мэдээж эхлээд өөрсдөө ахиухан хусах нь зүй. Нийгмийн баялгийг өөртөө хувьчлах нь Засгийн газрын гол ажил. Угаасаа газар шороо ашигт малтмалын орд энэ тэр хэний ч биш, эзэнгүй юм чинь. Гэтэл өнөөдөр ашигт малтмалын ордуудыг цуслалцаж байгаа “Ардчилсан хувьсгалчид” 1990 онд төрийн өмч бол хэний ч биш эзэнгүй өмч, өмч эзэнгүйдлээ гэж шүүмжилж байсан биш үү?

Өнөөдөр хар даа. Эрчим хүчний өрийн сүлжээ хэвээрээ, махны үнийг тавиад туучихсан, хятадуудтай ямааны махны хэрүүл хийгээд, автобусны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхээр л өөрсдөө уначих гээд байгаа биз дээ. 2006 оны 1 дүгээр сарын 12-нд автобусны үнэ нэмэх сургаар 5000 хүн цуглаад МАХН-ын хуучин байшинг эзэлснийг мартаагүй байгаа хэрэг л дээ. Гурилын үнийг төрөөс тогтоох гэж энэ намаржингаа баахан юм болж капитализмын онолчийн сүнсийг амжилттай хөөн зайлуулсан та нар.

АН бол коммунист мутац


Өнөөдөр АН-ынхан хамгийн харгис хатуу хууль санаачилж, нийгмийг сахилгажуулахыг хүсэж байгаа. Яг коммунизмын үеийнх шиг дуулгавартай ард түмэнтэй болох санаачлагууд дандаа АН-аас гарч байгаа. Гэтэл үнэндээ Ардын намын залуучууд та нараас илүү либерал юм. Учир нь тэд коммунизмыг ойлгодоггүй, мэддэггүй юм. Яагаад гэвэл та нар оригоороо “Ленин багшийн шавь нар”, “Орос эхнэрийн сүү хөхөж өсөгсөд”  байхгүй юу.

АН-ынхан өчигдөр хэвлэлийн хяналтаас зугтах гэж дайрч байсан бол өнөөдөр Бат-Үүл та төрийн тогтвортой байдал нэрээр Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахыг хүсэж, хязгааргүй засаглахыг оролдогсдын гар хөл болж байгаагаараа та түүхийн гутамшиг болж байна. Хуучин төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн заалтаар хорьдог байснаа өнөөдөр таны санаачилсан өөрчлөлтөөр нэгдүгээрт төр засагт байгаа этгээдүүдийг шүүмжилбэл төрийн эргэлт хийх гэж оролдсон болж 16-25 жил хоригдох, мөн энэ талаар мэдээлсэн хүн ялгүй өнгөрөх болж байгаа нь яг коммунизмын жилүүдийн матаачдыг бий болгох оролдлого юм.

Ардчилсан хувьсгалын баатар Э.Бат-Үүл шинэ хэлмэгдүүлэлт эхлүүлэхийг оролдож, Зөвлөлтийн эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг Ардчилсан Монголын эрүүгийн хуульд хавчуулахыг оролдож, нийгмийг тэр чигээр нь матаач тагнуулчдын сүлжээ болгохыг зорьж байгааг юу гэх вэ? Ийм хууль зөвхөн биднийг шоронд хатаагаад дуусахгүй, хэзээ нэгэн цагт өөрийг чинь, өөрийн чинь үр хүүхдийг ороовол та яах вэ? Хэрэв Засгийн эрх та нарын гараас шилжвэл (бидэнд байх албагүй, МАН-ын гарт ч орж болно) хамгийн түрүүнд та энэ хуулийнхаа идэш болох араншинтай хүн. Энэ бол баталгаатай. ХХ зууны аймаглан устгах яргалалд хамгийн их нэрвэгдсэн буриад хүн атлаа санаачилж буй хуулийнхаа хор хохирлыг ойлгохгүй байгаад гайхаж байгаагийн дээр, ийм хуулийг батлуулчихаад баатарлаг буриадын ард түмний хүү гэж цоллуулах эрхгүй болох вий гэж санаа зовж байна. Ийм үнэтэй тогтвортой байдал зөвхөн коммунист дэглэмд л байдаг, та олигарх гэдэг үгийг ойлгож амжаагүй байж, тоталитар дэглэмд улс орноо оруулах бэлтгэлийг гардан хийж, үүнийг хийх шалтгаа “Ленин, цус” хоёроос хайж байгаа бол бүтэхгүй ээ. Ленин бидний биш та нарын дотор байгаагийн нэг жишээ энэ гарцаагүй мөн. Гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байгаа Уянгааг төрийн эсрэг ард түмнийг турхирсан гэмт хэрэгтэн тул хувьд баривчлах ёстой гэж УИХ-ын гишүүн З.Энхболд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байгааг юу гэх вэ?

Өнөөдөр Үүл та яг 1990 онд түлхэн унагасан засаглагчдынхаа насанд хүрч, яг тэднийг даран давтах хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж эхлэж байна. Гэхдээ үүнийгээ ухамсартайгаар биш зөнгөөрөө хийж байгаа учраас шүүмжлэлийг хүлээн авах чадваргүй болчихоод байгаа юм. Та нар монгол Назарбаев, монгол Алиев, монгол Туркменбаши, монгол Лукашенко болчихож. Яагаад бүгдээрээ Монголд байдаг юм гэвэл парламентын засаглалтай учраас... Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол нэг нь бусдыгаа нухчихсан л даа. Даан ч тогтолцооноосоо болоод хүч тэнцээд тэгээд хуйвалдаж байгаа болохоос...

Та нар УИХ-ын дэгийн тухай хууль, эрүүгийн хууль, сонгуулийн хууль, тэгээд үндсэн хуулийг нарийн төлөвлөгөөтэй өөрчилж, Монголыг хууль ёсны дарангуйлалтай орон болгохыг зорьж байгаа нь худлаа гэж үү?

Черчиллийн сүнс зугтаав

Өөрсдийнхөө хийсэн хувьсгалаас хойш 20 жилийн дараа нэг гогцоо хийгээд буцаад яг хувьсгалын босгонд нийгмийг аваачсанаа та нар ойлгодог уу?  Хэрэв ой санамжаа алдчихаагүй бол “Монголчууд аа, мориндоо” гэсэн уриа барьсныхаа төлөө та нар яг өнөөдрийнх шиг “Цус урсгах гэж байна” гэсэн сөрөг суртал нэвтрүүлэгт өртөж байсан. “Торгон хувьсгал” хийсэн гэж та нар ярьдаг. Гэтэл өнөөдөр “Хувьсгал бол хүчирхийлэл” гэж хашгичиж байна. Хэрэв тийм бол та нарынхаар 1990 онд хүчирхийлэл хийгээгүй учраас хувьсгал хийгээгүй юм байна, эсвэл хувьсгалыг тайван замаар хийж болно гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө цуст хувьсгалд турхирч байна.

Өнөөдөр та нар биеэ тоогоод өөрсдийгөө хэт өргөмжилдөг болчихож. Гайтай нь бид өргөмжлөхгүй байгаа учраас манийгаа “лүд барам” болгохыг хичээж байгаа юм. Хэрэв худлаа гэвэл үүнийг уншаад үз. Та нар “Төр бол би” гэлцэж байна. “Төр бол дарангуйлагч аппарат мөн” гэж байна. Гэтэл үнэндээ төр бол МАНАН биш, та нар төрд булхайцаж, хамтарч байгаад түр орогнож байгаа л амьтад. Та нар төрийн тогтвортой байдал ярих ямар ч эрхгүй. Яагаад гэвэл та нар төр бол бидний өмч гэсэн аялгаар ингэж яриад байна. Та нарын алдаа гажуудал энэ төрийг тогтворгүй болгож, тэр нь нийгмийг бухимдуулж байгаа болохоос ард түмэн энэ нийгмийг ийм болгоогүй. Та нар бүр 1998 оноос үндсэн хууль зөрчиж, бүтэн 13 жил хууль бусаар засаглаж байгаа этгээдүүд.

Хэрэв болж бүтэхгүй байгаа бол жинхэнэ ардчилагч тогтворгүй байдлын төлөө байх ёстой юм. Хэрэв зөв санаж байгаа бол Үүл та хамгийн тогтвортой засаглагчийг эсэргүүцэж тракторчдын хөдөлгөөнийг зохион байгуулж байсан санагдах юм. Шуудхан хэлэхэд ганцхан Н.Энхбаярыг ч биш, бас Э.Бат-Үүлийг тайван замаар солих нь ардчилал юм шүү дээ. “Бид ардчилсан хувьсгал хийсэн учраас мөнхөд засаглах ёстой” гэж байгаа бол наадхийг чинь маш энгийнээр дэглэм гэдэг юм. Ингэж бодож байгаа та нар Октябрийн хувьсгалыг гардан хийгчдээс юугаараа ялгарах юм? Тэгээд цус, цус гэж үглэх хэрэг юун. Ленин та нарын цусанд байгаа болохоос бидний дотор байхгүй. Тэгээд Ленинээ үгүйсгэх гээд л...

Нийгмийн намагшуулж, хөлдөөгөөд удирдахыг та нар санаархаж байна. Өөрөөр хэлбэл яг коммунист ёсоор нийгмийн инженерчлэлд шилжихийг санаархаж байна. Яагаад гэвэл та нар нийгмийг хөгжил хөдөлгөөн дунд нь удирдан залах чадваргүйгээ нотолосон. Өнөөгийн ертөнцөд статик /тогтонги/ болон обьектийг биш, харин динамик /хөдөлгөөн/ болон үйл явцыг судалдаг, нөлөөлдөг, удирддаг болсон цаг шүү дээ. 7 сарын 1-ний дараа хамтарч байгаад олон зуугаар нь шоронд хорьдог нь обьектжуулсан “шоронгийн удирдлага” биш үү? Тэгээд энэ удаад бас л шоронгоор айлгаж байна уу? Эсвэл нөлөөлөх гэсэн бүдүүлэгдүүхэн оролдлого нь энэ юм болов уу?

Б.Жаргалсайхан хэлж билээ. “Чиний бичсэн чинь нэг их гүнзгий юм шиг мөртлөө гүехэн шүү дээ гэж” Үнэн, үнэн. Би зөвшөөрнө. Яагаад гэвэл хүнд нь тааруулж бичдэг байхгүй юу. Долдугаар ангийн хэмжээнд. Өнөөдөр хөдөлгөөн бүрээс та нар айж байна. Айдастай байна гэдэг гэмтэйн шинж биш үү? Ядаж энэ талын анхан шатны ойлголтгүй бол судлаач Д.Ганхуягийн блогоос “Бантанг санаатай хутгадаг...” өгүүллийг нэг уншаад үзээч дээ. Гуйя. 

“Ардчилал бол тийм ч төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй хойно яая гэхэв”. Черчилль ингэж хэлсэн гэдэг. Гэхдээ арай ч ийм адгийн юмыг ардчилал гэдэггүй байх аа. Тэгэхээр Черчиллийн сүнс ч айгаад арилаад өгч. Холбоотнуудаас “Санал өгөхдөө биш тоолохдоо” гэж хэлсэн Сталиний сүнс оронд нь ирчихсэн.  

Шалтаг ба шалтгаан

Одоо арай ойлгомжтой яг В.И.Ленинийхээр бичье. Хувьсгал, за дайн ч гэсэн дээ эхлүүлэхэд “шалтаг”, “шалтгаан” хоёр огт өөр үүрэгтэй юм шүү дээ. Жишээ нь “Цуст хувьсгал хийх гэж байна” гэх нь зүгээр л шалтаг гаргаж ирж байгаа хэрэг. Харин цуст хувьсгал гарвал шалтгаан нь эрх баригч та нар. Та нар л ийм байдал руу хөтөлсөн.

Нөгөө талаар ингэж сурталдсанаараа нийгмийг халаахад их үүрэг гүйцэтгэж байгаад талархах, эсбөгөөс шоолохын алиныг мэдэхээ байчихаад байна. Талархах учир нь та хувьсгалын очийг хошногоо түмбийтэл үлээж байна. Гал эвгүй үнэртэй хийнд амархан асдаг, анхааруулахад та буруу амаар үлээгээд байна. Шоолохын учир нь хэтэрхий хийрхэж байгаа юм биш үү? “Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл” уриаг Ардын нам ч, Ардчилсан нам ч булаацалддаг, сонгууль болгоноор сурталчилгааны хуудсанд хэвлэдэг, үүдэндээ гоёор бичиж өлгөдөг боловч ачир дээрээ хоёулаа яг эсрэгээр нь ажилладаг. Гэтэл өнөөдөр эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг зүйл бүрээр мушгин шоолж байгаа биз дээ. “Шударга ёсны тухай гоё уриагаар тэнэг ардыг уруу татаад... гэвч тэр шударга ёс чинь байдаггүй юм шүү дээ...” гэж ирээд л. Шударга ёс бол харьцангуй “Бид ярьж байвал үнэн харин гудамжныхан ярьж байвал худал”. Тэгээд нийгмийн үнэт зүйл нь юу ч биш “мөнгө” гэж ойлгуулахыг оролдож байна. Тэр ойлголтдоо биднийг хамруулах гээд үзээд байна. Товчдоо та шалтгааныг шалтгаар хаах гэж оролдож байгаа юм. Ингэхдээ бүх үнэт зүйлээ 200 саяар л уландаа гишгиж байна.

Яг өнөөдөр бид үзэл санааны хувьд либерализмыг буцаан сэргээхийг зорьж байгаа болохоос коммунизмыг сэргээх гээгүй. Тодорхой хэлбэл коммунизм руу чирч буй та нарын алдааг засахыг хүссэндээ гай бологсод. Та нарын нүүрнээс хуурамч либерализмыг чинь хуулах гээд байгаа новшийн амьтад. Хэрэв та өөрийнхөө дотоод сэтгэлээ толинд харж чадвал интернационализмаа глобальчлал гээд ойлгочихсон, авторитаризмаа ардчилал гэж тунхагладаг, социал демократизм-коммунизм хоёроо хольдог, либерализмыг бүр мэддэг ч үгүй, олигополизмыг ч бүрэн ойлгодоггүй хэрнээ шохоорхдог, тэгсэн хэрнээ либертаризм энэ тэрийг шохоорхдог бөөрнөөсөө жаахан ягаарсан коммунист шүү дээ. Тиймээс хувьсгалаас айж байгаа. Өнөөгийн ертөнцөд хувьсгалыг айдасгүй хийж болохгүй юу. Айгаад байвал буугаад л өгчихөөч дээ.

Хувьсгалаас айх шалтаг нь эрх мэдлээ, хувхайрсан хувьсгалынхаа хуучирсан алдрыг алдахаас айж байгаа болохоос цус урсгахаас лав айгаагүй. Хэрэв цус урсвал ард түмний цус урсахаас биш өөрсдөө цус алдах вий гэж айж байгаа. Яагаад гэвэл тэр цус, ард түмний цус аль хэдийнээ урсчихсан.

7 дугаар сарын нэгэнд “Та нар ард түмнийг бууны аман дор авчирсан” маягтай суртал нэвтрүүлэг явуулж байгааг би харж байна. Ард түмэн гэнэн болохоороо бидийн буудуулсан, бидний хориулсан гэж бодоод байна. Гэвч бид буудаагүй, бид хориогүй, тэд, тэд нар л алж хорьсон. Тэгээд та “Понти Пилат шиг гараа усанд дүрэх” төдийгөөр л хамаагүй болчихгүй шүү дээ. Та нар л алуурчдыг нууж байгаа, тэр тусмаа чуулганыг хаалттай хуралдуулах саналыг 2008 онд дахин сонгогдсон эрхэм гишүүн Э.Бат-Үүл та гаргаж байгаад алуурчныг нуухаар хуйвалдсан, тэгээд төрийн тогтвортой байдлыг хангах гэж ингэсэн гэж тайлбарласан. Та Понти Пилат болох гээд гараа савтай усанд биш цусанд дүрсэн, усан баталгаа хийх гээд цусан баталгаа хийсэн. Тэгээд одоо таны тайлбарыг хүлээе. Тухайн үед тогтвортой байдлыг хангаж чадсанд тань талархлаа ч түүнээс хойш нэг сонгуулийн хугацаа өнгөрч байхад алуурчдыг олох гэж хуруугаа байтугай хошуугаа хөдөлгөөгүй биз дээ. Тэгэхээр төрийн биш өөрсдийнхөө суудлыг хамгаалсан гэж дүгнэж болох нь байна.

Өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн алуурчныг олоогүйнхээ төлөө хүзүүгээрээ оосорлуулсан та нар дараагийн цуврал аллагын эздийг ч олохыг шаардах зориггүй болчихсон байна. Зоригтой хамт та нарын зориг мөхсөн байна. Одоо бид АН-аас эрх баригч байсных нь хувьд С.Зоригийн алуурчныг олохыг шаардах ба МАНАН-гаас таван хүний амийг нэхэх ёс суртахууны эрхтэй биз. Цус урсдагаа урсчихсан, одоо цус урсах нь гэж айлгах хэрэггүй, харин яаж цусыг тогтоох вэ? гэж ярих цаг биш үү? Эсвэл ахиад цус урсгамаар байгаа юм уу?

Жич: Би таныг лав л өөртэйгөө харьцуулшгүй сайн хүн гэж мэднэ, түүнийг ч хангалттай батална. Гэхдээ энд хүний асуудлыг бус нийгмийн асуудлыг бичлээ. Та олон асуудалд яг хүнийхээ ноён нуруугаар хандаж, олон заваан үйлдлээс цэвэр гарсан. Гэхдээ бас сайн хүн нь дийлээд олон балиар юмны эсрэг дуустал явж чадаагүй. Найзыгаа бодож намдаа, намаа бодож төрдөө буруу зүйл хийсэн. Ингэж тайлбарлалаа ч та нийгмийн гажуудлын төлөө хариуцлага хүлээх ёстой хүний нэг гарцаагүй мөн. Та бол хамгийн богиноор зарчимгүй хүн. Таны тухай ийм онигоо гарсан байна. Бат-Үүл хэрэггүй үед зарчим ярьдаг, харин Элбэгээ хэрэгтэй үед зарчим барьдаг гэж.