Өвлийн наймаа дуусах сүүлийн өдөр том том наймаанууд Английн Премьер Лигт боллоо. Олон юм ярилгүй гол яриандаа орьё.

    Фэрнандо Торрэсийн 50 сая фунтаар Чэлсид очсон наймаа хамгийн том нь байлаа. Мэдээж Ливэрпүүлийн фэнүүдэд хүнд цохилт болсон. Гэхдээ ирээдүйдээ хоёр баг, тоглогчдоо ч ашигтай. Гэхдээ одооны нөхцөл байдлаар шүү дээ. Тэгэхээс ирээдүйд ингэнэ тэгнэ гэдэг утгагүй. Одоогоор Чэлсид өөрчлөлт хэрэгтэй. Тэрийгээ хийлээ. Торрэс шиг сэтгэл зүй нөлөөлдөг тамирчинд харин ч зөв сонголт байж болох талтай. Ливэрпүүлд байсан Торрэс нэг л найдваргүй байгааг бүгд харж байгаа. Өмнөх тоглолт, ур чадвар нь халхалаад л байсан болохоос цаашаа яах нь мэдэгдэхгүй тоглолт, гэмтэл харагдаж байна. Сайн дасгалжуулагчид иймэрхүү хоёр талаас яаж эерэгээр гарахаа шийддэг, энэ удаа ч тэглээ. Хамгаалалтын шугамаа Бэнфикагаас 21.3 сая фунтээр Давид Луисыг авч нөхлөө. Хурдан, уян хатан, гоол оруулдаг сайн хамгаалагч. Сайн удирдагчтай байхад ихэнх хамгаалагчид сайжирдаг бөгөөд Тэрригийн хажууд Луис тун сайн тоглож болох юм. Тэрригийн өмнөх хамтрагчид нь ч тийм байсан. Карвалью, Алекс, Иванович ямар хурдан сайжирсаныг харж байна. Түүнчлэн Манчэстэр Юнаитэд анх Видичийг авч байхад тийм ч сайн байгаагүй ч сайн удирдагч Фэрдинанд нь өдий зэрэгт хүрэхэд маш том нөлөө үзүүлсэн. Харин Чэлси Какутаг Фүлхэмд, Старрижийг Болтонд зээлүүлж хэн хэндээ буян боллоо.

    Ливэрпүүл Энди Кэрроллыг 35 сая фунтээр авсаныг үнэтэй байна гэж байгаа боловч миний хувьд үгүй гэж бодож байна. Тэгээд яана гэж! 35 саяын үнэдээ тохирсон тоглолт хийгээд эхлэхээр нь одоо л авдаг цаг гэж хэлэх ёстой гэж үү? Тэр үед хэн ч харж чадна. Ирээдүйд болох зүйлийг өмнө нь харна гэдэг хамгийн чухал байдаг. Дууссаныхан дараа хэн ч дүгнэж чадна. Болзошгүйгээр тоглолтыг удаан явуулдаг багийн хувьд Луис Суарэс шиг сүүдрийн довтлогч сайхан сонголт. Мөн том багуудад сайн тоглохгүй бол удаан хүлээдэггүй зарчим байдаг. Ливэрпүүл харин ч удсан гэж бодож байна. Тэр ч утгаараа Торрэс, Бабэлийг явуулсан болов уу! Тэдэнд зайлшгүй цоо шинэ цус хэрэгтэй байсан. Үнэндээ эвлэрч чадахгүй байсан болохоос Торрэс гэж сайхан нэр л явж байсан. Харин Блэкпүүлээс Чарли Адамыг авах гэж байсан ч хашир хөгшин Фэргюсон магтаж өгөөд үнийг нь нэмүүлчихсэн. Блэкпүүл ч гол мотороо явуулвал амжилт нь эрс буурна гэж үзээд эздүүд нь тэр өдөр утсаа аваагүй сурагтай. Уг нь Адамтай Ливэрпүүлийнхэн утсаар ярьж тохирсон бөгөөд тамирчин өөрийгөө эхэнд боддог энгийн дүрмээр зөвшөөрсөн байсан ч багтаа үлдлээ. Зуны цонхоор түүнийг төдийлөн авах гэж хичээхгүй болов уу?

   Кэрроллоо явуулсан Ньюкасл Астон Виллагаас Стифэн Айрлэндийг авсанаар довтолгооны санаачлага нь нэмэгдэж магадгүй юм. Хоёрдугаар давхарын тоглолт нь илт суларсан учраас төвөөс санаачлага сайн байхгүй бол болохгүй. Виллачуудын хувьд Америкийн залуу од Майкл Брэдлиг урвууллаа. Ямар ухаалаг тоглогч гээч. Дээр нь гоолын машин Даррэн Бэнт, Камеруны шилдэг хагас Жан Макуныг нэмж болно.

      Блакпүүл Адамын шуугиан дунд чимээгүйхэн сайжирч Английн шигшээд тоглож байсан ахмад довтлогч Жэймс Битти, дамжуулалтын мастер Сандэрлэндийн Энди Ридийг багтаа элсүүллээ. Тоттэнхэм цалингийн цэсээ багасгахаар гэмтлээс ирсэн Жиованни Дос Сантосыг Испаний Расинг руу зээлжээ. Харри Рэднаппын төлөвлөгөөнд Дос Сантос байхгүй нь энэ удаа ч батлагдлаа. Стивэн Пинаар ирсэнээр тэр Испанид үлдэх баталгаагаа гаргуулж авсан юм. Вэст Хэм зуны хамгийн сайн солилцоонуудыг хийсэн боловч амжилт нь улам уруудсан. Энэ удаа Хоффэнхаймын сэргэн мандалтын довтлогч Дэмба Ба болон Робби Кин нарыг авлаа. Ингэснэр Карлтон Коулын явах болсоныг харуулж байна. Тэрнээс өмнө Авраам Грантыг явуулж Мартин О’Нилийг авч магадгүй юм.

    Бирмингэм томхон хөдөлж Обафэнми Мартинс, Дэвид Бэнтли болон төвийн хамгаалагчийн асуудлаа Виллагийн Куртис Дэйвисээр нөхлөө. Энэ дунд Арсэнал даруухан байж Японы Рё Мияичиг аваад Фэйеноорд руу зээлчихэв.

   Энэ улирлын нээлт Болтоны Овэн Коил Мидлсброгийн үлэмж хамгаалагч Дэвид Веатэрийг, Старрижтэй авчээ. Сандэрлэнд Салли Мунтариг буцаагаад Англид авчирсан бөгөөд сүүлийн 2 жил Мунтари Буданд Албионд ямар сайхан байснаа ярьж, намайг аваач гэж ярилцлага өгөх болсон.

    Ойрд болоогүй сайхан өвлийн цонхын гол эзэд эдэр байлаа. Харин талбай дээр гол эзэд мөн үү гэдгийг харж л сууя даа.