Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга  Б.Хурц Англид албан ажлаар явж байгаад баривчлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрч байна. Тэрбээр тагнуулын газар алба хааж ирсэн, мэргэжлийн ажилтан юм. Түүнтэй холбоотой хэрэг явдлын талаар ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Билэгттэй уулзаж байр суурийг нь сонирхлоо.

-Тагнуулын газрын экс ажилтан Б.Хурцад тохиолдсон явдал олны анхаарлын төвд байна. Б.Хурц таны удирдлагад ажиллаж байсан хүн. Та түүний талаар ямар нэгэн байр суурь илэрхийлж болох уу ?

-Болохгүй юм юу байхав дээ. Монгол Улсын тусгай албаны олон сайхан ажилтантай мөр зэрэгцэн ажилласнаа би бол хувьдаа  завшаан гэж бодож явдаг юм. Сайхан ч дурсамжууд надад бий. Тэдэн дотроос би Батын Хурцыг онцгойлон үздэг гэдгээ хаана ч хэлнэ. Хурц бол гүйцэтгэх ажлын ур чадвараараа Монголдоо айргийн тавын эхэн хавиар л жагсана даа. Боловсрол сайтай, олон жил тусгай албанд ажилласан, ажлын их туршлагатай, сэтгэлгээний хурд өндөр, авхаалж самбаатай, бусдыг таньж үнэлэх талдаа дориун шүү. Ер нь Б.Хурц тусгай албаны ажилтанд байвал зохих үзүүлэлтээс 90 хувьд нь шаардлага бүрэн хангана гэж би хэлнэ.

-Тийм үү. Янз бүрийн л үнэлэлт дүгнэлтүүд өгөгдөж байгаа харагддаг. Олон нийт бол мэргэжлийн чадавхи талаас нь үнэлж мэдэхгүй шүү дээ. Хурандаа цолтой билүү ?

-Тийм ч учраас гүйцэтгэсэн ажлын хангалттай үр дүнгүүдээс гадна үзүүлсэн мэргэжлийн ур чадварыг нь үнэлж би түүнд хурандаа цол шагнасан. Хурцын тухайд би ийм л зүйл хэлнэ дээ.

- Б.Хурцыг ажилдаа хайнга хандаж, хөрөнгө мөнгө үрэгдүүлсэн ч гэх маягийн хэл ам их гарсан. Мөн арилжаа наймаа хийж, ашиг орлого илүү хөөцөлддөг гэж ч ярьдаг. Энэ тухайд та юу хэлэх бол?

- Надтай ажилласан хугацаанд Хурц хууль зөрчих, албан тушаалаа ашиглах юм уу хэтрүүлэх, өмч хөрөнгө үрэх, завших, ашиг орлого хөөцөлдөх зэргийн ямар ч явдал гаргаагүй. Би бардам хэлнэ. Тэгэхээр тиймэрхүү яриа, хэл ам бол арай өөр зорилгоор, янз бүрийн булан тохойноос шидсэн чулуунууд юм шиг надад харагдаад л байгаа юм. Арилжаа наймаа гэвэл ер нь 90-ээд онд наймаа хөөгөөгүй нь хэд билээ, их л цөөхөн хүн гараа өргөх байх. Явсан тэр олон дундаас ч ашиг олзтой гарсан нь бас л цөөхөн гэж бүгд ярьдаг биз дээ.

-Түүнийг Европоос хүн хулгайлсан, олон улсын хууль дүрэм зөрчсөн гэж буруутгаж байгаа талаар та юу хэлэх вэ?

- Би энэ тухайд сонин хэвлэл, радио телевиз, гадаад яамны мэдээллийн хэмжээний л ойлголт төсөөлөлтэй байна. Энэ тухайд тэнд ажиллаж байхдаа би сонирхож танилцаж байсангүй, тийм зав чөлөө ч байсангүй, урьдын зарим юмыг ухаж төнхөх элдэв шаардлага ч гараагүй. Шинэ мянганы эхний жилүүдэд л наад сэдэв чинь гэнэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй дуулиан шуугиан болж гарч ирж байсан биз дээ.

-Жаахан тодорхой ярихгүй юу. Сүүлийн санаа тань их бүрхэг юм?


 -Тэгээд л нэг өмгөөлөгч нууцын хэрэгтэн болоод явсан, олны дунд “манай тагнуулууд мөн ч мундаг юм аа, Орос, Америк, Израилийнхнаас дутах юм алга. Тэр олон орныг нэвт явж  барьж ирээд л…” гэсэн бахархангуй өнгөтэй яриа их байсныг би санаж байна. Та ч бас санаж л байгаа байлгүй.  Тэр үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр үүрэг даалгавар өгөөд, ТЕГ-ын тухайн үеийн дарга М.Батсайхан тушаал буулгаад, офицер Б.Хурц нөхдийн хамт морио унаж давхиад газрын мухраас гав дөнгө болоод хүн чирээд ирсэн гэдэг тэр домгийг бүгд л мэднэ биз дээ. Би бол нүдээр үзээгүй, хараагүй, уншаагүй, танилцаагүй, ямар ч баримт гаргаж хэлэх юмгүй хүн чинь энэ талаар юу ярихав дээ. “Ёстой нээрээ” гэдэг шиг хэрэв ийм операцийг, ийм өндөр түвшинд Б.Хурц тэргүүтэй гүйцэтгэх ажилтнууд ингэж чадварлаг гүйцэтгэсэн юм бол Монголын төр, засаг Б.Хурцыгаа ирэхээр маш өндрөөр урамшуулан сайшааж, ямар л одон тэмдэг байдаг юм харамгүй шагнах ёстой гэж би бодож байна. Зэрвэс харахад ч гэсэн энэ чинь төгс гүйцэтгэсэн операци байгаа биз дээ. Энэ ажиллагаанд оролцсон гэх хурандаа Б.Хурц нарын үүрэг улсын хилээр ормогц  дуусгавар болж байгаа шүү дээ. Энд ирээд нас барсан гэх рецедив этгээдийн үхэлд тагнуулын гүйцэтгэх ажилтан, офицерууд, тэр тусмаа хилийн чанадад ажиллагаа явуулсан “гүйцэтгэх ажлын мастерууд” ямар ч холбогдол байхгүй, тэдэнд хамаагүй байх ёстой. Тэднийг ямар ч өнцгөөс буруутгаж болохгүй. Бид л өөрсдөө улсын нууц задалж, элдвээр улс төржүүлж, гадагш нь илчилж шившгээ тарьж байгаа биз дээ. Саяхан бүгд хараа биз дээ, Оросын Америкт олигтой юм хийсэн үгүй нь ч тодорхойгүй тагнуулч нар  олон цөөнөөрөө, эр эмээрээ “гардуулна” гэдэг боллоо. Тэгэхэд оросууд яаж байна. Солио золио хийж байгаад буцааж эх орондоо авчраад, төрийн хэмжээнд хүлээн авч, баахан одонгоор шагнаа биз дээ.  Аливаа улс орон чинь тагнуулч нараа ингэж хайрлаж, хамгаалж, харах нүдний цөцгий мэт энхрийлж байхад бидний байж байгаа царайг хар. Урьдын ноён нь ухаангүй, түшмэд нь урагшгүй байсан гэхэд одооны ноёд, түшмэд эрхбиш юм бодох болов уу гэж би найдаж байна. Улс орныхоо өмнөөс үүрэг гүйцэтгээд адаг сүүлд нь адгийн шаарнуудаас болж эх орноосоо алс газарт зовж яваа Б.Хурцыгаа бид үндэсний баатар гэж үнэлэх хэрэгтэй. Үнэн шүү. Энэ бол хожмоо нэгэн үеийн бахархал болно.