-Фельетон-
Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан өөрөө дахин сонгогдох гэж бодож байгаатайгаа холбогдуулан олон арван сонгогчоо төрийн дээд шагналаар мялаалаа. Чанар сайтай, итгэл даахуйц хэмжээний сонгогчийг бол  “Ардын сонгогч” цолоор харамгүй баярлуулжээ. “Дунд хүүхэнд дурдан бүс” гэлээ гэгчээр яахав бас найдаад байж болох сонгогчдыг  “Улсын гавъяат сонгогч” цолоор байлсан байна.  Харин “адгийн хүүхнийг ам торго атга чихэр”-ээр гэгчээр итгэхэд хэцүү, бас итгэхгүй гэх ч хаашаа, ер нь авъя хэцүү, хаях хэцүү сонгогчдыг одонгоор баалсан дуулдана. Ер нь манай ерөнхийлөгч маань Д.Сүхбаатарын (Дарь.Сүхбаатар???) одон зэргийг хүний хэр хэмжээг ухааруулах зорилгоор , “Май ингээд гавъяат горьд”, “Их санасан газар есөн шөнө хоосон”  гэсэн утгаар ногдуулдаг болсон гэх.  Өөртэй нь өрсөлдөж магадгүй дуулдаад байгаа Элбэгдорж, Бат-Үүл нарыг “Хөдөлмөрийн хүндэт сонгогч  медаль”-иар шагнаад  амьтны нүүр харах аргагүй  эцэсгүй болгож, ганц сайхан дөнгөсөн гэлцэнэ.Яг хүнд үзүүлчих тодорхой гавъяагүй сонгогчдод “ардын улсын...” цол олгох үеэрээ “Та бүхэн гавъяа байгуулаагүйдээ бүү санаа зов, сүүлд нөхөж байгуулчихаад тэр тухайгаа дуулгачихна биз” гэсэн байна.

Санхүүгийн хямрал, мөнгөний хомсдолтой холбогдон “Цолны дифицит (дифтери биш)” гарах болсон байна. Сонгогчдыг өргөнөөр урамшуулах болсонтой холбогдон манай шагналын салбар тун өрөөсгөл байгаа нь  ажиглагджээ. Тухайлбал гавъяат болон ардын  жүжигчин цол байгаа боловч гавъяат үзэгч гэж байхгүй, ардын багш, гавъяат багш гээд байх боловч шавь нарт ногдох шагналын зии ч үгүй. Энэ бол хүн амыг үнэхээр гадуурхан ялгаварласан хэрэг. Ингээд зогсохгүй зарим чухал салбар өөрийн гэх “Гавъяат ардын” цолгүй, байлаа ч тэр нь хэрэглэхэд их хэцүү байна. Ухаандаа малын эмчид “Малын гавъяат эмч” олгоно гэхээр хүний гавъяа, малын гавъяа гэж тусдаа байх ба энэ этгээд хүнд хамаагүй гавъяат юм гэсэн шиг. Тэхээр нь “Гавъяат малын эмч” гэхээр мань хүн өөрөө биш мал нь гавъяатай ч болчих гээд.

Энэ ч яахав бас оргүйд орвол охинтой салбар. Гэтэл нөлөө бүхий мянга мянган сонгогчтой атлаа охинч үгүй, ор ч үгүй газар зөндөө байгаа нь сонгогдогчид юутай гомдолтой. Ингээд энэхүү цагаан толбыг сонгуулиийнхаа өмнө засахаар манай тэргүүн шиидсэн гэх.

Ер нь манай ерөнхийлөгч ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сонгогчдоо ерөнхийд нь шагнах нарийн төлөвлөгөө гарган графиктайгаар ажиллаж байгаа юм байна. Ерөнхийд нь биш юмаа гэхэд 50,1 хувийг нь ямар нэгэн байдлаар урамшуулна гэнэ.  Ерөнхийлөгч Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах ажлыг  гардан хиих үүрэг хүлээсэн Сонгуулийн ерөнхий болон  хэсэг тойргийн хорооныхныг шагнах учиртай “Төрийн гавъяат хутгуур”, “Улсын гавъяат холигч” , “Ардын тог таслагч”  “Соёлын гавъяат хайрцаг солигч”, “Шинжлэх ухааны гавъяат дүн будлиулагч” “ Ардын боловсролын тэргүүний санал засагч” зэрэг цолны тэмдэг нь БНХАУ-д захиалгаар хийгдэж байгаа аж.  Дашрамд дурьдахад сүүлийн таван сонгууль дараалан “20000 огт байхгүй хүний саналыг өгүүлэх” зэргээр илтэд гавъяа байгуулсан хэнийг  тусгайлан мялаах “Ардын сүнсчин” цол тэмдэгийн эскиз хийгджээ.

Хойтохын товчооны ажилтан Умаахум нарын сонгогчид  жил, сар, улирлынхаа төлөвлөгөөг тогтмол давуулж ирсний дээр саналаа ч санаснаар өгдөг нь нотлогдсон боловч тэдэнд “Ардын ,Улсын... юу юу” гэсэн цол өгөхөө мэдэхээ болиод зарлиг хүлээгдэж буй гэнэ.  Ямарч байсан тэдэнд өөрсдийгээ “Улсын гавъяат ямар нэгэн юмаар тооцож” болно шүү хэмээн хэлүүлжээ.

Ямарч байсан “улсын гавъяат жүжиг үзэгч” цол бий болох юм байна гэдгийг анзаараад авсан байх. Харин энэ жил сонгуулийн насанд хүрч байгаа, саналаа гоё хүндээ өгөхөө эцэг эх асран хамгаалагчаараа дамжуулан баталгаажуулсан хүүхдүүдэд ойрын өдрүүдэд “ Монгол улсын гавъяат шавь” цол олгох нь тодорхой болжээ. Олон хүн эмчилсэн эмчид “ардын, гавъяат эмч” цол олгож болсон юм чинь олон өвчнөө удаа дараа эмчлүүлсэн гавъяатай өвчтөнүүдийг зүгээр орхих муухайяа даа. Ингээд 32 удаа өнгөний өвчнөө амжилттай эмчлүүлсэн Ямбийжав “Улсын гавъяат өвчтөн” цолны ууган үнэмлэхийг гардах нь тодорхой болжээ.

Даалуу наадах, хөзөрдөх, ганц юм хувааж цохих зэргээр сонгогчдын гүнд орж, тэдний санааг тандах, хэрэгтэй цуу үгийг оночий нь тааруулан шивэгнэх зэргээх ялимгүй мэт боловч зүйрлэшгүй нэмэр оруулсан зарим сонгогчийн гавъяаг марташгүй. Тэдэнд ямар “оночтой цуурагч”, “сэм чагнагч” цол өгөлтэй биш тул  “Соёлын гавъяат даалууч” гэсэн гэм хоргүй брэнд сэтгэсэн аж.  Саналаа өг гэсэн зоргоор өгдөг, өөрөө өгөхгүй юмаа гэхэд иргэний үнэмлэхээ дуртайяа хэрэглүүлдэг. Тэгсэн атлаа байрны өргөдөл энээ тэрээгээр төрийн түшээгээ сүүлийн таван сонгуулийн турш зовоогоогүй зуугуул сонгогчийг яах вэ? Асуудлыг манай ерөнхийлөгч шиидэж чадсан байна. Харин хамаарах салбарыг нь олох гэж жаахан зүдэрсэн болтой юм аа. Ингээд “ Хөнгөн үйлдвэрийн гавъяат архичин”, “Нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний траншейчин” цол нэгэнт бэлэн болжухай.

Ингээд  гавъяат сонгогч бүхий Монгол төрийн өлмий бас өсгий бат оршиг.(Манайхан заримдаа  “монгол төрийн өлмий бат оршиг” гэж ерөөдөг нь ихээхэн өрөөсгөл болохыг судалгаагаар тогтоожээ. Төрийн өлмийнээс гадна өсгий нь бат байхгүй бол  арвайхээрийнхний ярьдгаар “яга дагазаараа тага” гээд унах магадлал өндөр гэлцэнэ )