Бүгдээрээ бурууг нь мэдэж байгаа мөртлөө хэн ч болиулж чадахгүй. Тэгээд дансанд нь нэгэнт зүгээр ороод ирж байгаа юмыг авалгүй яахав дээ. Ноднин хавар далан мянгыг анх тараахад зарим залуусын дунд “Би гурав хоногт л дуусгасан, хахаха би харин авсан өдрөө л дуусгасан, би тэгвэл цагийн дотор дуусгасан” гэх маягийн ярианууд өрнөсөн нь үнэн.

Ер нь далан саяын үнэтэй машин унадаг хүнд далан мянган төгрөг ямар ч хэрэгтэй юм. Гэхдээ далан давхарт хашаатай ядарсан нэг айлд далан мянга жинхэнэ “эх орны хишиг”, төрийн хайр энэрэл амь тариа гэдэг нь бас үнэн.

Бас ядарсан ядарсан гээд цувдайгаар голоо зогоож байсан зарим нь далаа авангуутаа хэд хоногийнхоо гурилыг авахаа бодолгүй баахан хэрэгтэй хэрэггүй чихэр жимс, за мэдээж хэрэг архи авч дуусгасан нь үнэн. Төр засаг нь иргэддээ жаахан ч гэсэн дэм болог гэж өгсөн хэдээр нь мах биш хиам, талх биш зүсмэл боов, гурил биш хэрэгтэй хэрэггүй хужаагийн жимс авч “тансаглана”. Лондонгийн метронд булган шуубтэй алхалдаг шиг Монгол зангаараа ядуу айлын хүү далан мянгын кээт авч өмсөнө.

Зазаза энэ дал, хорин нэгийн буруу муу муухай, тэр их мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийж болох тухай бүгдээрээ хангалттай мэдэж байгаа. Би бас нэмж дарвалзаад яахав. Гол нь хэн ч үүний эсрэг дорвитой зүйл хийхгүй байгаад л гайхаад байна.

    Хов хоосон хүнд зуун төгрөг өгвөл жаргалтай болно, мянган төгрөгтэй хүнд зуун төгрөг өгвөл жаахан л баярлана, сая төгрөгтэй хүнд зуун төгрөг өгвөл огт тоохгүй.

Үнэхээр хэрэгтэй хүмүүс нь л авч байг, үлдсэн нь энэ сул өгөх мөнгөнөөсөө татгалзчихвал яасан юм гэж бодогдлоо. Ядаж хоёр сая долоон зуун мянган хүний тал нь, за байг ээ гэхэд гуравны нэг нь сар болгон өгөх хорин нэгэн мянгаасаа татгалзчихвал улсын төсвөөс овоо их юм хэмнэнэ шүү дээ. Харин татгалзах хууль эрх зүйн үндсийг нь гаргаад өгчихөөч ерөнхийлөгч өө, ерөнхий сайдаа.

    Сая төгрөг тараана гэж амласан нь тэнэг биш харин ч ухаантай, сонгуульд лаг үр дүн гаргасан, чадаж л байна. Далан зургаа чинь тийм ч тэнэг мулгуу хүмүүс бишээ, харин ч санаатай, ухаантай нөхдүүд болохоор тэгж дээшээ гарч бяднуусыг дооёолоод байгаа хэрэг. Гол нь сайн зүйл хийхийг хүсэхгүй байгаа даа л хачин гаж гаж хууль шийдвэрүүдийг үйлдвэрлэх юм.

    Зуун архичныг цуглуулаад хоёр нэр дэвшигч өрсөлдөнө гэж бодъё. Нэг нь “та нарыг архинаас гаргаж өгье” гэж амална. Нөгөөх нь “та нарт гоё архинууд өгье” гэж амална. Мэдээж “үнэгүй архи өгье” гэж амалсан нь л ялж таараа. Тэнэг архичид архинд дуртай л байгаа биз буруутгах аргагүй, хөгийн нэр дэвшигч сонгуульд ялахыг л хүсээ биз түүнийг бас л буруутгах аргагүй. Бизнес бол бизнес, ялалт бол ялалт.

    Тэгээд хэн ч юу хийж чадахгүй энэ том тэнэглэлийг харсаар суух гэж үү. Тэнэг солонгос сериалууд гарсаар байна, түүнийг бүгдээрээ үзэхээ больчихвол хэн ч телевизээрээ цацахгүй. Хүмүүс шимтэн үзээд байгаа юм чинь түүнийг цацаж ашиг олох этгээд байж л таараа шүү дээ. Уучлаарай солонгос сериал үздэг хүмүүсээ гэхдээ энэ нь нэлээд том тэнэглэл, миний л бодлоор шүү, яг л эх орны хишгийг нэг нь тарааж нөгөөдүүл нь авч байгаа шиг том тэнэглэл.

    Ядаж зуун мянган хүн “би наад хорин нэгэн мянган төгрөгийг чинь авахгүй” гээд хүний хөгжил сангийн “бид хамтдаа чаднаа” гэсэн бичигтэй дэвтрээ буцаавал далан зургаагийнхаа тэр тэнэг шийдвэрийн өөдөөс томоос том “фаак юу” өгч чадна.

    Хамгийн гол нь татгалзах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгөөч гэж дахин дахин гуймаар байна. Авах нь аваад татгалзах нь татгалзаад л явчихвал болоо бишүү. Мэдээж хэрэг “эсэрүүцэж байгаа нь энэ” гээд мөнгөө авахгүй суугаад байвал хэн нэгэн төрийн албан хаагч минийхийг авчих учраас ямар нэг эрх зүйн орчин бүрэлдтэл нь би хаан банкныхаа өмнө очерлосоор л байх болно. Маш зөв процедуртай байхгүй бол татгалзсан хэдийнхээ мөнгийг өнөө хэд нь идээд дуусна биз.

    Нэг их мундаг эх орныхоо төлөө энээ тэрээ гэж том дуугараад яахав, гол нь бүх нийтийг хамарсан, хэн ч болиулж чадахгүй байгаа энэ том тэнэглэлийн эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй биш үү, нэг хүн татгалзахад арван хүн татгалзахад мянган хүн татгалзахад сая хүн татгалзахад...

Дэлхий нийтээр ядуу Монголын иргэд сул өгөх мөнгөнөөс татгалзаж чадсаныг нь гайхан шагших болно, та нар тэнэг шийдвэр гаргасан ч наадахыг чинь няцаах ард түмэн бий гэдгийг эрх баригчдад харуулах болно, хамгийн гол нь дотроо үнэхээр их бухимдаж  яваа хүмүүс хорин нэгэн мянгаасаа татгалзсанаар жаахан ч гэсэн уужрах болно, өөртэй нь адилхан олон мянган хүмүүс татгалзаж байгааг хараад сэтгэл нь сэргэх болно.