Наран ургах зүг рүү дэлхий нийтээрээ анхаарал хандуулаад хэд хонолоо.  Тэр тусмаа манай ард түмэн япончуудад сэтгэлээсээ хан­даж байна. Манайхны хувьд хө­рөн­гө оруулагчдын тэргүүн эгнээнд жагсдаг энэ улсад туслах хөдөл­гөөнийг өрнүүлж эхэллээ. Зарим нь газар нутгаасаа өгнө гээд ч ярьж байна лээ. Зарим нь өгөхгүй гээд л баахан уурлав. За энэ ч яахав. Тэдэнд газар өгтлөө  зай ч  байна,  тэд автлаа ч хол байна.  Япончууд шиг хөдөлмөрч, хатуу чанга ард түмэн удахгүй энэ бүхний  ард гарч таараа. Гэвч энэ удаа  Японы ард  түмний өнөөдрийн зовлон бэрх­шээлийн тухай бичихээсээ илүүтэй тэдний давтагдашгүй нэгэн зан чанарыг өгүүлэх гэсэн юм.

Энд тэнд дайн дажин, байга­лийн гамшиг, бослого хөдөлгөөн гарахад дайны хажуугаар дажин гэгчээр  илүү харж,  билүү долоогч­дын гар,  хөл зүгээр байхгүй хулгай, дээрэм тонуул хийдэг олон жишээг  бид мэднэ. Тухайлбал Гаитид газар хөдөлж гамшиг болоход олон улсын тусламжаар очсон мөнгийг хүртэл хулгайлсан хэрэг гарч бай­сан. Хэт хар амиа бодсон арчаагүй үйлдэл гэхээс өөр юу хэлэхэв. Мөн энэ үеэр хулгай дээрэм хийсэн олон хүн баривчлагдсан. Чилийн газар хөдлөлтийн үеэр хэдэн зуу­гаараа мөн л дээрэм тонуул хийж,  сүүлдээ цагдаа нар нулимс асга­руулагч хэрэглэж байж нэг юм зогсоосон. Иракт дайн боло­ход баячууд нь дүрвэж, үлдэгсэд нь  ёстой л нэг эзэнгүй арал дээр үлдсэн мэт дураараа загнаж баа­хан хулгай, дээрэм хийсэн байдаг. Зарим дэлгүүр хоршоог бүр  байх­гүй болгочихсон байсан. Дэл­хийн сонгодог бүтээлүүдийг хүртэл үнэгүйдүүлж хамаагүй хямдаар зарж байлаа. Манай нэг улстөрч   Иракт очоод нэгэн алдарт бүтээ­лийн үнийг нь сонсоод чихэндээ итгэхгүй худалдаж авсан гэдэг. Бүр жинхэнэ эх зургийг нь шүү.

Иракт сурвалжлагаар явж байх­даа Саддам Хусейны олон ордны нэгэнд очиж байлаа. Үнэхээр тан­саг чимэглэл, уран хийцтэй тавилга бүхий тэр ордныг юу ч үгүй тоно­чих­сон гэж тэндхийн хүн хэлсэн ч өргөж дийлэмгүй том ор, ханын шүүгээ зэрэг нь үлдсэн байж билээ.

Тиймэрхүү өлөн нүдтэй, "урт гарт"-нуудын  жишээг  нэг их холоос хайгаад яахав. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр манайхан яаж байлаа. МАХН-ын байран дахь татваргүй барааны дэлгүүрийг тэр чигт нь тонож,  галерейгаас үнэт өв,  соёлын бүтээлүүд хулгайд алдагд­сан билээ.  Тэр үйлдэл нь шударга сонгуулийн төлөөх тэмцлийг нь үнэгүйдүүлж орхив. Бүгд тэгж дээрэм хийгээгүй ч заримынх нь дүйвээнд олонхи нь хэлмэгдсэн.  Үгүйдээ л манайд өдөр бүр хулгай дээрмийн хэрэг байнга л гарч байдаг. Ахархан бодолтой, арчаа­гүй сэтгэлтнүүдийн гарт эд юмсаа алдаж үзээгүй хүн Монголд бараг байхгүй байх.   Харин одоо Японд  тийм зүйл огт болохгүй байгааг бид харж байна. Япон хүний гайхал  төрүүлэм тэр зан чанараас бид ч бас суралцах хэрэгтэй юм гэсэн бодол төрөв. 

Хэдэн жилийн өмнө Японы  хотуудаар аялах боломж таарсан юм.  Тэр үе тодхон санагдаж байна.  Саяхан тэнд сурч буй дүү рүүгээ ярьж болж буй үйл явдлын  талаар асуулаа. Элдвийг сонирхов. Эг­чийн хувьд дүүгээ сайн байгааг мэдэхийн сацуу  сэтгүүлчийн хувьд тэнд болж буй үйл явдлыг тандлаа. Хажуугаар нь бас хүний мууд дурлаж, "Далимдуулаад хулгай дээрэм гарах юм уу" гэтэл дүү маань их цааргалангуй "Хүний  орхиод явсан юмыг ч авдаггүй хүмүүс юу гэж ийм үед хулгай дээрэм хийж байхав дээ. Япон хүн хэзээ ч тэгэхгүй" гэх нь тэр. Нээрээ л тийм дээ.      

Чин сэтгэл,  үнэнч байдал гэсэн утгатай макото гэдэг үг Японы ёс зүйн үндэс нь болдог. Нэг үгээр хэлбэл хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж япончууд үздэг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн даалга­вар гэж тэд үздэггүй. Өдрийн хоол, өглөөний цай уухтай адил амьдра­лын салшгүй чухал зүйл гэж бод­дог. Мөн гадаад зан байдал нь дотоод сэтгэлтэйгээ нэг шугамд байх ёстой гэж үздэг. Тиймээс хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Зүгээр нэг жижигхэн үдэшлэг болоод дуусахад тэнд байсан оюутнууд бүгд л байсан  орчноо цэвэрлээд явдаг. Хэний ч шахалт шаардлагагүйгээр шүү. 

Японы соёлд Шинто, Күнз, Буддын ёсны нөлөө их байдаг. Самурайн ёс буюу дайчин эрсийн хатуу дэг жаяг ч энэ улсын  ёс зүйн хатуу хэм хэмжээнд нөлөөлсөн гэдэг. Энэ бүхнээс япончуудын сэтгэлийн хат, зөв ёс жаяг бий болсон биз ээ. Самурай нарын дэг жаягт зорилгогүйгээр хүн алах, дээрэм хийхийг цээрлэдэг байж.   Жинхэнэ дайчин эрс дээрэм хийдэг­гүй юм.

Ойрын өдрүүдийнх шиг сэтгэл өмрөм үйл явдлын үеэр тэд бүр ч хатуу чанга хариуцлагатай болсон байгаа.

Хэдэн жилийн өмнө дэл­хийн томоохон хотуудын онгоцны бууд­луудад том чемодантай юм тавьж эзгүй орхиод аль хотод хамгийн түрүүнд алга болохыг нь туршжээ. Хойд хөршид буюу Моск­вад эргээд харах хооронд л алга болсон гэдэг. Харин Токио хотын онгоцны буу­дал дээр нөгөө чемо­данд хэн ч гар хүрээгүй гэдэг. Энэ талаар хэвлэ­лээр ч гарч байсан.  

Хүүхэд байхад оросууд гер­манчуудтай байлдаж байтал нэг герман  зүлгэн дээр гишгэхгүй гээд тойрч гүйгээд суманд оногдон буудуулсан тухай  явган яриа явдаг байлаа. Түүн шиг өлсөж үхэхдээ тулж байсан ч япончууд хүний юм руу гар дүрэхгүй.

Их мөнгөтэй түрийвчээ гээчи­хээд толгой унжуулан шаналж суухад нь цагдаа дээр хэн нэгэн хүн авчраад өгчихсөн байсан та­лаар Японд сурдаг нэг монгол залуу ярьж байсан. Тэнд суралцаж,  ажил­лаж амьдарч байсан олон хүн үүнийг хэлнэ дээ. Эндээ ирэхээр нэг хэсэгтээ л анхаарал болгоом­жоо мартаж Японд байсан шигээ амгалан явж байгаад юмаа алдсан хүн олон.

Нагоя хотод "Ехро" болж хаал­тын өдөр нь хэдэн сая хүн оролцов. Орой унаанд  амжиж суух гэсэн тэр олон хүний ихэнх нь япончууд атал хоёр, гуравхан цагдаа тэднийг зохицуулаад л нэг эгнээ болохыг хүсэхэд бүгд тэр ёсоор болов. Нийтийн унаанд суусан хойноо өөрөө хөл дээрээ тогтож ядан байж хажуу хүндээ санамсаргүй хүрсэндээ өршөөл эрэн нахилз­ах япон хүн олон байлаа. Харин тэр олон хүний дунд түрийвч цүнх нь онгорхой ил хүн цөөнгүй байсан. Би өөрөө л тэдний өмнөөс юм нь алга болчих вий гэж монго­лоор сэтгэн бодож зогссонсон. Япон залуус үнэтэй алт мөнгөөр гоёхоос илүүтэй   цүнх,  түрийвчээр гангар­даг. Тэд брэндийн түрийвч­ний­хээ логог зориуд ил гарган өмднийхөө арын халааснаас цухуйлгана гээч. Ма­найд бол нэг алхахгүй хулгайд алдана. 

Хүний юманд илүү харж шуна­даггүй сэтгэл япончуудаас л гарна. Юманд хандах хандлагаараа тэд  монголчуудаас тэс өөр. Ямартаа л үндэсний спорт болох сумогоо  даваа наймаалцсан асуудлаар хэдэн сар зохион байгуулахгүй байгааг бид мэднэ. Яс юман дээрээ манайхнаас анх сурсан гэж ч ярьдаг шүү. Тэнд юмыг аргалах, дүрэм журмыг зөрчих гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс ч байсхий­гээд л Засгийн газраа огцруулж,  Ерөнхий сайдаа өөрчилж байдаг. Яагаад гэвэл улс орных нь тэргүүн өчүүхэн төдий алдаа гаргана гэдэг тэдний хүлээн зөвшөөрөх зүйл биш. Огцорч буй сайд, дарга нар нь ч  олон түмний өмнө мэхийн байж гэм нүглээ хүлээдэг.

Японы уламжлалт соёл, ша­шин нь тэднийг сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргахгүй болгосон аж. Дорнын уран зохиол тэр дундаа Японы уран зохиолд сэтгэл рүү хандсан хандлага, сэтгэлээр илэрхийлэх арга барил түлхүү ажиглагддаг. Үрээ алдсан эхийн сэтгэлийг нэгэн алдарт зохиолч гаргахдаа "Нү­дэн­дээ нулимсгүй, бага зэрэг инээм­сэглэж ярих тэр эмэгтэй хүү­гийнхээ төлөө гашуудсан сэтгэ­лээ огт ил гаргахгүй, юу ч болоогүй мэт суугааг харсан сургуулийн захирал санам­саргүй унагасан юмаа ава­хаар тонгойхдоо ширээн доор атгасан алчуураа хөштлөө атгасан эхийн гарыг олж харжээ" гэсэн байдаг. Яг л тэгж сэтгэл дотроо хамаг бүхнээ нууж чадаж өөрөө өөрийгөө ялж сурсан ард түмэн.  Тэдний хөгжлийн нууц нь ч хатуу чанга, сэтгэлийн их хатаас нь болсон биз. Юманд аргалах ухаа­наар хандаж сурсан бидний үйлд­лийг тэд хэзээ ч ойл­гож хүлээж авахгүй.

Сүүлийн өдрүүдэд бусад улс орноос  илүүтэй монголчууд тэдэнд  их санаа тавьж,  анхаарал хандуу­лаад байх шиг. Энэ нь ч буруу зүйл биш. Гэхдээ яаж ч ядарсан макото буюу чин сэтгэлээ хэзээ ч гээхгүй Япон ёс зүйд л илүү ойртмоор байгаа юм.