Энэ 7 хоногт
Н.Энхбаярын ГУРВАН ГАВЪЯА
Өдөр тутмын сонинуудын шуудангийн хаягаар тасралтгүй элдэв захидал, матаас, материал ирж байдаг.
Өдөр тутмын сонинуудын шуудангийн хаягаар тасралтгүй элдэв захидал, матаас, материал ирж байдаг. Энэ нь сонины амьдралын салшгүй нэг хэсэг ч гэж хэлж болно. Нийтлэлийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид бичдэггүй. Тэр ч бүү хэл зарим нь энэ төрөлд ойртож ч чадахгүй явсаар насыг элээдэг нь үнэн. Тэрэнтэй адилхан сэтгүүлч мэргэжилгүй, тал талаас татаж чангаасан дуулиан шуугиант ертөнцгүй, гагцхүү өөрийнхөө бүтээсэн орчинд чимээгүйхэн бодож, эргэцүүлж, мэдээлэл цуглуулж, тэрийгээ боловсруулж, нийгмийн юмс үзэгдэлд ажиглалт шинжилгээ хийж, түүнийгээ өөртөө бичиж амьдардаг чадвартнууд зөндөө байдаг. Тэдний соц нийгмийн үеийн нэр нь “идэвхтэн бичигч” гэх нэр байсан бол орчин цагийн хэвлэлийнхэн ердөө “гадны автор” гэж хайнгахан авгайлдаг болсон. Ийм хэлбэрээр хэвлэл мэдээлэлтэй гар барьж байсан олон танил автор бий. Тэдний нэг болох С.Баяржавхлан гэдэг эрхмийг та бүхэнтэй танилцуулж байна. Улс төрийн амьдрал хөдөлгөөнд орж намуудын дарга нараас өгсүүлээд улс төрийн нэр нөлөөтэй хүмүүс дуугарч эхэлж байгаа энэ үед “Н.Энхбаярын гурван гавъяа” хэмээх түүний эл нийтлэлийг нийтэллээ. Уг нийтлэл 2007 онд бичигдсэн бөгөөд тухайн үед үүнийг зоригтойгоор нийтлэх хэвлэл олдоогүй учир нэгэн сайтад тавигдаж байсан ажээ.
Үндэсний шуудан.2010.03.22. №069
I. КООМ КОМПЛЕКС
МИГЖИД ЖАНРАЙСИГ Одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нь Монгол улсын Соёлын сайдын албыг хашиж байх үедээ... 1996 оны үед Мигжид Жанрайсиг бурхныг бүтээлгэсэн байна. Энэ бол Монголын шүтлэгтэн олны өмнө тэр хүний асар их буяны үйлс бүтээсэн мөнхийн гавъяат санаачлага мөн гэж Монголын ард түмэн ихэд бэлэгшээн тэмдэглэсэн байдаг юм.
Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он, тал 955
ЭХЛЭЛ
Монгол улсад 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг байлаа. Харин 2000-2004 онд ерөнхий сайд нь хамгийн том хүн байв. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л бүгдийг шийддэг улс болоодохов. Удсангүй 2005 оноос ерөнхийлөгчгүйгээр шийдэгдэх нэг ч юмгүй болон хувирлаа. Энэ бүхнийг ар талаас нь харвал Намбарын Энхбаярын улс төрд орж ирж өсөж дэвжсэн түүхийн жагсаалт болох ажгуу. Зөвхөн өгсөх л заяатай төрсөн энэ хүн одоо алдар хүнд ба албан тушаалын Алтай таван богдод нэгэнт гарчээ. Энхбаяр Монголын их улс төрд орж ирсний 10 жилийн ой энэ намар тохиож байна. Дөнгөж төрийн жолоо атгалмагцаа Энхсайханы засгийн газрыг хөмрөн анхны алхамаа хийж байсан энэ улстөрчийн замд хөндөлсөн, садаа болсон олон хүн нас барах, хэрэгт орох зэргээр зайгаа тавьж өгчээ. Түүнийг өгсөж явахад бид төдийлэн анзаардаггүй байсан нэг чанар бол түүний хувийн шинжүүд. Харин уулын оройд гарсан хойно нь түүнийг “Эргээд бууж чадах уу? Бидэнтэй адилхан энгийн байх чадвар бий юу?” гэж бодогдох боллоо. Учир нь энгийн байх чадваргүй хүний оройлох хугацаа дуусах нь нийгэмд аюул учруулдаг бөлгөө. Энгийн байх чадваргүй хүнийг албанаас буулгах оролдлогыг тэрээр өөрийг нь устгах гэж байна хэмээн хүлээн авдаг бөгөөд “амь үлдэх”-ийн тулд юу ч хийхээс сийхгүй болдог. Н.Энхбаяр гэж хэн бэ? Тэр эргээд бидний дунд хүн шиг амьдрах чадвартай личность мөн үү? Түүний оргилд, зөвхөн оргилд хөтлөгч үзэл санаа яаж бүрэлдэв ээ.
ТӨРӨЛХИЙН КОМПЛЕКС
1924 онд октябрийн хувьгалаас зугтаан өвөг дээсийнхээ нутаг руу дүрвэсэн буриадууд Монголдоо шингэхийг Сталин зөвшөөрлөө. Буриадуудыг 1921 онд Зөвлөлт Оростой нүүр тулсан анхны өдрөөс эхлэн нэхсэн хүн бол Солийн Данзан. Тэрээр Туваг хамтад нь нэхсэн боловч энэ нь оросуудын хувьд ямарч боломжгүй хэрэг байсан. Дээдсийнхээ алтан шарилыг хадгалсан уг нутгаа тэмцэн ирсэн буриад зон зохиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа, дуучин Пүрэвдорж, ерөнхий сайд Бамбасүрэнгээс эхлээд улс үндэстнийхээ сор болсон олон арван хөвүүдийг эх орондоо бэлэглэжээ. Энэхүү эргэн ирсэн буриадуудын дунд манай одоогийн Ерөнхийлөгчийн ээжийн талын цус хөврөл явж байлаа. Харин Энхбаяр эхийн талын цусаа, ямар нэг гэмт явдал адил ойлгож тас нууна. Найзууддаа “нарийн яривал би буриад” гэж шивэгнэдэг байж магад. Уул нь олон хүний хувьд энэ нэр бахархал байдаг. Тэр ч бүү хэл Хэнтийн халх сумынхан ч гэсэн нутгийн дээсээ алхмагцаа “би буриад хүн шүү”, “болохгүй бол дүрээд хаяна” хэмээн халхуудаа дарамталж явдаг юм. Лав л нийтийн мэдэхээр дуучин Пүрэвдорж буриад дуугаа бахархал төгс дуулж, зохиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа нар буриад гэдгээ догдлон бичиж байсан. Харин Энхбаярын талд үүнийгээ нуух сэтгэл нь ноёлж байсан шиг. Халх ойрдыг язгуур угсаагаар ялгамжлан хоморголон алж байсан бол буриадуудыг үндэстэн ястны хувьд ялган устгах этноцид бодлого явж байсан. Орон даяар баян ноён байсны учирт адлагдаж байсан бол тэд буриад хүн болсныхоо төлөө алагдаж байв. Удам гарвалынхаа хувьд хавчигдсан энэ хүмүүсийн тавилан Гитлерийн гарт өртсөн еврейчүүдийнхтэй зарим талаар төстэй. Буриадуудын удам судрыг дайрсан тавилан үлэмж өрөвдөлтэй. Этноцид аллагын сүүдэр удам дамжин тусчээ.
Нийгмээс гадуурхагдаж явсан хүмүүсын үр хүүхэд ихэнх нь архи дарсанд орж, ингээгүй зарим нь эргэн тойрноо хардсан, бүх хүмүүсийг дайснаа гэж үзсэн парнойтой болон торнисон жишээ энүүхэнд. Өдгөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэсэн Лондонд англи хэлээ дээшлүүхээр курст явж байхдаа аймхай хартайгаар гайхагдаж байсан гэдэг. Барууны халгаатай номыг хэрхэн болгоомжтой, уншдаг байснаа сүүлд хуучилсан байдаг ба хамт байсан хоёр хүнтэйгээ бараг уулздаггүй, өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг, өөрийнх нь сүүлд ярьснаар бол ганцаараа ном уншдаг байж. Сүүлд Их хурлын гишүүн болмогцоо үүднийхээ айлыг “намайг тагнаад байна” гэж хардан дотоод Яамны оролцоотойгоор байрыг нь заруулан нүүлгэж байжээ.
Энхбаярын сэтгэлд эцэг өвгөөс дамжсан айдас, хар сэр бат шингэсэн болтой байдаг. Ам дамжсан яриагаар бол Энхбаярын ээж Бүдхэнд гуайн аавыг өвөөтэй нь аваачин цаазалжээ. Тэрээр гэр бүлийг нь дайрсан энэ аллага этноцид шинжтэй байгааг хүүхдийн гярхай ухаандаа бат суулгасан болтой байнаа. Тэгээд хэзээ ч юм бэ нас гүйцсэн хойно минь юм уу намайг буриад учраас аав өвөө хоёр шиг минь алж мэднэ гэсэн айдас сэтгэлд нь шингэсэн бололтой байна. Ингээд түүний амин нууц нь буриад яс болон үлдэж, үр хүүхдэдээ хүртэл “нууж явах ганц юм бол эхийн талын буриад удам чинь шүү” хэмээн захисан байх магадлалтай.
Бүдхэнд гуай төв халхын нарийн ярих юм бол эцэг өвгийг нь Монголын харьяат болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Солийн Данзангийн нутгийн хүнийг ирээдүйн хань ижлээрээ сонгожээ. Энэ нь өдгөөгийн Архангайн Чулуут сумын гаралтай Намбар гуай байлаа. Хүн эцгийн талаа татан удам гарвалаа ярих тул Бүдхандын ирээдүйн үр удам аюул заналд харьцангуй бага өртөх халх ястны эгнээнд бичигдэнэ. Тэр цэвэр хайр сэтгэлдээ хөтлөгдөн гэр бүл болсон байж болох ч өмнөх дүгнэлт өөрчлөгдөхгүй. Чингэс хааны ээж нь “Тангад улс өмнө байгаа “ хэмээн сануулдаг байсны адилаар ээж нь хүүдээ “Чи Архангайн халх шүү” хэмээн өглөө бүр сануулдаг байсан ч байж магад. Эхний комплекс эндээс үүдэлтэй. Чухам үүнээс үүдээд 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудсандаа “Аав Архангайн Чулуутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээжийнхээ нутгийг орхиод шууд “Монгол хэлний багш” гээд явчихсаны учир гарна. Өдгөө Энхбаяр Бурхан Халдуныг тахихаас өөр хэргээр Хэнтийг зүглэдэггүй бөгөөд замдаа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийслэлийн 40 мянгатад мэндэлсэн өөрийн зургийг томоор тавиулахаа мартдаггүй.
Комплекс гэдэг үгээ орчуулаагүйн тухайгаа энд дахин ярих хэрэг гарлаа. Энэ үг манай “Айсан хүн адуу үргээнэ, ичсэн хүн хүн ална” гэдэгтэй нэлээн дүйж очно. Гэхдээ яг онохгүй, Надад ийм тийм бусдаас дутуу сул тал бий гэсэн зовнил сэтгэлд бий болоод тэр нь бүр сэтгэлийн өвчин болоод ирэхийг хэлж байгаа юм. Тэгээд хийж байгаа бүх алхам нь бодлогогүйгээр түүндээ чиглэхийг хэлж байгаа юм. Тэр ичгүүр зовнил нь эрүүл ухаанаас даваад ирэхийг нийтэд комоор комплекс гээд байгаа хэрэг. Энд манай үндэсний удирдлагчид байдаг коом комплексийг тодруулах гэсэндээ гадаад аялгаар нь бичээд байгаа, ийм учиртай.
Хүн өөрт дутагдаж байсан юмаа хэтрүүлэн нөхөх замаар явдаг. Эрх мэдлээ хэтрүүлэгчдийн бага насыг эргэж харахад эрх чөлөөгүй хүүхэд нас байна. Чулуунаас өөр тоглоомгүй өссөн нэгэн үеийнхэн хүүхэддээ ямар л тоглоом харагдана авч өгдөг. Өнөөдөр ямар ч үнээр хамаагүй, ямар ч хамаагүй дээд сургуульд хүүхдээ оруулж, ямар ч хамаагүй диплом авч өгдөг тэр хүмүүсийн дийлэнх нь социализмын үед конкурст унаад дээд боловсрол эзэмших боломжоо алдаж байсан хүмүүсийн комплексоос үүдэлтэй байдаг. Авъяаслаг бизнесмэн, сайн менежер гэхээс илүүтэй “мөнгөний коллекционер” хэмээвэл зохих эрхмүүдийн олонхи нь дутагдаж гачигдахын зовлонд өсч өндийсэн хүмүүс бас байдаг.
Н.Энхбаяр хотын унаган хүүхдийн нэг. Гэхдээ 40 мянгатын хулигаануудын ихэнхэд байдаг өөрийн гэсэн домог түүнд байдаггүй. Байсансан бол алдар хүндийн титмээ дааж ядсан түүний домгууд амилах байсан. Ухаандаа Монголын анхны орон сууцны хороолол болох 40 мянгатынхны нэгэн болох Санжийн Баяр, Эрдэнийн Бат-Үүл нар гэхэд өөрийн домогтой. Өөрсдөө атмаан байгаагүй ч гэсэн яриулах зөндөө түүхтэй. Баяр хорсол гомдлынхоо хариуг авдаг байснаараа, Бат-Үүл найз нөхдөө өмөөрөн хэрээ мэдэхгүй далжигнаж алуулан алддаг байснаараа өнөөдөр домог болжээ. Ингэхээр Энхбаярт үеийнхэн шигээ охид эргүүлэн нармайгаа нээлцсэн намтар байхгүй. “Тэр муу намайг тэгж зодоод” гэх хууч байхгүй. Тэрний бүлэгт явлаа гэж сайрхах хуудас байхгүй. Байсансан бол “Энхбаяр бид хоёр багадаа ингээд тэгээд” гэж аяга тагш юм олж уух улс захаасаа аваад л гараад ирнэ. Ингэхээр түүнийг зодуулбал өвдөнө гэж айсан, зодвол өөрөө шоронд орон гэж айсан, охидод сэтгэлтэй болбол өрсөлдөгч нарт нармайгаа нээлгүүлнэ гэж айсан, бас дээр нь буриад цуснаасаа айсан, “айсан, айсан дээрээ айсан” гэрээ сахисан шар баньд байжээ гэж төсөөлөхөөс өөр замгүй. Тэгээд хичээлээ давтахаас өөр юмгүй гэрийн хүүхэд байсан болтой юм. Олигтой давтдаггүй байсан уу, давтаад давтаад айсан сэтгэл нь юм хүлээж авдаггүй байсан уу бүү мэд, дунд сургуулиа төгсгөөд ээжийнхээ хүчээр, одоо болтол ичдэг байж мэдэх орчуулагчийнхаа сургуульд явжээ. Түүний хоёр дахь комплекс эндээс эхтэй.
Дараа нь тэрээр оюутан болов. Ээж нь Монголын зохиолчдын байгууллагыг тэргүүлж байсан С.Удвалын нарийн бичгийн даргаар олон жил ажиллажээ. Чухам тэр шугамаараа Утга зохиолын дээд сургуульд явсан байна. Тэнд очоод бас л комплек. Тэнд их төлөв авъяас билгээрээ шилэгдсэн зохиолч яруу найрагч нар сурдаг газар аж. Өөрийнх нь мэдэрсэн гутарснаар бол бурхан түүнийг буриадын удам болгож адласан төдийгүй зохиолчын авяасгүй төрүүлэн бүүрэлхжээ. Нэг талаас адилхан орчуулагч болохоор Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн Нарангэрэл гээд олон залуу хамт очсон боловч цаадуул нь нэртэй утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн “цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй нөхөд” байх аж. Гэтэл манай хүн ердөө зохиолчдын хорооны даргын нарийн бичгийн даргын хөвүүн. Хувь заяа гурван давхар гадуурхах шиг санагдана. Удаахь комплекс ингэж бүрдэв. Яаж ийгээд төгсөөд ирлээ. Монголын зохиолчдийн хороо хэмээх газар ирэв. Тэнд боловсрол сурсан юмаар түүнээс маруухан, соёл боловсролоор түүнээс хоцорсон боловч хавьгүй бие тоосон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх аж. ХХ зуунд зохиолч, яруу найрагчид хамгийн нэр хүндтэй улс байсан юм шүү. Ингээд зогссонгүй хамт сураад ирсэн Мэргэн, Нарангэрэл нар дорхноо нэрд гарсан орчуулагчид болон олон түмэнд илэрхий тоогдож эхлэв. Манай хүн болохоор гаднаас ирсэн зочин зохиолч дагуулан хөдөө явж “энэ хүн тэгж хэлж байна” гэхээс хэтэрдэггүй. Ингээд тэднээс илүү гарах олон гарц хайж, цагаан хоолтон болж, буддизм судалж, англи хэл үзэж эхлэв. Иймэрхүү хартай, айдастай хүнд тухайн үедээ хориглогдсон буддизм судлах, англи хэл үзэж эхлэхийн тулд маш их зориг гаргасан байх гэж бодогддог. Англи хэлийг дотоод яамныхан ба дотоод яаманд итгэгдсэн гадаад яамныхан л мэдэх эрхтэй байсан цаг. Хожмын өдөр амиа хамгаалах үүднээс дотоодыг хамгаалахын мэдээлэгч болсон байж болох талтай. Ядаж л гадаадын жуулчид юу ярьж байгааг мэдэх хэлмэрчдийг давхар тагнахад хэрэг болно, лам нарт эвтэйхэн ойртож итгэлийг нь олоод нам засгийн эсрэг юм яривал мэдээлж байх гэхчлэнгээр тайлбарлаж болно шүү дээ. Бас дотоод яамны мэдээлэгч болж өөрөөсөө илүү гарч атааг нь хөдөлгөсөн нөхдийн тухай матаас бичих нь шөнө гүн нойрсоход хэрэг болох талтай. Үнэхээр энэ таамгийг бататгах мэт тэрээр дотоод яамныхан болон дотоод яаманд итгэгдсэн хүмүүс давдаг цээрийг алхан гарч хөрөнгөтөн Английн Лийдсийн их сургуульд хэлний боловсролоо дээшлүүлэхээр явсан билээ.
Эхлээд зүгээр эргэн тойрныхон нь “Энхбаяр сайхан өгүүлэл бичиж”, “Энхбаярын орчуулга мундаг болж” гэж хэлэхгүйгээс хойш “цаадах чинь цагаан хоолтон болж гэнэ”, “сониноос буддизм судлаад байгаам гэнэ, пөөх” гэж хэлнэ. Бас өнөөх адилхан сургууль төгссөн, авъяаслаг нөхдийнхээ огт мэддэггүй хэлийг мэддэг гэж хэлэгдэнэ. Үеийнхэндээ атаархаж явсан тэр комплекс сэтгэлд нь айхавтар мөр үлдээсэн болтой юм аа. Одоо ч тэрээр англи-монгол болон ер нь толь нэртэй болгоны өмнө өөрийн нэрээ тавиулах, орчуулгын номны өмнө өөрийгээ редакторлосон мэтээр бичүүлэх хачин хорхойтой бөлгөө. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Мэгжид Жанрайсиг” гэдэг толгой оруулжээ. Хэлний тайлбар тольд ийм үг уг нь ордоггүй. Тэгээд ч тэнд Жанрайсигийн тухай огт тайлбар байхгүй, харин Жанрайсиг бурханыг Энхбаярын санаачлагаар бүтээсэн мэтээр ор үндэсгүй “гүтгэжээ”. “Үнэлэгдэх” гэсэн толгойд энэ үгийн тайлбар байхгүй, харин түүнийг магтан дуулсан ерөөл байх жишээтэй. Баримт л түшиглэхгүй бол хэн ч үнэмшмээргүй. Ингээд зогссонгүй эрх мэдлийн оргилд хүрч ерөнхийлөгч болсон хойноо өөрийн орчуулсан бүтээл гэдгээ 9 ботиор Солонгост хэвлүүлэв. Аминдаа л “Мэргэн, Нарангэрэл энэ тэрээсээ илүү биш юм аа гэхэд дутахгүй бүтээлтэй орчуулагч, бас хэлний толь хийж ном орчуулдаг улс өөрөөс нь байнга юм асууж зөвлөлгөө авдаг” гэж л хүмүүст үнэмшүүлэх гээд байгаа юм шүү дээ, хөөрхий. Гэхдээ аятайхан шээгээд сурчих ч хэрэг болдог гэдгийн үлгэрээр энэ бүхэн нь түүнд үнэхээр хэрэг болжээ.
Ялангуяа англи хэл нь түүнд үнэхээр хэрэг боллоо. Тэрээр эхлээд ардчилсан хүчнийхнийг нэгэнт баривчлан буудахгүй нь тодорхой болсны дараагаар хувьсгалчдын штабаар орж өөрийгээ “шилдэг боловсон хүчин”-ээр санал болгосон байдаг. Гэвч тэнд өөрөө ерөөсөө тодрохгүйг хэд хэдэн хүчин зүйлийг харжээ. Тэнд өөрийнх нь буддизм судалдаг хэрэг болохооргүй олон лам хуврагууд Баасангаас эхлээд зөндөө. Бас өөрөөс нь өөр өчнөөн олон хүн англи хэл сурсан байсныг тэнд ирээд мэдэв. Ингээд өвөөг эмээг нь, хадмыгаа хэлмэгдүүлсэн МАХН дээр очлоо. Зөвлөлтөөс цааш гадаадгүй, драастийгаас өөр мэндчилгээгүй явсан ахмадууд түүнийг үнэхээр шүтжээ. Намынх нь дарга гадаадын сурвалжлагчтай англиар яриад зурагтаар гарахыг, өөрөө юу ч ойлгохгүй мөртлөө хачин их бахархан хөндлөнгөөс харж байснаа нэгэн өвгөн коммунист надад нулимс мэлтрүүлэн дурсаж байсан юм. Тэр дөчин мянгатын хулигиануудаас ч, утга зохиолын сургуулийн лонхчингуудаас ч, адилхан диплом авчихаад үргэлж атаа төрүүлж байсан орчуулагч нараасаа ч бүгдээс нь илүү болох боломж байгааг МАХН-аас олж харсан бөгөөд түүндээ хүрсэн. Харин мөнөөх айдас комплекс нь яасан бэ?
Түүний өөр нэг комплекс нь тодорхой эзэмшсэн мэргэжилгүй явдал байлаа. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль нь нэг талаасаа юм бичих төрөлхийн авьяастай хүмүүсийг цуглуулан авч социализмыг магтан сайшаагч бэлтгэх зорилготой газар байв. Ийм хүмүүст хамааралгүй нэг анги тэнд бас байж. Төрөлхийн авьяастай хүмүүст үйлчилж бүтээлийг нь хөрвүүлэх зорилгоор өөр нэг анги нээсэн нь орос хэл утга зохиолын орчуулагчийн анги байв. Зүйрлэн хэлбэл нэр хүндтэй тооны сургуулийг түшиглэж байгуулсан дөрвөлжин шугамтай дэвтэр хийдэг анги гэмээр юм уу даа. Энэ ангийг төгсөгчид орос хэлээр бичдэг зөвлөлтийн зохиолчдын соцреалист бүтээлийг бусад бага үндэстний хэл рүү хөрвүүлж сурталчлах учиртай байжээ. Энэ чиглэлээр орос хэл утга зохиолын орчуулагчийн дээд боловсрол эзэмшсэн Н.Энхбаярт би тийм мэргэжилтэй гэж бусдад хэлэх юмгүй байлаа. Түүний хажууд сантехникийн слесарьч хүн мэргэжилтэй нэгэн харагдах аж. Гадныханд өөрийгөө танилцуулахад энэ нь тод харагдаж зовооно. Түүний хамгийн том комлексийн нэг нь чухам энэ орос хэлний орчуулагчийн мэрэгжил байлаа. Англи хэл сураад ч , ерөнхий сайд, намын дарга, төрийн тэргүүн болоод ч нэмэр алга. Гачлантай нь хүмүүс түүнийг “Горькийн сургуульд орос хэлний орчуулагч болохоор явсан хэдэн хүүхдийн нэг” хэмээн үздэг хэвээрээ. Зайлуул ерөнхийлөгчийн сонгуулиар тараасан нэгэн хуудсандаа “Эрдмийн зэрэг цол” гэж байгаад Монголын ерөнхий сайдын хувьд гадаадын сургуулиас олгосон “хүндэт доктор”-уудаа ирийтэл жагсаасан байж билээ. Өнөө “аав Архангайн Чулуут сумынх. Ээж монгол хэлний багш” гэж эхэлдэг алдарт ухуулах хуудсанд. Ийм комлекстэй хүнд “тооны ухааны доктор Гончигдорж”, “Харвардын дипломтой Элбэгдорж” гэхчлэнгийн хэллэгүүд боож үхмээр сонсогддог байх нь лав. Хамгийн сүүлэхний нэг цуу яриагаар Монгол улсын ерөнхийлөгч АНУ-ын нэгэн хувийн дээд сургуульд мастер хамгаалах гэж байгаа гэх.
ГЭРЛЭЛТ
Тэрээр харахад жирийн байдлаар амьдралын ханиа сонгожээ. Гэргий нь нэгэн үе Монголын төрийн удирдах экипажид багтаж байгаад албан тушаалаасаа онхолдсон Цэндийн ач охин байв. Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Тосонцэнгэл хотын Мод Боловсруулах Комбинатын даргаар томилогджээ. Түүнийг хэлмэгдсэн гэж ярьдаг боловч их өндрөөс буусан гэдэг утгаар уу, ерөөсөө буруудан хилс яллагдсан гэдэг утгаар уу гэдгээс болоод өөр өөр хариутай. Тэр өмнөх хэлмэгдэгч нар шигээ буудуулаагүй, малчнаар, ажилчнаар цөлөгдөөгүй. Хотод ойртох эрхээ хасуулаагүй ба сүүлдээ нийслэлдээ ирж чадсан. Тэгж ярих юм бол Тосонцэнгэлээс цаахнуур байх Тэсийн тэжээлийн аж ахуйг өөр нэгэн буусан сайд удирдаж байв. Тэр бол Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад буусан Ш.Гунгаадорж бөлгөө. Гунгаадорж өөрийгөө ер хэлмэгдсэн гэж ярьдаггүй билээ.
Үүнийг иш үндэс болгон Цэнд хэлмэгдээгүй зүгээр тушаал буусан гэж ярих ч хүн байдаг. Нөгөө өнцгөөс харахад тэр Ю.Цэдэнбалын ээлжит золиос болсон хүн. Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газрыг Зөвлөлтөд бэлэглэсэн ба энэ бэлэглэлийн гэрээндээ Цэндээр гарын үсэг зуруулжээ. Тэгээд тун удалгүй Цэндийг намын удирдлагаас зайлуулан Тосонцэнгэлийн МБК-ын даргаар томилжээ. Магадгүй Цэдэнбал үүнийг хийхдээ хожмын өдөр Монголын газар нутгаас тасалж өгсөн асуудал босч ирэхэд “Үүнийг намайг хойно амарч байхад нөхөр Цэнд хийсэн. Би мэдэнгүүтээ маш их уурлаж, түүнийг албан тушаалаас буулган хөдөө цөлж шийтгэсэн” тухайгаа бэлэн тайлбар бэлтгэсэн байж л магадгүй юм. Тэрээр төрөлхийн ажилсаг, санаачилгатай удирдагч байсан уу? Эсвэл эргэж тоогдон Төв хороондоо очиж магад гэж горьдсных уу бүү мэд, Тарвагатайн нурууг давуулсан зам гаргуулж машин явахуйц болгожээ. Энэ ажлыг коммунист суботник хэмээх хөлсгүй албадан хөдөлмөрөөр нугалсан байдаг. Ач охин О.Цолмон нь хожим энэ ач гавъяаг дурсан гэрэлт хөшөөг Солонготын даваан дээр босгожээ. Гэхдээ улс төрийн хараатай шиг хүнд бол өөрийнх нь гарын үсэг зурсан тэр баримт түүнийг хэзээ ч өндийлгөхгүй гэдгийг мэдмээр, тэгсэн эсэхийг бүү мэд.
Цэнд, түүний гэр бүлийг Дотоод яам, цагдаагийнхан, иргэдийн дунд байсан агентууд тасралтгүй мөрдөж байсан нь гарцаагүй. Ер нь таван хүн тутмын нэг нь албан ёсны “алтан хошуу өргөгч”-ийн проомсогтой байсан цаг. Найман хүүхэдтай гэр бүлд дотоод яамны хоёр агент байна гэсэн үг, аймаар! Цолмонгийн бага нас энэхүү мөрдөлт хараа хяналтын дотор өнгөрсөн бололтой. Түүний хүүхэд насыг төсөөлбөл эргэн тойрон мөрдөгч, гишгэсэн мөр бүрийг нь тоолоx ховлогч харагдана. Энэ нь түүнийг ер бусын хардамтгай, баргийн хүнд итгэдэггүй, найз нөхөд нь урваад байгаа юм шиг санагддаг тийм зовлонтой нэгэн болгочихсон ч байж магадгүй.
Хараа хяналт дарамт шахалт байсан ч гэсэн Цэндийн ач охин Цолмонг Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Тэрээр төгсөгчид нь их төлөв Монголын төрийн удирдах бүрэлдэхүүнд гарцаагүй ордог Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гардлаа. Улмаар сургуулиа төгсч ирээд нийслэлд амьдрах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй дээд сургуульд багшлах боломж түүнд байсан нь “хэлмэгдүүлэлт өөрийн гэсэн хязгаартай” байсныг харуулах мэт.
О.Цолмон нас гүйцсэнийхээ нэлээд хойно Н.Энхбаяртай гэр бүл болжээ. Тэдэнд нэгэн ижил зүйл байв. Учир нь хоюул эргэн тойрноосоо айж хулчийн, хардалт сэрдэлтийн дунд өсчээ. Эсэргүү Цэндийн ач охин Цолмонгийн хувьд түүнийг хүмүүс нийгмийн дайсны үр сад хэмээн хардаж, өөрөө найз нөхдөө эд нар намайг тагнаж байгаа байх гэж хардаж өссөн бодит эх үүсвэртэй комплекс байв. Энхбаярын хувьд өөрөө л сул дорой аймхайгаас үүдэлтэй комплекс давамгайлна. Энэ гэр бүлтэй нөхөрлөдөг хүмүүст “урваагүй гэдгээ байнга батлах” хэрэгцээ гардаг нь дамжиггүй. Шинэ гэр бүлд өөр нэг төсөөтэй тал байв. Нүүдэлчин монголчуудыг бодвол илүү иргэншсэн цагаан арьстны цус холилдсон илт мэдэгдэх гоо зүстэй, эдийн санхүүгийн өргөн боловсролтой Ононгийн Цолмон эхийн талын гарлаа мөн л нууцлах дуртай нэгэн байлаа. Эцэг нь нам төрийн зүтгэлтэн Цэндийн хүү гэдэг нь үүнд багадаж байлаа. Ингээд хожмоо эрх мэдлийн оргилд хүрсэн үедээ өөрийгээ Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн гэсэн гаргалгааг эхлээд толилуулжээ. Бас л энэ нь багадсан юм шиг Өмнөговь аймагт томилолтоор явахдаа Галбын говийн унага гэдгээ ярив. Тэгснээ бүр баруун хязгаар руу очиж Увс нутгийн гаралтай Симба Батаа хэмээх параламентч, бөх Ганболд нарыг төрлөөрөө тодруулан өөд татаж эхлэв. Харин өвөрлөгч монголчууд олноороо миграци хийсэн Дундговь, Дорнод, Төв аймгаас хамаатан тодруулахаас болгоомжилсон бололтой юм.
ХАМТЫН КОМПЛЕКС
2003 онд Монгол улсын ерөнхий сайдаас английн ББС –ийн сурвалжлагч ярилцлага авчээ. Сурвалжлагч нь Н.Энхбаяраас “Парламентад буй сөрөг хүчний төлөөлөгчийг яагаад баривчлан хорьсон” тухай нь асуухад “Намайг болон миний гэр бүлийг хэвлэлээр их гүтгэдэг” хэмээн тэс хөндлөнгийн юм ярин мэлмэрүүлээд эхэлдэг байгаа. ББС-ийн сурвалжлагч Н.Энхбаярын натурал төрх, комплексийг дэлхийд дэлгэх энэ үгийг шууд цацчихсан билээ. Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол түүний хамгийн том комплекс. Учир нь түүний нуудаг ичдэг олон юмыг гаргаад ирэх аюултай. Гэтэл чөлөөт нийгэмд сэтгүүлчдийг ил цагаан дарамлаад байж бас болохгүй. Ингээд сэтгүүлчидтэй хамтран ажиллах зорилготой “чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэдгийг байгуулж эхнэр Цолмонгоороо удирдууллаа. Энд цугларсан болон хуримлуулсан хөрөнгө юун чөлөөт хэвлэлийг дэмжих, харин тэдний амыг барьж дуугүй болгоход зориулагдаж эхлэв. Мэдээж олон таван юм ярьж магадгүй нөхдөд шан харамж өгч, дэмжиж мөнгөөр амыг нь таглаж эхлэв. Ийм замаар шар хэвлэл голлосон армийг өөртөө татлаа. Гэхдээ монгол хүнийг худалдаж авахад амаргүй. Нөгөө сонины эзэнд өөрөөс нь арай илүү мөнгөний үнэр авангуутаа л “цалингаа нэмүүлэхийг шаардан” юм бичээд эхэлнэ. Эндээс эхлээд арга хэлбэрээ өөрчиллөө. Үгэнд орохгүй сонин хэвлэлийн эздийн найз нөхдийг олж хайх ажилд гарав. Үүнтэйгээ зэрэгцүүлэн сонины газруудад өөрийн хөлсний мэдээлэгч нарыг байрлуулж “өөртэй нь холбоотой юу гарах гэж байгааг” тандуулна. Ингээд муу мэдээний үнэр авмагцаа сонины эзэд рүү “ үгүй гэх аргагүй найз” нарынх нь нэгийг утасдуулж “тийм мэдээгээ түр хойшлуулаач” гэж хэлүүлнэ. Төвийн зарим сонины эзэд “Энхбаяр ба түүний гэр бүл”-тэй холбоотой материалуудаа ажилтнуудаасаа нууж байгаад гэнэт гаргах, эсвэл “үүнийг заавал гарга” гэж үүрэг өгчихөөд өөрөө утсаа таслан алга болох зэрэг арга хэрэглэхдээ тулсан гэгддэг.
Үүнийхээ хажуугаар дам айлгах, гомдол бүхий иргэдийг хатган заргалдуулах, хэрэгт холбогдуулан хорих түмэн арга хэрэглэлээ. Үүний нэг том золиос нь нь “Үг” сонины эрхлэгч Х.Ханддолгор байв. Түүнийг “нэгэн эмэгтэйг ДОХ-той хэмээн гүтгэсэн” гэх үндэслэлээр баривчлан шийтгэж шоронд хорьсон юм. Хэргийн гол нь ДОХ-той гэгдсэн эмэгтэйд байсангүй. Дээр нь уг мэдээлэл Үг сониноос өмнө МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд нийтлэгдсэн байжээ. Дээрээс зэхэж өгсөн бэлэн ялын тогтоол барин орж ирсэн шүүгчид үүнийг огтхонч харгалзсангүй. Иймээс Ханддолгорт оноосон ялын цаад уг сурвалжийг дангаараа үнэмлэхүйгээс ч дээш олонхи болсон МАХН ба түүний засгийн газрыг тэргүүлэн улс орноо үнэмлэхүй удирдаж байсан Н.Энхбаяраас хайх нь зүйтэй байх. Ялангуяа МАХН ба түүний үндэсний удирдагчийг байнга шүүмжилдэг тус сонины бодлого, нэн ялангуяа улсын эх дагинын эмзэг цэг рүү чичилсэн “Хоёрдугаар Филатова эргэн ирлээ” гэсэн утгатай нийтлэлээс эрж хайх нь дээр байх. Филатова нь хуучин дарангуйлагч Ю.Цэдэнбалын орос эхнэр бөгөөд түүний нэрийг монголчууд “даварсан орос авгай” гэсэн утгатайгаар хэрэглэдэг. Дээрээс нь тэргүүн хатагтай Ононгийн Цолмонгийн нууж, эмзэглэж явдаг цагаан арьстны уг сурвалжийг энэ нийтэл битүүгээр хөндсөн байлаа. Мөн энэ гэр бүлийн комплексийг хамгийн их хөнддөг хүмүүс бол үндэсний үзэлтнүүд, бусдыг эрлийз хурлийзаар нь дууддаг тэмцэгчид байлаа. Ингээд “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг хэт үндэсний үзэлтнүүдийн удирдагчийг амжилттай худалдан авчээ. Тэд удалгүй “зөвхөн Н.Энхбаяр ба тэдний гэр бүлийг “гомдоосон” этгүүдүүдийг л “эрлийз”-ээр зарлан гутаах боллоо. Та тэдний гаргадаг “жагсаалт”-ыг харсан бол анзаарагдана даа. Эмгэнэлтэй нь нөгөөдүүл нь ерөнхийлөгч биднийг дэмжиж байна гэж ойлгосон уу? Юу ч хийсэн хамгаалах ар талтай гэж эндүүрсэн үү? Мэдэхгүй. ноцтой гэмт хэрэгт холбогдон түрүүчээсээ ачигдаж байна. Өөртөө зориудаар “сэв” зохион, түүнээсээ комплекс авдаг Н.Энхбаяр маягийн хүмүүс нэрэнд нь нэмээд сэв суулгасан хүмүүсийг арилгаж л байж амардаг. Үндэсний гэгдэх үзэлтнүүдэд сайхан ирээдүй харагдахгүй байна. Тэднээс нэр цэвэр, ул мөргүй салах ажлаа Н.Энхбаяр аль хэдийнэ эхэлчихсэн гэж төлөг тавихад ердөө алдахгүй л бол уу?
ДАХИАД Л КОМПЛЕКС
Буриад гарвалтай монголчуудын хувьд Энхбаяр Монгол төрийн өндөрлөгт гарч ирсэн нь том баяр байжээ. Олон жилийн турш гарал, угсаараа ялгаварлагдан зовж, алуулж, гадуурхагдаж байсан буриадууд өөрийн халуун өврөөс хэн нэгийг тодрон гарахад отог омгоороо баярлалдан хүрээлдэг уламжлалтай. Тэд энэ л зангаараа түүнийг хүлээн авах гэтэл Н.Энхбаяр янз бүрийн хэлбэрээр таагүй хандлаа. Түүнийг зохиолчдын хороонд орж ирэхэд нэрт зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ баавай ингэж ханджээ. Буриад гэдгээ өөрийн намтарт байгаа нуугууштай толбо хэмээн хардаг залуу Н.Энхбаярийн хандлага Эрдэнэ баавайг тун гомдоожээ. Ингээд өвгөн зохиолч бие барахынхаа өмнө Н.Энхбаярт таагүй ханддагаа илэн далангүй илэрхийлсэн захидал бичиж үлдээжээ. Учир нь Эрдэнэ баавайн бахархал болсон буриад яс, соёлоос буриад ээжтэй Н.Энхбаяр ичдэг төдийгүй тэдэнтэй холбогдох бүхий л сэжмээ нууж хааж явдаг нь биеэ зохих ёсоор үнэлдэг Эрдэнэ гуайг ихэд зэвүүцүүлсэн болтой байдаг. Түүнээс биш гавъяа шагнал алдар хүндийн оройд нэгэнт хүрсэн Сэнгийн Эрдэнэд энэ шалихгүй хархүүтэй булаалдах нэр, өрсөлдөх алба гэж юу л байх билээ. Уг захидалд Н.Энхбаярын эрх мэдлийн төлөө, өөрөөр хэлбэл комплексийнхээ төлөө юуг ч золихоос буцахгүй болсон чанарыг шүүмжлэхийн зэрэгцээ “буриад эхийн хэвлээс гарсныг” хоржоонтойгоор байн байн сануулсан байдаг юм. Нарийн яривал алдар нэрд дуртай хүмүүсээр дүүрэн хорвоод бэртэгчдийн дунд насаа барсан Эрдэнэ гуайд албаны тушаалын донтой нэг хархүү ойр байх нь сонин биш. Харин тэр нь өөртэй нь адилхан буриад цустай, тэгээд тэр бахархал болсон буриад цусаа ичингүйрэн жигшдэг, өвөг дээдсийнх нь ариун цусыг өсөх дэвших замынх нь садаа гэж үздэг хүн таарсан нь тэвчээрийг нь баржээ гэлтэй. Өр зөөлөн уяхан сэтгэлтэй, хайр гэрэлтсэн энэ хүний бүтээлд гомдол, нулимс л шингэсэн байдгаас үзэн ядалт хорсол байдаггүй билээ. Н.Энхбаярт бичсэн захиаг эс тоолбол.
Нөгөө талаас өөрийнх нь оройлж байгаа МАХН буриад зоны эсрэг этноцид аллагыг хэрэгжүүлэгч байсан төдийгүй шинээр нахиалж буй ардчиллын үзэл санааг гутаахдаа буриад ястны нэрийг ихээхэн ашиглаж байв. МАХН-чууд Ардчилсан холбооны гол зүтгэлтэн Эрдэнийн Бат-Үүлийг буриад цусаар дуудан “цагаантны үлдэгдэл” хэмээх ХХ зууны нийтийн дайсны хочийг түүнд зүүж байлаа. Буриадууд улаан оросоос зугтаан Монголд орж ирсэн нь үнэн юм. Энэ утгаараа зөвлөлт засаг ба ардын хувьсгалын дайсан нь цагаантан буриадууд байв. МАХН-ын зүгээс Бат-Үүлийг нийгмийн дайснаар зарлаж байгаа нь тэр. Мөн МАХН-ын зүгээс 1990-ээд онд Монголын эдийн засгийн гол шинэтгэлийг хийсэн Дашийн Бямбасүрэнг бас буриадаар нь дуудан баалдаг байв. Учир нь Ардчилсан хүчнийхэн Монгол Улсад сайн юм хийсэн байх учиргүй гэдэг логикоор хандаж байгаа нь энэ. Дайсан буриад гаралтай Бямбасүрэн сайн юм хийх учиргүй, буриад Бямбасүрэн нарын шинэчлэгчдээс сайн юм гарахгүй гэдэг логик. Буриадуудыг үзэн ядах сэтгэл бий болгож түүгээрээ дамжуулан ардчилал шинэтгэлийг гутаах арга барилтай намыг толгойлох болсон Н.Энхбаярын ээжийн буриад цус нь түүний хамгийн эмзэг цэг байв. Өөрөө хартай, комплекстэй хүний хувьд үүндээ тун их зовж, эмзэглэж байсан нь дамжиггүй. Гэтэл “нуувар” төрлүүд нь бүр түүнийг сануулан тойрох гээд улам ч зовооно. 2000 онд даргалсан нам нь үнэмлэхүй олонхи болж, өөрөө гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, хүн алах биш юмаа гэхэд хулгайлж авчраад үхүүлэх эрхтэй хаан боллоо. Эрх мэдлийн оройд хүрээд барьсан хамгийн анхны бэлэг нь өөрийнх нь цусыг “нуусан “буриад зондоо хандсан байв. Эрх мэдлийн оройд хүрсэн өдрөө тэрээр Буриад Бат-Үүлийг сүр дуулиантайгаар баривчлан шоронд хийлээ. Түүний нам ба Монголын ард түмэн “Энхбаяр нь буриадуудтай ямар ч холбоогүй төдийгүй буриадад дайсагнан ханддаг болохыг” харж үнэмшлээ. Сталин цагтаа орос бус үндэстэн гэдэг комплексоосоо болоод нутаг нэгт гүржүүд, өвөр кавказийн ард зонийг бусдад харагдахуйц илэрхий түлхүү хядсан байдаг. Түүнчлэн 1930-аад оны МАХН-ын удирдах зүтгэлтэн Лувсаншарав лам гарлынхаа комплексоосоо болоод хуврагуудыг хядахад хэтэрхий их идэвх гаргасан байдаг.
Үүнтэй зэрэгцүүлэн Архангайн хүн болохоо нотлох олон талт ажлыг зэрэгцүүлэн хэрэгжүүллээ. Архангайн гаралтай бизнесмэнүүдийг цуглуулан дэмжсэний дотор сүүлдээ муудалцсан Моннисийн Ганзориг сайд, хотын Бадамжунай нар оржээ. Бас Архангайн гаралтай бөхчүүдийг дагуулан нутгаар аялж, овоо тахиж морь уралдуулж үзсэн. Харин архангайнхан тоосон эсэхийг бүү мэд. Дараа нь Ардчилсан намын Р.Гончигдоржийг оролцуулаад уугуул нутгийнхаа сөрөг хүчнийхэнтэй найзалж эхлэв. Энэ нөхөрлөлөөс ардчилсан намын улаан жигүүр болох Алтан гадас цогцолсон билээ. Хүмүүс түүнийг нутагсаг, нарийн яривал архангайсаг. Архангайсаад ирэхээрээ нам мамын ялгааг ч харахаа байдаг тийм хүн гэдгийг харах ёстой. Тэр хэрээрээ Н.Энхбаяр Хэнтийгээс, буриадуудаас алслагдах ёстой. Уул нь МАХН-ын хамгийн хоржоонтой зүтгэлтэн, хэл амаараа хэнийг ч урдаа гаргадаггүй М.Зэнээ агсан Архангайн Тариат, Чулуут нутгийнхныг “Манжийн хааны эфү Цэрэнгийн удам ба бүгдээрээ манж хятад цустай урвагчид” гэж нэрлээд хамгийн анхны цол тэмдгийг нь Ардчилсан хүчний Р.Гончигдоржид зүүж өгч билээ. Гэвч М.Зэнээ агсан Н.Энхбаяр газар хувьчлах шийдвэр гаргахаас зургаан сарын өмнө, үндэстний удирдагч уугуул нутгаа тодруулахаас долоон сарын өмнө тэнгэрт хальсан билээ. Тэрээр бас газар хувьчлахыг хүчтэй эсэргүүцэгч байсан юм. МАХН-ын хуучин кадрууд Н.Энхбаярыг гадаад хэлтэй дэлхий ертөнцийг танисан ховор боловсон хүчин, залуучууд дайжаад байгаа улс төрийн өвгөрсөн хүчнийг аврагч хэмээн харж байсан бол сөрөг хүчний залууст бас итгэл найдвар төрж байлаа. Учир нь МАХН-ын шинэ удирдагч өөрсөд шиг нь залуу хүн байв. Бас барууны ертөнц, түүний соёлыг хуучин дарга нараасаа илүүтэй мэдэж ойлгодог, зарим зүйл дээр тухайлбал нутгархах зэрэг дээр намчирхаад байдаггүй энэ хархүү АН-ын зарим нөхдөд их таалагдлаа. Ингээд холбоо сүлбээ тогтоон нэгэн хэсэг ардчилагчийн алтан гадаснаас баттайяа аргамжсан билээ. Энэ гадасыг 2004 онд Америкаас эргэн ирж АН-ыг удирдсан Ц.Элбэгдорж ч сугалах гээд дийлсэнгүй. Сайн шаасан гадас байв.
Н.Энхбаяр уулаасаа сөрөг хүчинд хайртай, хамгийн ухаалаг зөв шийдэлд хүргэдэг зүйл бол “хүчний тэнцвэр” гэдгийг ойлгосон хүн биш байсан юм. Нэгдүгээрт дээр өгүүлсэнчлэн энэ холбоо Архангайсаг, төв халхсаг байдлаараа Н.Энхбаярыг буриадуудад хамаагүйг харуулах төдий үзүүлэн байв. Хоёрдугаарт, Н.Энхбаяр сөрөг хүчин гэдгийг Оросын Путин, Египетийн Мубарак маягаар хардаг хүн байлаа. Тэднийхээр бол сөрөг хүчин нь өрсөлдөгч гэхээсээ өөр өнгө аястай дагалдагч, улсын гоёл, төрийг ардчилсан мэт харагдуулагч зүүлт бөлгөө. Энхбаяр өөрөө хязгааргүй эрх эдэлж, сөрөг хүчин түүний заавраар зарим нэг юмыг эсэргүүцэж өгдөг байх учиртай. Өөрөөр хэлбэл харъяат нарынх нь дотор үгэнд нь орохгүй том толгой гаргагчид гарч ирвэл түүнийг өөрийн мэдлийн сөрөг хүчин гэгчид зааж өгнө. Сөрөг хүчин мөнөөх золигт гаргагчийг боорлоод эхэлмэгч түүнийг зайлуулж “Ард түмний шаардлагыг сонсогч, сөрөг хүчний үгийг хүндлэгч” нэрийг хүлээнэ. Ийм маягаар сөрөг хүчний дунд өөрийн гадсыг шааваа. Ямар ч байсан Ц.Элбэгдорж “хошногондоо шортой” үлдэв.
ТӨГСГӨЛ
Төрсөн өдрөө хүртэл Чингэс хааныхтай тааруулан улс амьтны доог тохуу болж байгаагийн цаад шалтгаан мөн л “оригиналь халх” болж харагдах гэсэн зовлонгоос эхтэй.Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын комплексүүд зовлон мөн үү? Уул нь буриад зон бол нийт монголчуудын дунд сайн имижтэй ястан юм. Халх, ойродгүй тэднийг соён гэгээрүүлэгч Б.Ринчен, алдарт зохиолч С.Эрдэнэ, радиогийн сайхан хоолойт Цэдэндамбаа, ардын жүжигчин Жаргалсайхан нараар төлөөлүүлэн билиг авьяас төгөлдөр, монгол үндэстнээ өнгөлөгч хүмүүс хэмээн бахаддаг. Тэр ч бүү хэл өнөөх “юм л бол дүрдэг” гэх домгийг нь хүртэл шулуухан, эр хүн шиг түс тас зантайн шинж хэмээн хүлээн авдаг. Халхуудыг “Эфү Цэрэн шигээ манжид урвагч”, ойрдуудыг “Цэдэнбал шигээ төрсөн бууцаа гадаадад өгдөг” хэмээн баалдаг бол буриадуудад “тэрэн шигээ тэгдэг” гэх муугаа дуудуулсан цуутан байдаггүй. Түүнчлэн орчуулагч гэдэг мэргэжлийг монголчууд мууд үздэггүйгээр барахгүй хүн төрөлхтний соёлыг дамжуулагч хэмээн машид хүндэлдэг. Үндэсний сэхээтнүүдийн хамгийн түрүүнд барьж авдаг юм нь орчуулга байдаг. ХХ зууны монголын суутнууд болох Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулгын бүтээлээр үлэмж алдартай. Одоо ч орчуулагч Аким, Гомбосүрэн гэхээр үндэстний томоохон сэхээтнүүд л санаанд буудаг. Тэргүүн хатагтайн хувьд ч гэсэн. Монголчууд цагаан арьстны цусны хольцийг жирийн зүйл хэмээн хүлээн авдаг. Оросын эрлийз С.Зориг монгол үндэстний хайртай хүү байлаа. Одоо түүний дүү С.Оюун ч монголчуудын хүндэт бүсгүйчүүдийн нэг.
Бусад хүнд бахархал ч байж болдог зүйлийг зовнил комплексоо болгосон Н.Энхбаярын өмнөө барьдаг юм бол бурхны сургааль. Гэхдээ буддизм түүний өөрөө шүтэх зүйл гэхээсээ илүү өөрийгээ шүтүүлэх хэрэглэгдэхүүн болсон харагддаг. Тэгж ярих юм бол Бурхан багш “өшрөхийн оронд өршөөж амьдар”. “зовлон гэдэг чиний төсөөлөл болохоос нарийндаа хоосон”, “хэзээд алдагдах албан тушаал алдар хүндэд бүү дурла” гэхчлэн Н.Энхбаярт харш олон юмыг сургасан юм гэдэг.
Оргилд хөтлөгч, оройлогчоос өөр сонголтгүй байх замд хөтөлсөн хүчин зүйл бол түүний хар багаас үүдсэн комплексүүд. Үргэлж дутуугаа мэдэрч, гутарч өсч өндийсөн түүнийг хүн шиг харагдуулах, мэдрүүлэх юм гэвэл эрх мэдэл, зөвхөн эрх мэдэл байжээ. Зав гарвал бүр уулын оргилд хүртэл авирна гээч.
II. ГУРВАН ГАВЪЯА
ҮНЭЛЭГДЭХ Орчин үед Монгол түмний өмнө хийсэн бүтээсэн зүйлээрээ асар их үнэлэгдэж байгаа сайхан хүн бол Намбарын Энхбаяр мөнөөс мөн. Тэр хүний Монгол түмний өмнө бүтээсэн гавъяа зүтгэл, сайхан үйл хэрэг мөнхөд мандан бадарч явах болтугай!
Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он, тал 484
ЭХЛЭЛ
Н.Энхбаяр өөрийг нь шүүмжилсэн нэг бус хүнийг шүүхэд өгч шийтгүүлсэн. Хамгийн сүүлд өөрийнх нь даалгавраар ардчилсан хүчнийг гутаах муулах ажил хийж асан Дэмбэрэлийгээ шүүхэд өгч суулгаад авсан. Харин өөрийгөө болохоор “Намайг түүх шүүнэ, бурхан шүүнэ” хэмээн хэлдэг. Бурхан түүнийг яаж шүүхийг хэн мэдлээ. Тэнгэрт хөөрөн нисч явахыг нь зааж “Сайн хүн ингэдэг” хэмээн атаархаж чадах биш. Хорхой болсон байлаа ч бид таниж “За даа, муу явсан хүн ингэдэг юм, харав уу” гээд дэвсэх биш. Харин түүх хэрхэн шүүхийг төсөөлж болно. Бодоод байхад түүхэнд магтуулж үлдэхээ тэр үнэхээр төсөөлөөд ч байх шиг санагдах юм.
УУГАН ГАВЪЯА
Монголын шинэчлэгчдийн мөрөөдөл нь газар хувьчлах байсан. Энэ тухай ярих бүрийд МАХН эсэргүүцэж, эсэргүүцэхийн хэрээрээ эх орончийн дүртэй харагдаж олон түмэнд тоогдно. Нүүдэлчид хэзээ ч газар хувьчилж байгаагүй бөгөөд хувьчлахын эсрэг төрөлхийн рефлекстэй. Учир нь нүүдэлчид байнгын тогтсон нутаггүй, цас зудын байдлыг харгалзан чөлөөтэй нүүн шилжиж, “хаяа багтвал бууж, хамар багтвал идэж” ирсэн ард түмэн. МАХН энэ сэтгэхүй дээр тоглож байлаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголын шинэтгэлийг дэмжихээр мөнгөө оруулах хандивлагчид хувийн өмчийн үндсийн үндэс болсон газар хувьчлалыг шаардаад байлаа. 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрх авахад газар хувьчлах найдвар төгсгөл болох шиг санагдаж байлаа. Гэтэл тэрээр ердөө нэг жилийн дараа 2002 онд газар хувьчлах шийд гаргуулж чадлаа. Залуу, англи хэлтэй энэ тэрээр нам дотроо шүтэгдсэн хэвээр байсан, “бүхий л удирдагч болгоноо “эсэргүү” болтол нь бурханчилдаг уламжлал” намд нь хэвээрээ байгаа зэрэг нь түүнд нөлөөлжээ. Дарга л тэгж шийдсэн бол зөв, харин зөв зүйтэйг аль болох түргэн ухаарах нь намын ажилтнуудын үүрэг бөлгөө. Энэ үе бол төрийн ажилтнууд зөвхөн намын ажилтан байдаг уламжлал эргэн ирсэн жилүүд. Чухам хэзээ ч ардчилсан хүчин хийж хүчрэхгүй, хийсэн ч МАХН сөрөөд унагачих байсан энэ асуудлыг шийдсэнээрээ Н.Энхбаяр Монголын түүхнээ гарцаагүй үлдэнэ. “Өөртөө ашиггүй юм хийж үзээгүй тоорой” үүнийг зөвхөн улсынхаа эрх ашгийн төлөө хийнэ гэвэл гонж. Монголд хөрөнгө оруулалт хийх ирээдүй буйг харсан гадны томоохон компаниуд, манай шинэтгэлийг дэмжигч хөтөлбөрүүд түүнд томоохон шан харамж өгсөн байх магадлалтай. Авсан байсан ч яадгийн бэ? Эцсийн дүндээ эх орон хожсон юм чинь, нэмээд шагнасан ч Монголоос холтрох юм байхгүй. Н.Энхбаяр Монголын түүхнээ анх удаа газрыг иргэнд хувьчлах шийдвэр гаргуулсан улс төрч гэдгээрээ ардчиллынхантай ... Ц.Элбэгдорж, С.Зориг, Баабартай зэрэгцэн бичигдэж үлдэнэ.
УДААХЬ ГАВЪЯА
МАХН-ын удирдлага 2003 оны 12 сарын 31 ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг одоогийн Оросын холбооны улсад төлж барагдуулснаа зарлалаа. Үүнийг үндэсний баяр болгон тэмдэглэх оролдого хийлээ. Гэвч санаснаар нь төдий л болсонгүй. Ард түмэн дараахан нь болсон сонгуулиар МАХН-ын өр төлсөн гавъяаг ер үнэлсэнгүй. Учир тэрээр шоу хийхдээ нийгмийн сэтгэл зүйд гарсан их өөрчлөлтийг огт тооцоолоогүй юм. Харин сөрөг хүчин түүний эсрэг сурталчилгааг амжилттай хийлээ. Тэд хэд хэдэн үндэслэл гаргаж ирсэн. Нэгд “хуучин Зөвлөлт холбоот улс тарсан, иймээс энэ өр хууль ёсны нэхэмжлэгчгүй өр. Хэрвээ Оросын холбооны улс өөрийгөө Зөвлөлтийн өв залгамжлагч гэж үзэж байгаа бол Монголд явуулсан коммунист хүчирхийлэл, хядлагын хариуцлагыг хүлээх учиртай” гэж шинэ үеийнхэн үзээд түүнээ үндэслэлтэй тайлбарлаж байлаа. Дээр нь тэд их өрийг төлөх явцад өөрснөө 50 орчим сая долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл олсноо дор нь олон түмэнтэй хуваалцлаа. Төрөлхийн хардах сэрдэхдээ дуртай олон нийт “аа, за за өр төлсөн биш, өөрсөндөө л мөнгө хувааж завших ажил хийсэн байна. Нарийн яривал түүнээс ч ихийг авсан байгаа” хэмээх таамаг дэвшүүлэв. Өр үнэхээр төлөгдсөн эсэхэд одоо ч монголчууд үнэмшдэггүй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын хүсч байсан хүндлэл, алдрыг өрийн кампанит ажил нь авчраагүй.
Нэг хэсэгтээ олон түмэн түүнийг өр төлөх нэрээр мөнгө л завшсан гэж үзсээр байх нь дамжиггүй. Нарийн ярих юм бол улс эх орноо өргүй болгох гэхээсээ илүү өөртөө бизнес хийх гэж сэтгэсэн байх магадлалтай. Учир нь үүний өмнө тэрээр Чехословак улсад төлөх байсан өр гэдгийг сэргээн төлж ихээхэн шагнал авсан гэдэг. Чехословак нь хоёр хуваагдаад Чех ба Словак улсууд болсон хойно Чехт нь өр төлсөн хэрэг. Процедур нь гэвэл улс нь тараад хүчингүй болсон танай өрийг бид сэргээн төлнө, харин хэзээ ч олдохгүй байсан мөнгийг олж өгөөд бид төдөн хувийг нь авна гэж манайхан санал гаргана. Үүнтэй хамтарсныхаа шагналд төдийг авна гэж Чехийн төрдөө нэг пүүс бас гарна.. Чехийн тал зүгээр орж ирж байгаа мөнгийг уухайн тас зөвшөөрдөг ийм нэг хэрэг. Чехийн өртэй зэрэгцүүлээд Дойч банкны найдваргүй болсон өрийг мөн л сэргээн төлж чамгүй шагнал авсан гэж яригддаг. Дойч банкны өр нь Монголын хувийн хэвшлийн хэсэг нөхөд луйвардсан мөнгө бөгөөд харин түүнийг манай татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулжээ. Найдваргүй өрийг сэргээн төлсөн хүнийг Дойч банк шагнах нь зүй. Эдгээр нь 2000 оны эх хавиар болсон хэрэг шүү дээ. Ингээд тэр Чехийн өр төлсөн сценариа арай томруулахаар шийдсэн бололтой юм. Гэтэл уг ажилд Чехийн хуучин түнш Фалкон ч гэдэг билүү компанийг ашиглахаар шийдсэн боловч цаадах нь жижигджээ. Харин арай томхон компани тэндээсээ олж өгсөн нь Федэкс групп гээч бололтой юм билээ. Төлсөн зураглал нь иймэрхүү. Чехийн нэг компани Оросын засгийн газарт буюу найдваргүй өр барагдуулах бизнесээр хөлжсөн тэр үеийн ерөнхий сайд Касъяановт ханджээ. Касьянов нь ийм бизнесээс тав орчим хувь хүртэж амташсан төдийгүй “таван процентын Миша” хоч зүүчихсэн нэгэн байв. Чехийн Федекс групп 50 орчим сая долларыг зуучлалын шанд авахаар болсон болтой. Энийгээ Монголын талын өр төлөх санаачилга гаргагчидтай хуваалцаж таарна. Эндээс л Монголын сөрөг хүчний нэхээд байгаа 50 сая ам долларын учиг тайлагдах байх. Монголын өр Орост бус Чехт төлөгдсөн түүх энэ. Тэр үед ОХУ-д элчин сайд байсан С.Баяр сая ерөнхий сайд болуутаа Шаабарыг шүүхэд өгчээ. Шаабар түүнийг ОХУ-д төлсөн өрийн дундаас завшсан гэж “гүтгэсэн” гэх. С.Баяр нэрээ цэвэрлэх гэсэндээ бус “Монголын өр Орост бус Чехт төлөгдсөн” гэсэн өгүүлбэрийг юу юунаас илүү хүсч байгаа болов уу? Түүнийг Орост суугаа Элчин сайдын хувьд огт тоогоогүй, өр төлөх ёслолд зөвхөн хүүхэлдэй байдлаар ашигласанд гомдсон, бас хуваалцсан их мөнгөнөөсөө сохор зоос ч хүртээгээгүй зэрэгт С.Баяр хорссон байж болох талтай.
“Муу хүний заяа завагт” гэгчээр Үндэсний удирдагч хөвүүнийхээ бизнесийн буянаар Монгол улс санаандгүй хожлоо. Учир нь цэрэг стратегийн хувьд л газар зүйн байрлал нь сонирхол татаж, хятадтай тоглох хөзрийн чухал мод болдог энэ ядуу хоцрогдсон Монголд өр тэглэх үед сонирхоод байх юм бага байжээ. Гэтэл жил гаруйн дараахнаас Оюу толгойн зэс, Сүхбаатарт цайрт минералын орд, үнэ нь хадсан Таван толгойн коксждог нүүрс гараад ирэх нь тэр. Оросууд шүлсээ арчин зүтгэх гэтэл Монгол орон гинжнээсээ мултраад өгчээ. Оросууд барьцаагүй, дарамтлах сэжимгүй болжээ. Өрийг нь гэнэдээд тэглэчихсэн байв. Өр тэглээгүйсэн бол Таван толгойг тавууланг нь авсан ч болохоор байв. Оросууд өөрийнхээ шар толгойг, нэмэрт нь сүлднийхээ мутант бүргэдийн хос толгойг шаасан ч багадах юм болсныг ойлголоо. Энэ өнцгөөс харахад Үндэстний удирдагч хөвүүний зувчуулсан 50 сая доллар юу юм бэ! Их өрийг тэглэснийх нь төлөө дахиад 30 саяар шагнасан ч багадна. Түүх түүнийг цаашдаа магтан дурсах болно. Н.Энхбаярын энэ гавъяаг хойч үеэ 1911, 1921, 1990 оны хувьсгалын баатруудтай зэрэгцүүлэн бичиж үнэлэх болно.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГУРАВ ДАХЬ ГАВЪЯА
Энэ гавъяаны ихэнх тал нь түүнийг хүлээж байгаа. Н.Энхбаяр олон юмнаас айдаг ч хамгийн их айдас нь хүрсэн өндөрлөгөөсөө уруудах. Жирийн хүн болох нь түүнд очирт тамд унахаас аймаар хүлээн зөвшөөрөх аргагүй тийм зүйл. Ийм их хор шартай, комплекстэй хүн эргэж жирийн хүн болж хэзээ ч чадахгүй. Үүнээс дээш өгсөх газар байхгүй. Түүнд өгсөхгүй юм аа гэхэд уруудахгүй байх дөрвөн зам харагдаж байна. Давын өмнө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох. Энэ нь хууль эрхийн хувьд боломжтой. Түүний дараагаар яг одоогоор боломжгүй харагдавч сайн хөөцөлдвөл бүтэж болох Засаглалын хэлбэрийг солих, үндсэн хуулийг өөрчлөх замаар өөрийгээ Чавес, Туркмен баши нарын адил насан туршийн ерөнхийлөгч болгох. Эцэст нь цэргийн дэглэм тогтоон генералын мөрдэс зүүх, адагт нь үндэстнээ хянасан том мафийн босс хоза ностра болох.
Сүүлээс нь эхлэн няцаая. Гурван монгол зодолдоно гэж үг бий. Дийлдэшгүй амбицтай, өөрийн гэсэн толгойтой байх эрмэлзэлтэй монгол хүн хэзээ ч бусдын үнэнч боол, туйлбартай гүйцэтгэгч байж чадахгүй. Бидний дунд гардаг эвлэршгүй маргаануудын ихэнх нь зарчмын өөр байр сууриас үүддэггүй. Зүгээр л өөрийн гэсэн байр суурьтай харагдах гэсэн хүслээс л эхтэй. Ийм хүмүүсийн дунд нэг хүний дор зангидсан гар шиг нэгддэг мафи хэмээх бүтэц оршин тогтнож чадахгүй. Харин үлдсэн гурвыг нь намынхаа ил, өөр нам дахь бүлэглэлийнхээ далд дэмжлэгтэйгээр хийж болно.
Юуны өмнө тэр дараагийн сонгуулиар ерөнхийлөгчөөр улиран үлдэх учиртай. Ингэхийн тулд намаасаа нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Сонин прадокс харагдаж байна. Учир нь МАХН сул дорой байхынхаа хэрээр түүнийг дэмжинэ. Ерөөсөө өмнөх түүхээс харсан ч МАХН сөрөг хүчин байх үедээ ерөнхийлөгч Н.Багабандийгаа тойрон хүрээлж, үнэмлэхүй олонхи болохын хэрээр холдож байсан. 2000-2004 онд МАХН үнэмлэхүй ялагч байх үед сөрөг хүчний үүргийг МАХН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгч Н.Багабанди гүйцэтгэж байсан. Харин өнөөдөр энэ хүчин зүйл оршсоор байгаа төдийгүй өөр нэг хань хамсаатантай болж ирээд Н.Энхбаярт заналхийлж байна.
Эхэндээ түүний “үнэнч нохой” бэлтгэх хүрээнд тодруулсан шинэ луйварчид эргээд эзэндээ гай чирч эхлэв. Эхлээд сонгосон залуусаа үе үе айлгаж дарамтлах юмтай байлгах гэсэндээ хулгай хийхэд нь нүдээ аниад өнгөрч байлаа. Гэхдээ нүднийхээ булангаар харж байгаагаа бас мэдэгдэв. Өршөөж байгаагаа ч ойлгуулав. Уул нь “Би чиний тийм юмыг мэдэж байгаа” хэмээн үе үе айлган номхон байлгаж, нөгөө нэг юмыг нь сануулан хүссэнээ хийлгэж байх гэсэн хэрэг. Гэтэл цаад дуракууд нь үүнийг өөрөөр ойлгов. Ердөө л “Үндэсний удирдагч биднийг хулгай хийхэд яах ч үгүй юм байна” хэмээн үнэмшжээ. Ингээд хадгаламжийн хоршооноос эхлэн бүхэл бүтэн банк хүртэл талхан дээрээ түрхээд идэв. Тэдний үйл хэрэг өөрийнх нь нэрийг сэвтээж байгааг Босс мэдлээ. Ингээд төлөвлөсөн ёсоор сануулах гэтэл Монголд өөрийнх нь төлөвлөгөө хэрэгжих боломжгүйг хэлээд өглөө. Хүрлэнсүхээс эхлээд урьдаас нь цор цор хийх төдийгүй өөрийнхөө хийсэн хулгай, хамтарч оролцсон луйвраар эргүүлээд дарамталж эхлэх нь тэр. Үндэсний удирдагчийн оригиналь “идейн”-үүд мөнөөх Энхбаярхануудын толгойд бас байжээ. Ингээд толгойн өвчнөөс салахын тулд тэднийгээ шоронд өгч, дараа дараагийнх нь сургамж болгохоор шийджээ. Гэхдээ сургамжийн төлөвлөгөө нь санасан ёсоор хэрэгждэг болов уу, дараа дараачийн хулгайч нар нь шоронд орохоос айгаад насан туршдаа түүний боолын боол босгоны шороо болдог болов уу, яадаг бол. Эсвэл хэзээ ч хэний ч боол болохгүйн төлөө хамтдаа эрслэн босдог болов уу?
Харин тэрээр “Хадгаламж зээлийн хоршооны хэрэг” дээр хачин их санаачилга гаргаж мөнгөө хэтэрхий өсгөх гээд гэндсэн хэдэн шуналын микробтой хамт уйлалдан байж хохирлыг татвар төлөгчдийг мөнгөөр барагдуулах алхам хийлгэв. Хохирол барагдсан тул хохирогч нарын тэмцэл зогсоно. Хоршооны эздийг цөөн хэдэн жилээр шооёонд суулгах болов. Тэд ялынхаа хагасыг эдлээд магадлангаар орж суллагдаад тэрбум тэрбум завшсан хөрөнгөнийхөө нуусан хэсгийг гарган идэж үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүлнэ. Ингэхээс хохирогчид ч цаашаа маргаан үүсгэхгүй, хохироогчид ч гомдоод байх юмгүй болов. Тэхээр иргэдээс зальдан авсан зуу зуун тэрбум төгрөг хаачсаныг цаашдаа нэг их эрэхгүй гэсэн үг. Эндээс нэг хар төрж байна. Хоршоодын мөнгөний орсон нүх манай хүнд дэндүү ойрхон байснаас бушуухан түүнийг дарж авах сонирхол гарсан юм биш байгаа. Ингээд бодохоор МАХН-ын байран дээр очиж өлсгөлөн зарлан мөнгөө нэхэж шаналгагч нарын ард АН бус Н.Энхбаяр өөрөө байсан юм биш байгаа гэж бодогдуулаад байх аж. Энэ бүхэн яаж өрнөснөөс үл хамааран МАХН-ын нэр хүнд навс уналаа. Мөнөөх хоршоо идэгчид МАХН-ын үр төл байв. Дээр нь өмнөөсөө боргуулж, хавьтсан болгоныг урдаг залуус нь гарахын эцэсгүй хэрэгт унаж эхлэв. Өөрийгөө хамгаалагч залуучуудын бүлэглэлийг өрсөлдөгчтэй байлгаж “Үндэсний удирлагчид улам илүү үнэнч болох” социалист уралдаан зарлаад орхитол санаснаас өөрөөр эргэв. Тэд үндэсний удирдагчийн гутлын улыг уралдаж үнсэх нь үнсэж байсан боловч монгол дүрмээр уралджээ. Монгол дүрэм бол өөрөө урагшилж түрүүлэх бус өөрөө байрандаа зогсоод өрсөлдөгчөө хойш ухраах замаар түрүүлэх арга байдаг. Үндэсний удирдагч уул нь тэд бие биеэ уралдаж ховлох ба тэдгээр ховуудыг удирдагч ашиглан аль алийг нь номхон дуулгавартай байлгах гэсэн юм. Гэтэл нөгөөдүүл нь хүрээнээсээ хальж ил тодоор түмний нүдэн дээр бие биенийхээ уурхайг ухалцан шившгээ дэлгэлээ. Үндэсний удирдагчийн ажлын нэг арга нь өөрийгөө хүрээлэгчдийг хооронд нь аль болох эвгүй байлгах. Тэрээр хэн нэгэнд туслахдаа “Манай хэн та хоёр чинь юунаас болоод муудчихсан юм бэ? Цаадах чинь татгалзаад намайг их зовоолоо” гэсэн утгатай үгийг дайхгүй өнгөрнө гэж байдаггүй юм гэсэн. Логик нь мөн л өмнөх шигээ. Зүтгэлтнүүд нь бие биеэ уралдаж матан, өөрт нь илүү үнэлэгдэх гэж марофондоно. Бас доорхи хүмүүс нь хоорондоо түнжингүй байх учраас хэзээ ч өөрийнх нь эсрэг эвлэлдэн нэгдэж чадахгүй. Гэтэл бас л төлөвлөснөөр болсонгүй. Болох нь болсон гэхдээ гүйцэд биш гэх гээд байна. Зүтгэлтнүүд зөвхөн даргадаа маталцах хүрээнээс хэдийнэ халиад олон түмний нүдэн дээр ил дайтаж гарлаа. Удирдагчийн энэ алхам төлөвлөөгүй үр дүнд хүрч МАХН дотор феодалын бутрал боллоо. Хэзээ ч эвээ алдаж байгаагүй, хагарсан ч тогоон дотроо хагараад, хугарсан ч ханцуй дотроо хугардаг түүх өнгөрчээ. МАХН олон түмний нүдэн дээр хагарч хугарч, сөрөг хүчний бах тавыг ганц хангах боллоо. Намын гишүүд хэн хагалаад, хугалаад байсныг бүүр түүрхэн ч болов гадарлаж эхлэв. Н.Энхбаярын хувьд МАХН доторхи уяа хүлээ суларлаа. Уяа хүлээгээ тайлагчид руу хийх довтолгооныг түүний Алтан гадасын зүгээс хийж байна. Өнгөн дээрээс харахад МАХН-ын бузар булайг дэлгэж байгаа сөрөг Ардчилсан хүчний шударга баатрууд харагдана. Харин уншиж байгаа бичгэн дээр нь Н.Энхбаярын хурууны хээ байгаа нь ажигч хүний нүднээс гарах аргагүй. Намынхан нь үүнийг улам мэдэрч түүнээс хөндийрч байна.
Дараагийн дараачийнх нь яадгийн гэхээс дараагийн сонгуульд Н.Энхбаяр өөр намаас ерөнхийлөгчид дэвших бололцоо үгүй. Иймээс яаж ийгээд 2009 онд МАХН-аас нэр дэвших ёстой. Ингэхийн тулд МАХН -д хэрэгтэй ганц хүн нь, аврал нь ерөнхийлөгч Энхбаяр болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл МАХН ингэтлээ доошоо унах учиртай ажгуу. МАХН хэрвээ ирэх сонгуульд ялах юмуу хүч тэнцвэл “намыг нь тараан алдсаны төлөөх хариуцлагыг Н.Энхбаяртай тооцно”.
Ингүүлэхгүйн тулд 2008 оны парламентын сонгуульд МАХН үнэмлэхүй ялагдсан байх ёстой. МАХН-ыг одоо удирдаж нөлөөлж, Н.Энхбаярыг сөрж байгаа хүмүүс “Намаа сонгуульд унагаасан” гэдэг үндэслэлээр зайлуулагдсан байх учиртай. Оронд нь удирдагчийн талын хүмүүс очиж МАХН-ыг аврах групп байгуулсан байх хэрэгтэй. Тэд Н.Энхбаярт хадаг барьж “Манай намыг өөрийнхөө удирдаж байсан үе шиг хүчтэй болгож өгөөч” гэж намын мянга мянган гишүүдийн өмнөөс гуйх учиртай. Иймээс түүний дав даруйд хийж болох зүйлийг тааварлах гээд үзье. Юуны өмнө өөрийг нь сөргөөсөн Хүрэлсүх, Бадамжунай тэргүүтэн их хурлаас гарч шоронд орох учиртай. Энийг мэдээж сөрөг хүчин дотор булсан алтан гадсаараа шаардуулах болов уу? Өөр олон юм гарч ирэх ба энэ бүхэн МАХН-ын нэр хүндийг улам бүр унагаах ёстой. Ингээд зургаан сарын дараа МАХН-ын нэр хүнд байж болох доод хэмжээндээ очно. Гэхдээ жаахан цэнэг амьд үлдэх ёстой. Энэ цэнэг Н.Энхбаярт хэрэгтэй тогийг өгж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. 2008 оны парламентын сонгуулийн дараа АН үнэмлэхүй ялалт байгуулна. Харин дараа нь болох ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс өөрөөр хандана. Ард түмэн ялагдсаныг өрөвддөг зөнгөөрөө МАХН-аас нэр дэвшигчийн төлөө саналаа өгч Н.Энхбаяр хоёр дахиа улирна. Харин үүнийхээ дараа үлдсэн хэдэн жилд МАХН-ыг ор мөргүй болгох алхам хийнэ. Учир нь эндээс эхлээд МАХН түүнд өөр хэрэг болохгүй. Байвал аюул учруулагч хүчин болно. Эхлээд МАХН-ын одоогийн удирдлага, өөрийг нь сөрдөг хэсгийг шоронд оруулж шонд өлгөх ажлыг АН-тай хамтран хийнэ. Учир нь МАХН дахин хүчээ сэлбэж, 2014 сонгуульд ялалт байгуулах магадлалтай. Энэ үед нэг хүн ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа нэр дэвшихгүй тул огт өөр гарц хайх болно. Мөн МАХН өөрийг нь хоёр дахин самарсан этгээдтэй тооцоо хийж, гурав дахиа самруулахгүй хамгаалалт хийх нь дамжиггүй.
Н.Энхбаярын хамгийн түрүүнд хийх алхам бол намынх нь дарга С.Баярын мөрөөдөөд байгаа сонгуулийн пропорцианаль систем. Үүнийг Ардчилсан намаар дамжуулан эсэргүүцэж унагаахаар оролдох болов уу? Тэрээр Алтан гадсаараа дамжуулан “ сонгуулийн хууль хуучнаараа байвал АН үнэмлэхүй ялалт байгуулах боломж байна. Иймд уг хуулийг өөрчлөх нь АН-д ашиггүй” хэмээн Ц.Элбэгдоржийг ятгуулахад чиглэх байх. Үнэхээр ч сонгуулийн энэ тогтолцоо ялагч талыг төгс ялуулдаг онцлогтойг бид мэднэ. Гэхдээ Н.Энхбаярын санаа нь АН-д хайртайдаа биш гэдгийг чамгүй хазуулсан Элбэгдорж гадарлаж баймаар. Ардчилсан намын үнэмлэхүй ялалт нь түр зуурын бөгөөд эцсийнх байж болохыг Н.Энхбаяр харчихсан сууж байгаа. 2008 оны парламентад үнэмлэхүй олонхи болсон АН-ын идүүр тэвшинд Н.Энхбаяр юун түрүүн өөрийн намд байгаа сөргөлдөгчдөө хаяж өгөх нь гарцаагүй. Мэдээж хэнийг хаанаас хазвал зүйтэйг алтан гадсаараа дамжуулан хэлж өгнө. Өшөө авах, бяраа амтлахын донгоор АН-ынхан хэсэг хүнээр хуурга хийнэ. Гэвч өөрсдөө л монголчууд болсон юм хойно “дэл сул юм тэсгээдэггүй улс”-аар дүүрэн. Н.Энхбаярын дараагийн идэш бол тэд. Эхлээд АН-ын хомхойчуулд аятайхан юм үмхүүлж байгаад нэг л өдөр оосрыг нь татна. Тэгээд шударга ёсыг тогтоохын тулд ав адилхан шийтгэх, шившиглэхийг шаардана. Ардчилсан нам тэднийг нохойд хаяж өгч эхэлбэл сайн. Учир нь аль ч нам хулгайчаар дүүрэн гэдэг нь харагдах ба эцэстээ мөнөөх намууд алин ч дэмий гэсэн дүгнэлтэд хүрч сайн ерөнхийлөгч мөрөөднө. Ардчилсан нам хулгайч нараа нохойд хаяж өгөхгүй байлаа ч мөн л сайн. Нам болгон хулгайчаар дүүрсэн ба тэднээ хамгаалаад зөвхөн өөр намын хулгайтай л тэмцдэг. Иймээс намгүй ерөнхийлөгч л бидний сонголт болно.
Өнөөдөр МАХН түүний гишүүд зүтгэлтнүүд Н.Энхбаярыг таниж эхлээд байна. Нам төрийн дээд удирдлагад өөртөө үйлчлүүлэхээр тавьсан хулгайч, луйварчдаас нь намын гишүүд жигшиж эхлэв. Ардчилсан холбооны хулигаануудын эсрэг 18 жил таягаа гозолзуулсан өвгөд өнөөдөр хэлэх үггүй болж, “энэнээс илүү юм үзээгүй дээрээ нүд аних минь” гэж хүсэх болов. Ардчилсан намыг хорин жил сулруулах гээд хүчрээгүй МАХН сулрав. Нам дотроо гүнзгий хагарлаа. Нэг баастай англи хэлтэй бурхан залаадахсан чинь юу вэ, намыг нь хөөдөөд хаясан байлаа. Ардчилсан хүчин хорин жил дотор нь хагаралдуулах гэж оролдоод бараагүйг баастай бурхан нь хийгээд өглөө. Ардчилсан хүчний партизанууддаа үүн шиг том бэлгийг С.Зориг ч, Элбэгээ ч барьж байсангүй. Тэд “хувьсгалт нам ялзраад мөхөөд өгөхийг хараад үхэх нь ээ, Санасан хэрэг бүтлээ” гээд санаа амар нүд аниж мэдэхээр болчлоо. Н.Энхбаяр Монголын түүхнээ “Нийгмийн шинэтгэлийн эсрэг хамгийн том, догматик, үхширмэл хүчин болсон МАХН-ыг задалж устгаад хөгжлийн замыг шулуутгаж өгсөн удирдагч” хэмээн аанай л С.Зориг, Ц.Элбэгдорж нартай нэг эгнээнд бичигдэх болно. Н.Багабандийн зүгээс тараасан “МАХН-ыг урт шар дээлтэй хүн зүйл дуусгах юм гэнэ лээ” гэдэг домог оргүй ч юм биш байх шиг ээ.
БИЧИГДЭХГҮЙ Ч БАЙЖ БОЛОХ ТҮҮХ
Энэнээс цаашаа үндэсний удирдагч юу хийх вэ? Түүний өгсөх зам дууссан. Санаандгүйгээр сайн үр дүнд хүрээд түүхнээ үлдэх гавъяат үйлүүд дууссан. Өөрөөр хэлбэл Монголд хүлээгдэж байсан асуудлууд МАХН-ыг тарааснаар үндсэндээ дуусна. Газар хувьчилсан, өрийн дарамтнаас салсан, Дээр нь шинэчлэлийн тээг болсон улс төрийн хуучин хүчин задарна. Энэ хүчнийг задлах ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Монголд бас шударга хууль цааз хэрэгжихтэй давхцана. Энэ явцад ногооны хашааны өлгөгдөх олон олон хулгайч шувууд эх захаа алдсан хулгай луйвраа зогсоох дохиог нийгэмд өгнө.
Харин гавъяагаа байгуулж дууссан Н.Энхбаяр яах вэ? Тэр уруудаж чадахгүй, жирийн хүн байж чадахгүй. Тэр жирийн хүн байхыг тэвчихгүй. Учир нь тэр личность биш. Удирдагчаар үлдэхийн тулд тэр чадах бүхнээ хийнэ. Хэрэгцээ дууссан удирдагчийн хийсэн бүхэн харин үндэстэнд аюул занал учруулна.
Түүний хийж болох алхмуудыг төсөөлөх гээд үзье. Хамгийн гол нь энэ зуур МАХН сөнөхтэй давхцаад Монголд ямар ч нам байгаад хэрэг байхгүй гэсэн “нээлт” гарах учиртай. Үүнийг алтан гадас голлон хийх болов уу? Тэгээд “Шударга бус явдалтай тэмцэл хийхдээ өөрийн намыг хайрладаггүй үнэнч гар” гэсэн намтартай, энэ талын туршлагатай Н.Энхбаярыг бид гүйцэтгэх засаглалыг хамтад нь тэргүүлэх ерөнхийлөгчөөр дэвшүүлж байна гэх боловуу? Тэгээд энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа нэр дэвшиж байгаа хэрэг биш. Түрүүнд нь парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч байсан. Одоо ерөнхийлөгчийн засаглалтай улсын ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байна гэх бол уу? Энэ мэдээж багадна. Иймээс нийгмийг хамарсан үймээн самуун дэгдээж, түүнтэй зэрэгцүүлэн засаглалын аппаратыг хүчгүйжүүлэх алхам хийж мэднэ. Цагдаа шүүх нь хүчгүйдэн шударга ёс хамгаалалтгүй болсон байх учиртай. Ийм үед ард түмэн биднийг нам ч, засгийн газар ч аврахгүй гэж үнэмшинэ. Тэгээд шударга ёс тогтоохын төлөө өөрийн намаа ч хайрладаггүй Н.Энхбаярыг тойрон хүрээлэхээс өөр замгүйг харна. Тэрээр “хулгайч худалч нараар дүүрсэн ямар ч хүчинг би хайрладаггүй. Хулгайч нарын үүр болоод байхаар нь МАХН-ыг би устгасан” хэмээн тунхаглаж болно. Гэхдээ ингэхгүй байх аа. Учир нь монголчууд дэндүү их заяа золтой ард түмэн. Хар л даа Н.Энхбаярын хувьдаа ашиг олох, хувийн хонзонгоо авах гэж хийсэн алхмууд эргээд улс үндэстэнд хожоотой туссан байгаа биз дээ. Тийм үү?

2007 он