Засгийн газрын хэвлэл мэдээл­лийн албанаас илгээсэн албан мэдээнд "Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн, най­рамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол,  хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ ша­танд гарган хөгжүүлэх зорилтоо  тодорхойлсон Монгол Улсын Ерөн­хий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлч­лал амжилттай боллоо гэж талууд үзэж байна" хэмээн дурджээ. Али­ваа албан айлчлалын үеэр чамгүй олон зүйлийг ярьж, улс орны тэргүүнүүдтэй харилцан нүүр тулж уулздаг болохоор ямар нэг байд­лаар амжилт дагуулж чаддаг л байх. Гэхдээ Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалаас наад цаад олон юмнаас нь илүү ард түмэн ганцхан зүйлийг л хүлээж байлаа. Тэр нь визгүй зорчдог боллоо гэсэн мэдээ. Харийн оронд хар ажил хийж хэдэн бор юм оло­хоор явсан залуус, хүний нутагт ажиллахаар явсан хань нөхрөө санагалзан суугаа эхнэрүүд, амьд­рал хайж алга болсон хүүгээ ирээ­дэх гэж айлгаж ч чадахгүй суугаа ээжүүд энэ айлчлалаас зөвхөн үүнийг л хүлээж байв. Уг нь гүйцэт­гэх засаглалын тэргүүнийг БНСУ-д айлчлал хийнэ гэсэн мэдээ­лэл хэдэн өдрийн өмнөөс л цацагдаад эхлэхэд хүмүүс өөр хоорондоо "За, өнөө визгүй зорчдог сайхан мэдээг л дуулгаж, гарын үсэг зурахаар явж байна даа" хэмээн ярьж байсан билээ. Багагүй ач холбогдол өгч, хэвлэл мэдээлээр сурталчлаад байсан болохоор тийм итгэл төрөх нь ч аргагүй биз. Гэтэл "визгүй зорчих асуудлыг судалж байгаа" гэсэн жижүүрийн хариулттайгаа хүрээд иржээ. Тиймээс ч энэ та­лаар ёс болгон хийсэн уулзалт­даа өөрөө ч бус Т.Ганди сайдыг орол­цуулж, НХХ-ийн сайд нь өөрийн­хөө зэрэг зиндаа ижил нэгнээс ёс болгон асуусан болол­той юм. Бараг ч визний хөнгөлөлт, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тэр асуу­дал бүтэхгүй гэдгийг мэ­дээд С.Бат­болд сайд салбарын сайдаа өмнөө барьсан аж. Иймээс энэ айлчлалыг сүржин хийдэлтэй дар­жин айлчлал гэхээс аргагүй байна. Монголчууд Солонгосын хойг дахь өмнөдийнхнөөс олон юм хүлээ­дэггүй. Зөвхөн визний хөнгө­лөлт, тус улсад визгүй зорчдог өдөр хэзээ болох вэ гэдгийг л хүлээн харж суугаа. Ард түмэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гэж томыг харахаас өөрийнх нь амьд­ралд юу ойр байна түүнийг л хүлээж байдаг. Тэгвэл БНСУ-д ажиллаж байгаа 40 мянган монгол иргэн тэдний гэр бүлийнхэн С.Батболд даргын айлчлалаас үүнийг л хү­лээж байлаа. Визийн зөрчилтэй­гээсээ хэзээ мөдгүй баригдахаа хүлээж сэтгэлийн шаналантай ажиллаж суугаа залуу, визгүй болчихвол нөхөр дээрээ очоод, хүүгээ үнсүүлээд ирэх гэсэн бүсгүй ер нь хүлээгээгүй хүн ховор доо. Үнэндээ ч тус улс руу визгүй зорч­дог болбол хоёр сая гаруйхан монгол бөөнөөрөө давхиад очлоо ч асуудал гарахгүй байх. Харин ч хоёр сая гаруйхан монголчуудад биш 49 сая солонгосчуудын хувьд визгүй зорчих нь илүү таатай нөхцөл болж таарна. Гэвч энэ удаагийн сүржин айлчлалаар виз­ний асуудал шинэ шатанд гарч чадсангүй. Улс төрийн хүрээнийх­ний ярьж буйгаар энэ удаагийн айлчлал нь "Скайтел" компанийг хувьчлан авсан бизнесмэн С.Бат­болдын ажилтай л холбоотой байж, хувьчлалын гэрээгээ батжуу­лан авсан явдал байсан гэх юм.

Ер нь энэ Засгийн газар ажил­лаж эхэлснээр ард түмэнд үр ашиг нь ойрхон байх ямар асуудал шийдэгдсэн юм бэ. Ард түмэн өөрсдөдөө хамгийн ойрхон тэр л асуудал шийдэгдээсэй гэж харж хүлээсээр байгаа ч нэг мөр болж байгаа нь алга байна. Харин дарга даамлуудынх нь ногоон гэрлээр хурдалсаар. Монголчууд Солон­гост визгүй зорчдог тэр асуудал хэзээ шийдэгдэх вэ. Монголын уран сайхны кинонд гардагчлан визгүй зорчдог болно гэсэн мэдээг "Мөн ч их хүлээсэн дээ", С.Батболд сайдын айлчлалаас.