Сайхан наадаж байна аа. Нэг наадам энд дуусавч үргэлжлэл нь эх орны  аль нэг өнцгөөс ундарсаар.  Яг л хуучирч муудсан дулааны хоолойн энд ус гоожохоор бөглөөд орхитол тэрүүгээр годгодоод унадаг шиг. Ямарч инфляци, санхүүгийн хямралын өмнө монгол наадам л нэг хотойхгүй юм даа. Нэгэнт дийлдэшгүй нь тодорхой болсон энэ сайхан наадмаа шүүмжлэхийн оронд  улам төгс төгөлдөр бизнес болгомоор санагдаад байна. Энд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, наадмыг өөрийг нь өөрөөр нь санхүүжүүлэх тухай яригдаж байна. Наадам хямрахгүй л байгаа болохоос биш эдийн засаг бол хямраад л байгаа шүү дээ. Юуны өмнө бөхийн зодог, шуудаг дээр реклам байрлуулмаар байгаа юм. Мэдээж архины компаниуд л хамгийн түрүүн мөнгөөр зодож эхэлнэ л дээ. Зэрвэс харахад ногоон зүлгэн дээр хэдэн лонх... Гэхдээ худлаа барилдахаас л ичмээр байв гэж үү. Бөхчүүдийнхээ ашиг орлогыг бодоод  өмсгөлийнх ханцуй сугыг ч гэсэн зохих сурталчилгаанд ашиглаж  болмоор байгаа юм. “Формула-1”-ийн машин чинь мэддэгт мэргэн цоохор гэмээр л юм байдаг биз дээ.  Ухаандаа  бөхчүүдийн шуудагных нь эрзээнийг дагуулаад гүйдэг зар явуулах бүрэн боломж байна.  Луг луг компаний менежерүүд болохоор “Бид тэгж бөөсний замаар рекламаа хийдэг гарууд биш” гэхчлэнгээр томроод л. Бодоод байхад шуудагны өгзөг хэсэг нь хамгийн үнэтэй байх болуу, зурагтаар хамгийн их харагддаг гээд бодоход. Яг нэг бөхийн өгзөг крупны планаар харагдах мөчид нөгөө бөхийн нүүр жижиг планаар үзэгддэг гэж байгаа. Иимд бөхчүүдийн нүүрэн дээр түр цагийн шивээс хийх, нүдэнд нь анивчдаг реклам байрлуулах асуудлыг ч судлууштай байгаа юм. Энэ бол зөвхөн эхлэл. Мэдээж энэ орлогоор бөхчүүдээ санхүүжүүлнэ.
Манайхан бөхчүүдийнхээ болон хурдан мориныхоо хөлсийг иддэг сайхан уламжлалтай. Энэ ажлыг бизнес болгохын тулд том сайхан ванн байхад л болно. Эхлээд ялсан бөх юм уу? морио тэнд умбуулна. Хөдөөний хүүхдүүд бол мэдэж байгаа даа, мал яаж креолинддэгийг. Ангаж цангасан наадамчиддаа тэрхүү  “хөлсний баяжмал”-аас шанагаар уухад нь шанагыг, халбагаар уухад нь халбагыг зохих үнээр өгнө.  Мэдээж  арьсны асуудал энэ тэрээд хэрэгтэй тос түрхлэгийг яг хажууд нь борлуулахад эрүүлийг хамгаалах салбарт мөн ч их дэм болно доо. Ер нь бөхчүүдэд допингийн шинжилгээ энэ тэрээ хийхийн оронд арьсны үзлэг хийгээд хөлсийг нь амссан иргэдэд хэрэг болох тос түрхлэгийг импортолж байгууштай юм байгаа юм. За морин дээр  ч ялгаа байхгүй. Онцлог нь бол бруцеллёзны эм  мэтсээ л дагуулж зарна биз.

Энд ер нь аудио, видео гээд рекламны төрөл зүйлийн боломж гарч байна. Одоогийн “Тэр бөх хэний хэн бэ ” энэ тэр гээд ямар ч унацгүй, дээр нь хэн хүнд мэдээжийн юм орилж байхаа болимоор байна. Тэрний оронд

-“Тэр бөхийн уудаг ундаа юу вэ?” гэхээр нөгөө тал нь:

-“Кока кола...” гэж хашгиран аудио реклам хийж яагаад болохгүй билээ, аан.

Дээр нь  бөхчүүдийн барьц авахуулах хэсэг дээр хэний реклам байх вэ гэдэг бол бас нэг санаа. Шар чингэс дээрээс барьцаа авах уу, хар чингэс харагдахаар атгах уу гэдэг дээр наймаалцаад явчихна. Бас бөхчүүдийн бие биеэ тэврээд зогсдог хэсгийг “рекламын пауз” гэж нэрлээд цагийг нь зарж болж байна. Бөхчүүд ч гэсэн  тэврэлдэн удаан зогссон цагаараа явуулсан нийт рекламын  төлбөрийн 10 хүртэл хувийг хүртэж болох юм. Түүнчлэн  зууралдаад салахаа байчихдаг уяа бөхчүүд бол “наалдан пад” мэтийн цавууны сайхан сурталчилгаа болно. Ай мөн ч их бизнес, мөн ч их мөнгө үнэртэж байна даа.

Одоо далд сурталчилгаан дээр тогтож ярьцгаая.    Нэгэнт л шударга бизнесийн тухай ярьж байгаа болохоор далд сурталчилгаа ч шударга байх ёстой. Бөхийн шуудаг шувтрах  мэтийн эгзэгтэй хормуудад нууц эрхтнээс өмнө  далд сурталчилгаа цухалзахыг энд хэлж байна. Ер нь бол  зориглож чадаж гэмээнэ нууцын орон дээр ч сурталчилгаа байрлуулаад машид санамсаргүй мэт байдлаар их мөнгө олох боломж бий юм.  Ингэхээ байг гэхэд бөхчүүдийн суганаас янжуурын соруул, шуудагны захаар лонхны ам үе үе цухалзан иргэдийн тамхи татах, шар тайлах хорхойг нууцаар хөдөлгөөд, чамгүй мөнгө олоод байх бүрэн боломжтой.

Энд сөрөг реклам хэмээх цоо шинэ бизнесийн орон зай бас гарч ирж байна. Бөхчүүдийн зарим нь унаж, морьдын сулхан нь сүүл мушгидаг юм байгаа биз дээ.  Жишээлэхэд нэгийн даваанд унах цэргүүдийн  ууцан дээр “ДОХ-ыг  энэ мэтчлэн нам дарцгаая” гэсэн бичиг байж яагаад болохгүй билээ. “Баян ходоод”-ын хүүхдийн морин дээр “сүрьеэ” өвчнийг гутааж яагаад болохгүй гэж. Эсвэл бүр эсрэгээр нь  “ядуурлыг бууруулья” гэж бичээд олон түмэнд юм бодогдуулж болж байна. Нэгэнт реклам байрлуулж мөнгө олох асуудал ярьж байгаа хойно  “морины уралдаанд сүүлдэх лиценз” , “амын бөхийн эрхийн бичиг” энэ тэрийг зараад мөнгө босгож бизнес болгож болж байх жишээтэй. Эндээс унах бөхийн шуудагны рекламын зай, унагаахынхаасаа хямд байх гэхчлэнгийн тарифын асуудал тодроод ирж байна. Морины хажуугаар давхидаг жипнүүдийг нэгэнт цэгцэлж чадахгүйгээс хойш жаахан зохион байгуулаад  зэрэгцүүлэн уралдуулах талаар юм сэтгэе л даа.  Түрүүлсэн жипний жолоочийг цоллоод, байлаад явахад хэн хохирчих гээд байгаа юм бэ?    

Сурын харваанд л реклам олдохгүй жаахан тиим байх байх даа.  Суман дээр нь юмбичихээр онохгүй бол  рекламдуулсан байгууллага мөнгөө нэхэх  аюултай юм даа. Ер нь бол сур бол нэг тийм хөгийн, шударга болдог учраас зах зээлд гологдоод байх талтай юм аа. Яая гэхэв дээ.  Сайхан монгол дээл, жанжин малгайны реклам хэвээрээ үлдэнэ биз дээ..Хөөе бас оргүй ч биш юм байна. Нэг хэдэн нөхөр сурчдын цаана зогсчихоод эдийн засгийн ямар ч үр ашиггүй гараа алдлаад л орилоод байдаг даа. Тэдний энгэрт реклам нааж болж байна. Тухайлбал харваач байгаа онолоо гэхэд “Пепсодэнт оо хамгийн оновчтой сонголт”  гэхчлэнгийн рекламаа өргөнө. Харин алдсан тохиолдолд “Тохиолдлын хавьтлаас зайлсхийх замаар ДОХ-оос сэргийлэгтүн” гэсэн нийгмийн сануулгаа олон түмэнд харуулна. Өө тиин. Харваачдын онох гээд байдаг нэг өрөөстэй юмнууд байдаг даа. юу гэдэг юм бол доо, нэг нэртэй л байгаа. Тэрийг коко, пепси, тэрчлэн нэр хүндтэй пивоны лаазаар орлуулан мөнгө босгууштай. Нэг үгэндээ эрхий мэргэний суманд эх орны үйлдвэрийн цагаан идээ оногдохуй дор дотор этгээдээс “Меламин үгүй сүү” ану сад тавихуйяа, хурсан олон “Биеэ бодоорой...”” гэхчлэнгээр уухайлж байвал ямар..?

Ингэсгээд дуусгая даа. Та нар “Наадмын маргааш...” гээд эхлэхээр “...намар” гэх гэж байна гэж болсон уу? таасангүй ээ. Наадмын маргааш наадам л болж байгаа шүү дээ.