Сонины редакцийн утас дуу­гарч хэн нэгэн бухимдуу хоолой­гоор "Энэ хэдэн нөхдүүд ху­вьсгал яриад байх юм. Одоо л амар жимэр амьдаръя гэ­хээр айдас хүйдэс дагуулсан юм яриад эхэллээ. Та­най сонин үүний эсрэг байгаа биз дээ" хэмээн асуух, гуйхын хооронд үг хэлээд ууртай гэгч нь утсаа шидчихэв. Үнэхээр хүн төрөлхтний мөнхийн хү­сэл амар амгалан, аз жаргал­тай амьдрал. Аль за­маар,  аль жимээр тэр аз жаргалд хүрэх вэ гэж хүн төрөлхтөн хөгж­лийнхөө явцад бодож  боловсруул­саар ирсэн хам­гийн зөв зам нь энэ л юм гэж ардчиллыг сонгосон. Одоо­гоор үүнээс илүү төгөлд­рийг  нь олж хараахан чадаа­гүй байна. Ямар ч байсан өмнөх нийгмээс,  өмнө нь явж ирсэн замаас хавь илүү дээр байс­ныг нь 1990 оны ард­чилсан хувьсгалаас хойш бид мэдэр­сэн. Одоохондоо тэр аз жар­галд хүрэх зам нь үүнээс өөрөөр харагдахгүй байна. Диваа­жин гэдгийг заавал үхсэн хойноо очиж мэдэх алба байхгүй. Амьд байж аз жаргалыг мэдрэхээс үхсэн хойноо яахыг нь мэдэхгүй диваа­жинг мөрөөдөөд яахав.  

Одоо хувьсгал болоод байгаа улс орнуудын үйл явцыг давтах тухай яриад мөрөөдөөд хэрэгжүү­лэх гээд байгаа хүмүүс бий болсон нь тодорхой болжээ. Уг нь  хувьс­­­галыг манайхан аль хэдийнэ хий­чих­сэн. Бүр огот­нын хамраас цус гаргалгүй­гээр шүү. 

Ордон тойрч гороолоод байгаа Д.Нинж хэний захиал­гаар ардчил­лын нэрийг гутаа­гаад байна. Ирж яваа цагийг үгүй хийх гэж хувьсгал ярих нь юун нь сайн юм. Хүмүүс жаг­саж цуглаж, хувьсгал өрнө­хийг, цус гаргахыг хүсдэггүй. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа хувьсгалыг хүсэгчид мөнгөтэй хүмүүсийн дан­сан дахь мөнгийг хураагаад уст­гах тухай ярьж эхлэв.

Буцаад нөгөө 1937 оны хэл­мэгдүүлэлтээ хийж таарах нь. Тэр он жилүүд Монголын түүхэнд хараар бичигдэж, оюуны сор бол­сон  сэхээтнүү­дийг нь хоморголон алж, хэл­мэгдүүлж байсан. Д.Нин­жийн гэх тунхаг тэр хэлмэгдүүлэл­тээс ялгаа алга. Д.Нинж, Н.Энх­баяр, А.Баа­тархуяг, Г.Уянга, О.Магнай,  М.Энхсай­хан нар үүнийг л  суртал­даад байна. Нэгэнт бий болсон ардчиллыг хувьсгалаар алга бол­гох юм ярих нь ардчил­лаар бий болсон хөдөлгөө­нүү­дийн тэмцлийг ч угтаа үгүйсгэж буй хэрэг юм.  Тэд­ний тэмцэл хүчингүй мэт, 1990 оны ардчилсан хувьсгал бо­лоогүй мэт ойлгуулах гээд байгаагийн цаад санаа хэ­нийх вэ. Д.Нинжийн ард хэн байна вэ. Үүнийг бид Засгийн газар, Ерөнхий сайд захиа­лав уу гэж хардахад хүрч байна. Эрх баригчид л Ард­чил­сан намыг өвөр­төө хийн сул дорой болгож, ард­чил­лыг, ардчиллаар үг хэлэх тэм­цэх эрхтэй болсон хөдөлгөө­нүү­дийг саармагжуулах ажил­­ла­гаагаа Д.Нинжээр дам­­жуулан явуулж байх шиг.

Тэрэн дээрээ тулах юм бол аль ч нийгмийг хөрөнгө­тэй мөнгөтэй хүмүүс, тэр дун­даа боломжийн амьдарч буй олонхи буюу дунд­чууд авч явдаг. Өнөөдөр Монголыг ч тийм л хүмүүс авч явж байна.   Ядуу байна гэдэг арчаагүйн шинж. Дээд,  дунд хөрөнгөлөг хэсгийнхнээ устгачихаад үлд­сэн ядуу хэсгийг нь яаж амь­дар гэх гэсэн юм бол. Өөрийн­хөө өрх гэрийг авч явж чадахгүй байгаа тийм хүмүү­сийг улс орноо авч яв гэх хэрэг үү. Баян хүнийг үзэн ядах сэтгэл ядуу хүнд л байдаг. Тэр сэтгэлгээгээр нь тоглож хувьс­гал хийгддэг. Ингэж ад үзээд алах талах дээрээ тулах юм бол эх орондоо амьдрах аргагүй болох юм байна. Виз­гүй зорчдогоор нь өмнөд хөрш рүү л толгой хорго­дохоор явах болж таарах нь. Тэ­гээд тэдний хүслээр бол Эрээнд очиж амьдрах  юм байна.

1917 онд Ленин "Наад хө­рөнгөтнүүд   чинь та нарыг өлсгөөд байна" гэж суртал­даж байгаад л хөл нүцгэн пролетариудыг босго­сон.

Ш.Сайхансамууг баян бай­на гээд тэр устгах төлөв­лөгөөнд орж гэж бодъё. Түү­нийг дүүжлэх амар­хан байж. Тэрээр 10 мянган хүн  тэжээж байгаа. Түүнийг устгахаар  10 мянган хүн ажлын байргүй болж, 50 мянган хүн өлсөж, Монго­лын жижиг, дунд  аж ахуй болох 30-аад мянган хүн дампуурна. Дээр нь хорин мянган ганзагын наймаачин талбай дээр үр хүүхэдтэйгээ гарч ирнэ. Үүнийг л хүсээгүй бол проле­тариудын сэтгэхүй­тэй хувьсгалыг номлох нь Монголын тусгаар тогт­нолд аюул авчирна. Энэ нь Мон­голд хууль бусаар үйл ажил­лагаа явуулж их хэмжээний ашиг олдог хоёр хөршийн маань таалалд л нийцнэ.

Тэдний хүслээр бол баян хү­нийг буудах амархан юм байж. Тэгээд баяныг нь, өмч­тэй, хөрөн­гөтэйг нь буудаад арчаагүй хэд нь үлдэх юм уу. Баян хүнийг үр удмаар нь устгана гэнэ. Монголд баян хүн амьдарч болохоо байсан хэрэг болж. Баян хүний хүү­хэд болж төрсөн нь бас бу­руутай юм байна.  

Тэгэхээр Нинжтэнгүүдийн  хий­хийг хүсээд буй хувьсгал гээчийг нь ардчиллыг төгөл­дөржүүлэх биш бүр үгүй хий­хээр санаархаж байна гэж ойлгож байна.  

1990 оноос өмнө бид өмч­гүй байсан. Одоо нийгмийн ихэнх хэсэг нь өмчтэй болсон. Ядаж л амьдарч буй байраа, хэдэн малаа хувьч­лаад ав­лаа.

Үгээгүй ядуу хүн нь хэт баян, дундаж амьдралтай хүмүүсээс харьцангуй цөөн болсон. Өөрийн­хөө өмчийг Д.Нинж болон түүний нөхөд ард нь байгаа хүмүүст ху­раалгахыг хэн хүсэх юм.

Хэний даалгавраар Д.Нинж үүнийг хийгээд байна. Хувьсгал хийхийг хүсээд бай­гаа хүмүүс байгаа бол хувьс­гал гээчийг хийх­гүйн төлөөх ард түмэн бас байдаг юм шүү.